Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00112

 

 

 

 

 

 

 

2023 01 09 210/МА2023/00112

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** , *** нарт холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 20,483,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/, хариуцагч *** , *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** , *** нар *** худалдаа, үйлчилгээний төвд 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд талбай түрээсэлсэн. *** тэй 2019 оны 06 сарын 01-ний өдөр 19-09 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр *** нутаг дэвсгэрт байрлах *** худалдаа, үйлчилгээний төвийн 303 тоот хаяг бүхий 55 м.кв талбайг түрээслүүлсэн. Талууд энэхүү гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 6 сар 31 хоногоор, 1 сарын түрээсийн төлбөр 3,074,500 төгрөг, менежментийн төлбөр 120,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч нь түрээслэгч талыг брэндээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, эхний 1 сарыг тохижилт хийх хугацаанд тооцож, түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн. Мөн 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 5-30 хүртэлх хувиар хөнгөлж, энэ тухай гэрээний 4.9-д тусгасан. Түрээслэгч *** нь гэрээний 4.4-т зааснаар түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 5,291,256 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. ***-ийн нөхөр *** нь *** ХХК-тай 2020 оны 01 сарын 21-ний өдөр *** дугаартай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу *** худалдаа, үйлчилгээний төвийн *** тоот хаяг бүхий 39.79 м.кв талбайг 1 сарын түрээсийн төлбөр 2,025,311 төгрөг, менежментийн төлбөр 100,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэвч түрээслэгч нь түрээс болон менежментийн түрээсийн төлбөрийг гэрээний 4.6-д заасан хугацаанд биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 сарын 10-ны өдрийн байдлаар 8,364,630 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. 2020 оны 08 сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ тус бүрийн үлдэгдэл тооцоо нийт 13,655,886 төгрөг байгаа тухай *** нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлж, *** энэхүү төлбөрийг 2020 онд багтаан төлж дуусгавар болгох хүсэлтээ нэхэмжлэгч талд бичгээр гаргасан байдаг. Иймд хариуцагч нараас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 13,655,886 төгрөг, алданги 6,827,943 төгрөг, нийт 20,483,829 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Ковид-19 цар тахлын улмаас ажиллах боломж олдоогүй, нэхэмжлэгчид дэлгүүрийн тавилга хэрэгсэл байгаа учраас энэ талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох хүсэлтэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** аас 7,827,943 төгрөг, хариуцагч *** эс 7,827,943 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,827,943 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** , *** нараас 243,299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,827,943 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас ... зарим хязгаарлалтыг тогтоосон ... нийтэд илэрхий үйл баримтыг, хариуцагч нар түрээсийн гэрээний зүйлийг 2020 оны 08 сарын 11-ний өдөр буцаан хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ 2022 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хэрэгжүүлээгүй зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнээд... гэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 сарын 01-ний өдрийн *** дугаартай түрээсийн гэрээ, тооцооны баримтын жагсаалт зэрэг баримтуудаас үзвэл, хариуцагч нар 01 сард түрээсийн төлбөрт 2,025,311 төгрөг, менежментийн төлбөрт 100,000 төгрөг, мөн ус, цахилгааны төлбөрийг тус тус төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний төлбөрийн хэмжээг 2020 оны 01 сараас 2020 оны 08 сар хүртэл бууруулсан нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг болон нэхэмжлэлийн үнийн дүнд огт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

4.б. Хариуцагч нар 2019 оны 06 сарын 01, 2020 оны 01 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ тус бүрээр тохирсон төлбөрийг сар бүрийн 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байдаг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасанчлан хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь хэргийн 30 дахь талд авагдсан Тооцооны баримтын жагсаалтад тодорхой тусгагдсан тул хариуцагч нар алдангийн хэмжээнд буюу нэхэмжлэлийн үнийн дүнд маргаж мэтгэлцээгүй. Гэтэл шүүх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй түрээслэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх болон чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ 2022 оны 08 сарын 03-ны өдөр хэрэгжүүлснээр бус гэрээ ёсоор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас алданги үүссэн. Хариуцагч нар санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй, анзын тухай талууд маргаагүй байхад шүүх анзыг багасгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй. Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсанаар талуудын хооронд тавилгатай холбоотойгоор эвлэрэн хэлэлцэх асуудал яригдаагүй. Харин 20,483,829 төгрөгийг хэзээ төлөх эсэх буюу хугацааны тухайд талууд тохиролцоогүй учраас хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлснийг дурдах нь зүйтэй.

4.в. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн 65,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж гэсэн хэсгийг нэмж оруулж өгнө үү. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 20,483,829 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд үүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 260,369 төгрөг боловч илүү буюу 325,370 төгрөг төлсөн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас бараагаа авч чадахгүй байдалд хүрснийг нэхэмжлэгч талд хэлэхэд ...танайх талбайгаа чөлөөлөхгүй байж байгаарай, гаргамааргүй байна... гэж хэлсэн. 2019 оны 06 сард анх 50 м.кв талбай түрээсэлсэн. Тухайн үед *** ХХК-ийн үйл ажиллагаа жигдрээгүй байсан учраас цөөхөн үйлчилгээний газрууд 3 давхарт байсан. Тухайн үед үйлчлүүлэгч цөөн байсан тул 2 давхар руу нүүж орох санал гаргахад ...сул объект байхгүй... гээд 3 давхартаа жижиг м.кв талбайтай объектод нүүж орохыг санал болгосон. Тухайн саналыг хүлээж аваад 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс нүүсэн бөгөөд түрээсийн төлбөрийн хувьд 1,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Өмнө нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлж байсан. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс ...2020 онд төлбөрөө төлж дуусга, хэрэв төлж дуусгахгүй гэвэл хашаа, байшингаа барьцаал... гэж шаардсан. Нэхэмжлэгч талын гомдолд бид нарыг тавилгаа авсан гэх боловч аваагүй. Тухайн тавилгыг авахаар ачилтын автомашин түрээслээд очиход утсаа аваагүй холбогдож чадаагүй. Тавилгаа буцааж аваад зараад мөнгө өгье гэсэн боловч тавилгыг өгөөгүй. Тавилгуудыг барьцаанд тавьсан учраас олон жилийн алданги тооцно гэж бодоогүй. Бид мөнгөө төлөхгүй гэж хэлээгүй учраас мөнгөө төлөхөд тодорхой хугацаа өгч, сард төлөх үнийн дүнгээр график гаргавал өрөө төлнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** , *** нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 13,655,886 төгрөг, алданги 6,827,943 төгрөг, нийт 20,483,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-4/

Хариуцагч *** , *** нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлээгүй боловч шүүх хуралдааны явцад ...эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна..., ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлсэн мөнгөө төлнө... гэсэн хариу тайлбарыг өгсөн байна. /хх 61-арын нүүр - 62/

 

3.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** тэй 2019 оны 06 сарын 01-ний өдөр 19-09 тоот Түрээсийн гэрээ-г, хариуцагч *** тай 2020 оны 01 сарын 01-ний өдөр *** тоот Түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан, улмаар талууд 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны өр, авлагыг тооцон Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, гэрээний дагуу түрээслэгч талын хүлээх үүрэг нийт 13,655,886 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх 10-14, 23-26, 30/ Энэ үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   ...Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

4.а. Өмнө дурдсанчлан хариуцагч нар ...эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна..., ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлсэн мөнгөө төлнө... гэж тодорхойгүй байдлаар хариу тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүхийн зүгээс ямар нөхцлөөр эвлэрэн хэлэлцэх хүсэл зоригтой байгаа эсэх, алдангийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулах байжээ.

Анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

4.б. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүхийн бүрэн эрхэд хамаарч байх тул шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулж байсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

 

5.   ...Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 65,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь:

5.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...шүүх хуралдааны явцад хариуцагч нараас 20,483,829 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардлагаа өөрчилсний дагуу анхан шатны шүүх хариуцагч *** аас 7,827,943 төгрөг, хариуцагч *** эс 7,827,943 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэсэн... гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас хувь тэнцүүлэн мөнгөн дүн гаргаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.

5.б. Дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.1-д заасны дагуу хариуцагч тус бүрт холбогдуулан гаргасан шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай.

Ийнхүү тооцоход хариуцагч *** аас 10,241,914.5 төгрөг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 178,821 төгрөг, хариуцагч *** эс 10,241,914.5 төгрөг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 178,821 төгрөг, нэхэмжлэгч талаас төлөх нийт улсын тэмдэгтийн хураамж 357,642 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 325,370 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу дутуу төлсөн 32,272 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

5.в. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь нэг хариуцагчид холбогдох хэд хэдэн шаардлага бус харин хоёр хариуцагчид холбогдох тус тусдаа шаардлага байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан ...бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох журам үйлчлэхгүй.

 

6.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ТМ2022/05205 дугаар тэмдэглэлд шүүгч талуудын эвлэрэх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн захирамж гаргасан тухай тусгагдсан байх боловч хэрэгт тухайн захирамж авагдаагүй байна. Уг зөрчил нь хэргийг хүчингүй болох хэмжээний зөрчил биш гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03054 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 32,272 төгрөгийг нэхэмжлэгч *** ХХК-аас нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *** аас 140,197 төгрөг, хариуцагч *** эс 140,197 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 92,197 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР