Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/03162

 

 

2022 оны 11 сарын 01 өдөр                          Дугаар 183/ШШ2022/03162                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .................... тоотод оршин суух, Т овогт Н-гийн Б /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. байранд байрлах, Н холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд А ХЗХ-гы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гуравдагч этгээд  С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 183/ШШ2020/.... дугаар шийдвэрээр Н.Б, П.О нараас 114.834.023 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 183/ШШ2020/02274 дугаар шийдвэрээр Лайт тауэр дрийлинг ХХК, Н.Б нараас 43.333.390 төгрөг гаргуулж СХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Н.Б-ийн өмчлөлийн Ү-........... дугаар, Хан-Уул дүүргийн ....................... тоот байрлах авто зогсоол, мөн байршилтай Ү-....... зоорийн давхрын 02 тоотод байрлах авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байдаг. Төлбөр төлөгч Н.Б би хуулийн 3 этгээдэд төлөх төлбөртэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч М.Н төлбөр авагч Хас банк ХХК, төлбөр авагч А ХЗХ-д, шийдвэр гүйцэтгэгч В.Д төлбөр авагч СХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж, би төлбөртөө Хас банкинд 10.000.000 төгрөг, С ХХК-д 3.000.000 төгрөг хэсэгчлэн төлсөн байдаг. Гэтэл намайг эзгүй байхад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дээрх 2 шийдвэр гүйцэтгэгч гэрт дайран орж ирэн, хүүхдүүдийг маань айлган цочирдуулж, намайг гэртээ ир гэж дуудуулсан. Тэгээд би гэртээ сандарч ирэхэд шийдвэр гүйцэтгэгч намайг элдвээр загнаад орон сууц, 2 гражийг хурааж байна гээд актад гарын үсэг зуруулаад энэ байр граж чинь хэдээр зарагдах бэ? үнийг бич гээд цаас өгсөн. Тэгэхээр нь би манай энэ хавьд орон сууц 1 м.кв нь 3.200.000 төгрөгөөр, 1 авто зогсоол нь 55.000.000 төгрөгөөр зарагддаг гэхэд шийдвэр гүйцэтгэгч В.Д тийм юм байхгүй, граж 55.000.000 төгрөгөөр яаж зарагддаг юм чи 40.000.000 төгрөг гээд бич,  орон сууц чинь 1 м.кв нь 3.000.000 төгрөгөөс илүү гарахгүй гэж загнахад би хүүхдүүдээ тайван байлгая гээд бушуухан хэлснээр нь бичиж өгөөд тэднийг гаргасан. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.Н эхнэр П.О-ны ажил дээр ирээд нөхрийн чинь бичиж өгсөн зүйл жаахан алдаатай байна, Та засаад биччих, нөхрөө иргэний үнэмлэхээ канондоод хүрээд ир гэж байна гээд цэрэг хувцастай хүн ажил дээр суугаад байна, хурдан ир ажлынхнаасаа санаад зовоод байна гэсэн. Тэгээд би очоод эхнэрийн бичсэнийг хуулуулж, бичээд өгсөн. Удалгүй 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр манай гэрийн шуудангаар Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-190/8625 дугаартай мэдэгдлээр миний өмчлөлийн 4 өрөө орон сууц, 02 тоот авто зогсоолын хамт 499.000.000 төгрөгөөр, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4-190/0000дугаартай мэдэгдлээр 01 тоот авто зогсоолыг 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хариуцагч байгууллага миний өмчлөлийн 4 өрөө орон сууц, 02 тоот авто зогсоолын хамт 349.300.000 төгрөгөөр, 01 тоот авто зогсоолыг 28.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулна гэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах 5/4, 5/5, 5/6 дугааруудтай гурван тогтоолыг хүргүүлсэн байна. Дээрх үнэлгээний .......... мэдэгдлүүдээс харахад миний 4 өрөө орон сууц, 2 гражийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцож тогтоосон үнэ болох гэж дурдсан байгаад би үнэхээр гайхаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нар надад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн талаар ер тайлбарлаж танилцуулаагүй, би нэг ч төлбөр авагч хуулийн этгээдийн төлөөлөгч нартай уулзалдаагүй, тохиролцоогүй, ямар саналтай байгааг ч мэдээгүй, танилцуулалгүй шууд үнэ тогтоож хоёрхон хоногийн дотор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, өмчлөгчид боломжит хугацаа олгоогүй, айлган сүрдүүлж, төөрөгдүүлэн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, Хас банкны талд давуу байдал олгож, эрх зөрчсөн гэж би үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч таны өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрвөл анхны дуудлага худалдаанд 70 хувиар тооцон доод үнийг тогтооно, хэрэв зарагдахгүй бол 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцон үнэ тогтооно гэж тайлбарласан бол би үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлд зарагдах, зарагдаж байгаа үнээр үнийн санал өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой. Иймээс хариуцагчийн эд хөрөнгө хураах тогтоол, анхны үнэ тогтоох, үнийн санал авах ажиллагаа үнэлгээ албадан дуудлага худалдааны тогтоол Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг зөрчсөн, алдаатай байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэгч Н.Буяннэмэх би шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж байх тул миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ................... байрлах 153,5 м.кв талбай бүхий орон сууц, Ү-.. Хан-Уул дүүргийн ...................тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт 499.000.000 төгрөгөөр, мөн байршилтай зоорийн давхрын 2 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 40.000.000 төгрөгөөр үнэлсэн тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасныг тайлбарлаж өгөөгүй, төлбөр авагч нартай уулзуулаагүй, ямар үнийн санал байгааг ч мэдээгүй, шууд үнэ тохирч дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч Н.Буяннэмэхийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасан заалтыг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тайлбарлаж өгсний дараа нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг Н.Буяннэмэх өөрийн гараар бичиж өгсөн. Бидний зүгээс Н.Б-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэх суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнийн талаар төлбөр  төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Н.Б-ийн бичиж өгсөн үнийн саналыг төлбөр авагч Хас банкинд мэдэгдсэн бөгөөд төлбөр авагч тал төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч байна, төлбөр төлөгчийн өгсөн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэж бичгээр уламжилж шийдвэр гарсан. Иймд төлбөр авагч талтай уулзуулаагүй тохиролцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Н.Б шийдвэр гүйцэтгэгч надад таны өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрвөл анхны дуудлага худалдаанд 70 хувиар тооцож доод үнийг тогтооно, хэрэв зарагдахгүй тохиолдолд 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцон тогтооно гэж тайлбарласан бол би зах зээлд зарагдах, зарагдаж байгаа үнээр үнийн санал өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой гэжээ. Эндээс харахад Н.Б үнийн саналыг албадан дуудлага худалдаанд 70 болон 50 хувиар бууруулах тул зах зээлийн үнээс дээгүүр үнийн санал өгөх байсан гэх утгатай зүйл бичсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь хэсэгт хөрөнгө үнэлэх талаар тодорхой хуульчилж өгсөн бөгөөд ингэж үнэлэхдээ хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэгч Н.Б-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0000000000 тоот тогтоолоо хариуцагч Н.Б-ээс 61,991,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвайн үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлүүлэх зорилгоор ажиллагаа хийгдэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон боловч Н.Б-ээс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг тус дүүргийн шүүхэд гаргасан байна. Уг үнэлгээтэй холбоотой маргаан үүсгүүлэн гомдолдоо шийдвэр гүйцэтгэгч нь иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлаагүй гэжээ. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны аль нэг талд Монгол улсын иргэний хуулийг тайлбарлаж, даваа байдал олгохгүй ба ажиллагаанд оролцож байгаа талууд өөрсдөө хуулиа судалж, эрх үүргээ хэрэгжүүлэх учиртай юм. Төлбөр төлөгч хууль мэдэхгүй байх нь түүний давуу тал болохгүй юм. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө санал болгосон үнээсээ дээгүүр үнээр зарах эрх нээлттэй. Гэтэл шүүхэд гомдол гаргаж, хугацаа авч байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж буй үйлдэл гэж харагдаж байна. Мөн төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаан талаар  нэхэмжлэлдээ дурджээ. Уг хуулийн заалт нь төлбөрт суутгуулах хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон тохиолдолд үйлчлэх заалт юм. Төлбөр төлөгч өөрөө өөрийнхөө гаргасан үнийн санал гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж буй Н.Б нь Монгол Улсын хууль, шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн шийдвэр үйл ажиллагааг илтэд үл хүндэтгэж, холбогдох шийдвэр, үйл ажиллагааг биелүүлэхээс зайлсхийх,  уг ажиллагаанд саад учруулж, цаг хугацаа авах зорилго агуулж байх тул түүнийг гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Н.Б нь 2014 оноос манай С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ...... дугаар магадлалаар Н.Б нараас 43,333,990 төгрөгийг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн төлбөр төлөгч Н.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд манай компани нь төлбөр авагчаар оролцож байгаа бөгөөд уг ажиллагааны явцад тэрээр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэр хд76 дугаар байр, 5 тоот байрны хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай авто зогсоол зэргийг худалдан борлуулах үнийн саналыг өөрийн сайн дурын үндсэн дээр  2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргасан байгаа билээ. Гэтэл нэхэмжлэгч Н.Б өөрийн сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан дээрх үнийн саналыг үгүйсгэх, мөн хугацаа авах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах байдлаар тус шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба үүнээс үүдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн мөн шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа зэрэг нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд саад учруулж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэл, шалтгаанаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б-ээс: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.25-ны өдрийн 000000000000 дүгээр мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.29-ний өдрийн 000000000 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол,  2022.04.21-ний өдрийн 000000 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.28-ны өдрийн 0000000000 дугаар мэдэгдэл, 2022.04.26-ны өдрийн 5/4, 5/5, 5/6 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, итгэмжлэл зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022.06.17-ны өдрийн 000 дугаар ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.12-ны өдрийн ...дугаар шүүгчийн захирамж, 2020.8.24-ний өдрийн 02214 дугаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, 2020.10.26-ны өдрийн 20291268 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020.11.04-ний өдрийн 180/02 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2020.11.04-ний өдрийн 0000 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020.11.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021.03.09-ний өдрийн 00000 дугаар албан бичиг, 2021.08.24-ний өдрийн 000 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2021.08.24-ний өдрийн 190/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.08.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.24-ний өдрийн 00000000000 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.03.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.03.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.03.29-ний өдрийн 0000 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.03.29-ний өдрийн 000 дугаар шүүхийн  шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Н.Б-ийн 2022.03.29-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал, 2022.04.06-ны өдрийн 00000 дугаар Хас банк ХХК-ийн гаргасан хүсэлт, 2022.04.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.25-ны өдрийн 00000 дугаар   гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 000000дугаар шийдвэр, 2021.11.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.09-ний өдрийн 00000000000 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.03.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.03.29-ний өдрийн 000000000 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.04.14-ний өдрийн 2/229 дугаар гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай, С ХХК-ийн 2022.04.20-ны өдрийн 0000 дугаар үнийн санал хүргүүлэх тухай зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Гуравдагч этгээд А талаас: Хүсэлт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Гуравдагч этгээд С ХХК талаас: Хүсэлт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/0000 дүгээр захирамжаар Н.Б, П.О нар зээлийн гэрээний үүрэг 114.433.863 төгрөгийг 4 хувааж буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 24.433.863 төгрөг төлөх, эвлэрлийн гэрээний төлөлт хийх заасан хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд Хас банк ХХК-ийн зүгээс албадан гүйцэтгэх захирамж гаргуулах, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0000000000, мөн өдрийн 0000000 тоот баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул  дүүргийн 1 дүгээр хороо, 00000000 тоот хаягт байрлах, 153,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 000000000000 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоол зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Мөн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/002274 дугаар шийдвэрээр Л ХХК болон Н.Б нараас 64.440.955 төгрөг гаргуулан, С ХХК-нд олгож шийдвэрлэсэн.

 

Төлбөр төлөгч Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20291268 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 190/03 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор Улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул  дүүргийн 1 дүгээр хороо, 0000000000000 5 тоот хаягт байрлах, 153,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 000000000000 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 0000000000 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байрлах, 18 м.кв автозогсоолыг тус тус хураан авсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан баримтуудаар тогтоогдох бөгөөд, эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч таны өгсөн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрвөл анхны дуудлага худалдаанд 70 хувиар тооцон доод үнийг тогтооно, хэрэв зарагдахгүй бол 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцон үнэ тогтооно гэж тайлбарласан бол би үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлд зарагдах, зарагдаж байгаа үнээр үнийн санал өгөхгүй нь хэнд ч ойлгомжтой. Иймээс хариуцагчийн эд хөрөнгө хураах тогтоол, анхны үнэ тогтоох, үнийн санал авах ажиллагаа үнэлгээ албадан дуудлага худалдааны тогтоол Иргэний хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг зөрчсөн, алдаатай байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 000000000 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулна гэж тайлбарлажээ.

 

Төлбөр төлөгч Н.Б, П.О нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 153.5 м.кв 4 өрөө орон сууцыг 459.000.000 төгрөгөөр, 18 мкв хоёр автозогсоолыг тус тус 40.000.000 төгрөгөөр үнэлж, саналаа шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлснийг төлбөр авагч Хас банк төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг Н.Б-эд хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Б\ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.3Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Н.Б-ийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд хамаарахгүй бөгөөд тэрээр өөрийн санал болгосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Н.Б, П.О нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул тэдний саналаар дуудлага худалдаа явуулахаар болжээ.

Төлбөр төлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохгүйгээр тэдний үнийн саналаар дуудлага худалдаанд оруулж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгчийн 2022.04.25-ны өдрийн 000000000 дугаар мэдэглдийг хүчингүй болгуулна гэж тайлбарлаж байх боловч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах ажиллагаа бөгөөд энэ мэдэгдлийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан дарааллын дагуу холбогдох албан тушаалтанд нэхэмжлэгч хандаагүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4-190/8625 дугаар мэдэгдлээр Улсын бүртгэлийн Ү-00000000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0000000000 хаягт байрлах, 153,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 000000000000 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 499.000.000 төгрөгөөр,

Мөн өдрийн 00000000000 дүгээр мэдэгдлээр Улсын бүртгэлийн Ү-00000000000000дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0000000000000 тоот хаягт байрлах, 18 м.кв автозогсоолыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг тус тус мэдэгджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр гүйцэтгэгч нийт 539.000.000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлбар нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022.04.25-ны өдрийн 00000000000 дугаар мэдэгдлээр үгүйсгэгдэж байх бөгөөд төлбөр төлөгч нарын эд хөрөнгийн өөрсдийнх нь санал болгосон 539.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Эдгээр үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох үнэлгээ хүчингүй болгох, мэдэгдэл хүчингүй болгох тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох үнэлгээ хүчингүй болгох, мэдэгдэл хүчингүй болгох тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

                 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО