Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00046

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00046

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03328 дугаар шийдвэртэй,

 

А-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 180,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийг сонгон шалгаруулах журмаар томилсон нь түүнийг хараат бус байх, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

1.2. Үнэлгээг төлбөр төлөгч А-д мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

1.3. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/00607 дугаар захирамжаар хариуцагч В-, А-, Г- нар “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжилсэн 153,209,246 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч В-, А-, Г- нар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд А-, Г- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, ******* дугаартай гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21250483 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр “Файн эстимэйт” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 180,400,000 төгрөгөөр тогтоосон, хуулийн хугацаанд үнэлгээг талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн.

Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох А-, Г- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, ******* дугаартай гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлалтай, 75.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцны үнэлгээг 2021 оны 12 дугар сарын 21-ний өдрийн байдлаар 180,400,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үнэлгээний тайланд хавсаргаж ирүүлсэн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна. Үнэлгээчин нь үнэлгээ хийх эрхтэй этгээд байсан бол өөрийн гаргасан үнэлгээний тайландаа тухайн эрхтэй болохоо буюу тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан талаарх баримтыг хавсаргаж явуулах ёстой байсан.

Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах ёстой. Гэтэл үнэлгээчний тус зөвшөөрлийн хугацаа дуусан, үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь шүүхийн дүгнэлтэд дурьдсан үнэлгээчин Н.Цолмонгэрэлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан гэх тодорхойлолт нь Н.Цолмонгэрэлийн тусгай зөвшөөрөл мөн эсэх нь тодорхойгүй /тусгай зөвшөөрлийн дугаар харагдахгүй. регистр нь тодорхойгүй/, хөрөнгийн үнэлгээ хийх түүний тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийсэн эсэх, сунгалт хийсэн бол сунгалтыг яг хэдийд, хэзээ хийсэн талаарх баримтыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Сангийн яамнаас гаргуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангалгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтой зөрчиж гарсан.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох этгээдээс гаргуулж шийдвэрлэлгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар нэхэмжлэгч А-д өөрт нь, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч А-д үнэлгээний талаар огт мэдэгдээгүй, энэ талаар баримт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэх хуудсыг А-д өөрт нь гардуулах, А- оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй тохиолдолд хамт амьдардаг этгээдэд хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байна. А- эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын гэртээ байдаг байхад дээрх хуулийн шаардлагууд хангагдаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн ажлыг хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй байхад шүүх түүнийг хуульд нийцсэн байна гэж дүгнэн хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, годмлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2020/00607 дугаар захирамжаар В-, А-, Г- нар нь 153,209,246 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Г-, А- нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн ***** дугаартай, ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот, 75.4 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 09ний өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.3. Төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилуулах хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/373 дугаар тогтоолоор “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

 

4.1. Шинжээч “Файн эстимэйт” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний тайлан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 180,400,000 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Г-, В-т тус тус гардуулан өгсөн. Уг мэдэгдлийг А-д хүргүүлэхээр Ч.Нямсүрэнд хүлээлгэж өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Түүнчлэн А- нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцааны орон сууцыг өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэн өргөдлийг гаргаж байсан тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдлийг хүргүүлсэн гэж дүгнэлээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгч А-ы үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.2. Нэхэмжлэгч А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргах байтал 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч А- нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул гомдолд дурдсан бусад үндэслэл болох шинжээчийг томилоход тусгай зөвшөөрлийн хугацааг шалгаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ тогтоосон гэх гомдлыг хянах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА