Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/шш2022/00250

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 255,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******ийн эрхлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. 2021 онд Ковид-19 цар тахлын үед манай байгууллагын байрыг сумын онцгой комисс, засаг даргын шийдвэрээр сумын иргэдэд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцин хийх тусгаарлах байраар ашиглаж байсан. Энэ үеэр тус сумын 4-р цэцэрлэгийн ажилтан ******* нь вакцин хийлгэсний дараа тусгаарлах байрнаас гарахдаа манай байгууллагын зүүн талын шилэн хаалгыг толгойгоороо мөргөж хагалсан бөгөөд ******* нь өнөөдрийг хүртэл хаалгыг засварлаагүй байна. Миний зүгээс тай холбогдож байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахыг хүсэхэд вакцин хийлгэсний улмаас биеийн байдал муудсан бөгөөд би хаалгыг санаатайгаар хагалаагүй учраас хаалганы үнийг төлөхгүй гэж хэлсэн. Улмаар сумын нэгдсэн эмнэлгээр хаалганы үнийг төлүүлэхийг хүсэхэд *******д вакцины нөлөө байгаагүй гэдэг хариу өгсөн. Тухайн үед эмнэлгийн ажилчид *******г вакцин хийлгэсний дараа дотор зааланд суулгаж биеийн байдлыг нь хянаж байгаад гаргасан юм байна лээ. Тэнд байсан эмч ******* тухайн үед гарч явах гээд их яараад байсан гэж хэлсэн. Иймд *******гаас байгууллагад учруулсан хохирол болох 255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэж, эмч нарын хяналтад байж байгаад гарахдаа толгой эргэж, дотор муухай оргисны улмаас ******* *******ийн зүүн талын шилэн хаалгыг хагалсан байсан. Нэг мэдэхэд миний толгой хагарчихсан эмч нар намайг түшиж тулсан байдалтай, миний толгойноос шилний хагархайг түүж байсан. Энэхүү үйл явдлыг нэгдсэн эмнэлгийн дарга *******, мэс заслын их эмч *******, сувилагч нар, 6 дугаар цэцэрлэгийн дарга, ажилчид, ******* *******ийн жижүүр ******* болон манай хамт олон бүгд мэдэж байгаа. Миний бие эрүүл мэндээрээ хохирч олон хоног толгой өвдсөн. Иймд би хагарсан шилэн хаалганы үнийг төлөх боломжгүй...” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эмч нарын дүгнэлтээс үзэхэд *******гаар хагарсан хаалганы үнийг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/30 дугаартай “Мижиддоржийн Анхтуяаг ******* *******ийн даргаар томилох тухай” захирамжийн хуулбар, *******гийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******д гаргасан хүсэлт, *******д холбогдох дархлаажуулалтын бүртгэлийн хуулбар, урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн бүртгэлийн хуулбар, Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт хийсэн хүний нөөцийн бүртгэлийн хуулбар, иргэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******д олгосон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 255,000 төгрөгийн зарлагын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд харин шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Гэрч “...Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ковидын эсрэг вакцины 2 дахь тунд Тосонцэнгэл сумын ******* *******д хамрагдсан. Тухайн үед вакцин хийсний дараа хүмүүсийг ******* *******д 30 минут суулгаж цай, печень өгч байсан. Тэгээд 30 минут сууж өөрийн биеэ ажиглаарай, биед чинь ямар нэгэн өөрчлөлт гарвал эмчид хэлээрэй гэж зөвлөж байсан. Намайг вакцин хийлгэсний дараа ******* ******* дотор сууж байхад ******* нь вакцин хийлгэчхээд миний арын эгнээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр вакцин хийлгэж байсан хүмүүс бүгд биеийн байдлаа хянуулж, үзлэгт хамрагдаж байсан бөгөөд ******* нь мөн үзлэгт хамрагдаж биеийн байдлаа хянуулсан. Үзлэгийн тэмдэглэлийг нэхэмжлэгч нь эмнэлгээс авсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Вакцин хийсний дараа хүмүүсийг ******* *******д 30 минут суулгаж чихэртэй баахуй цай өгч биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж байсан. Мөн холбогдох зөвлөмж хуудсыг хүн бүрд өгсөн. Харин хүн бүрд хариу урвалын хуудас бүртгэгдээгүй. Энэ нь ховор тохиолдох хариу урвал буюу хүнд хэлбэрийн зовиур илрэх үед бүртгэж дээш нь мэдэгддэг. Тухайн иргэнд хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас хариу урвалын хуудас бүртгэгдээгүй. Тухайн иргэнтэй холбоотой хариу урвалын тэмдэглэл вакцинаторт бүртгэгдсэн зүйл байхгүй. Тухайн үед *******д цааш нь мэдээлэх хэмжээний хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас энэ талаар тэмдэглэгдсэн зүйл байхгүй. Вакцин хийсний дараа толгой эргэх, дотор муухай оргих, толгой өвдөх, хэсэг газар хөндүүрлэх, гар бадайрах гэх мэт зовиур илэрч болно. Энэ нь вакцины дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал юм. Үүнтэй холбоотойгоор тухайн үед вакцин хийлгэсэн хүмүүсийг 30 минутын турш суулгаж, хяналт тавьж байсан. Үнэхээр хүнд хэлбэрийн хариу урвал илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг гаргаж явуулахгүй бөгөөд дараагийн арга хэмжээг авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл тухайн хүн удалгүй гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр би сумын ******* ******* дээр үйлчилгээнд ажиллаж байсан бөгөөд *******г хаалга хагалах үед би дотор үйлчилгээ үзүүлж байсан. ******* нь вакцин хийлгээд зүүн талын хойд эгнээд нилээд хойно суучихсан байсан бөгөөд гарах хугацаа нь болоогүй байхад би явмаар байна гээд байхаар явж болохгүй гэдгийг сануулаад 30 минут болоод үүдэнд сууж байсан эмч, сувилагч нарт мэдээллээ өгч хянуулаад гарсан. Түүнийг хаалга мөргөх үед би дотор иргэдэд үйлчилж байсан. Харин шил хагарах чимээнээр гадагш гарахад ******* нь хаалга мөргөчихсөн гээд толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Эмч үзлэг хийж, хянаад түүнийг суулгасан. Тэгээд хэсэг сууж байгаад зүгээр болчихлоо гээд гараад явсан. ******* нь ардаа ажилтай, яараад байна гээд байсан бөгөөд түүнд 30 минут сууж байгаад явахыг тайлбарлаж суулгаж хүлээлгэсэн. Ер нь явах гээд яараад байсан. Манай сувилагч мөн түүнийг босоод явах гэхэд нь явж болохгүй гэж хэлэхэд за гээд буцаад сууж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр ******* бид хоёр Ковидын эсрэг вакцин хийлгэчхээд ******* ******* дотор үзэгчдийн сандал дээр сууж байхад ******* явмаар байна гээд гарч яваад юм хагарах чимээ гарсан бөгөөд би гараад харахад түүний толгой нь шил болчихсон, толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд тэнд ажиллаж байсан эмнэлгийн ажилчид түүнд тусламж үзүүлсэн. Харин би гэртээ харьсан. Тухайн үед ******* нь надтай хамт сууж байхдаа толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гэртээ харимаар байна гээд байхаар нь би хэсэг суучих гэж хэлэхэд яах вэ гээд гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр Тосонцэнгэл сумын ******* *******д иргэдэд Ковидын эсрэг вакцин хийсэн юм. Намайг вакцин хийлгэчхээд ******* ******* дотроос гарч ирэхэд гадаа юм пижигнэх чимээ гарсан бөгөөд тэгэхэд ******* ах шилэн хаалгыг мөргөөд уначихсан байсан. Би түүнээс яав гэж асуухад ...толгой эргээд хаалга мөргөөд уначихлаа... гэж хэлж байсан бөгөөд түүний толгой нь шил болчихсон толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд би ******* ахыг ******* *******өөс авч гараад түүний хүү, бэр хоёр руу нь залгаж энэ талаар хэлэхэд хоёр хүүхэд нь ирээд ******* ахыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ын “...Би тухайн үед ******* гэх хүнийг ******* *******ийн шилэн хаалгыг мөргөхийг өөрийн нүдээр үзээгүй. Хүн хаалга мөргөчихлөө, хаалга хагалчихлаа гэхэд нь би очсон. Тэгээд эмнэлгийн эмч, ажилчид тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Тухайн үед эмнэлгийн эмч, ажилчид иргэдэд вакцин хийхийн өмнө биеийн байдлыг нь үзсэний дараа вакцин хийж, вакцин хийж дууссаны дараа дотор зааланд 30 минут орчим суулгаж халуун цай өгч биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж явуулж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...******* нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ковидын эсрэг вакцины 2 дахь тунд хамрагдахдаа биеийн байдлаа хянуулж үзлэгт хамрагдсан эсэхийг мэдэхгүй. Энэ үед би ******* *******д байгаагүй бөгөөд өөр эмч үзлэг хийж байсан байх. Харин би сүүлд нь  ирсэн. Тухайн үед ажиллаж байсан эмч вакцин хийхдээ биеийн байдлыг нь үзсэн байх. Вакцин хийсний дараа хүмүүсийг ******* *******д 30 минут суулгаж халуун цай өгч биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж байсан. Мөн холбогдох зөвлөмж хуудсыг хүн бүрд өгсөн. Вакцин хийлгэсний дараа хүмүүст хяналт хийж байсан. Тухайлбал даралтыг нь үзэх, даралт ихсэх тохиолдолд эм уулгах, зарим шаардлагатай хүмүүсийг эмнэлэг рүү илгээх зэрэг ажиллагаа явуулж байсан. Вакцин хийсний дараа *******д хариу урвалын хуудас хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед хариуцаж байсан эмч нь мэдэх байх. Гэхдээ сүүлд хариу урвал өгсөн хүний мэдээг шүүн үзэхэд мэдээнд тухайн хүний нэр, мэдээлэл байхгүй байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр Тосонцэнгэл сумын ******* *******д сумын цэцэрлэгийн албан хаагчид вакцин хийлгэж байсан. Вакцин хийлгэсний дараа хүмүүсийг ******* ******* дотор үзэгчдийн заалны суудалд суулгаж халуун цай өгч биеийн байдлыг нь хянаж хэсэг байлгаж байгаад гаргаж байсан. Тэгээд байж байгаад хэсэг хугацааны дараа ******* ******* *******өөс гарах гэж явахдаа шил мөргөөд хагалчихлаа гэсэн үйл явдал болсон. ******* өөрөө толгойгоо хагалчихсан цус гарчихсан байсан. ******* нь гэнэт босоод явах үедээ толгой нь эргээд битүү шилэн хаалгыг мөргөчихсөн юм шиг байна лээ. Би цаана зааланд сууж байсан учраас *******г шил мөргөж хагалахыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Тухайн өдөр Тосонцэнгэл сумын ******* *******д иргэдэд ковидын эсрэг вакцин хийсэн юм. Вакцин хийлгэсний дараа хүмүүсийг ******* ******* дотор үзэгчдийн заалны суудалд суулгаж халуун цай өгч биеийн байдлыг нь хянаж хэсэг байлгаж байгаад гаргаж байсан. ******* нь вакцин хийлгэчхээд хэсэг сууж байгаад явахаар гадагш гарахдаа ******* *******ийн шилэн хаалгыг мөргөчихсөн. Тухайн үед би ******* ******* дотор үзэгчдийн зааланд сууж байсан бөгөөд юм хагарах чимээ гарахаар нь хаалганы хажуугаар харахад ******* нь шилэн хаалгыг мөргөчихсөн хаалганы шил нь хагарчихсан байсан. Тэгээд *******г буцааж оруулж ирээд эмч нар түүний даралтыг нь үзээд ар гэрийн хүмүүст нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ын “...Тухайн өдөр би байгууллагын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ******* *******ийн баруун талын хаалган дээр иргэдийг зохион байгуулалттай оруулахаар эмнэлгийн ажилчидтай хамт ажиллаж байсан. Тэгээд байж байтал намайг ******* *******ийн зүүн талын шилэн хаалга хагарчилхаа гээд дуудахаар нь яваад очтол эмнэлгийн хоёр ажилтан /яг хэн байсныг нь мэдэхгүй/ *******г сугадчихсан түүний нүүр амнаас нь цус гоожсон байдалтай дотор үзэгчийн заал руу авч орсон. Тэгээд би хаалганы хагарсан шилийг цэвэрлэж байхад нилээд удсаны дараа *******г түүний эхнэр, хүүхэд нь ирээд авч явсан. Эмнэлгийн зүгээс *******гийн ар гэрийнхнийг дуудсан юм шиг байна лээ. Тухайн үед би түүнээс яагаад хаалга мөргөчхөв гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан.  Ийм л зүйл болсон. Түүнээс хойш одоо хүртэл тухайн хаалгыг засварлаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ийн “...Сумын ******* ******* дээр иргэдэд Ковидын эсрэг вакцины 2 дахь тунг хийх үед би байгаагүй. Харин манай ажилчид нэг иргэн ******* *******ийн шилийг хагалсан гэж ярьж байхыг сонссон. Өөр мэдэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч *******д шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүний 88640183 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний дээрх дугаарын утас руу залгаж шүүх хуралдааны товыг дахин мэдэгдэхэд эхнэр  гэх хүн “... манай нөхөр ******* нь өмнөх 7 хоногийн Мягмар гаригт буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр Тосонцэнгэл сумын Тэгшийн эх гэх газар руу өвлийн идшиндээ яваад одоо хүртэл ирээгүй байна..., явахдаа 28-ны өдөр шүүх хуралдаантай гэж ярьж байсан бөгөөд шүүх хуралдаанаас өмнө ирнэ гэж хэлээд явсан боловч ирээгүй байна ...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагч *******г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 255,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******ийг төлөөлж дарга ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/30 дугаартай “Мижиддоржийн Анхтуяаг ******* *******ийн даргаар томилох тухай” захирамжаар нотлогдож байх тул тэрээр шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болно.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “... гэм хор учруулснаас үүсэх харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно...” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно...” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд “...нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тус шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлон “...******* нь ковидын халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа тусгаарлах байрнаас гарахдаа манай байгууллагын зүүн талын шилэн хаалгыг толгойгоороо мөргөж хагалсан гэм буруутай бөгөөд ******* нь вакцин хийлгэсний улмаас биеийн байдал муудсан бөгөөд би хаалгыг санаатайгаар хагалаагүй учраас хаалганы үнийг төлөхгүй гэж хэлсэн. Улмаар сумын нэгдсэн эмнэлгээр хаалганы үнийг төлүүлэхийг хүсэхэд *******д вакцины нөлөө байгаагүй гэдэг хариу өгсөн. Энэ талаар гэрч нар түүний биеийн байдал хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан талаар мэдүүлсэн, мөн вакцин хийлгэсний дараа дотор зааланд суулгаж биеийн байдлыг нь хянаж байгаад гаргасан байсан. Иймээс ******* нь вакцины ямар нэгэн нөлөөгүйгээр өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад хохирол учруулсан учраас 255,000 төгрөгийг түүнээс гаргуулах нь үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ. 

Харин хариуцагч ******* нь “...Би Ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэж, эмч нарын хяналтад байж байгаад гарахдаа толгой эргэж, дотор муухай оргисны улмаас ******* *******ийн зүүн талын шилэн хаалгыг хагалсан байсан. Нэг мэдэхэд миний толгой хагарчихсан эмч нар намайг түшиж тулсан байдалтай, миний толгойноос шилний хагархайг түүж байсан. Миний бие эрүүл мэндээрээ хохирч олон хоног толгой өвдсөн. Иймд би хагарсан шилэн хаалганы үнийг төлөх боломжгүй...” гэсэн хариу тайлбарыг шүүхэд өгчээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын онцгой комисс, засаг даргын шийдвэрээр тус сумын ******* *******д сумын иргэдэд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцин хийхээр шийдвэрлэж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр вакцины хоёр дахь тунг хийж, ******* нь уг вакцинд хамрагдсаны дараа гарч явахдаа тус байгууллагын зүүн талын хаалганы шилийг толгойгоороо мөргөн хагалж, нэхэмжлэгч ******* *******д хохирол учирсан үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч талууд маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *******гийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөд 255,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т, “учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд нь гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “...Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө...” гэжээ.

Зохигчийн хүсэлтээр асуугдсан гэрч   “...вакцин хийсний дараа хүмүүсийг ******* *******д 30 минут суулгаж цай, печень өгч, өөрийн биеэ ажиглаарай, биед чинь ямар нэгэн өөрчлөлт гарвал эмчид хэлээрэй гэж зөвлөж байсан. ******* нь вакцин хийлгэчхээд миний арын эгнээд сууж байсан...” гэж,

Гэрч “...Вакцин хийсний дараа хүмүүсийн биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж байсан. Хүн бүрд хариу урвалын хуудас бүртгэгдээгүй, энэ нь ховор тохиолдох хариу урвал буюу хүнд хэлбэрийн зовиур илрэх үед бүртгэж дээш нь мэдэгддэг. Тухайн иргэнд хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас хариу урвалын хуудас бүртгэгдээгүй. *******д цааш нь мэдээлэх хэмжээний хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас энэ талаар тэмдэглэгдсэн зүйл байхгүй. Вакцин хийсний дараа толгой эргэх, дотор муухай оргих, толгой өвдөх, хэсэг газар хөндүүрлэх, гар бадайрах гэх мэт зовиур илэрч болно. Энэ нь вакцины дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал юм. Ийм учраас  хүмүүсийг 30 минутын турш суулгаж, хяналт тавьж байсан. Үнэхээр хүнд хэлбэрийн хариу урвал илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг гаргаж явуулахгүй бөгөөд дараагийн арга хэмжээг авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл тухайн хүн удалгүй гараад явсан байсан...” гэж,

Гэрч “...******* нь вакцин хийлгээд зүүн талын хойд эгнээд нилээд хойно суучихсан байсан бөгөөд гарах хугацаа нь болоогүй байхад би явмаар байна гээд байхаар явж болохгүй гэдгийг сануулаад 30 минут болоод үүдэнд сууж байсан эмч, сувилагч нарт мэдээллээ өгч хянуулаад гарсан..., түүнд 30 минут сууж байгаад явахыг тайлбарлаж суулгаж хүлээлгэсэн...” гэж,

Гэрч “...Тухайн үед ******* нь надтай хамт сууж байхдаа толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гэртээ харимаар байна гээд байхаар нь би хэсэг суучих гэж хэлэхэд яах вэ гээд гараад явсан юм...” гэж,

Гэрч “...******* шилэн хаалгыг мөргөөд уначихсан байсан. Би түүнээс яав гэж асуухад толгой эргээд хаалга мөргөөд уначихлаа гэж хэлж байсан бөгөөд түүний толгой нь шил болчихсон толгойноос нь цус гарчихсан байсан... ” гэж,

Гэрч ******* “...тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Тухайн үед эмнэлгийн эмч, ажилчид иргэдэд вакцин хийхийн өмнө биеийн байдлыг нь үзсэний дараа вакцин хийж, вакцин хийж дууссаны дараа дотор зааланд 30 минут орчим суулгаж халуун цай өгч, биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж явуулж байсан...” гэж,

Гэрч “...*******д хариу урвалын хуудас хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед хариуцаж байсан эмч нь мэдэх байх. Гэхдээ сүүлд хариу урвал өгсөн хүний мэдээг шүүн үзэхэд мэдээнд тухайн хүний нэр, мэдээлэл байхгүй байсан санагдаж байна...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгийн агуулгаас дүгнэхэд  Ковидын эсрэг дархлаажуулалтын вакциныг хүнд хийх үед толгой эргэх, дотор муухай оргих, толгой өвдөх, хэсэг газар хөндүүрлэх, гар бадайрах гэх мэт зовиур нь вакцины дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал, харин үүнээс илүү хүнд хэлбэрийн хариу урвал илрэх нь ховор тохиолдол учраас ийм үед иргэнийг гаргаж явуулахгүй, дараагийн арга хэмжээг авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байдаг байна. 

Түүнчлэн вакциныг хүнд хийсний дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал болон ховор тохиолдох хүнд хэлбэрийн хариу урвал илрэх магадлалтай учраас эрсдэлээс урьдчилан сэргийлж  иргэдийг 30 минут суулгаж, халуун цай өгч хянах шаардлагатай байдаг, энэ арга хэмжээг авч байсан талаар гэрчүүд мэдүүлжээ.

Тухайн үед ******* нь Ковидын эсрэг дархлаажуулалтын вакциныг хийлгэхээс өмнө биеийн байдал нь хэвийн байсан болох нь гэрч “...Тухайн өдөр вакцин хийлгэж байсан хүмүүс бүгд биеийн байдлаа хянуулж, үзлэгт хамрагдсан..., ******* нь мөн үзлэгт хамрагдаж биеийн байдлаа хянуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд вакцин хийлгэсний дараа биед нь өөрчлөлт гарч байсан талаар хаалганы шилийг мөргөхөөс өмнө зааланд хамт сууж байсан гэрч д “...толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гэртээ харимаар байна...”  гэж, мөн шилэн хаалгыг мөргөж хаалга хагарсан үйл явдал болсон тухайн мөчид гэрч т “... толгой эргээд хаалга мөргөөд уначихлаа...” гэж хэлж байсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл вакцин хийлгэхээс өмнө биеийн байдал нь хэвийн байсан, вакцин хийлгэсний дараа биед нь өөрчлөлт орж вакцины дараа түгээмэл илэрдэг толгой эргэх дархлаажуулалтын дараах урвал хүндрэл үүссэний улмаас толгой нь эргэж хаалганы шил мөргөж, уг шил хагарсан үйл явдал болсон байх ба үүнд хариуцагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/108 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын цэгийн бэлэн байдлыг хангах түр зааварт “... Ковид 19-ын вакцинжуулалтын түр цэгийг байгуулахдаа зай талбай хангалттай, агааржуулалт гэрэлтүүлэг сайтай хурлын заал, урлаг спортын заал танхимыг ашиглана..., боломжтой бол орох гарах хаалга тус тусдаа байхаар, боломжгүй нөхцөлд нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, орох гарах чиглэлийн тэмдэглэгээг хийнэ..., “.. вакцинжуулалтын түр цэгийн аюулгүй байдлыг холбогдох тушаал, зааврын дагуу холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ...”, “... хэрэв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл илэрвэл яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх үүргийг уг вакцинжуулалтын багийн эмчид олгосон байна. 

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/278 дугаар тушаалаар баталсан Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тандах журамд “... дархлаажуулалтын дараа хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гэж тодорхойлсон бөгөөд шалтгааныг дархлаажуулалтын үйл ажиллагааны алдаа, вакцинаас үүдэлтэй эсвэл эрүүл мэндийн эмгэг байдал нь вакцин тарьсан цаг хугацаатай давхцаж илэрсэн, шалтгаан тодорхойгүй гэж ангилж үздэг байна. Уг журмын 2.5-д дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн сэжигтэй тохиолдол илэрвэл..., 24 цагийн дотор Халдварт өвчин судлалын үндэсний *******ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхээр журамлажээ.

Дээрх журмуудаар вакциныг хүнд хийсний дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал болон ховор тохиолдох хүнд хэлбэрийн хариу урвалын аль аль нь илэрсэн, сэжигтэй нөхцөл байдал бий болсон бол бүртгэж, мэдэгдэж байхаар заажээ.

Хариуцагч ******* нь вакцины дараах хүнд хэлбэрийн хариу урвалын улмаас бус вакцины дараах толгой эргэх дархлаажуулалтын дараах урвал хүндрэл үүссэний улмаас хаалганы шилийг толгойгоороо мөргөж хагалан бусдад хохирол учруулсан нь түүний  гэм буруугаас болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал  “...*******гийн биед үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан, иймээс хариу урвалын хуудас бөглөгдөөгүй, бүртгээгүй талаар мэргэжлийн хүмүүс болох нэгдсэн эмнэлгийн эмч нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь илүү ач холбогдолтой нотлох баримт юм, иймээс биеийн байдал нь хэвийн байх үедээ хаалганы шил мөргөж хагалсан нь түүний гэм буруутай болохыг нь нотолж байгаа...” гэж тайлбарлаж байх боловч хариу урвалын хуудсыг зөвхөн хүнд хэлбэрийн хариу урвал илрэх үед бүртгэж мэдээлдэг тул тухайн иргэнд хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас хариу урвалын хуудас бүртгэгдээгүй гэж,

мөн “... толгой эргэх нь вакцины дараах түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал байдаг...”, “...толгой эргэсний улмаас хаалга мөргөөд уначихлаа...” гэж  мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх талуудын хүсэлтээр дээрх үйл явдлын талаар мэдэх гэрч , , , , , *******, , , , *******, ******* нараас  хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан, гэрчүүд нь эрх зүйн чадамжтай, дээрх үйл баримтын талаар мэдүүлсэн, мэдүүлгүүд нь зөрүүгүй байх тул гэрчийн мэдүүлгүүдийг шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн дархлаажуулалтын бүртгэл, урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн бүртгэл, дархлаажуулалт хийсэн хүний нөөцийн бүртгэл, зарлагын баримт зэрэг нотлох баримтууд нь эх хувиараа, байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан бөгөөд баримтуудад агуулагдаж байгаа мэдээллүүд нь хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирсон нотлох баримтын шаардлага хангасан байх тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд байна.

Иймд  хэрэгт цугларч, бүрдсэн дээрх нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь  “...*******гаар хагарсан хаалганы үнийг төлүүлэх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин толгой нь эргэж хаалганы шил мөргөж, уг шил хагарсан үйл явдал болсон, гэвч дээрх үйл явдалд хариуцагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн учраас иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх харгалзан үзээгүй болно.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 255,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОТГОНХИШИГ

         ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ

         ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН