Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/04038

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/04038

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,.... дугаар хороо, ... байр ... тоотод оршин суух, Ж овогт Г-хын Б /РД:ххх/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, ... дугаар байр, .... тоотод оршин суух, Ш овогт Т-гийн Б /РД:..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Б нь хариуцагч Т.Б-д 100,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлж, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ... дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс ... .. гудамж ... байрны 1 давхрын 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамжаар Г.Б-ийн нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 219,000,000 төгрөгийн 39,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Т.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Талууд зээлийн гэрээний үүргийн талаар эвлэрэн хэлэлцэж, шүүхийн шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталсан. Тухайн эвлэрлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны талаар дурдаагүй. Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар эвлэрлийн гэрээний үүргээр барьцааны гэрээний үүргийг сольж барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Зээлдэгч Т.Б нь эвлэрлийн гэрээний үүрэг болох 180,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.М-аас Т.Б-д 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Б, Т.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас гаргасан баримтгүй.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Т.Б-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч Т.Б шилжүүлэн авсан мөнгийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Талууд зээлийн гэрээний үүргийн талаар эвлэрч, барьцааны гэрээний үүргийг сольсон тул барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас Г.Б, нөгөө талаас Т.Б нар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр .... дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох Г.Б нь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Т.Б нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ... дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/ ... гудамж ... байр, ..... давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 6 тал/

 

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамжаар Г.Б-ийн нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 219,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 39,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180,000,000 төгрөгийг хариуцагч Т.Б 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            4.3. Хариуцагч Т.Б нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй буюу нэхэмжлэгч Г.Б-д 180,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

            5. Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Т.Б нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

            6. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй.

 

7. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1214 дугаартай барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

8. Хариуцагч Т.Б нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаалагч Г.Б нь барьцааны эд хөрөнгөөр өөрийн шаардлагыг хангуулах шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн.

 

            9. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай Баянгол дүүргийн ... дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/ .... гудамж ...байр, .... давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Хариуцагчийн татгалзлын хувьд, шүүхийн шийдвэрээр зөвхөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар эвлэрэн хэлэлцсэн зохигчийн эвлэрлийг баталсан нь талууд барьцааны гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна барьцаалагч Г.Б барьцааны эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ

 

11. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн  хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б нь зээлийн гэрээний үүрэгт 180,000,000 төгрөгийг Г.Б-д төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн .... дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/ .... гудамж 49а байр, .... давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ