Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03889

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03889

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .... дугаар хороо ....дугаар хороолол, ..... оршин байрлах А трейд ХХК /РД:ххх/,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо энхтайваны өргөн чөлөө гудамж ... байр .... тоотод оршин суух Т овогт Ш-ын Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11,490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э, В.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, иргэдийн төлөөлөгч Г.Б нар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан 11,490,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ш.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Toyota prius маркийн ... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа хурд хэтрүүлэн “А” ХХК-ийн эзэмшлийн жолооч С.П-ийн жолоодож явсан ... УБХ улсын дугаартай Toyota prius маркийн машиныг мөргөж, автомашины хохирол 10,913,000 төгрөг, жолооч С.Пү-ийн эрүүл мэндэд 577,000 төгрөг, нийт 11,490,000 төгрөгийн хохирол учруулсан.   

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ХХК-ийн жолооч С.П-ийн шинжилгээний төлбөр 530,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Мөнгөн гүүр эмнэлгийн дүрс оношлогооны төлбөр 290,000, 240,000 төгрөгийн баримт, үзлэгийн хуудас, Тээврийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр “И” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 411 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, “И” ХХК-ийн 404,000 төгрөгийн төлбөрийн баримт, “Н” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн үзлэг оношлогооны хуудас, 64,000 төгрөгийн төлбөрийн баримт, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 294 дугаартай цалин хөлс шинэчлэн тогтоох тухай тушаал, “А” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1092 дугаартай цалингийн тодорхойлолт, С.П-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “А” ХХК-ийн жолооч С.П-ийн цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, төрийн үйлчилгээний цахим машины төлбөрийн баримт, С.П-ийн жолоодох эрхийн лавлагаа, “А” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн С.П-ийн шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, төрийн үйлчилгээний цахим машины төлбөр 11,500 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, зогсоолын төлбөр 75,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, “С” ХХК-ийн ачилтын зардал 300,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт, “Н” ХХК-нд 35,000 төгрөгийн эмийн төлбөр төлсөн баримт, С.П-ийн тодорхойлолт, .... УБХ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлээс 11,485,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ш.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч Ш.Бнь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... замд Toyota prius маркийн .... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж  “А” ХХК-ийн эзэмшлийн жолооч С.П-ийн жолоодож явсан .... УБХ улсын дугаартай Toyota prius маркийн машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

 

4.2. Нэхэмжлэгч ”А” ХХК нь ... УБХ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.П нь нэхэмжлэгч “А” ХХК-нд жолоочоор ажилладаг болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

4.3 Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн ... УБХ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн копут, баруун урд крыло, баруун урд хаалга, шил арчигч 2ш, шил арчигчийн мотор, радиатор, цахилгаан моторын ком, цээж утас, баруун урд амортизатор, баруун урд цап, баруун урд гар, өндгөн тулгуур, баруун урд таван бул, баруун тяг, баруун урд босоо тэнцүүлэгч, тормосны дээд аппарат, тормосны төв хуваарилагч, баруун урд ABS-ийн мэдрэгч, моторын лап 2ш, урд тэвш, буферийн арын хөнгөн цагаан төмөр, урд лонжромууд, орой /ганкаркас/, урд панел/ жааз төмөр, багана /урд/, зүүн урд шанаа, салхины шилний доод үндсэн кузов чихэгдсэн, урд буфер хагарч салсан, буферын нэмэлт гэрэл 2 ш, буферийн пивор сетик, 3 ш, буферийн хөөсөнцөр зөөлөвч, урд буферийн тогтоогч зам 2 ш, их гэрэл /өсгөгчтэй/ 2ш, баруун толь, салхины шилний урд пивор сетик, радиаторын босоо пивор хамгаалалт 2ш, агаар хуримтлалын пивор сав, үндсэн мотор, баруун урд дугуй /R16/ 2ш, баруун урд обудь /хайлш/, шил арчигчийн шингэний сав хагарсан, урд под крыло 2ш урагдаж салсан, зорчигчийн ослын дэр /урд салон ком/, жолоочийн ослын дэр /жолооны хүрд/ задарсан, ослын бүс 2ш гацсан, хойд суудал, зүүн урд крыло гажсан 10,065,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “И” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 411 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

 

4.4. Мөн нэхэмжлэгч “А” ХХК нь жолооч С.П-ийн Мөнгөнгүүр эмнэлэгт үзлэг оношлогооны төлбөр 530,000 төгрөг /хэргийн 9-12 тал/, С.П-ийн эмийн төлбөр 35,500 /хэргийн 99 тал/, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, төрийн үйлчилгээний цахим машины төлбөр 3,500 төгрөг /хэргийн 92-93 тал/, хохирлын үнэлгээ гаргуулах төлбөр 404,000 төгрөг /хэргийн 26 тал/, тээврийн хэрэгслийн явах эд ангийн оношлогооны төлбөр 64,000 төгрөг /хэргийн 56 тал/, тээврийн хэрэгслийн ачилт тээвэрлэлтийн төлбөр 300,000 төгрөг /хэргийн 96-97 тал/, тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөр 75,000 төгрөг /хэргийн 94-95 тал/, нийт 1,420,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөгт холбогдох хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

5. Хариуцагч Ш.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай үйлдэл, нэхэмжлэгч “А” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Ш.Б нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.

 

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Ш.Б-гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 11,485,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ш.Б-аас 11,485,000 /арван нэгэн сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 198,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ

                                                  

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА

                                                                                               

                                          ШҮҮГЧ                               М.МӨНХТӨР