Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/03211

 

2022 оны 11 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/03211 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................байранд байрлах, Ш ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүргийн ...............т байрлах, О ХХК /РД:..../-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 18.058.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш ХХК хариуцагч О ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 18.058.750 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Ш ХХК болон О ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 0000 ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан билээ. Энэхүү гэрээгээр талууд нь ургамал хамгааллын Лорнет бодисыг нэгж үнэ нь 104.500 төгрөг буюу 210 литрийг нийт 21.945.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу худалдан авагч Орд цагаан өргөө ХХК нь барааг хүлээн авахдаа үнийн дүнгийн 50 хувь болох 10.972.500 төгрөгийг урьдчилан 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, үлдэх 50 хувь болох 10.972.500 төгрөгийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор худалдагч Ш ХХК-д төлөхөөр үүрэг хүлээсэн. Худалдагч Ш ХХК нь худалдан авагч О ХХК-д итгэл үзүүлсний үндсэн дээр гэрээнд заасан ургамал хамгааллын бодисыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр ямар нэгэн барьцаагүйгээр олгож, төлбөр төлөх хангалттай хугацаа олгосон. Харин худалдан авагч нь үлдэгдэл төлбөр болох 10.972.500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироож байна. Мөн худалдан авагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас манай компани нь шүүхэд хандан төлбөр нэхэмжилж буйтай холбогдуулан тус маргаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байна. Дээрх байдлаар худалдан авагч О ХХК нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн, төлбөр төлөх үүргээ зөрчиж байх тул бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу алданги болон мөн гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх өмгөөлөгчийн хөлс зардал болон бусад холбогдох зардлыг худалдагч талд төлөх үндэслэл бий болсон. Иймд бидний хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 098 дугаар гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10.972.500 төгрөг, алданги 5.486.250 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.600.000 төгрөг, нийт 18.058.750 төгрөгийг О ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч О ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны 06 дугаар сард Шим ХХК-аас худалдаж авсан ургамал хамгааллын бодисын үлдэгдэл төлбөр болох 10.972.500 төгрөгийг төлнө. Харин алданги, өмгөөлөгчийн хөлс гэх мэт нэмэгдэл төлбөрийг төлөх боломжгүй. Иймд уг нэхэмжлэлийг шаардлагад тусгагдсан 18.058.750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 онд цар тахал коронагийн улмаас үр, ургамал, хамгааллын бодис, сэлбэг хэрэгсэл, ажиллах хүчин олдоц муутай, цаг хугацаа их орсон. Цар тахлын улмаас газар тариалангийн бүсэд зорчиход хүндрэлтэй байсан. 2021 оны тариалалтаар 700 га газар тариалсан боловч намар эрт 8 сард хяруу унаж ургац алдсан. Ургац алдсаны улмаас орлого огт ороогүй, нөхцөл байдал хүнд байсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.26-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2022.04.26-ны өдрийн итгэмжлэл, 2021.07.02-ны өдрийн зарлагын баримт, 2021.06.29-ний өдрийн 000тоот гэрээ, 2022.04.25-ны өдрийн 000 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. ОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Баттогтохын иргэний үнэмлэхийн хуулбар баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр өгсөн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, 2022.07.01-ний өдрийн 00тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хэнтий аймгийн Гурванбаян тосгоны захирагчийн ажлын албаны 2022.11.01-ний өдрийн 000 тоот албан тоот зэрэг баримтыг өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ШХХК 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ОХХК-тай 098 тоот гэрээ байгуулж, Лорнет бодисыг 1 литрын үнэ 104.500 төгрөгөөр тохирч нийт 210 литр бодисын 21.945.000 төгрөгөөр худалдаж, хариуцагч бодисын үнийн 50 хувь болох 10.972.500 төгрөгийг 2021.07.01-ний өдөр төлж, үлдэх 10.972.500 төгрөгийг 2021.11.01-ний дотор төлөхөөр, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой өмгөөлөгчийн зардал, нотариат, тээврийн зардал, бусад зардлыг худалдан авагч үл маргах журмаар нөхөн барагдуулахаар тохирчээ.

 

2. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10.972.500 төгрөг, алданги 5.486.250 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.600.000 төгрөг, нийт 18.058.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсныг хариуцагч үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги, өмгөөллийн хөлсийг төлөх боломжгүй. 2021 онд цар тахал коронагийн улмаас үр, ургамал, хамгааллын бодис, сэлбэг хэрэгсэл, ажиллах хүчин олдоц муутай, 2021 оны тариалалтаар 700 га газар тариалсан боловч намар эрт 8 сард хяруу унаж ургац алдсан. Ургац алдсаны улмаас орлого огт ороогүй, нөхцөл байдал хүнд байсан гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 098 дугаартай гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Шим ХХК нь 1 литр нь 104.500 төгрөгийн үнэ бүхий 210 литр лорнет ургамал хамгааллын бодисыг О ХХК-д худалдахаар, О ХХК нь барааны үнийн 50 хувь болох 10.972.500 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 50 хувь болох 10.972.500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, мөн хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 10.972.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

4. Харин хариуцагч нь шүүхэд алданги төлөх боломжгүй гэж маргасан бөгөөд зохигчид гэрээний 4.1б заалтад ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги нэмж төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч алдангийг шаардах эрхтэй боловч шүүх тухайн хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн тайлбарыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг тал хувиар бууруулах боломжтой гэж дүгнэв.

 

Зохигчид мөн гэрээний 5 дахь заалтаар өмгөөлөгчийн зардлыг худалдан авагч тал үл маргах журмаар нөхөн барагдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн, хариуцагч дээрх төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй байна.

 

5. Иймд шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт 10.972.500 төгрөг, алданги 2.743.125 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.600.000 нийт 15.315.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.743.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 234.528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 15.315.625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.743.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 234.528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО