Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00227

 

Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 740 дүгээр магадлалтай,

Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлтэй,

О.О д холбогдох,

Гэм хор учруулсны төлбөрт 13 097 135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Жавзмаа нь Д.Баярболдтой 1999 онд гэр бүл болж 2000 он, 2006 онд хүү Б.Түвдэндорж, Б.Бямбадорж нарыг төрүүлсэн.

Гэтэл 2010.08.17-ны өдөр О.О  нь Д.Баярболдыг санаатайгаар алсан. Нэхэмжлэгч нь хоёр хүүхдээ ганцаараа тэжээж асарсаар Б.Түвдэндорж 18 нас хүрсэн, бага хүүхэд Б.Бямбадорж одоо 12 настай 8 дугаар ангид сурч байна.

Тухайн үед хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Том хүүхэд нь 2018.08.17-ны өдөр 18 нас хүрсэн тул нийтдээ нас барагчийн 97 сарын орлогыг бодож үзэхэд 31 986 000 төгрөг болно. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид авсан, хоёр хүүхдэд ирсэн орлого бол 18 888 910 төгрөг бөгөөд үүнийг нас барсан хүний дундаж орлогоос хасаж нийтдээ 13 097 135 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нас барагчийн орлогоос нэхэмжлэгчид ногдохыг хасаж, үлдэх орлогыг тооцож өв залгамжлагч нэхэмжлэх эрхтэй. Иймд 13 097 135 төгрөгийг 2 хүүхдэд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 297 тоот тогтоол зэргээс үзэхэд тухайн үед О.О  нь  Баярболд агсны амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон шүүн таслах ажиллагааны явцад тухайн үед учирсан хохирлыг төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 хэсэгт зааснаар талийгаач Д.Баярболд агсны сарын дундаж цалинг 494 633 төгрөг гэж тооцвол талийгаач болоод хөдөлмөрийн чадвартай эхнэр Б.Жавзмаад ногдох хэсгийг хасаж, гэр бүлийн 4 гишүүн байна гэж үзэхэд нэг гишүүнд дунджаар 123 658 төгрөг ногдож байна. Б.Түвдэндорж 18 насанд хүрсэн, нөгөө хүүхэд нь насанд хүрээгүй. Хоёр хүүхдийг тооцоход хоёр хүүхдэд ногдох хэмжээ нь 247 316 төгрөг. Үүнээс Нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж тооцно. 247 316 төгрөгийг 97 сард үржүүлэхэд 23 989 652 төгрөг гарч байна. Үүнээс тэжээгч алдсаны тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас олгосон 18 889 100 төгрөгийг хасаж тооцоход 5 100 000 төгрөгийн мөнгөн дүн гарч байна. Шүүх үүнийг дүгнэж шийдэх байх гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан О.О гаас гэм хорын хохиролд 13 097 135 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 740 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О гаас 13 097 135 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нарт олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.О гаас 223 435 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгч Б.Жавзмаагийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.5, 172-р зүйлийн 172.1-д зааснаар дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

Магадлал нь “хууль ёсны буюу үндэслэл бүхий” байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй, шүүх хуулийг “буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ. Тухайлбал:

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...анхан шатны шүүхээс гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг тодорхойлсон тооцоолол нь Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан төлбөр г  аргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай болоод төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэсэнтэй нийцэхгүй болжээ ... хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн бодолт хийж үзэхэд 16 084 152 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах тооцоолол гарч байна ... гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 13 097 135 төгрөгөөр тодорхойлсон тул шаардлагын хүрээнд 13 097 135 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв'” гэжээ.

Энэхүү дүгнэлт нь үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллийг үндэслэн Д.Баярболдын /нас барахаас өмнө бүтэн цалин авч байсан сүүлийн 3 сар болох 2010.05, 2010.06, 2010.07 сар/ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05-р сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоход Д.Баярболдын дундаж цалин хөлс 316 600 төгрөг байна... 316 600 төгрөгийг түүний ам бүлийн 4 гишүүнд хуваахад  нэг хүнд 79 150 төгрөг ногдож байна ... зөрүү үлдэгдэлгүй болно. Иймд дээрх үндэслэлээр Б.Ж, Б.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ” гэсэн дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй байсныг шүүх хурлын явцад анхан шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэж, ямар нотлох баримтыг үгүйсгэж /Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05-р сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” гэх мэт/ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ойлгомжгүй нь дээрх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болох юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, ИХШХШтХ-ийн 176-р зүйлийн 176.2.3-д заасныг үндэслэж, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 24-ний өдрийн 740 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар 05-ны өдрийн 182/ШШ2019/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нар О.О д холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 13 097 135 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

,Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Жавзмаа нь Д.Баярболдтой 1999 онд гэр бүл болж, 2000 онд хүү Б.Түвдэндорж, 2006 онд хүү Б.Баямбадорж нар төрсөн, 2010 онд Д.Баярболд нас барсан, Б.Жавзмаа нь насанд хүрээгүй 2 хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгосон, хариуцагч О.О   нь 2010 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Д.Баярболдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай Шийтгэх тогтоолоор тогтоогдсон, нэхэмжлэгч Б.Ж, Б.Т нар нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 13 097 135 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Талийгаачийн амьд сэрүүндээ авч байсан дундаж цалин хөлс 494 633 төгрөг, үүнээс 2 хүүхдэд 329 755 төгрөг ногдож байна, эцэг нь амь насаа алдсан 2010.08.17-оос том хүү Б.Түвдэндоржийн 18 нас хүртэлх 8 жил 1 сар буюу 97 сараар тооцоход эцэг нь 31 986 235 төгрөгийг 2 хүүхэддээ зарцуулан, тэжээн тэтгэх байжээ. Хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт Нийгмийн даатгалын сангаас олгосон 18 889 100 төгрөгийг хасч тооцоод 13 097 135 төгрөгийг өв залгамжлагч Б.Түвдэндорж, Б.Бямбадож нарт гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, байгаа боловч шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулж, өөрийн биеэр ял шийтгэлээ эдлээд 2017 оны 08 дугаар сарын 27-нд хорих ангиас суллагдан гарч ирсэн. Өнөөдрийг хүртэл тодорхой ажилгүй, нийгэмд өөрийн байр сууриа олж чадахгүй, олон жил хорих ял эдэлж, нийгмээс тусгаарлагдан амьдарсан учир нийгэмшихэд их хугацаа шаардлагатай байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, 508.2.-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр \эхнэр\-ийн аль нэг нь авах эрхтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгч гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж зохицуулсан.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас гэм хор учруулсны төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.2. дахь хэсэгт нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг тогтоохдоо буруу тооцжээ.

Анхан шатны шүүх талийгаачийн дундаж цалингийн хэмжээг зөв тодорхойлсон боловч Б.Жавзмаад Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгохоор тогтоосон 81 000 төгрөгийг нэг хүүхдэд оногдох тэтгэвэр гэж тодорхойлон хоёр хүүхдийн тэтгэврийг 161 000 төгрөгөөр тооцож, гэм хор учруулсны зөрүү төлбөр гарсангүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалд зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.

 Хэрэгт авагдсан баримтаар талийгаачид олгосон цалин хөлс нь 2010 оны 5 дугаар сард 315 600 төгрөг, 6 дугаар сард 291 800 төгрөг, 7 дугаар сард 342 400 төгрөгийн цалин байх ба харин 8 дугаар сард 849 700 төгрөгийн цалин олгосон байна. Сүүлийн буюу 8 дугаар сард  ажилласан хугацаа нь бага байхад олгосон цалин урьд авч байсан цалин хөлснөөс илтэд их хэмжээтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн жилд авах байсан бүхий л орлогуудыг нэмж тооцсон гэх тайлбараас үзэхэд 8 дугаар сард олгогдсон олговрыг 1 сард ногдох цалин хөлс гэж тооцох боломжгүй байна.

Иймд дундаж цалин хөлсийг 5, 6, 7 дугаар сарын цалингийн дунджаас тооцох нь зөв гэж үзнэ.

Ингээд 2010 оны 5, 6, 7 дугаар сард олгосон цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тооцоход \315 600 + 291 800 + 342 400 = 949 800:3сар\ 316 600 төгрөг байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо дундаж цалин хөлс 316 600 төгрөгт, гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хэмжээ нь 316 600 : 4 = 79 150 төгрөг, үүнээс нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай, төлбөр авах эрхгүй этгээд болох эхнэрт оногдох хэсгийг хасахад 316 600 - /79 150х2/ =158 300 төгрөг, үүнийг дундаж цалин хөлснөөс хасахад 316 600 - 158 300 = 158 300 төгрөг үлдэж байх ба насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох тэтгэврийн хэмжээ 158 300 төгрөг байна.

Насанд хүрээгүй Б.Түвдэндорж, Б.Бямбадорж нарт Нийгмийн даатгалын сангаас нийт 81 000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон тул олгогдох тэтгэврийн зөрүү сард 158 300 - 81 000 = 77 300 төгрөг байна.

Үүнийг талийгаач нас барсан 2010 оны 08 дугаар сарын 17-оос том хүү Б.Түвдэндоржийг 18 нас  хүрсэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 8 жил 1 сар буюу 97 сарын хугацаагаар тооцвол хоёр хүүхдэд 77 300 х 97 сар = 7 498 100  төгрөгийн тэтгэврийн зөрүү гарч байх тул гэм хор учруулсны төлбөрт хариуцагчаас 7 498 100 төгрөгийг гаргуулахаар байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 740 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13 097 135 төгрөг...” гэснийг “...7 498 100 төгрөг...” гэж, “...223 435 төгрөг...” гэснийг “...134 920 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.О гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД