Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03053

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/03053 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, нэгдсэн үндэстний гудамж, 00 тоот хаягт байрлах Я ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, үйлдвэр богд жавзандамба гудамж 00 байр, 0 тоот хаягт оршин суух Г.Х /0000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 821 189 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Г.Х-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 53 821 189 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Х нь 2019.09.27-ны өдөр манай компанитай 00000 тоот зээлийн гэрээ байгуулж, 28 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар барьцаагүйгээр зээлж авсан. Тус өдөрөө Зээлийн дэд хорооны хурлын 00000 тоот шийдвэрээр 28 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Гэтэл Г.Х нь зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 5 905 666,64 төгрөг, зээлийн хүүнд 5 314 827,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255 654,26 төгрөг төлсөн боловч зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс Г.Хд зээлээ төлөх тухай мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэж байсан. Иймд 2019.09.27.ны өдрийн 00000 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2022.09.21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 22 094 333,36 төгрөг, зээлийн хүүд 26 978 583 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 669 572 төгрөг, нийт 53 742 489 төгрөг, эрэн сурвалжлуулахтай холбоотой зардал 70 200, зээлийн гэрээтэй холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргахын тулд нотариатаар гэрчлүүлсэн зардал 8 500 төгрөг, нийт 53 821 189 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Я ХХК-аас ээж Б.А-ийн нэр дээрх зээлийг төлөх гэж тус ББСБ-ын захирал Г.С эдийн засагч Н нарын зөвлөсний дагуу 2019.9.27-ны өдөр 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээг . . . зөвхөн цаасан дээр хэлбэрийн төдий үйлдэнэ, ээжийн чинь нэр дээрх зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрээд манай байгууллагын Монгол банкин дахь мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооны тайлан мэдээнд сөргөөр нөлөөлөх гэж байна... гэх мэтчилэн тайлбарласны учир иргэний үнэмлэх, банкны дансаа ашиглан нэр төдий зээл авч, буцаан тус ББСБ-ын эдийн засагч дагуулан явж, МУИС-ийн нэгдүгээр байрны эсрэг талын нотариат ороод, Сүхбаатар дүүргийн эсрэг талд байрлах Голомт банкнаас миний дансанд орсон мөнгийг шууд гаргуулан авч, тус банкны вип тиллерээр гүйлгээ хийлгэн буцаан ээжийн нэр дээрх зээлийн төлөлтийг хийсэн юм. 2019 оны 9 сард миний бие 2 дугаар курсын оюутан бөгөөд 19 настай амьдралдаа орлого олж байгаагаагүй надад ийм их хэмжээний зээлийг ямарч барьцаагүй олгож байгаа өөрөө сэжиглэх үндэслэлтэй билээ. Ээжийн нэр дээрх зээлийг төлнө, та нарт ашигтай гэж санхүүгийн мэдлэг, мэдээллэлгүйг далимдуулан ийм зээл олгож, одоо шүүхийн байгууллагад шилжүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаад туйлын гомдолтой байна. Зээлийн эргэн төлөлтийн тухайд авч үзвэл 2019.10.28-ны өдөр 800 000 төгрөг, 2019.11.13-ны өдөр 1 400 000 төгрөг, 2019.12.19-ны өдөр 6 776 148 төгрөг буюу 2019 оны зээлийг тухайн ондоо бүрэн төлж барагдуулсан гэсэн үг юм. 2020.04.13-нд 500 000 төгрөг, 2020.06.9-нд 200 000 төгрөг, нийт 11 476 148 төгрөг төлсөн. 2020.4.29-ний өдөр УИХ-аар батлагдсан Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн эргэн төлөлт хойшлогдсон гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 16 523 852 төгрөгийг ажилтай орлоготой болсон үедээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: итгэмгэмжлэл, 2019.09.27-ны өдрийн 00000 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, төлбөрийн даалгавар, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн график, 2022.04.22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, 2022.02.09-ний өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 722 дугаар албан бичиг, 2021.03.24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 678 дугаар шийдвэр, 2020.10.28-ны өдрийн Я ХХК-ийн 00000 дугаар мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-21 ху/

 

4. Хариуцагчаас ямар нэг баримт ирүүлээгүй.

 

5. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчээс 2018.09.18-ны өдрийн Я ХХК, Б.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн хорооны шийдвэр, зээлийн тооцоолол зэргийг баримтыг гаргуулсан. /хх 48-57 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Г.Х-тай 2019.09.27-ны өдөр байгуулсан 00000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22 094 333 төгрөг, зээлийн хүүд 26 978 583 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 669 572 төгрөг, нийт 53 742 489 төгрөг, мөн гэрээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 70 200, шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргасан баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 8 500 төгрөг, нийт 53 821 189 төгрөг гаргуулахаар шардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Г.Х нь 2019.09.27-ны өдөр манай компанитай 00000 тоот зээлийн гэрээ байгуулж, 28 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар барьцаагүйгээр зээлж авсан бөгөөд мөн өдрөө зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Гэтэл Г.Х нь зээлийн гэрээний дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 5 905 666 төгрөг, зээлийн хүүнд 5 314 827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255 654 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Язгуур капитал ББСБ-аас ээж Б.А анх зээл авсан бөгөөд уг зээлийг төлөх зорилгоор тус ББСБ-ын захирал болон ажилчдын зөвлөсний дагуу 28 000 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулж, миний данс руу мөнгийг шилжүүлээд, буцаагаад авсан. Энэ нь 19 настай орлогогүй надад ийм их хэмжээний зээлийг ямарч барьцаагүй олгож байгаагаар нотлогдоно. Ээжийн нэр дээрх зээлийг төлнө, та нарт ашигтай гэж санхүүгийн мэдлэг, мэдээллэлгүйг далимдуулан ийм зээл олгож, одоо шүүхийн байгууллагад шилжүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн эргэн төлөлтөд 2019.10.28-ны өдөр 800 000 төгрөг, 2019.11.13-ны өдөр 1 400 000 төгрөг, 2019.12.19-ны өдөр 6 776 148 төгрөг, 2020.04.13-ны өдөр 500 000 төгрөг, 2020.06.9-ны өдөр 200 000 төгрөг, нийт 11 476 148 төгрөг төлсөн. 2020.4.29-ний өдөр УИХ-аар батлагдсан Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн эргэн төлөлт хойшлогдсон гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 16 523 852 төгрөгийг ажилтай орлоготой болсон үедээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2019.09.27-ны дотор Я ХХК болон Г.Х нар 28 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, /хх 6-9 ху/

 

4.2 Хариуцагч Г.Х дээрх гэрээний үүрэгт 11 476 148 төгрөг төлсөн,

 

4.3 2018.09.18-ны өдөр дотор Я ХХК болон Б.А нар 50 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 48-52 ху/

 

5. Зохигч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас төлсөн үнийн дүнд маргаангүй, харин зээлийн мөнгөн хөрөнгөөр өөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үүрэгт төлвөл зохих хэмжээ зэрэгт маргаантай.

 

6. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэх боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч зээлийн гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны данс руу шилжүүлсэн тул гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж, хариуцагч зээл авах хүсэл зориг байгаагүй, өөрийн ээжийн авсан зээлийг төлөх зорилгоор, зээлдүүлэгчийн ятгалгаар дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан, цар тахлын улмаас зээлийн хүү төлөхийг хойшлуулсан. Иймд үндсэн зээлийг төлөх үндэслэлтэй тул үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөр 16 523 852 төгрөгийг л төлнө гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч 2019.09.27-ны өдөр 28 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

 

Хариуцагч дээрх зээлийн гэрээний үүрэгт 11 476 148 төгрөг төлсөн бөгөөд өөр зээлийг төлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн даруйдаа буцаан авсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2019.09.27-ны өдрийн 00000 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав. Учир нь:

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 25 дугаар зүйлийн 2Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020.09.27-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээний 2.4-т ...нэмэгдүүлсэн хүүг тухайн сард төлөх зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор, 2.11-т ...гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тусгасан байна.

 

Дээрх гэрээний нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон нь хуульд нийцэж байх боловч хэтэрсэн хугацааны хүүг тусгасан 2.11 дэх хэсэгт Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 25 дугаар зүйлийн 2-т зааснаар хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй байх тул нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Х зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 13 440 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 11 476 148 төгрөгийг төлсөн байх тул уг төлбөрийг зээлдэгчийн төлвөл зохих зээлийн хүүгээс хасч, үндсэн зээл 28 000 000 төгрөг, зээлийн хүү 1 263 852 төгрөг, хүүнд ногдох нэмэгдүүлсэн хүү 252 770 төгрөг, нийт 29 516 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн, хариуцагч Г.Хыг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргасан баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 8 500 төгрөг нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан зардал байх тул гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас  нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.

 

Дээрхийг нэгтгэвэл, 2019.09.27-ны өдрийн 00000 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Хаас 29 516 622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 304 567 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох үнийг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус зааснаар хариуцагч Г.Х /000000/-аас зээлийн гэрээний үүрэгт 29 516 622 /хорин есөн сая таван зуун арван зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я ХХК /000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 304 567 /хорин дөрвөн сая гурван зуун дөрвөн мянга таван зуун жаран долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305 533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ