Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03054

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/03054 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 00 хороо, Зайсан гудамж, стадион оргил, Оргил стар хотхон, 00 байр, 00 тоот хаягт байрлах, З ХХК /000000/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 хороо, Яармаг 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух Б.Э /0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 00-р байр, 00 тоотод оршин суух Х.С /0000000/ нарт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 20 483 829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Хариуцагч Б.Э

Хариуцагч Х.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Б.Э, Х.С нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20 483 829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Э, Х.С нар нь эхнэр, нөхөр гэх бөгөөд өөрсдийн О брэндийн эмэгтэй хувцас, хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулах зорилгоор З худалдаа, үйлчилгээний төвд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд талбай түрээслэсэн. Түрээслүүлэгчийн хувьд, Х.С, Б.Э нартай тус тус Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Тодруулбал, А. Х.Стэй 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 19-09 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах Zaisan star худалдаа, үйлчилгээний төвийн 303 тоот хаяг бүхий 55 м.кв талбайг О брэндийн эмэгтэй хувцас, хэрэгслэлийн худалдаа, үйлчилгээ явуулах зорилгоор түрээслэсэн. Талууд энэхүү гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сар, 31 хоногбайхаар тодорхойлж, 1 сарын түрээсийн төлбөрийг 3 074 500 төгрөг, менежментийн төлбөр 120 000 төгрөгөөр тохирсон. Нэхэмжлэгч нь түрээслэгч талыг брендээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, эхний 1 сарыг тохижилт хийх хугацаанд тооцож, түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдсөн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 5-30 хүртэлх хувиар хөнгөлж, энэ тухай гэрээний 4.9-д тусгасан. Түрээслэгч Х.С нь гэрээний 4.4-т зааснаар түрээсийн тбөлрийг сар бүрийн 01-ний өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5 291 256 төгрөгийн өр төлбөрийн хуримтлал үүүсгэсэн байна. Х.Сувд-Эрдэнийн нөхөр Б.Э нь З ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20-20 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Zaisan star худалдаа, үйлчилгээний төвийн 315 тоот хаяг бүхий 39,79 м.кв талбайг сарын түрээсийн төлбөр 2 025 311 төгрөг, менежмэнтийн төлбөр 100 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэвч түрээслэгч нь түрээслэгч нь түрээс болон менежмэнтийн түрээсийн төлбөрийг гэрээний 4.6-д заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8 364 630 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Дээрх 2 түрээслэгч нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлааар нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ тус бүрийн үлдэгдэл тооцоог нэгтгэн нийт 13 655 886 төгрөгийг төлбөртэй байгаа талаар Б.Э нь түрээслүүлэгч талтай тооцоо нийлж, Х.С энэхүү төлбөрийг 2020 онд багтаан төлж дуусгавар болгох хүсэлтээ нэхэмжлэгч талд бичгээр гаргасан байдаг. Иймд хариуцагч нараас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 13 655 886 төгрөг, алданги 6 827 943 төгрөг, нийт 20 483 829 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын тавилгын асуудал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, энэ талаар би мэдэхгүй учраас эвлэрэх хугацаа авах шаардлагагүй гэв

 

2. Хариуцагч Х.С, Б.Э нар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Ковид гараад ажиллах боломж олдоогүй, нэхэмжлэгчид дэлгүүрийн тавилга хэрэгсэл байгаа учраас энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох хүсэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.01-ний өдрийн түрээсийн гэрээ, худалдаа, үйлчилгээний төв дотор хийгдэх засал, засварын ажилд мөрдөх журам, зайсан стар худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллах журам, түрээсийн талбай хүлээлцэх акт, дотор заслын ажил хийх зөвшөөрлийн хуудас, дотор заслын ажил хүлээн авах хуудас, 2020.01.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2020.08.10-ны өдрийн төлбөр барагдуулах тухай 20/08-01 тоот албан бичиг, 2020.08.10-ны өдрийн Х.Сувд-Эрдэнийн гараар бичсэн хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.08.11-ны өдрийн түрээсийн талбай хүлээлцсэн акт, 2020.10.19-ний өдрийн төлбөр барагдуулах тухай 20/08-08 тоот албан бичиг, Өндөрбуянт холдинг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өндөрбуянт холдинг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээ, Өндөрбуянт холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Өндөрбуянт холдинг ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх 7-32 ху, 45-51 ху/

 

4. Хариуцагч Х.С, Б.Э нар бичгийн нотлох баримт өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Х.С, Б.Э нараас 20 483 829 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Э, Х.С нар нь эхнэр, нөхөр бөгөөд өөрсдийн О брэндийн эмэгтэй хувцас, хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Ингэхдээ, нэхэмжлэгч 2019.06.01-ний өдөр хариуцагч Х.Стэй 6 сар 31 хоногийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 3 074 500 төгрөг, менежментийн зардал 120 000 төгрөг байхаар тохиролцсон 19-09 дугаар гэрээг, үүний дараа Х.Сувд-Эрдэнийн нөхөр Б.Этай 2020.01.01-ний өдөр 20-20 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, 39.79 м.кв талбайг сарын 2 025 311 төгрөг, менежмэнтийн төлбөр 100 000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээслэгч нар түрээс болон менежмэнтийн төлбөрийг гэрээний 4.6-д заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас дээрх 2 түрээслэгч нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан 2 түрээсийн гэрээний үүрэгт 13 655 886 төгрөгийг төлбөртэй байгаа талаар тооцоо нийлж, хариуцагч Х.С энэхүү төлбөрийг 2020 онд багтаан төлж дуусгах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч төлөөгүй. Иймд хариуцагч нараас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 13 655 886 төгрөг, алданги 6 827 943 төгрөг, нийт 20 483 829 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар эхнэр, нөхөр тул уг төлбөрийг 50, 50 хувиар гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Х.С, Б.Э нар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд тайлбарлахдаа түрээсийн гэрээ байгуулсан, цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, түрээслүүлэгч дэлгүүрийн тавилга хэрэгслийг битүүмжилсэн тул тухайн тавилгыг түрээсийн төлбөрт тооцон хасуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2019.06.01-ний өдөр нэхэмжлэгч З ХХК, хариуцагч Х.С нарын хооронд 19-09 дугаар түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Зайсан стар шоппинг центерийн 303 тоотод байрлах 55 мкв талбайг сар тутам 3 074 500 төгрөг, менежментийн зардалд сар тутам 120 000 төгрөг төлөхөөр, нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг эхний сар 100 хувь чөлөөлөх, 2-5 дах сарын түрээсийн төлбөрийг 30-5 хувь хүртэл шатлалтай хөнгөлөх нөхцлийг тохиролцож, талбай хүлээлцэх акт үйлдсэн, /хх 10-14, 20 ху/

 

4.2 2020.01.01-ний өдөр нэхэмжлэгч З ХХК, хариуцагч Б.Э нарын хооронд 20-20 дугаар түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 хороо, Оргио стар хотхоны 56 дугаар байрны 3 дугаар давхарт байрлах 39.79 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сар тутам 2 025 311 төгрөг, менежментийн зардал 100 000 төгрөг төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээг байгуулсан, /хх 23-26 ху/

 

4.3 2020.08.11-ний өдөр хариуцагч Б.Э түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, талбай хүлээлцэх акт үйлдсэн, /хх 31ху/

 

4.4 Нэхэмжлэгч З ХХК, хариуцагч Б.Э нар түрээсийн үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2020.01.01-ний өдрөөс 2020.08.10-ны хугацаанд 13 655 886 төгрөгийг түрээсийн өртэй талаар тооцоо нийлсэн, /огноо тодорхойгүй/ /хх 30ху/

 

4.5 Нэхэмжлэгчээс 2020.08.10, 2020.08.19-ний өдрүүдэд түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай мэдэгдлийг хариуцагч Б.Эт хүргүүлсэн, /хх 27, 32 ху /

 

4.6 2020.08.10-ны өдөр хариуцагч Х.Сэс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 14 551 057 төгрөгийг 2020 онд багтаан төлж барагдуулна гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, /хх 28ху/

 

4.7 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Зайсан гудамж, 56 дугаар байр, 1-3 давхарт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206038471 дугаарт бүртгэлтэй, 5040.42 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Өндөр буянт холдинг ХХК бүртгэлтэй, /хх45 ху/

 

4.8 Өндөр буянт холдинг ХХК-ний 2017.04.18-ны өдрийн 17/06 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Ү-2206038471 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь эзэмшиж, ашиглаж, худалдаа үйлчилгээний зориулалтаар гуравдагч этгээдэд түрээслүүлэх эрхийг З ХХК-д хугацаагүй шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 47ху/

 

5. Зохигч, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу төлөгдсөн төлбөр, үлдэгдэл төлбөрийн хэмжээ, хариуцагч нар өр төлбөрийг хамтран, 50:50 хувиар хариуцах зэрэгт маргаангүй, харин түрээсийн төлбөрт барьцаанд үлдээсэн тавилганы үнийг хасуулан тооцох үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

6. Нэхэмжлэгч З ХХК, хариуцагч Х.С нарын хооронд 2019.06.01-ний өдөр байгуулагдсан 19-09 дугаар гэрээ, нэхэмжлэгч З ХХК, хариуцагч Б.Э нарын хооронд 2020.01.01-ний өдөр байгуулагдсан 20-20 дугаар түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байр ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний төлөгдөөгүй өр төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Нөгөө талаас хариуцагч Х.Стэй байгуулсан 19-19 дугаар гэрээний 8.1-д, хариуцагч Б.Этай байгуулсан 2020.01.01-ний өдрийн 20-20 дугаар гэрээний 7.1-д тус тус ...хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарах тул алдангийг мөн шаардах эрхтэй боловч алдангид холбогдох хэсгийг багасгахаар шийдвэрлэв. Тодруулбал,

 

Талууд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 1 дүгээр сараас худалдаа үйлчилгээний салбарт зарим хязгаарлалтыг тогтоосон нь иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон нийтэд илэрхий үйл баримтыг, хариуцагч нар түрээсийн гэрээний зүйлийг 2020.08.11-ний өдөр түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.08.03-ны өдөр хүртэл хэрэгжүүлээгүй зэрэг үйл баримттай харьцуулан дүгнээд шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох 6 827 943 төгрөгийг 50 хувиар багасгахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагч нар төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах эсэх талаар маргаангүй гэж тайлбарласан тул шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

 

Харин, нэхэмжлэгчид үлдээсэн дэлгүүрийн тавилгыг төлвөл зохих өр төлбөрөөс хасуулах санал хариуцагч нар гаргасныг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй гэж тайлбарласан тул шүүх, дэлгүүрийн тавилга нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн тавилгын талаар хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаарх хариуцагч нарын татгалзлыг хэрэгт хамааралгүй гэж гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч нар тавилгын тухайд жич нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Х.С, Б.Э нарыг түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 13 655 886 төгрөг, алданги 3 413 971 төгрөг, нийт 17 069 857 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнээд тухайн мөнгөн дүнг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 413 972 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Шарнууд овогт Банзрагчийн Эрдэнэбаяр /УЗ91120398/-аас 8 004 928 /найман сая таван зуун гучин дөрвөн мянга есөн зуун хорин найман/ төгрөг, хариуцагч Хамбын бөөн овогт Хаш-Эрдэнийн Сувд-Эрдэнэ /УХ93120243/-ээс 8 004 928 /найман сая таван зуун гучин дөрвөн мянга есөн зуун хорин найман/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч З ХХК /6163009/ -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 413 972 /гурван сая дөрвөн зуун арван гурван мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжмд урьдчилан төлсөн 325 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Х.С нараас 243 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ