Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00238

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00238

 

А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03889 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Б-д холбогдох гэм хорын хохиролд 11,490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уламбаяр, В.Цэвээндарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжавхаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Ш.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бугын сангийн аж ахуйн урд замд тоёота приус маркийн ... УНҮ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн явсны улмаас С.П-гийн жолоодож явсан А.Ж.Т ХХК-ийн эзэмшлийн, ... УБХ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг мөргөж, автомашинд 10,913,000 төгрөг, жолооч С.П-гийн эрүүл мэндэд 577,000 төгрөг, нийт 11,490,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хариуцагчаас 11,490,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-гаас 11,485,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-гаас 198,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ж.Т ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан автомашины гэм хорын хохирлын үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаас илт зөрүүтэй, өндөр дүнтэй, учирсан хохирлын бодит үнэлгээ болж чадаагүй.

4.2.Шүүх хариуцагчийн эзгүйд бодит бус, хууль зүйн үндэслэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй хохирлын үнэлгээний байгууллагаар хохирлыг тогтоолгосон. Хэрэв хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан бол шүүхийн журмаар, эсхүл өөрсдөө хохирлын үнэлгээ хийлгүүлэх эрх нээлттэй байсан, энэ эрхээ эдлээгүй.

5.2.Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч өөрөө шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

5.3.Давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэж дурдсан атлаа аль хэсгийг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй талаар тайлбарлаагүй.

5.4.Компани нь Хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын тухай хуулиар осол гарсан тохиолдолд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг. Тус үүргийн дагуу ажил олгогчоос ажилтны эмчилгээний зардлыг төлсөн, ажилтны нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг шүүхэд өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч А.Ж.Т ХХК нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 11,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хариуцагч Ш.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гардуулан өгсөн, хариуцагч нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тоёота приус маркийн ... УНҮ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн явсны улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн, тоёота приус маркийн ... УБХ улсын дугаартай автомашиныг мөргөж гэм хор учруулсан гэж тодорхойлсон. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбар, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.

 

5.Харин нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан өөрийн эд хөрөнгийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байх ба түүнд жолооч С.П- нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах итгэмжлэл олгоогүй байна. Иймд жолооч С.П-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй тул С.П-гийн эрүүл мэндийн үзлэг оношилгооны төлбөр 538,000 төгрөг, эмийн төлбөр 35,500 төгрөг, мөн лавлагааны төлбөр 3,500 төгрөг, нийт 577,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

6.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж, мэтгэлцээгүй, түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжавхаад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй үндэслэл болох автомашины гэм хорын хохирлын үнэлгээ бодитой биш, зах зээлийн үнэ ханшаас хэт өндөр гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг, уг өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан 2 дахь заалтад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 198,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг тус тус оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03889 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 11,485,000 /арван нэгэн сая дөрвөн зуун наян таван мянга/ гэснийг 10,908,000 гэж, 5000 гэснийг 582,000 гэж, 2 дахь заалтад 198,710 гэснийг 189,478 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА