Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 205/МА2023/00004

 

 

******* сумын *******ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141/ШШ2022/00250 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.*******/******* сум дахь сум дундын шүүхээс Zoom/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ийн эрхлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. 2021 онд Ковид-19 цар тахлын үед манай байгууллагын байрыг сумын онцгой комисс, засаг даргын шийдвэрээр сумын иргэдэд ковидын эсрэг дархлаажуулалтын вакцин хийх тусгаарлах байраар ашиглаж байсан. Энэ үеэр тус сумын 4-р цэцэрлэгийн ажилтан С.******* нь вакцин хийлгэсний дараа тусгаарлах байрнаас гарахдаа манай байгууллагын зүүн талын шилэн хаалгыг толгойгоороо мөргөж хагалсан бөгөөд С.******* нь өнөөдрийг хүртэл хаалгыг засварлаагүй байна. Миний зүгээс С.*******тай холбогдож байгууллагад учруулсан хохирлоо барагдуулахыг хүсэхэд вакцин хийлгэсний улмаас биеийн байдал муудсан бөгөөд би хаалгыг санаатайгаар хагалаагүй учраас хаалганы үнийг төлөхгүй гэж хэлсэн. Улмаар сумын нэгдсэн эмнэлгээр хаалганы үнийг төлүүлэхийг хүсэхэд С.*******д вакцины нөлөө байгаагүй гэдэг хариу өгсөн. Тухайн үед эмнэлгийн ажилчид С.*******г вакцин хийлгэсний дараа дотор зааланд суулгаж биеийн байдлыг нь хянаж байгаад гаргасан юм байна лээ. Тэнд байсан эмч С.******* тухайн үед гарч явах гээд их яараад байсан гэж хэлсэн. Иймд С.*******гаас байгууллагад учруулсан хохирол болох 255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэж, эмч нарын хяналтад байж байгаад гарахдаа толгой эргэж, дотор муухай оргисны улмаас *******ийн зүүн талын шилэн хаалгыг хагалсан байсан. Нэг мэдэхэд миний толгой хагарчихсан эмч нар намайг түшиж тулсан байдалтай, миний толгойноос шилний хагархайг түүж байсан. Энэхүү үйл явдлыг нэгдсэн эмнэлгийн дарга Т.*******, мэс заслын их эмч Ч.*******, сувилагч нар, цэцэрлэгийн дарга, ажилчид, *******ийн жижүүр Г. болон манай хамт олон бүгд мэдэж байгаа. Миний бие эрүүл мэндээрээ хохирч олон хоног толгой өвдсөн. Иймд би хагарсан шилэн хаалганы үнийг төлөх боломжгүй... гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эмч нарын дүгнэлтээс үзэхэд С.*******гаар хагарсан хаалганы үнийг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна... гэв

******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141/ШШ2022/00250 дугаар шийдвэрээр

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141/ШШ2022/00250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдолтой байна.

1.    Шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү.

2.    Мөн хэн, хаанах, манай байгууллагын хохирлыг төлөх ёстойг тогтоож өгнө үү.

3.    Яагаад гурван шүүгч бүтэн хоёр цаг гаран бараг гурван цаг энэ хэрэг дээр маргалдав.

Манай ******* нь 2020 онд онцгой комиссын шийдвэрээр тусгаарлах байраар ажиллаж байхад иргэн С.******* нь манай байгууллагын өндөр нь 230, өргөн 65 см бүхий 250000 төгрөгийн том шилэн хаалгыг мөргөж хагалсан бөгөөд өнөөдрийг хүртэл байгууллагын хохирлыг барагдуулаагүй бөгөөд эмнэлгийн ажилчдын мэдүүлэг, мөн тухайн үед хийсэн биеийн байдлыг хянасан үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг, вакцин хийгээд урвал хүндрэл өгсөн хүмүүсийн нэрс /вакцинаторын/ тэмдэглэгээнд уг иргэний нэр огт байхгүй бөгөөд тухайн үед С.******* нь яараад явах гээд байхад нь хэд хэдэн удаа сануулж, буцааж суулгаж байсныг гэрчүүд мэдүүлж байгаа нь шилэн хаалгыг мөргөж хагалах үндэс болсон болов уу... тухайн хэргийг үнэн зөв шударга шүүж өгөхийг хүсье гэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.*******/******* сум дахь сум дундын шүүхээс Zoom/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 05 сарын 03-ны өдөр ******* сумын Онцгой байдлын шийдвэрээр манай *******ийг тусгаарлах байр болгож ашигласан юм байна лээ. Би өөрөө 2021 оны 12 сард энэ ажилд орсон. Тусгаарлах байраар ашиглаж байх тухайн үед С.*******д вакцин хийхээс өмнө үзэж шалгаад, вакцин хийхээр болоод хийсэн байдаг. Ингээд вакцин хийгээд 30 минут суулгаад гаргах ёстой учраас 30 минут суулгаад байхуу цай, печень өгөөд гаргаж байсан юм байна лээ. Тэр хугацаанд С.******* гарах гээд байн байн өндөлзөөд байхаар нь 2, 3 удаа шаардлага тавиад буцаагаад суулгасан байдаг. Энэ талаар тухайн үед зааланд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлсэн байгаа. Тэгэхээр энэ хүн хугацаандаа буюу 30 минут зааланд суугаад гарсан бол тэр шилэн хаалгыг мөргөх үү үгүй юу, хэрвээ вакцины урвалаас шалтгаалж ийм үйлдэл хийсэн бол вакцин хийсний дараа өгсөн урвалын талаар шалгаж тэмдэглэдэг боловч С.*******д ямар нэгэн урвал үзүүлсэн талаар тэмдэглэгээ байдаггүй. Тэгээд С.*******г толгойгоо хагалсан байхад нь эмнэлгийн ажилчдын зүгээс тусламж үзүүлсэн байсан. Тэгэхээр би хариуцагчийг ардаа яарах ажилтай байсан учраас яарч гараад шилэн хаалгыг санаандгүй боловч мөргөж хагалсан гэж үзэж байна. Хэрвээ С.******* нь вакцин хийлгээд урвал өгөөд шилэн хаалгыг хагалсан гэж үзэж байгаа бол гээд эмнэлэг төлөх ёстой юм уу гээд эмнэлэгт хандахад тэр хүнийг өөрөө төлөх ёстой гэсэн. Манай *******ийн хаалга том шилэн хаалга байгаа. Тэгэхээр тэр шилэн хаалганы үнийг хэн төлөх ёстой вэ гэдгийг тогтоож өгнө үү гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч байгууллагын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 онд Ковид 19 цар тахлын үед манай байгууллагын байрыг сумын онцгой комисс, засаг даргын шийдвэрээр сумын иргэдэд Ковидын эсрэг дархлаажуулалтын вакцин хийх, тусгаарлах байраар ашиглаж байсан. Энэ үеэр тус сумын иргэн С.******* нь тусгаарлах байрнаас гарахдаа манай байгууллагын зүүн талын шилэн хаалгыг толгойгоороо мөргөж хагалсан бөгөөд С.******* нь өнөөдрийг хүртэл засварлаагүй байгаа тул манай байгууллагын шилэн хаалганы үнэ засварын үнэ 255.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч С.******* нь ...Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн 1-р тунгийн вакцинд хамрагдах үедээ биеийн байдалд өөрчлөлт орж толгой эргэж дотор муухайрч гарах гэж явахдаа танай байгууллагын хаалгыг мөргөж унаж шилэн хаалгыг хагалж энэ үед хаалганы шилэнд толгой зүсэгдсэн эмч нар ирж үзэж боолт хийж, эмчийн хяналтад хэсэг хугацаанд биеийн байдлыг нь хянаж манай гэр бүлийн хүмүүсийг дуудаж хүлээлгэж өгсөн. Тухайн үед ажиллаж байсан эмч нар мэдэж байгаа. Би төлөх засварлах шаардлагагүй гэж үзэж... маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдсан гомдолдоо...Шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү. Мөн хэн хаанах манай байгууллагыг хохирлыг төлөх ёстойг тогтоож өгнө үү...тухайн үед С.******* нь яараад явах гэж байхад нь хэд хэдэн удаа сануулж буцааж суулгаж байсныг гэрчүүд мэдүүлж байгаа нь энэ хаалгыг мөргөж хагалах үндэс болсон болов уу. Тэр үед бүх вакцин хийлгэсэн хүмүүсийг эхэлж орж ирэхэд нь биеийн байдлыг нь хянаж, мөн гарахад нь хянаж байсан юм билээ...гэжээ.

Завхан аймгийн ******* сумын онцгой комисс, засаг даргын шийдвэрээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус сумын *******д сумын иргэдэд Ковидын эсрэг дархлаажуулалтын вакцины хоёр дахь тунг хийхээр шийдвэрлэсэн байна.

Тус сумын иргэн С.******* нь уг вакцинд хамрагдсаны дараа гарч явахдаа тус байгууллагын зүүн талын хаалганы шилийг толгойгоороо мөргөн хагалж *******д хохирол учирсан үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,

Гэрч У.ийн ...С.******* нь шилэн хаалгыг мөргөөд уначихсан байсан. Би түүнээс яав гэж асуухад толгой эргээд хаалга мөргөөд уначихлаа гэж хэлж байсан бөгөөд түүний толгой нь шил болчихсон толгойноос нь цус гарчихсан байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч У.ийн...Вакцин хийсний дараа хүмүүсийн биеийн байдлыг нь хянаж байгаад гаргаж байсан. Хүн бүрд хариу урвалын хуудас бүртгэгдээгүй, энэ нь ховор тохиолдох хариу урвал буюу хүнд хэлбэрийн зовиур илрэх үед бүртгэж дээш нь мэдэгддэг. Тухайн иргэнд хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй учраас хариу урвалын хуудас бүртгэгдээгүй...Вакцин хийлгэсний дараа толгой эргэх, дотор муухай оргих, толгой өвдөх, хэсэг газар хөндүүрлэх, гар бадайрах гэх мэт зовиур илэрч болно. Энэ нь вакцины дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал юм. Ийм учраас хүмүүсийг 30 минутын турш суулгаж, хяналт тавьж байсан...гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.*******ын ...тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал нь хэвийн, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Тухайн үед эмнэлгийн эмч ажилчид иргэдэд вакцин хийхийн өмнө биеийн байдлыг нь үзсэний дараа вакцин хийж дууссаны дараа дотор зааланд 30 минут орчим суулгаж халуун цай өгч, биеийн байдлыг хянаж байгаад гаргаж явуулж байсан...гэсэн мэдүүлэг,

гэрч Г.гийн ...С.******* нь надтай хамт сууж байхдаа толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гэртээ харимаар байна гээд байхаар нь би хэсэг суучих гэж хэлэхэд яах вэ гээд гараад явсан юм... гэсэн мэдүүлэг

Гэрч Д.ийн ...С.*******д хариу урвалын хуудас хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед хариуцаж байсан эмч нь мэдэх байх. Гэхдээ сүүлд хариу урвал өгсөн хүний мэдээг шүүн үзэхэд мэдээнд тухайн хүний нэр, мэдээлэл байхгүй байсан шиг санагдаж байна... гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хэргийн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон бусад эрхийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчсөн хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг холбогдох этгээд хариуцан арилгах үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хүлээх урьдчилан нөхцөл нь хууль бус үйлдэл / эс үйлдэхүй/ гэм хор, гэм буруу, хохирол, хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо байх ёстой.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр хамгаалагдсан эрх зөрчигдөхөд ямар нэгэн үйлдэл хийгдсэн байх ёстой. Энэ үйлдэл нь хүний оюун санааны хяналт ба хүсэл зоригоор удирдагдах боломжтой хууль бус үйлдэл байх ёстой. Энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч С.******* нь тухайн өдөр вакцин хийлгэсний улмаас биеийн байдалд нь өөрчлөлт орж толгой нь эргэж дотор муухайрч гарах гэж явцдаа *******ийн хаалгыг мөргөн унаж шилэн хаалгыг хагалсан гэж тайлбарладаг ба хариуцагчийн энэ тайлбар нь түүнтэй хамт сууж байсан гэрч Г.гийн ...С.******* нь надтай хамт сууж байхдаа толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гэртээ харимаар байна гээд байхаар нь би хэсэг суучих гэж хэлэхэд яах вэ гээд гараад явсан юм... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.*******, У. нарын ...Вакцин хийлгэсний дараа толгой эргэх, дотор муухай оргих, толгой өвдөх, хэсэг газар хөндүүрлэх, гар бадайрах гэх мэт зовиур илэрч болно. Энэ нь вакцины дараа түгээмэл илрэх хэсэг хугацааны хариу урвал юм ...гэсэн агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хариуцагч С.******* нь вакцин хийлгэсний улмаас түүний биеийн байдалд өөрчлөлт орж толгой нь эргэж дотор нь муухайрч гарах үйл явцдаа *******ийн хаалгыг мөргөж хагалсан үйлдэл нь хууль бус үйлдэл биш бөгөөд гэм буруугийн санаатай буюу болгоомжгүй хэлбэрийг аль алийг нь агуулаагүй байна.

Санаатай хэлбэр нь уг этгээд нь үр дагаврыг мэдэж хүсэж байсан бөгөөд хууль бус гэдгийг ухамсарлаж байсныг хэлдэг. Харин болгоомжгүй хэлбэрийн хувьд тухайн нөхцөл байдалд оюун санаандаа өөрийн хувийн чадвар, мэдлэг, сэрэмжийг ашиглан уг хаалгыг мөргөхгүй байх боломжийн талаарх ойлголтыг хэлдэг бөгөөд хариуцагч С.*******гийн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан шаардах эрх нь гэм хор учруулсан этгээдээс гагцхүү гэм буруутай гэж үзсэн тохиолдолд л учирсан хохирлыг арилгуулахыг шаардаж болдог. Өөрөөр хэлбэл, Гэм хор учруулагч нь хууль бус үйлдэлд гэм буруутай нөхцөлд хохирол нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч С.******* нь хууль бус гэм буруутай үйлдлээрээ эд хөрөнгөд хохирол учруулсан гэдгийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах нь үндэслэлгүй байжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141/ШШ2022/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ