Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00061

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 30 210/МА2023/00061

 

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03211 дугаар шийдвэртэй

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, +++ ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 18,058,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн төлөөлөгч С.Баттогтох, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *** ХХК болон +++ ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр литр нь 104,500 төгрөгийн үнэтэй 210 литр нийт 21,945,000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын Лорнет бодисыг худалдахаар тохиролцсон.

Гэрээний дагуу +++ ХХК нь барааг авахдаа үнийн дүнгийн 50 хувь 10,972,500 төгрөгийг урьдчилан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, үлдэх 50 хувь 10,972,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор худалдагч *** ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.

Худалдан авагч +++ ХХК нь үлдэгдэл төлбөр 10,972,500 төгрөгийг, уг төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, төлбөр төлөх үүргээ зөрчиж байх тул гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу алдангид 5.486.250 төгрөгийг гаргуулна.

Мөн гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх өмгөөлөгчийн хөлс зардал болон бусад зардлыг худалдагч талд төлөх үндэслэлтэй тул өмгөөлөгчийн хөлс 1,600,000 төгрөг, нийт 18,058,750 төгрөгийг +++ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 06 дугаар сард *** ХХК-аас худалдаж авсан ургамал хамгааллын бодисын үлдэгдэл төлбөр болох 10,972,500 төгрөгийг төлнө.

Харин алданги, өмгөөлөгчийн хөлс зэргийг төлөх боломжгүй. Иймд уг нэхэмжлэлийг шаардлагад тусгагдсан 18,058,750 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь 2021 онд цар тахлын улмаас газар тариалангийн бүсэд зорчиход хүндрэлтэй байсан ба 700 га газар тариалсан боловч намар эрт 8 сард хяруу унаж ургац алдсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч +++ ХХК-аас 15,315,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,743,125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч +++ ХХК-аас 234,528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Өмгөөлөгчийн хөлс 1,600,000 төгрөг болон алданги 2,743,125 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь цар тахлын улмаас газар тариалан эрхэлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг нэг бүрчлэн тохиролцсон тул стандарт нөхцөл бүхий гэрээ биш.

Талууд гэрээнд алдангийн талаар тусгасан тул алдангийг 100 хувь гаргуулах ёстой ба шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 50 хувийг хасаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал хүнд хэцүү нөхцөл байдал байсан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 10 удаа хойшилсон тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Мөн өмгөөлөгчийн зардал нь бодитоор гарсан ба хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр урьдчилгаа 1,600,000 төгрөг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч +++ ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 10,792,500 төгрөг, алданги 5,486,250 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,600,000 төгрөг нийт 18,058,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК нь 104,500 төгрөгийн нэгж үнэтэй 210 литр ургамал хамгааллын Лорнет бодисыг худалдах, +++ ХХК нь 21,945,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх7/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.а. Хариуцагч +++ ХХК нь гэрээний төлбөрийн 50 хувь болох 10,972,500 төгрөг нэхэмжлэгч *** ХХК-д төлсөн, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ургамал хамгааллын бодисыг хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

Хариуцагч +++ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл төлбөр 10,792,500 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

4. Мөн нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч +++ ХХК-аас хугацаа хэтрүүлсний алдангид 5,486,250 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.б-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө... гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

4.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар бууруулсныг буруутгах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсантай холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн гэрээний тохиролцоог үндэслэл болгож хууль баримтаагүй нь учир дутагдалтай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5-д гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх өмгөөлөгчийн зардал, нотариат, тээврийн зардал болон бусад бүх зардлыг худалдан авагч тал хариуцаж үл маргах журмаар нөхөн барагдуулна. гэж тохиролцсоноос үвэл гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол арилгуулах агуулгаар зохигчдыг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч +++ ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үлдэх 50 хувь болох 10,972,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан тул учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас өмгөөллийн хөлс 1,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...232 дугаар зүйлийн 232.4, 232.6... гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ