Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02728

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02728

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, 0000 байр, 0 тоотод оршин суух, Т. Г /0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Барилга Архитектурын барилга, 0 давхарт байрлах, Ш ХХК /000000/-д холбогдох

 

85.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр Ц овогтой М бид хоёр нь 2020 оны 06 дугаар сард байр худалдах, авах зар дээрээс харж олсон байр бол "Хүннү Вилла хотхоны 00 тоот байрны 0 тоот, 49 м.кв байрыг зар тавьсан зуучлагч ажилтантай уулзаж очиж үзсэн. Авахаар болж маргааш нь Ш компани дээр нь очиж уулзсан. Тухайн үед урдах байраа зарсан бэлэн мөнгө байсан тул 78,000,000 төгрөгийг компанийн санхүү дээр бэлнээр, 2 сая төгрөгийг нь дансаар тушаасан. Үлдсэн 5,000.000 төгрөгийг 06 дугаар сарын 18-ны өдөр дансанд нь шилжүүлсэн Тухайн мөчид бидэнд зөвхөн байрны түлхүүрийг өгч Байрны гэрчилгээ, эсвэл захиалгын гэрээг өгөөгүй бөгөөд асуухад Хэд хоногийн дараа захиалгын гэрээг шилжүүлээд өгье. Яг одоогоор шилжүүлэх гэхээр 3 дахин дамжигдан захиалгын гэрээг нотариат дээр баталж өгөхгүй гэж тайлбарласан. Бид мэдээж гайхаж, яагаад тэгж байгааг асуутал 2-3 компанийн материал солилцооны хөлсөөр дамжиж явсан байр юм. Манайх өмнөх эзэнд нь бага зэрэг төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Түүнийг гүйцээж өгөөд, ирэх долоо хоногт чиний бичиг баримтыг өгнө гэж хэлсэн. Ямар ч бичиг баримтгүй ийм хэмжээний мөнгийг өгөөд яаж болох вэ? гэхэд Одоо хоорондоо "Худалдах, худалдан авах гэрээ" хийгээд, компанийн санхүүгийн тамгатай орлогын баримт өгнө. Удахгүй хэдхэн хоногийн дараа бичиг баримт чинь чамд ирнэ гэж бидэнд итгүүлсэн.Гэрээ хийхэд бичиг баримт иргэний үнэмлэхийн хуулбар надад үлдэх хувийг харахад 1963 онд төрсөн, нас намбатай хүн тул итгэл төрж, олон юм ярьсангүй хэлснээр нь болгож түлхүүрээ авсан. Гэрээг нотариат бас л баталж өгөхгүй учрыг түрүүчийн шалтгаанд тохируулан тайлбарлаж байсан. Гэсэн ч хоорондын тохиролцоо болгож компанийн тамгаа дарж өгсөн. Түлхүүр хүлээлцэх баримт дээр байрыг хариуцагч Х гэсэн нэр гарын үсэг бүхий маяг баримт дээр намайг гарын үсэг зуруулаад, хоёр янзын цоожны хоёр ондоо түлхүүрүүд хүлээлгэж өгсөн. Шууд үдээс хойш нь гэрээ нүүлгэж байрандаа орсон ба цоожны гол, түлхүүрээ сольсон. Үүнээс хойш хэлсэн хугацаанд нь утасдаж, ажил дээр нь очиж олон удаа уулзсан. Байнга л ажлын зовлонгоо ярьж хугацааг хойшлуулна. Дараачийн хугацааг товлон дахин ярихыг учирлана. Бас ажлын бүтэмжгүй байдлаа цар тахлын нөхцөлтэй холбож хэлнэ. Бид ч бичиг баримтаас бусдаар байр сууцанд бэрхшээл гараагүй тул хойшлуулсан хугацаа бүрийг тэвчээртэй хүлээсээр ирсэн. Энэ оны эхээр Оффис дээр нь очиж уулзахдаа А гэж хүний утсыг Б-аас авч холбогдож ямар учиртай яагаад манай байрны гэрчилгээг гаргуулахгүй байгаа талаар асуухад , "Энэ байр бол У, А нарын байр байсан байна. Тэд нар байраа худалдах зар тавьснаар Б холбогдож, байрыг нь худалдаж авахаар тохиролцсоны эцэст түлхүүрийг хүлээж аваад байрыг бидэнд дамжуулан зарсан байсан. Бид өнгөрсөн хугацаанд А У 2-той байнга холбогдож байсан ба А У 2-т ойролцоогоор 17 сая төгрөгийг Ш-өөс гаргуулан аваад байгаа гэж хэлж байсан. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас А миний нэр дээр 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэх үүсгэсэн. Ингээд Д.Б манайд бичиг баримтын өртэй, У, А нарт байрны төлбөрийн өртэй болсон. Одоогийн байдлаар Д.Б гэх эмэгтэй тайлбараа хэлсээр л байна. Зээл хөөцөлдөж байна. Зээл бүтэхээр У мөнгийг нь өгөөд танай байрны гэрчилгээг гаргаж өгнө гэсээр байгаа. Иймд Ш ХХК-аас Ц.М, Т.Г. бидний 2020 оны 06 дугаар сарын 14,18-нд бэлнээр болон шилжүүлсэн нийт 85.000.000 төгрөгийг гаргуулж өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 14-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Ц.М-тэй байгуулсан. Харин Т.Г гэх хүнтэй гэрээ байгуулаагүй бөгөөд түүнээс 85,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Мөн нэхэмжлэгч Т.Г нь Ц.М-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан ба тэрхүү магадлал нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзсэн тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.06.14-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Ц.М-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.06.14-ны өдрийн Ш компанийн кассын орлогын ордер, 2020.06.14-ны өдрийн орон сууцны түлхүүр хүлээлцэх акт, 2021.11.01-ний өдрийн 13244 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Г нь Ш ХХК-д холбогдуулан 85.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Ш ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 14-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Ц.М-тэй байгуулсан. Харин Т.Г гэх хүнтэй гэрээ байгуулаагүй бөгөөд түүнээс 85.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Мөн нэхэмжлэгч Т.Г нь Ц.Мөнх-Эрдэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Т.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ц.М, Ш ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний үүрэгт Ц.М 85.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь Ц.Мөнх-Эрдэнийн депозит дансны хуулга, кассын орлогын ордер зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Энэ баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Г 85.000.000 төгрөгийг Ш ХХК-д шилжүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г нь Ш ХХК, Ц.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн гэх 85.000.000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

Иймд Т.Гын нэхэмжлэлтэй, Ш ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 582.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д хэсэгт заасныг баримтлан Ш ХХК-д холбогдох 85.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.Гаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО