Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00740

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Од холбогдох,

 

Гэм хорын  хохиролд 13 097 135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Д.Баярболдтой 1999 онд гэр бүл болж 2000 он, 2006 онд хүү Б.Т, Б.Бямбадорж нарыг төрүүлсэн. Гэтэл  2010.08.17-ны өдөр О.О нь Д.Баярболдыг санаатайгаар алсан. Нэхэмжлэгч нь хоёр хүүхдээ ганцаараа тэжээж  асарсаар Б.Т 18 нас хүрсэн. Бага хүүхэд Б.Бямбадорж  одоо 12 настай 8 дугаар ангид сурч байна. Тухайн үед хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Том хүүхэд нь 2018.08.17-ны өдөр 18 нас хүрсэн тул нийтдээ нас барагчийн 97 сарын орлогыг бодож үзэхэд 31 986 000 төгрөг болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид авсан, хоёр хүүхдэд ирсэн орлого бол 18 888 910 төгрөг бөгөөд үүнийг нас барсан хүний дундаж орлогоос хасаж нийтдээ 13 097 135 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нас барагчийн орлогоос нэхэмжлэгчид ногдохыг хасаж үлдэх орлогыг тооцож өв залгамжлагч нэхэмжлэх эрхтэй. Иймд 13 097 135 төгрөгийг 2 хүүхдэд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 297 тоот тогтоол зэргээс үзэхэд тухайн үед О.О Д.Баярболд агсны амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон шүүн таслах ажиллагааны явцад тухайн үед учирсан хохирлыг төлж барагдуулсан.  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 хэсэгт зааснаар талийгаач Д.Баярболд агсны сарын дундаж цалинг 494 633 төгрөг гэж тооцвол талийгаач болоод хөдөлмөрийн чадвартай эхнэр Б.Жд ногдох хэсгийг хасаж, гэр бүлийн 4 гишүүн байна гэж үзэхэд нэг гишүүнд дунджаар 123 658 төгрөг ногдож байна. Б.Т  18 насанд хүрсэн, нөгөө хүүхэд нь насанд хүрээгүй. Хоёр хүүхдийг тооцоход хоёр хүүхдэд ногдох хэмжээ нь 247 316 төгрөг. Үүнээс Нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгч алдсаны тэтгэмжийг хасаж тооцно.  247 316 төгрөгийг 97 сард үржүүлэхэд 23 989 652 төгрөг гарч байна. Үүнээс тэжээгч алдсаны тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас олгосон 18 889 100 төгрөгийг хасаж тооцоход 5 100 000 төгрөгийн мөнгөн дүн гарч байна. Шүүх үүнийг дүгнэж шийдэх байх гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан О.Огаас гэм хорын хохиролд 13,097,135 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж төлбөр гаргуулах хэмжээг буруу тогтоосон. Нас барагчийн дундаж цалин 494 633 төгрөг байх ёстой. Дундаж цалинг гэр бүлийн 4 хүнд ногдуулж тооцох үндэслэлгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 81 000 төгрөг байтал шүүх 162 000 төгрөгөөр бодсон нь буруу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж , хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Т, Б.Ж нар нь хариуцагч О.Од холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 13 097 135 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хохирлыг бүрэн барагдуулж, ял шийтгэлээ эдэлсэн” гэж маргажээ. /хх-1-3, 32/

 

Хариуцагч О.О нь 2010 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Д.Баярболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоол, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар магадлалаар тогтоогджээ. Хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор О.Он гэм буруу нэгэнт тогтоогдсон, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлыг дахин нотлохгүй юм.  / /хх-7-9,33-44/

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн тооцооллыг дараах байдлаар гаргажээ. Үүнд: Д.Баярболд нь бусдад алагдахын өмнө хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж байсан бөгөөд түүний амьд ахуйдааавч байсан цалингийн сүүлийн 3 сарын дундажыг 1 сард 494 633 төгрөгөөр тодорхойлсон. Уг 494 633 төгрөгөөс насанд хүрээгүй 2 хүүхдэд 329 755 төгрөг ногдож байсан бөгөөд 2010 оны 8 сарын 17-нд том хүү Б.Тийг 18 насанд хүртэлх 8 жил 1 сар буюу 97 сараар үржүүлж /97х329 755/, Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгогдсон 18 889 100 төгрөгийг хасахад 13 097 135 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой гэж үзсэн./ хх-1-3/

 

Хэрэгт нотлох баримтаар Д.Баярболдын цалингийн талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт болон өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд авагджээ./хх-12, 91/ Дээрх баримтууд нь зарчмын хувьд зөрүүгүй байх бөгөөд Д.Баярболдын сүүлийн 3 сарын цалин нь 2010 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 849 700 төгрөг, 07 дугаар сарын 1-ний өдөр 342 400 төгрөг, 6 дугаар сарын 1-ний өдөр 291 800 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол  гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр буюу Б.Ж, төрүүлсэн хүүхэд Б.Т нар нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөр шаардсан байх бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн  асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах эрхтэй гэсэнтэй нийцжээ.

 

Харин анхан шатны шүүхээс гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг тодорхойлсон тооцоолол нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэсэнтэй нийцэхгүй болжээ.

 

Хуулийн дагуу, нотлох баримтад үндэслэн бодолт хийж үзэхэд 16 084 152 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тооцоолол гарч байна. /нас барагчийн 2010 оны 6, 7, 8 сарын дундаж цалин 291 800 + 342 400 + 849 700:3 =493 633 төгрөг, Дундаж цалинг гэр бүлийн 4-н гишүүний 1 гишүүнд ногдох хэсэг 493 633/4=123 408 төгрөг, төлбөр авах эрхтэй этгээд буюу насанд хүрээгүй 2 хүүхдэд ногдох 123 408х2= 246 816 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 81 000 төгрөгийг хасаад 246 816-81 000= 165 816 төгрөг, 2010.8.17-ны өдрөөс 2018.08.17-ны өдөр хүртэл 97 сарын хугацаанд ногдох 97х165 816= 16 084 152 төгрөг байна / Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 13 097 135 төгрөгөөр тодорхойлсон тул шаардлагын хүрээнд 13 097 135 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлөхөөр заасан тул нөхөн гаргуулахаар нэхэмжлэгч Б.Т шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлөхөөр байгаа тул нэхэмжлэлийн хэмжээг 97 сараар тооцсоныг мөн буруутгах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дах заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүрэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын  сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Огаас 13 097 135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Огаас 223 435 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгч Б.Жгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД