Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2022/0033

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хын О,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46м2, 2 өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н /цахимаар/, гэрч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46м2, 2 өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Х.О нь 2013 онд Үндэсний их баяр наадмын сур харвааны төрөлд 3 дахь удаагаа түрүүлж, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цолны мялаалга болох хүндэтгэлийн хүлээн авалтыг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулах үеэр тус амжилтыг нь урамшуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгч Хурлын дарга, аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын тамгын газраас Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг Өгөөсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 2 өрөө орон сууцыг Х.От бэлэглэж, уг орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгч Х.От гардуулан өгчээ. Үүнээс нэхэмжлэгч нь түлхүүр гардуулан өгсөн Засаг даргыг уг орон сууцыг бэлэглээд өмчлөх эрхийг зохин журмын дагуу зохион байгуулж шилжүүлж өгөхгүй байна гэж,

Хариуцагчийн зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т зааснаар төрийн болон тухайн орон нутгийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах гэж заасан байхад тухайн орон сууцыг ямар ч шийдвэргүйгээр иргэн Х.От бэлэглэсэн нь хууль бус гэж эс зөвшөөрсөн байна.

3. Нэхэмжлэгч Х.О нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан өргөдөл гаргахад тус гаргасан өргөдлийг Төв аймгийн Засаг даргад шилжүүлж улмаар Төв аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2022.07.04-ний өдрийн 209 дугаар албан тоотоор “...Х.О нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргасан өргөдлийг хууль журмын дагуу судлан үзэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хуралдахаар шийдвэрлэсэн хөрөнгийн үнийг үндэслэлгүй бууруулах боломжгүй...” гэх хариуг өгсөн байна.

4. Иргэн Х.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 2013 онд Үндэсний их баяр наадмын сурын харвааны төрөлд 3 дахь удаагаа түрүүлж Төв аймгийн Зуунмод хотод цолны мялаалга болох хүндэтгэлийн хүлээн авалтыг 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Уг цолны мялаалга хүндэтгэлийн арга хэмжээнд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Төв аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар хүрэлцэн ирсэн юм. Улмаар аймаг орон нутгийн зүгээс намайг Үндэсний сурын спортоор тогтвортой хичээллэж амжилт гаргасан, олон шавь нарыг төрүүлэн гаргаж тэдгээр нь Улс, аймгийн наадам болон бусад тэмцээнд амжилт гаргасан зэрэг амжилтыг минь үнэлээд намайг урамшуулж аймгийн Засаг даргын зүгээс Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46м2, 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгч байгаа талаар мэдэгдэж арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Баярбат болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нар орон сууцны түлхүүрийг цугласан олны өмнө гардуулан өгсөн. Тухайн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46м2 2 өрөө орон сууц бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд Улсын комисс хүлээн аваагүй байсан. Бид өөрсдийн зардлаар жижиг засварыг хийгээд орон сууцандаа нүүн орж одоог хүртэл амьдарч байна. Улмаар 2017 онд уг орон сууц бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авсан бөгөөд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч нарын нэр дээр гаргах ажил зохион байгуулагдсан бөгөөд миний бие өөрийн орон сууцийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан бөгөөд холбогдох зарим албан тушаалтнуудын зарим нь шийдвэрлэж өгнө гээд зарим нь шийдвэрлэж өгөхгүй гэж байсан. Миний бие энэ хугацаанд өөрийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, аймгийн Засаг даргад удаа дараа өргөдөл хүсэлт гаргасан боловч элдэв шалтаг тоочин хамгийн сүүлд захиргааны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Захиргааны байгууллагаас өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй орхигдуулж нэхэмжлэгч этгээдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "...хөрөнгийг шударгаар эзэмших, өмчлөх" эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь хэсэгт "аймгийн Засаг дарга нь аймгийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах, шилжүүлэх зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх" бүрэн эрхтэй талаар хуульчилсан байна. Мөн Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрхийн хүрээнд орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан байна. Иймд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 47.46м2 2 өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулж өгөх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд үндэсний сураар хичээллээд 20 гаруй жил болсон байна. Улсын наадамд 4 дараалан түрүүлсэн. Би Төв аймгийн Зуунмод суманд олон жил амьдарч байна. Тухайн үед олны мэргэн харваачдын дундаас анх удаагаа Төв аймгаас байр өглөө гээд орон даяар яригдаж байсан. Үнэхээр их баярлаад байраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч гаргаагүй. Хэдийгээр Төв аймгийн Зуунмод суманд олон жил амьдарч байгаа ч орон нутагтаа гомдож л байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад хэлэхэд шийдвэрлүүлэхийг даалгах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхийг аймгийн Засаг дарга өөрөө өргөн мэдүүлснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ. Тэгэхээр Засаг дарга өөрөө 2013 онд хууль зүйн фактыг эхлүүлсэн. 2013, 2016 онуудад хууль зүйн факт өөрчлөгдсөн бөгөөд одоо хууль зүйн фактаа дуусгавар болгох гээд шүүхэд хандаж байна. Иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд холбогдох байгууллагаас орон сууцыг өмчлөлд нь шилжүүлээд өгсөн атал түүнийгээ гүйцээгээд баталгаажуулж шийдвэрлүүлэх шаардлагыг ярьж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас энэ асуудлыг сайтар нягтлаад эргээд танилцуул гэдэг тогтоол гарсан. Гэтэл үүнийг яаж судалж яаж танилцуулсан талаар нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах талаар тухайн фактаас 1 жилийн дараагаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй. Хариуцагчаас хууль бус эс үйлдэхүйг шаардаад байна гэж хэллээ. Бидний зүгээс төрийн байгууллагаас байр бэлэглээч гэдэг зүйл яриагүй. Хэрэв нэг иргэн аймгийн Засаг даргаас байр бэлэглээч гэдэг асуудлыг хөндсөн бол энэ нь хууль бус юм. Тухайн аймаг нутагтаа амжилт гаргасан хүмүүстээ орон нутгийн Засаг захиргаанаас нь урамшуулдаг тогтсон жишиг байдаг. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэр нь юу байсан бэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар шийдвэр гарсан юм бэ, Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ямар эрхийн акт гаргасан юм бэ, ямар асуудлыг юуг үндэслэж шийдвэрлээд орон сууцыг шилжүүлж өгсөн юм бэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Нэгэнт орон нутгийн өмчлөлд авсан, гэрчилгээ гарсан зүйлийг надад бэлэглээч гэдэг асуудал яриагүй.

Дараагийн асуудал нь худалдаж ав гэдэг зүйл яриад байна. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад хандан өргөдөл гомдол гаргаж байхад өмнөөс нь орон нутгийн өмчийн газраас өргөдлийн хариуг өгдөг. Тэгээд орон нутгийн өмчийн газар нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад одоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд захиргааны хэргийн шүүхэд төлөөлөөд орж байна. Тэгэхээр Засаг даргын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж байна уу, эсвэл тусдаа энэ байгууллага нь өөрсдөө өмчөө бүртгэж авангуутаа өөрсдийнхөө өмчийг авах гээд дайраад байгаа юм уу гэдэг асуудал эргэлзээтэй байна. Засаг даргын хүсэл зориг мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй байна. Засаг дарга өөрөө шилжүүлж өгснийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөө иргэнд орон сууцыг шилжүүлж өгчихөөд өөрөө өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслээгүй гээд шүүхийн өмнө яриад зогсож байдаг нь ямар учиртай юм бэ, өмгөөлөгч хэллээ Засаг дарга нь өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгож болно, эсвэл дээд шатны Засаг дарга хүчингүй болгож болно гэж хэллээ. Тэгэхээр 2013 оны Засаг даргын шийдвэрийг үндэслэлгүй гэвэл өөрөө хүчингүй болгох эсвэл Ерөнхий сайд хүчингүй болгосон зүйл байгаа юм уу, ингэж ярьж болохгүй. Дараагаар Засаг дарга нь нэг л статустай, Баярбат байна уу, Батжаргал байна уу хэн байх нь хамаагүй. Хэдэн онд хэн гэдэг хүн Засаг дарга байсан нь хамаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэлж байна. Баярбат гэх хүний хууль бус шийдвэрээс болж үл ойлголцол бий болсон гэдэг зүйл яриад байх юм. Тэгвэл үүнд иргэн О нь ямар буруутай юм бэ, иргэн Оийн ямар буруутай эс үйлдэхүйгээс болоод төр хохироод байгаа юм бэ. Тэгэхээр энэ чинь өөр эрх зүйн харилцаа юм биш үү. Захиргааны Ерөнхий хуулийн 100-104 дүгээр зүйлд заасан харилцаа байгаа юм биш үү. Хэрэв ийм харилцаа байгаа бол өөрсдөө дотооддоо шийдвэрлэх хэрэгтэй, иргэнийг ингэж буруутгаж болохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 2.4.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан байгаа. Засаг дарга тэр үйлдлээ хийсэн бол түүнийгээ биелүүл, баталгаажуул, иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 202 тоот тогтоолоор Орон нутгийн өмчийн газрын даргаас О танаа гээд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 41 дугаартай тогтоолоор худалдахаар шийдвэрлэсэн Өгөөж сүмбэр хотхоны 47.46.м/кв орон сууцны төлбөр болох 44.137.800 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулна уу, хугацаандаа төлөхгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхийг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч О нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга дээр өргөдөл бичиж хандсан. Өргөдлийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж От байрны элэгдэл хорогдлыг нь хасаж тооцоод 35.300.000 төгрөгөөр байрыг худалдаж авч болох юм гэдгийг хэлсэн бөгөөд нэхэмжлэгч О нь би тэтгэврийн хүн учраас төрийн байрыг 9.000.000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэж саналыг өөрөө өгсөн. Энэ дагуу хэлэлцээд иргэдийн төлөөлөгчийн тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцэхэд энэ талаарх асуудал нэлээн хурцаар яригдсан. Тухайн үеийн Засаг даргын буруу үйлдлээс болж бид нарын хооронд зөрчилдөөн гарсан. Үүнээс болж бид нар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор хөрөнгө шийдвэрлэхэд 2 байрыг шийдвэрлэсэн. Тус тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлийг авч ирээд хавтаст хэрэгт өгсөн. 28 дугаартай тогтоолын 2.1-д аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн иргэний Оийн Номт 1 дүгээр багийн Өгөөж сүмбэр хотхоны 7 дугаар байрны 6 тоот 2 өрөө байрыг худалдах эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайтар нягтлан судалж аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өргөн мэдүүл гэдэг үүрэг өгсөн. Ингэж байтал нэхэмжлэгч талаас шүүхэд хандсан тул энэ талаарх асуудал хойшлогдсон байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн Засаг дарга ажлаа авсныхаа дараа Засаг даргын дэргэдэх орон нутгийн өмчийн албыг татан буулгаад өмч хөрөнгийг Санхүү төрийн сангийн хэлтэст хамааруулаад шийдвэрлэсэн. Орон нутгийн өмчийн газар голоор нь дайрч орж ирээд байна гэдэг зүйл яриад байна. Тухайн үед Орон нутгийн өмчийн албыг татан буулгаснаас болоод аймгийн Тамгын газрын өмчийг бүртгэж авна гэдэг 90 дугаартай тогтоолоор заасан. Монгол улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 09 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Үүний 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх асуудлын хүрээнд дор дурдсан агентлагийг ажиллуулахаар тогтоож, үүнд Орон нутгийн өмчийн газар орсон бөгөөд Орон нутгийн өмчийн газар нь үндсэндээ аймгийн хэмжээнд байгаа өмч болон орон нутаг дотроо төсвийн хөрөнгөө хэрэгжүүлэх асуудал дээр хяналт тавиад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хэрэгжилтийг нь хангаж явах ёстой. Манай байгууллага 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдаад гэрчилгээгээ авсан. Хариуцагч тал хэлэлцүүлэх асуудлыг өргөн бариагүй гэж яриад байна. Бид нар өргөдлөө Засаг даргад өгсөн. Засаг даргаас Хурлын даргад өгсөн. Хурлын даргаас шийдвэр нь гараад 28 дугаартай тогтоол гарч албан бичгээр хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс тэтгэврийн хүн учраас 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр байрыг авах боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан үзээд үнийг тогтоосон. Миний хувьд Баярбат дарга нь От байр бэлэглэсэн гэж ойлгож байсан. Гэтэл худалдаад мөнгө нь орох байрыг От өгчихсөн байсан. Тэгэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хүчингүй болоогүй цагт бэлэглэх эрх байхгүй. Аймгийн өмчийн мэдэлд тухайн байр байгаа. 95 дугаартай тогтоолыг хүчингүй болгоогүй цагт мөнгийг төлүүлэх ёстой гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бус эс үйлдэхүйн талаар яриад байна. Нэхэмжлэгч Оийн өргөдлийг шийдвэрлээд хариу өгсөн. Байрныхаа төлбөрийг төлөхгүй бол байрнаас гар гэдгийг хэлсэн. Хуульд байхгүй үндэслэлээр төрийн өмчийг үнэгүй авна гэж маргаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал шүүхээс ямар шийдвэр гаргуулах гээд байгаагаа тодорхойлохгүй байна. Энэ шийдвэрийг хариуцагчид даалгах гэж байна. Хариуцагч талаас мөнгөө төлөөд байраа ав гэдэг шаардлага тавьж байгаа. Худалдах шийдвэрээ гаргаад худалдах үнийг тогтоосон. Худалдах талаар санал боловсруулаад хуралд оруулсан. Худалдах үнийг тогтоосон байхад мөнгөө төлөхгүй байна. Бэлэглэх талаар шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Хурлын тогтоол нь бэлэглэх гэх шийдвэр гаргаж болохгүй. Шүүхээр дамжуулж хууль бус үйлдэл хийлгэж байгаа зүйл болж байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цолны мялаалгад очсон. Дуустал нь байсан. Их л олон хүмүүс байсан. Барагцаагаар 200 гаруй хүн цугларсан. Тухайн үед О нь Мэргэн харваач цол авсан. Олон хүмүүсийг амжилтад хүргэсэн гээд аймгийн Засаг даргын тамгын газраас байр өгсөн. Байрны түлхүүрийг От гардуулж өгч байсан. Хурлын дарга Мэндсайхан, Нямсүрэн, аймгийн Тамгын газрын мэргэжилтнүүд гээд олон хүмүүс байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар түлхүүрийг гардуулж өгсөн. Тухайн цолны мялаалгад аймгийн хэмжээнд бизнес эрхэлдэг хүмүүс оролцсон. Тухайн үед шинэ байр өгч байсан талаар бүх хүмүүс талархаж баярлаж хүлээн авч байсан. Олон удаа тэргүүлсэн учраас орон нутгаас харж үздэг нь сайшаалтай байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 2 өрөө орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг орон сууцийг хууль ёсны өмчлөгч Х.Оийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1. Миний бие 2013 онд Үндэсний их баяр наадмын сурын харвааны төрөлд 3 дахь удаагаа түрүүлж цолны мялаалга болох хүндэтгэлийн хүлээн авалтыг 2013.12.28-ны өдөр зохион байгуулсан. ...Улмаар аймаг орон нутгийн зүгээс амжилтыг минь үнэлээд намайг урамшуулж аймгийн Засаг даргын зүгээс Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 2 өрөө орон сууцийг миний өмчлөлд шилжүүлэн өгч байгаа талаар мэдэгдэж арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Баярбат болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нар орон сууцны түлхүүрийг цугласан олны өмнө гардуулан өгсөн.

2. Тухайн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт-1 багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 2 өрөө орон сууц бүрэн ашиглалтад ороогүй байсан бөгөөд Улсын комисс хүлээн аваагүй байсан.

3. 2017 онд уг орон сууц бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авсан бөгөөд ...миний бие өөрийн орон сууцийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан бөгөөд холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэж өгнө, шийдвэрлэж өгөхгүй гэж байсан.

4. Миний бие өөрийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, аймгийн Засаг даргад удаа дараа өргөдөл хүсэлт гаргасан боловч 2022.07.04-ний албан бичгээр уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Захиргааны байгууллагаас өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй орхигдуулж нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон "...хөрөнгийг шударгаар эзэмших, өмчлөх" эрхийг зөрчиж байна гэж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б “...Орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхийг аймгийн Засаг дарга өөрөө өргөн мэдүүлснээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ. ... Засаг дарга нь нэг л статустай... Хэдэн онд хэн гэдэг хүн Засаг дарга байсан нь хамаагүй... Захиргааны ерөнхий хуулийн 2.4.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан байгаа. Засаг дарга тэр үйлдлээ хийсэн бол түүнийгээ биелүүл, баталгаажуул, иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой...” гэж маргасан байна.

 

Гурав. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.02.19-ний өдрийн 48 тоот албан бичигт “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь заалтын 1 дэх хэсгийг удирдлага болгон ...хавсралтад заасан чиглэлийн дагуу өөрчлөлт хийж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр өргөн барина уу...” гэх[1],

-Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар 2022.07.04-ний өдрийн 209 тоот албан бичигт “...Х.О нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргасан өргөдлийг хууль журмын дагуу судлан үзэхэд аймгийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хуралдахаар шийдвэрлэсэн хөрөнгийн үнийг үндэслэлгүй бууруулах боломжгүй...” гэх[2],

-Хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хариу тайлбарт “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлд орон нутгийн өмчийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрхийн дагуу захиран зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т зааснаар төрийн болон тухайн орон нутгийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах гэж заасан байхад тухайн орон сууцыг ямар ч шийдвэргүйгээр иргэн Х.От бэлэглэсэн нь хууль бус байна. ...Засаг даргын өргөн мэдүүлсэнээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасны дагуу ямар нэгэн захиргааны акт гаргах ёстой. Захиргааны акт гаргаагүй байхад иргэн Х.О орон нутгийн өмчийн байрыг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах ямар ч эрх үүсэхгүй. ...орон нутгийн өмчийг дур мэдэн хууль зөрчин бэлэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэх[3],

-Гэрч Д.Баярбат /2012-2016 онд аймгийн Засаг дарга/-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Улсын наадамд 4 дэх удаагаа түрүүлээд ирэхэд нь хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Аймгийн удирдлагуудаас энэ орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх үүргийг надад оноосон. “Өгөөжсүмбэр” ХХК-ийн барьсан байрнаас 2013 онд Тамгын газраас захиалсан 10 байрны 1 орон сууцыг Х.О мэргэнд гардуулах асуудлыг тухайн үед Засаг даргын зөвлөлийн хурлаар ярилцаад Иргэдийн хурлын даргатай зөвшилцөөд байрыг олгосон. Шинэ байр учраас ордер гараагүй, Улсын комисс хүлээж аваагүй байсан. ...Мэргэн болсны найраа Төв аймгийн Зуунмод хотын одоогийн Нэг цэгийн үйлчилгээ буюу Дүнжингарав төвд хүлээн авалтаа хийж байсан. Тэр үед гардуулан өгсөн. ...2016 онд миний Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаж тухайн байрыг Х.О мэргэний нэр дээр шилжүүлэх хугацаа надад олдоогүй. ...Улсын наадамд тасралтгүй 4 түрүүлж, нутаг орныхоо нэрийг гаргасан түүхэн амжилт гаргасныг үнэлж, аймгаас тухайн байраар шагнасан. Орон нутгийн өмчийг шийдвэрлэх эрх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай зөвшилцөж хамтдаа олгож байсан..” гэж[4],

-Гэрч Ц.Мэндсайхан /2012-2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/-ны 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...тус орон сууцыг орон нутгийн өмчөөр барьсан. ... Би түлхүүр гардуулахад байгаагүй. Шийдвэр гаргахдаа Засаг дарга надаас санал асуугаад би дэмжсэн. Энэ хүний амжилтыг үнэлж, Төв аймаг орон нутгийн өмчөөс өгөх саналыг би дэмжсэн. Өмчийн газар нь Засаг даргын мэдэлд байдаг. Гавьяат тамирчинд орон сууц өгөх эрх нь Засаг даргын зөвлөлд байгаа. ...Тухайн үед Засаг дарга шийдвэрээ гаргахдаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулаагүй. Гэхдээ одоогийн шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулж болно. Харваач Х.Оийн асуудлыг шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. ...Өмчийн хувьд Х.Оийн өмч мөн. ...Х.О нь Ардчилсан намын гишүүн. Одоогийн байгаа удирдлага бол Ардын намын удирдлага. Өмнөх засгийн гаргасан шийдвэрийг дараагийн засаг нь үгүйсгээд байна. Өмнө гарсан засгийн шийдвэрийг дараагийн засаг нь буруу гэж харлуулж ард түмэнд харагдуулах зорилготой байна...” гэж[5],

-Гэрч Ү.Батчулуун /Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/-ны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Засаг даргын шийдвэр гарахад би байгаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихад нь байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд санал оруулж байсан. ...тус орон сууцыг аймгийн төсвийн хөрөнгөөр барьсан. ...Х.От байр өгөх талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих нь Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг. Тухайн үед би Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд энэ асуудлыг өргөн барьсан...” гэх[6] болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Х.От дээрх хаяг бүхий орон сууцыг бэлэг болгон өгсөн буюу уг орон сууцыг өмчлөх эрхийг бэлэглэсэн болох нь мөн тогтоогдож байна.

 

Дөрөв. Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж,

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “б”-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж тус тус зааснаас үзвэл дээрх үйл баримтаар хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгчид уг орон сууцыг өмчлөх эрхийг бэлэглэн шилжүүлэх үйлдлийг хийсэн боловч тухайн үед орон сууц нь ашиглалтад ороогүй шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээ нь шилжиж бүртгэгдээгүйн зэрэгцээ орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй буюу хариуцагч Засаг даргаар ажиллаж байсан Д.Баярбат нь албан ёсоор санал боловсруулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх үйлдлээ хийгээгүй орхигдуулсан. Улмаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг асуудлаа хурлаар хэлэлцэж албажуулж тогтоол гаргах байсан хэдий ч тогтоол гаргалгүй амаар дэмжин шийдвэрлэж байсан болох нь тухайн үед Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаад ажиллаж байсан Ц.Мэндсайханы “...бүгд шинэ ажил авсан байсан. Хурлаар орж баталгаажуулдаг гэдгийг би ч мэдээгүй, Засаг дарга ч мэдээгүй...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “аймгийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, аймгийн өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэрэг асуудлаар захиран зарцуулах санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэж зааснаар шийдвэрлүүлэх буюу төрийн захиргааны эрх залгамжлах эрх үүргийн хүрээнд одоо шийдвэрлэх үүрэгтэй буюу нөгөө талаас шийдэхгүй байгаа эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8 дахь хэсэгт “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан тул хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгч иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах хангах үүднээс, хэдийгээр өмнө нь ажиллаж байсан Засаг даргын үйлдлийг зохих ёсоор зөвтгөж, иргэний эрхийг хамгаалах нь зүйтэй байна.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээр хариуцагч Засаг дарга нэхэмжлэгч иргэнд шилжүүлэн өгөх асуудлыг зохих хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, улмаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээдийн хувьд эрх хэмжээний хүрээнд асуудлыг үйл баримтаар нь судлан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй, “...аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хуралдахаар шийдвэрлэсэн хөрөнгийн үнийг үндэслэлгүй бууруулах боломжгүй...” гэсэн хариу өгч, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүйгээр тухайн бэлгийг буюу орон сууцыг хүлээн авч өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Х.О нь төр захиргаанаасаа шагнаж бэлэглэл өгсөн байраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч бэлэг авсан цаг хугацаа сунжирч, бэлэг авсанаас хойш бий болсон газраас хариу өгч байсан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрхийг хангах, хуульд заасан эрх хэмжээ, зохих журмын дагуу нэхэмжлэгч Х.Оийн өмчлөх эрх, өмчлөх хөрөнгөө бүртгүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрхээс үзвэж хариуцагчид хандан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.Оийн нэхэмжлэлийг хангаж, Х.Оийн өмчлөлд тус өрөө орон сууцыг шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны хууль/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “б”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 оны хууль/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.6, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Оийн Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн Өгөөжсүмбэр хотхоны 7-р байрны 6 тоотын 2 өрөө орон сууцийг Х.Оийн өмчлөлд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 2 өрөө орон сууцыг Х.Оийн өмчлөлд шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлэн зохион байгуулахыг хариуцагч Төв аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.От олгосугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хх-ийн 5-6 дугаар тал

[2] Хх-ийн 7 дугаар тал

[3] Хх-ийн 19-22 дугаар тал

[4] Хх-ийн 78-79 дүгээр тал

[5] Хх-ийн 103-

[6] Хх-ийн 110-111 дүгээр тал