Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00231

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00231

 

 

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00231

 

 

****************ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04038 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****************ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****************, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ****************э нь *********д 100,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлж, эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай Б дүүргийн 05 дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/ ЭТӨ чөлөө гудамж 49а байрны 1 давхрын 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамжаар ****************ийн нэхэмжлэлтэй *********д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 219,000,000 төгрөгийн 39,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180,000,000 төгрөгийг хариуцагч ********* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч ********* нь шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд зээлийн гэрээний үүргийн талаар эвлэрэн хэлэлцэж, шүүхийн шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталсан. Тухайн эвлэрлийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны талаар дурдаагүй. Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар эвлэрлийн гэрээний үүргээр барьцааны гэрээний үүргийг сольж барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Зээлдэгч ********* нь эвлэрлийн гэрээний үүрэг болох 180,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********* нь зээлийн гэрээний үүрэгт 180,000,000 төгрөгийг ****************эд төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай Б дүүргийн 5 дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 49а байр, 1 давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамжаар Бархасбадьэрдэнэд 180,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн. Гэтэл миний ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хугацаандаа бүрэн төлж чадаагүй 20,000,000 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Y-2205069975 дугаартай Б дүүргийн 5 дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс (16010) Энхтайвны өргөн чөлөө гудамж 49а байр, 1 давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргиын гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхнаасаа барьцаатай зээлсэн. Би хууль сайн мэдэхгүй болохоор үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтээ өгөөгүй. Хариуцагч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш огт мөнгөө төлөхгүй зугтаад байгаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч **************** нь хариуцагч *********д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1214 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч тал болох ****************э нь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох ********* нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 5 дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49а байр, 1 давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

4. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/01789 дугаартай захирамжаар ****************ийн нэхэмжлэлтэй *********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 219,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 39,000,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 180,000,000 төгрөгийг хариуцагч ********* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг урьд гаргаж байгаагүй тул анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

5.а. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

5.б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай Б дүүргийн 5 дугаар хороо, үйлдвэрчний баруун бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49а байр, 1 давхар тоот хаягт байршилтай 97,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.в. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь барьцааны гэрээний үүргийн шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй бөгөөд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага байж болох тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХБАЯР