Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00219

 

Я ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03053 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Я ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Х д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 53,821,189 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19/096 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Г.Х нь өнөөдрийг хүртэлх зээлээс 5,905,666.64 төгрөг, хүү 5,314,827.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 255,654.26 төгрөг төлсөн. Гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул Г.Х д зээл төлөх мэдэгдлийг өгч, шаардаж байсан. Иймд 19/096 тоот гэрээний үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тооцож зээл 22,094,333.36 төгрөг, хүү 26,978,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,669,572 төгрөг, нийт 53,742,489 төгрөг, эрэн сурвалжлуулахтай холбоотой гарсан зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 53,821,189 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ээж Б.А нь тус ББСБ-аас зээл авсан ба ээжийн зээлийг хаахын тулд нэхэмжлэгчийн зөвлөснөөр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ээжийн зээлийг хаахын тулд миний санхүүгийн мэдлэггүйг ашиглан зээл олгосон гэх баримт бүрдүүлэн гэрээ байгуулж, улмаар шүүхэд шилжүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаад гомдож байна. Би зээлээс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 11,476,148 төгрөг төлсөн. Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн эргэн төлөлт хойшлогдсон гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 16,523,852 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар хариуцагч Г.Х аас 29,516,622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,304,567 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,467 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 305,533 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.а. Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаагүй. Тухайн хууль нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болсон. Хүчингүй болсон хуулийг үндэслэж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

4.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 53,821,189 төгрөг гэж тодорхойлсон байхад шүүх 48,870,121 төгрөг гэж шийдвэртээ буруу бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Г.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 22,094,333.36 төгрөг, хүү 26,978,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,669,572 төгрөг, нийт 53,742,489 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 78,700 төгрөг, нийт 53,821,189 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19/096 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Я ХХК нь 28,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр Г.Х д зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр хариуцагчид 28,000,000 төгрөгийн зээлийг олгосон нь 232 тоот төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдсон ба хариуцагч тус мөнгийг төрсөн эх Б.А гийн зээлийг хаахад ашигласан гэж шүүх хуралдаанд тайлбарласан учир зээл олгогдоогүй гэх үндэслэлгүй. Мөн хариуцагч нь зээлийг хүлээн зөвшөөрч гэрээний хугацаанд 11,476,148 төгрөгийг буцаан төлжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

5. Анхан шатны шүүх хариуцагчаас 29,516,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

5.1. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүсэх үед Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 10 дугаар сарын 31-ны өдөр баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Иймд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2019 онд үүссэн эрх зүйн харилцаанд буцаан хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, 2021 онд шинээр батлагдсан хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх буюу эрх зүйн харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжоор тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг зохицуулан журамлах тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хүчингүй хуулийг хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг 48,870,121.35 төгрөг гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд шийдвэрийн үндэслэл, хууль зүйн үр дагаварт нөлөөлөхөөргүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 53,821,189 төрөгийн шаардлагыг дүгнэж, шийдвэрлэсэн нь шийдвэрийн тогтоох хэсэгтэй тохирч байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй учир энэ талаархи давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

5.3. Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, зохих зардлыг хариуцагчаас нэхэмжилсныг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4, 2.11-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаархи талуудын тохиролцоо нь хуульд нийцээгүй, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар гэрээнд тодорхой тусгах заалтыг зөрчсөн үндэслэлээр 24,225,867 төгрөгийн, мөн хариуцагчийг эрэн сурвалжуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 78,700 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой зардал гэж тус тус дүгнэж зохих шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэн хэтэрсэн хугацааны хүү, зардлыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш тул давж заладах гомдлыг хангах боломжгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 279,472.89 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ