Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03311

Улаанбаатар хот

 

                     

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо,  гудамж, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, О овогтой Ц-ийн А /РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Т овогтой Ц-ийн Д /РД: ххх/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Х овогтой Б-гийн Х /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.А

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ц.Д, Б.Х нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Д-той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн ... УНӨ улсын дугаартай Nissan Condor маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч Ц.Д гэрээнд заасан хугацаандаа тээврийн хэрэгслийг үнийг төлөөгүй бөгөөд хариуцагч Б.Х-ийн нэр дээр машиныг шилжүүлж “А” ББСБ-д барьцаанд тавьж 15,000,000 төгрөг өгсөн. Мөн тээврийн хэрэгслийг 28,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанаас чөлөөлж, Ц.А-д 8,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч Ц.Д, Б.Х нар тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А Ц.Д нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2005 онд үйлдвэрлэгдсэн, цагаан алаг өнгийн ачааны Nissan Condor маркийн ... УНӨ дугаарын автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний төлбөр 29,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Хэрэв төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд буцаан шилжүүлэхээр болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан автомашиныг ашиглаагүй, төлбөрийг төлөөгүй тул гэрээнд заасан ёсоор уг автомашиныг буцааж өгөх талаар Ц.А-тэй ярихад буцаан авахгүй У.Б-ийн хүү Б.Х-ийн нэр дээр шилжүүлж барьцаалан зээлдүүлэх газраас зээл авчих гэж хэлэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцон Б.Х-ийн нэр дээр шилжүүлж Ц.А-ийн зөвшөөрсний үндсэн дээр “А ББСБ” ХХК-нд тавьж Ц.А-д 15 сая төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Х-ийн аав н.Б нь хөдөө ажлаар явсан хойгуур нь Ц.Ал нь Б.Х лүү ярьж аавтай чинь тохирсон гэж худлаа ярьж 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр.... УНӨ улсын дугаартай автомашиныг “А” ББСБ-аас чөлөөлж үлдэгдэл 7 сая төгрөгийг төлж барагдуулахаар бичиг хийлгэн авч, мөн өдрөө Ц.А нь Б.Х-ийг дагуулан Авто тээврийн үндэсний төв дээр очиж Nissan Condor маркийн автомашиныг Л.Г гэгчид Ц.А нь 28 сая төгрөгөөр худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.А-ийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.А болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, Ц.А болон Б.Х нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, Ц.Д-оос төлбөр барагдуулах тухай бичгийн баримт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ...дугаартай тогтоол, цахим зурвасын фото зураг, Б.Х, Ц.А нарын хооронд байгуулагдсан төлбөр төлсөн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн, Ц.А-ийн Хаан банк дахь ....4 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, .. УНӨ дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг, “Д” ХХК болон Б.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэргийг шүүх бүрдүүлж, гэрчээр Э.Э, Т.Э нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Х-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ц.Д, Б.Х нар нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Хариуцагч Ц.Д, Б.Х нар нэхэмжлэгч Ц.А-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан шилжүүлсэн бөгөөд Ц.А нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг бусдад худалдсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас Ц.А, нөгөө талаас Ц.Д нар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Ц.А ... УНӨ улсын дугаартай Nissan Condor маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Ц.Д нь тээврийн хэрэгслийн үнэ 29,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр худалдагчид төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Худалдагч Ц.А 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 96 тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Харин худалдан авагч Ц.Д тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байх ба талууд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, Ц.А болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, тээврийн хэрэгслийг Б.Х-т шилжүүлэх, Б.Х тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 төгрөгийг төлөх, барьцаалан зээлдүүлэх газарт тухайн автомашиныг барьцаалан 15,000,000 төгрөгийн зээл авч Ц.А-д шилжүүлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 9 тал/

4.2.1. Дээрх гэрээний дагуу хариуцагч Ц.Даваадоржоос 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мараан бүхий тээврийн хэрэгслийг Б.Хувьтөгөлдөрт шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг /хэргийн 94-95 тал/ зэрэг баримтаар,

хариуцагч Б.Хувьтөгөлдөр 2021 оны 01 дүгээр 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 8,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.А-д шилжүүлсэн болох нь Ц.А-ийн Хаан банк дахь .... тоот дансанд “.... УНӨ машины урьдчилгаа төлбөр” гэх утга бүхий 15,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн дансны хуулга, “Б.Х би .... УНӨ машиныг ломбарднаас чөлөөлж Ц.А-д зөрүү 15,000,000 төгрөг өгөхөөс 8 сая төгрөгийг өглөө, үлдэгдэл 7 сая төгрөгийг 7 сарын дотор багтааж төлж дуусгана” гэх төлбөр төлсөн баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 41, 44 тал/

5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Ц.А болон Ц.Д нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба талууд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх гэрээг хүчингүй болгохоор тохиролцож, Ц.Д-оос маргаан бүхий тээврийн хэрэгслийг Б.Х-т шилжүүлснээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар Ц.А, Ц.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй.

6. Харин нэхэмжлэгч Ц.А болон Б.Х нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн буюу маргаан бүхий тээврийн хэрэгслийг Б.Х-т шилжүүлсэн, худалдан авагч болох Б.Х тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг худалдагч тал болох Ц.А-д төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч Ц.А болон хариуцагч Б.Х нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А тээврийн хэрэгсэл шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч Б.Х нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.Х-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, автомашины үнэ 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. 

 

9. Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Б.Х нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги тооцох талаар тохиролцоогүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Ц.А хариуцагч Б.Х-өөс алданги 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

10. Хариуцагч Б.Х-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Х-ийг хуурч мэхлэн маргаан бүхий тээврийн хэрэгслийг нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 15,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд улмаар тээврийн хэрэгслийг бусдад буюу Л.Г-д 28,000,000 төгрөгөөр худалдан, уг мөнгөн хөрөнгөөс барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлээ буцаан төлж, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг авснаас гадна дахин 7,000,000 төгрөгийг Б.Х-өөс төлүүлэхээр бичгийн баримт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нараас буцаан авч бусдад худалдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

11.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Х нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох 16,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь зээлийн гэрээгээр /хэргийн 98 тал/ тогтоогдож байх ба хэрэгт авагдсан “Б.Х би ...УНӨ машиныг ломбарднаас чөлөөлж Ц.А-д зөрүү 15,000,000 төгрөг өгөхөөс 8 сая төгрөгийг өглөө, үлдэгдэл 7 сая төгрөгийг 7 сард дотор багтааж төлж дуусгана” гэсэн төлбөр төлсөн баримтыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Х-ийг хуурч мэхлэн тээврийн хэрэгслийг буцаан авч бусдад худалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Х-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.Х-өөс улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ