| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/01744/И |
| Дугаар | 102/ШШ2022/03673 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03673
| 2022 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2022/03673 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч А.Ж
Нэхэмжлэгч Б.Э
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч “САС И” ХХК
Хариуцагч Д.О-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 22.037.957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 07дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Ж, Б.А, А.А нар, хариуцагч “САС И” ХХК, Д.О-т холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 22.037.957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, 14.000.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, ашиглалтын зардал буюу гэрээний үүрэгтэй холбоотой 1.037.957 төгрөг нийт 22.037.950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч нар “САС И” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамжны 0 дугаар байрны “Б” тоотод байрлалтай, 198.47 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар түрээслүүлсэн.
Түрээсийн гэрээг бичгээр байгуулж хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хоёр жилийн хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглуулж түрээсийн төлбөрийг 2.500.000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний хугацааг зөрчсөн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан.
Хариуцагч “САС И” ХХК түрээсийн эд зүйлийг бусдад түрээслэх замаар орлого олж байсан.
2020 онд цар тахал гарч үүнтэй холбоотойгоор түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар төлбөрийг харилцан тохиролцон зарим саруудад төлөхгүй байхаар харилцан тохиролцсон.
Анхны тохиролцоогоороо эхний гурван сарын хугацаанд 2.500.000 төгрөг, дараагийн гурван сар 3.000.000 төгрөг, үүний дараа 3.500.000 төгрөг, 4.000.000 гэх мэтээр төлбөрийг өгсөх хандлагатайгаар тохиролцсон байсан боловч цар тахалтай холбоотой түрээсийн төлбөрийг 2.500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг гэж буруулж зарим сар төлбөр аваагүй.
Талуудын анхны тохиролцоогоор хариуцагч 83.000.000 төгрөгийг төлөхөөр байсан боловч цар тахалтай холбоотой гэрээнд өөрчлөлт оруулснаар 47.000.000 төгрөгийн төлбөр авахаас 33.000.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн.
Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч компани төлбөрөө огт төлөөгүй.
Иймээс төлөгдөөгүй түрээсийн төлбөр 14.000.000 төгрөг, алданги 7.000.000 төгрөг, гэрээнд зааснаар ус, цахилгаан СӨХ-ийн төлбөрийг түрээслэгч төлөхөөр тохиролцсон тул төлөгдөөгүй төлбөр 1.037.987 төгрөг нийт 22.037.978 төгрөгийг “САС И” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч нар хариуцагч Д.О-с татгалзаж байна, гэжээ.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох түрээсийн төлбөр, ашиглалтын зардал түүнээс хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан.
Талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-г яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна бэ? гэвэл 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ” гурван өөр бичвэртэй, өөр хугацаатай, өөр үнийн дүнтэй гэрээнүүд бий.
Энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч түрээсийн үлдэгдэл төлбөр, ашиглалтын зардал, алданги нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газар, Нотариатчидын танхимаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, баримтуудыг ирүүлсэн байдаг.
Нотаричидын танхимаас ирүүлсэн гэрээнд 2 жилийн хугацаатай, сарын 2.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байгаа.
Энэхүү гэрээ нэмэлт өөрчлөлтгүй “Түрээсийн гэрээ”.
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн нотлох баримт болох “Түрээсийн гэрээ” 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан, 2 жилийн хугацаатай, 2.500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй гэрээ нь Улсын бүртгэлийн газраа ирэхдээ мөн нэг огноотой, 0 дугаартай Нотариатч гэрчилсэн нэмэлт өөрчлөлтэй гэрээ.
Хариуцагч шүүхэд нотлох баримтаар мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, 5 жилийн хугацаатай, сард 1.500.000 төгрөгийг төлөхөөр байсан.
Түүнчлэн 0 дугаартай нотариачдын гэрчилсэн гэрээ буюу гурван өөр “Түрээсийн гэрээ” хавтаст хэрэгт авагдсан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Түрээсийн гэрээ”-г Улсын бүртгэл бүртгүүлнэ гэж заасан.
Дээрх гурван өөр гэрээг улсын бүртгэгч бүртгээд, тэмдэг дарж өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаана гэсэн зохицуулалттай.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэх, хувийн хэрэгт хавсаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж улсын бүртгэлд гэрээнүүд бүртгэгдээгүй гэж харагдаж байна.
Яагаад гэвэл тухайн үед улсын бүртгэлийн газар гэрээг хуулийн дагуу бүртгэсэн бол улсын бүртгэгч тамга тэмдгээ дарж, түрээсийн гэрээнд мэдүүлэг гаргагч тэмдгээ дарсан түрээсийн гэрээг олгогдох байсан.
Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн газраас ирсэн “Түрээсийн гэрээ”-н дээр зөвхөн хуулбар гэж улаан тэмдэг дарж, улсын бүртгэлийн хуулбар дээр улаан тамгаар дарсан байгааг улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж зааснаар дээрх гурван “Түрээсийн гэрээ”-нүүдийг нотлох баримт талаас үнэн зөв эргэлзээгүй дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А.Ж-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А.Ж-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Капитрон банкны “Орлогын мэдүүлэг”, Түрээсийн гэрээ, “САС И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А.Ж-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Орлогын баримт, “САС И” ХХК-ийн “Мэдэгдэл”, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх “Төлбөрийн нэхэмжлэх”, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх “Төлбөрийн нэхэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх “Төлбөрийн нэхэмжлэх”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Н-д олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
6.Хариуцагчаас “САС И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “САС И” ХХК-ийн дүрэм, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2022/00000 дугаартай Шүүгчийн захирамж, Түрээсийн гэрээ, “САС И” ХХК-ийн дүрэм, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.От олгосон “Итгэмжлэл”, “САС И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Түрээсийн гэрээ
7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 884 дугаартай Албан бичиг, Түрээсийн гэрээ, Монголын нотариатчидын танхимын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Монголын нотариатчидын танхимын Бүртгэлийн дэвтэр, Түрээсийн гэрээ, Капитрон банкны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3001-2019/0 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “САС И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч гэрээгээ зөрчиж түрээсийн төлбөр төлөөгүй мөн түрээсийн байрыг буцаан өгсөн тул үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна” гэж тодорхойлов.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О “нэхэмжлэгч гэрээг 5 жилийн хугацаатай байгуулаад ашиг олоогүй байхад гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А.Ж, Б.А, А.А нар, хариуцагч “САС И” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 0 дугаартай байрны “В” тоотод байршилтай 198.47 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 2 жилийн хугацаатай, хүнс, ахуйн бараа худалдааны зориулалтаар, сарын 2.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.
6.Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
7.Мөн хуулийн зохицуулалтаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч нар, хариуцагчид үйлчилгээний байрыг түрээслүүлж, түрээсийн төлбөрийг 2020 оны 5-7 дугаар саруудад авсан талаар маргахгүй байна.
8.Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд зохигчид гэрээг хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”,
318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай Албан бичгээр ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” Албан бичиг болон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэр, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ” зэрэг нотлох баримтаар талууд “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулан үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлсэн болох нь нотлогдож, харин гэрээн дээр улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдаагүй байх ба нэхэмжлэгч нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй танилцах, шалгах эрхээ хэрэгжүүлээгүй мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан дээрх үйлдлийг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ.
9.Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 319.2 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр тохиролцож, дэлхий нийтэд тархсан цар тахалтай уялдуулан гэнэтийн давагдашгүй хүчин, онцгой нөхцөл байдлыг харгалзан төлбөрийн хэмжээндээ өөрчлөлт оруулжээ.
10.Иймээс “Түрээсийн гэрээ”-нд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилж болохоор хуульчилсан учир мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 288.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
11.Тодруулбал, хариуцагч түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой хугацааны эд хөрөнгө ашигласан болон түрээсийн төлбөрийг төлж, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн байрыг түрээслүүлэгч нарт буцааж өгсөн үйл баримтанд маргаагүй, гэрээний хугацааны талаар талууд мэтгэлцсэн бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, түрээсийн байрыг буцаан өгснөөр эд хөрөнгийг дахин хөлслөх хүсэлтэй иргэнд түрээслүүлж, гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн нь зохигчдын тайлбар, бичгийн бусад баримтаар тогтоогдож байх тул хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй байна.
Түрээсийн төлбөрийг тооцоолоход:
-А.2021 оны 11-12 дугаар саруудын төлбөр
-2.500.000 төгрөг /сарын түрээсийн төлбөр/ х 2 /сар/= 5.000.000 төгрөг
-Б.2022 оны 01-04 дүгээр саруудын төлбөр
-3.000.000 төгрөг /сарын түрээсийн төлбөр/ х 3 /сар/= 9.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг+9.000.000 төгрөг = 14.000.000 төгрөг
-В.”БАИ” ХХК-ийн нэхэмжлэхээр:
-2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацааг хамруулан цэвэр, хүйтэн усны төлбөр 359.512 төгрөг 67 мөнгө
-2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 331.704 төгрөг
-2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 346.740 төгрөг нийт 1.037.957 төгрөг болж байна.
Үүнээс 14.000.000 төгрөг /түрээсийн төлбөр/+1.037.957 төгрөг /ашиглалтын зардал/ = 15.037.957 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алданги 7.000.000 төгрөгийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хариуцагч Д.О-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 15.037.957 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 233.140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “САС И” ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 15.037.957 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ж, Б.А, А.А нарт олгож, үлдсэн 7.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 233.140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА