Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00066

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03162 дугаар шийдвэртэй Н.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н гуравдагч этгээд А-ыны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02214 дугаар шийдвэрээр Н.Б, П.О нараас 114,834,023 төгрөг гаргуулж Х-ХХК-д олгохоор, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02274 дугаар шийдвэрээр Л ХХК, Н.Б нараас 43,333,390 төгрөг гаргуулж С ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Н.Б-ийн өмчлөлийн 0 дугаар, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр-2, 0 тоот 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарын 00 тоот байрлах авто зогсоол, мөн байршилтай 0 зоорийн давхрын 02 тоотод байрлах авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Шийдвэр гүйцэтгэгч нар надад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн талаар тайлбарлаж танилцуулаагүй, би нэг ч төлбөр авагч хуулийн этгээдийн төлөөлөгч нартай уулзалдаагүй, тохиролцоогүй, ямар саналтай байгааг ч мэдээгүй, танилцуулалгүй шууд үнэ тогтоож хоёрхон хоногийн дотор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, өмчлөгчид боломжит хугацаа олгоогүй, айлган сүрдүүлж, төөрөгдүүлэн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, Хас банкны талд давуу байдал олгож, миний эрхийг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч Н.Б би шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж байх тул миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан заалтыг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Н.Бэд тайлбарлаж өгсний дараа нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг Н.Б өөрийн гараар бичиж өгсөн. Хариуцагчийн зүгээс Н.Бэд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэх суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Н.Б-ийн бичиж өгсөн үнийн саналыг төлбөр авагч Хас банкинд мэдэгдсэн бөгөөд төлбөр авагч тал төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч байна, төлбөр төлөгчийн өгсөн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэж бичгээр уламжилж шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгч Н.Б-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдүүдийн тайлбарын агуулга:

3.1. Гуравдагч этгээд А-ыны тайлбарын агуулга: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/01422 дугаар тогтоолоор хариуцагч Н.Бээс 61,991,107 төгрөгийг гаргуулж  Арвайн үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө санал болгосон үнээсээ дээгүүр үнээр зарах эрх нээлттэй. Гэтэл шүүхэд гомдол гаргаж, хугацаа авч байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж буй үйлдэл гэж харагдаж байна. Мөн төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаан талаар нэхэмжлэлдээ дурджээ. Уг хуулийн заалт нь төлбөрт суутгуулах хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон тохиолдолд үйлчлэх заалт юм. Төлбөр төлөгч өөрөө өөрийнхөө гаргасан үнийн санал гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

3.2. Гуравдагч этгээд С ХХК-ийн тайлбарын агуулга: Н.Б нь 2014 оноос манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02267 дугаар магадлалаар Н.Б нараас 43,333,990 төгрөгийг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн төлбөр төлөгч Н.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд манай компани нь төлбөр авагчаар оролцож байгаа бөгөөд уг ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэр хд76 дугаар байр, 5 тоот байрны хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай авто зогсоол зэргийг худалдан борлуулах үнийн саналыг өөрийн сайн дурын үндсэн дээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Н.Б өөрийн сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан дээрх үнийн саналыг үгүйсгэх, мөн хугацаа авах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах байдлаар тус шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба үүнээс үүдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн мөн шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа зэрэг нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд саад учруулж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэл, шалтгаанаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох үнэлгээ хүчингүй болгох, мэдэгдэл хүчингүй болгох тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч хариу тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгийг үнэлэхдээ орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэхээр заасан байна гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлага болох хөрөнгийн үнэлгээ нь хариуцагчийн үнэлгээ болохыг нотолсоор байхад анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж чадаагүй, төлбөр төлөгч өмчлөгчийн үнэлгээ гэж үнэлээд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын тохиролцсон үнэлгээгээр үнэлгээг тогтоосон гэдэг боловч тус иргэний хэрэгт оролцсон нэг төлбөр авагч тал буюу А-аас хөрөнгийн үнийн санал аваагүй байхад талууд тохиролцсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх заалтыг зөрчсөн. Шүүх хуралдаанд талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б миний бие шүүх хэргийг хэлэлцэх явцад шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж үнийн санал авсан гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлахад шүүгч зогс, нэхэмжлэлийн шаардлага нь үнэлгээ байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ярихгүй гээд мэтгэлцэх эрхийг хязгаарлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн харилцан тохиролцсон, төлбөр төлөгч өөрөө өгсөн үнэлгээ гэх тайлбарыг үнэлж шийдвэрээ гаргасан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 гэсэн хоорондоо зөрчилтэй хуулийн заалтыг хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах буюу талуудын харилцан тохиролцож тогтоосон гэх үнэлгээ хууль зөрчсөн гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан хуулийг хэрэглээгүй, өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч П.О болон өмчлөгч Н.Б нар нь өөрийн хүсэл зоригийн үндсэнд өөрийн гараар үнийн саналаа бичиж өгсөн. Тухайн 03 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоолын дагуу хураан авсан. Энэ өдөр өмчлөгч Н.Б нь өөрийн гараар үнийн саналаа бичиж өгсөн боловч төлбөр төлөгч П.О нь ажил ихтэй байна гэж үнийн саналаа ирүүлэхгүй байсан учраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр П.О дээр очиж үнийн санал авсан. Үнийн санал авахад Н.Б эхнэртэйгээ хамт байлцсан. Эхний үнийн саналд үүргийн гүйцэтгэлийн үл хөдлөх орон сууц болон 2 номерын авто гарааш, 1 номерын авто гараашийг С ХХК хураасан учраас нийлүүлээд 539,000,000 төгрөгөөр үнэллээ гэж багцаар нь бичсэн тул Н.Б эхнэртэйгээ хамт үнийн санал өгөхдөө салгаж зөвтгөж өгсөн гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1 Гуравдагч этгээд А-ыны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Гомдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үйл баримт яригдаж байна. Тухайн үйл баримт нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан. Үнийн саналыг нэг дор аваагүй боловч үнийн саналын зөрүү гараагүй. Нэхэмжлэгчийн өгсөн үнэлгээний дагуу процессын ажиллагаа цааш явагдсан. Шүүхэд гомдол гаргахдаа шинжээчийн тогтоосон үнэнд гомдол гаргадаг эрх зүйн процессыг ашиглаж гаргасан нь хуульд нийцэхгүй. Хэрэв ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу процесс дарааллын дагуу явагдана. Шүүх шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгох эсэх маргаанд дүгнэлт өгнө. А-аас үнийн санал аваагүй гэж гомдолд дурдсан. Барьцаа хөрөнгө гүйцэтгэх хуудсанд явагдаж байгаа битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэн ажиллагаанууд Х-ХХК-тай холбоотой явагдсан. Үүнд А үнийн санал өгөх шаардлагагүй. Энэ нь хууль зүйн хувьд нийцэхгүй. Дуудлага худалдаанд үлдэгдэл төлбөр байвал манайх төлбөрөө барагдуулна гэх утгаар манай эрх ашиг хөндөж байгаа. Гүйцэтгэх хуудаснуудтай холбоотой ажиллагаанд оролцоогүй. Манай төлбөр барагдуулах эрх ашиг тодорхой хэмжээнд саад учруулж байгаа учир оролцсон. Бусдаар А уг ажиллагаанд оролцоогүй. Ажиллагаатай холбоотой нотлох баримтгүй зүйлийг дурдсан. Хэргийн материалтай танилцахад процессын дагуу ажиллагаа явагдсан. Заавал П.О, Н.Б нарыг хамт байлцуулж үнийн саналыг тохиролцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Төлбөр төлөгч хөрөнгийн эзэн өөрөө үнийн саналаа өгнө. Үнийн саналд асуудалгүй төлбөр авагч саналын зөрүү гаргаагүй бол процесс цааш үргэлжилэхээр хууль болон практикт ийнхүү жишиг тогтсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.2 Гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч гомдол болон шүүх хуралдаанд үнийн санал өгсөн баримтын огноо тодорхойгүй. Огноог дарж нотариатаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд үүнийг эх хувьтай нь тулгаж, баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гараагүй. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Н.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02214 дүгээр захирамжаар Н.Б, П.О нараас 114,433,863 төгрөг гаргуулж Х-ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

3.б. Н.Б, П.О нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Х-ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/, 0байр, 5 тоот хаягт байрлах 153.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.

3.в. Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Х-ХХК нь хүлээн зөвшөөрсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Хэрэгт төлбөр төлөгч Н.Б-ийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал болон уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн төлбөр авагч Х-ХХК-ийн хүсэлт авагджээ. Эдгээр баримтаас үзвэл талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож тогтоосон байх тул үнэлгээг хариуцагч тогтоосон гэх гомдол үндэслэлгүй.

4.б. Шүүгчийн захирамжаар Н.Б, П.О нараас төлбөр гаргуулж Х-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба Ауг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш байх тул А-аас үнийн санал аваагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.БЯМБАСҮРЭН