Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02114

 

 

 

 

 

 

 

2022 12 14 210/МА2022/02114

 

 

Ц.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03311 дугаар шийдвэртэй, Ц.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д, Б.Х нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Дтой тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн * УНӨ улсын дугаартай Ниссан кондор (Nissan сondor) маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч Ц.Д гэрээнд заасан хугацаанд автомашины үнийг төлөөгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Б.Хийн нэр дээр автомашиныг шилжүүлж Алтан нохой ББСБ-д барьцаанд тавьж 15,000,000 төгрөг өгсөн. Мөн автомашиныг 28,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанаас чөлөөлж, Ц.Аэд 8,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч Ц.Д, Б.Х нараас автомашины үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Ц.А, Ц.Д нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2005 онд үйлдвэрлэгдсэн, цагаан алаг өнгийн Ниссан кондор (Nissan сondor) маркийн * УНӨ дугаартай ачааны автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан үнэ 29,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Хэрэв төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд буцаан шилжүүлэхээр болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан автомашиныг ашиглаагүй, төлбөрийг төлөөгүй тул гэрээнд заасан ёсоор уг автомашиныг буцааж өгөх талаар Ц.Атэй ярихад буцаан авахгүй У.Баатарсүрэнгийн хүү Б.Хийн нэр дээр шилжүүлж барьцаалан зээлдүүлэх газраас зээл авчих гэж хэлэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмнөх 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцон Б.Хийн нэр дээр шилжүүлж Ц.Аийн зөвшөөрсний үндсэн дээр Алтан нохой ББСБ ХХК-д тавьж Ц.Аэд 15,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Хийн аав Баатарсүрэн нь хөдөө ажлаар явсан хойгуур нь Ц.А Б.Х рүү ярьж аавтай чинь тохирсон гэж худлаа ярьж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр автомашиныг Алтан нохой ББСБ-аас чөлөөлж үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар бичиг хийлгэн авч, мөн өдрөө Ц.А нь Б.Хийг дагуулан Авто тээврийн үндэсний төв дээр очиж Ц.А нь автомашиныг Л.Гансэлэм гэгчид 28,000,000 төгрөгөөр худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хөөс 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Дид холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.Хөөс 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аэд олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Автомашины үнэ 15,000,000 төгрөг болон Л.Гансэлэмд зарсан 28,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнээс ББСБ-аас авсан 15,000,000 төгрөгийг төлж, зарж борлуулсан 28,000,000 төгрөгөө нэхэмжлэгч өөрөө авсан бөгөөд өөрт нь ямар ч хохирол учраагүй. Харин Б.Хийг загнаж 7,000,000 төгрөг төлүүлэхээр бичиг хийлгэж авсан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн нь баримтаар тогтоогддоггүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй.

4.б. Автомашиныг 29,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Үүнээс 15,000,000 төгрөгийг ББСБ-аас авсан, улмаар автомашинаа худалдан борлуулж 28,000,000 төгрөгийг авсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд загнаж, дарамталж бичүүлсэн баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Түүнчлэн үндэслэх хэсэгт Б.Хийг хуурч мэхлэн тээврийн хэрэгслийг буцаан авч бусдад худалдсан талаар хэн ч тайлбар гаргаагүй. Үүнээс үзэхэд нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Б.Хийг загнаж 7,000,000 төгрөг төлүүлэхээр бичиг хийлгэсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр бөгөөд хүү, алданги нэхсэн зүйлгүй. Гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ц.Д, Б.Х нарт холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Д нь түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцсон гэж, хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч автомашиныг барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд тавьж 15,000,000 төгрөг, Л.Гансэлэмд худалдаж 28,000,000 төгрөг авсан гэж тус тус маргаж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

3.Ц.А нь 0795 УНӨ улсын дугаартай Ниссан кондор (Nissan сondor) маркийн автомашиныг худалдахаар Ц.Дтой 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, Б.Хтэй 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна. (хэргийн 6-10 дахь тал)

4.Мөн Ц.Д гэрээнд заасны дагуу автомашины үнэ 29,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас уг гэрээнээс нэхэмжлэгч Ц.А татгалзсан болохыг шүүх зөв дүгнэж, хариуцагч Ц.Дид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

5.Хариуцагч Б.Х автомашины үнэ 30,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг Доог-Алт ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. (хэргийн 44, 98 дахь тал)

6.Харин Б.Хийн ... машиныг ломбарднаас чөлөөлж Ц.Аэд зөрүү 15 сая төгрөг өгөхөөс 8 сая төгрөгийг өглөө, үлдэгдэл 7 сая төгрөгийг 7 сард багтааж төлж дуусгана гэх бичгийн баримтыг үндэслэн анхан шатны шүүх Б.Хийг автомашины үнэд 8,000,000 төгрөг нэмж төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс, бодитой харьцуулан үнэлэх журамд нийцээгүй байна. (хэргийн 41 дэх тал)

7.Хэргийн баримтаар автомашиныг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Л.Гансэлэм худалдан авсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Л.Гансэлэмийн тодорхойлолтод ... Алтансүхээс 2021.6.24 нд Ниссан кондор 0759 УНО дугаартай машиныг (28 сая төгрөг) худалдан авсан гэж тусгасан, мөн машины үнэ Гансэлэм Лхамбуу гэсэн гүйлгээний утгатай орлого нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5029714304 тоот дансанд шилжсэн, үүнээс барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн төлбөрт 19,260,700 төгрөг шилжүүлсэн байна. Эдгээр баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд, Ц.А нь Б.Хөөс автомашинаа буцаан авч, Л.Гансэлэмд худалдсан гэж дүгнэх үндэстэй. (хэргийн 41, 43 дахь тал)

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Х автомашины үнийг бүрэн төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Ц.А нь түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, гэрээг дуусгавар болгосон байна.

8.Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ автомашины үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй боловч хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсан учир үүнтэй холбоотой учирсан хохирол арилгахыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

9.Нэхэмжлэгч нь автомашинаа буцаан авснаар хариуцагчид 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй ба барьцаалан зээлдүүлэх газарт түүний төлөх зээлийн гэрээний үүрэг болох 19,260,700 төгрөгийг шилжүүлснээр 4,260,700 төгрөгийн нэмэлт зардал (19,260,700-15,000,000) нэхэмжлэгчээс гарсан гэж үзэхээр байна.

10.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Хөөс 4,260,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аэд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03311 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243.1, гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1, гэж нэмж, 7,000,000 /долоон сая/ гэснийг 4,260,700 гэж, 5,000,000 гэснийг 7,739,300 гэж, 2 дахь заалтад 126,950 гэснийг 83,121 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА