Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00698

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00154 дугаартай шийдвэрт

Нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Ө.Т ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г-, нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний нөхөр Ц.М бид хоёр Ш.Ө.Т ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, Д блок, 1 давхрын 5 тоот, 49.10 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний төлбөр 85,000,000 төгрөгийг Ш.Ө.Т ХХК-д бэлнээр болон дансаар шилжүүлж төлбөрөө бүрэн барагдуулсан боловч орон сууцны өмчлөх эрхийг бидэнд шилжүүлээгүй. Одоогийн байдлаар тухайн орон сууц нь бусдын өмчлөлд байдаг тул хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: Ш.Ө.Т ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г Ц.М тэй байгуулсан. Харин Т.Г-тай байгуулаагүй бөгөөд түүнээс 85,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Мөн нэхэмжлэгч Т.Г- нь Ц.М-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. 2020 оноос хойш гарч буй цар тахлын байдал манай компанид маш хүндээр нөлөөлсөн. Манайх нэхэмжлэлийн шаардлага болох 85,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Г-ын нэхэмжлэлтэй, Ш.Ө.Т ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 582,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Миний бие нөхөр Ц.М-ийн хамт "Ш.Ө.Т " ХХК-аас Хан-Уул дуүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Хүннү вилла хотхоны 1403 дугаар байрны 5 тоот 49 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг нийт 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр "Худалдах-худалдан авах гэрээ" байгуулж, гэрээний дагуу төлбөрийг "Ш.Ө.Т " ХХК-ийн захирал Д.Бат-Оюунд бүрэн төлсөн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 3 сарын дараа гаргаж өгөхөөр гэрээгээр тохирсон. Уг орон сууцанд 3 жил амьдарч байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг Ш.Ө.Т ХХК-ийн захирал Д.Бат-Оюунаас удаа дараа шаарддаг боловч удахгүй, өнөө маргаашгүй гэх мэтээр хойшлуулсаар байсан. Гэтэл Ж.Алтанзул гэх иргэн 3 жилийн дараа хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02750 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4б.Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Ш.Ө.Т " ХХК-ийн захирал Д.Бат-Оюунаас 85,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс жинхэнэ нэхэмжлэгчийг солих хуульд заасан эрхтэй болохыг тайлбарлан өгөөгүйгээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ

6.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

7а.Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Ш.Ө.Т ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний гүйцэтгэлд 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нөхөр бид хоёр Ш.Ө.Т ХХК-тай гэрээ байгуулж орон сууц худалдан авахаар тохиролцсон, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй учир гэрээгээр шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна. /хх 1-2/

7б.Хариуцагч тал гэрээг Ц.М тэй байгуулсан, гэрээний талыг Т.Г- төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэйг нотолсон баримтгүй гэж маргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ. /хх-27-28/

8а.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэл зориг байгаа эсэхийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих ажиллагааг явуулах боломжтой байжээ.

8б.Дээрх ажиллагааг явуулаагүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

9. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 582,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД