Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/03328

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

   Дугаар 102/ШШ2022/03328

Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо,... байр, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Д овогтой Ц-ийн Э /РД: ххх/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо, ... гудамж хаягт оршин байрлах Н гүйцэтгэх газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Н-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ....  тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 180,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч Н шинжээчийг сонгон шалгаруулах журмаар томилсон нь түүнийг хараат бус байх, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Үнэлгээг төлбөр төлөгч Ц.Э-д мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00607 дугаар захирамжаар хариуцагч Б.А, Ц.Э, Ц.Н нар нь Капитрон банк ХХК-ийн нэхэмжилсэн 153,209,246 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.А, Ц.Э, Ц.Н нар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Ц.Э, Ц.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаартай гэрчилгээтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр “Ф” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 180,400,000 төгрөгөөр тогтоосон, хуулийн хугацаанд үнэлгээг талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102/ГХ2021/00685 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00607 дугаартай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/373 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг тус тус шүүхэд гаргаж, шүүхээс Барилга.мн сэтгүүлд үзлэг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай Түр журам батлах тухай тушаалаар баталсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам, “Шинжээч сонгон шалгаруулах орон тооны бус комиссын бүрэлдэхүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээчин Н.Ц-ийн зөвшөөрлийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н шинжээчийг сонгон шалгаруулах журмаар томилсон нь түүнийг хараат бус байх, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Үнэлгээг төлбөр төлөгч Ц.Э-д мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

 

3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11ний өдрийн 102/ШШ2021/00607 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.А, Ц.Э, Ц.Н нар нь “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжилсэн 153,209,246 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн бүрэн төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Э, Ц.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, ... дугаар байр... тоотод байрлалтай, 75,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102/ГХ2021/00685 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дугаартай гэрчилгээтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ..... дугаар байр .... тоотод байрлалтай, 75,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн .... дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ....  дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.

 

5. Н-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийг шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Ф ХХК-ийг томилсон, шинжээч дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 180,400,000 төгрөг болохыг тогтоосон байна.

                                                              

7. Шинжээч “Ф” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй.

 

9. Нэхэмжлэгч Ц.Э-д эд хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх хуудсыг түүнтэй хамт амьдардаг гэх Ц.Н-ээр дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн /хэргийн 67-68 тал/ болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Ц.Н, Ц.Э нар нь хамт амьдардаг болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн оршин суух хаягаар нотлогдож байх тул шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Ц.Э-д хамт амьдардаг хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан ажиллагааг буруутгах боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасантай нийцсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Э нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах санал гаргаж, уг саналыг үндэслэн нэг сарын хугацаа олгожээ. /хэргийн 73 тал/

 

10. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

11. Дээрх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах Ц.Э-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н-д холбогдох Ц.Э, Ц.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаартай гэрчилгээтэй, Баянгол дүүргийн ....дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны .... тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Э-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.БАТЧИМЭГ