Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/02714

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/02714

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Сити тоувер,00 тоот хаягт байрлах, А ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Зайсан гудамж, Токио тоувер 0 давхарт байрлах, Л ХХК /0000000/-нд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэг зөрчсөний хохирол 58.692.925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Ю.М, нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хоёр байгууллага нь 2021 оны 11-р сарын 19-ний өдөр цамхагт кран түрээслэх тухай 000000 дугаартай гэрээг байгуулсан болно. Тухайн гэрээнд заасанчлан түрээслүүлэгч тал түрээсийн тоног төхөөрөмж болох Краныг түрээслэгч талын ажлын талбай болох Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны зүүн талд байрлах элизабет хотхон сентури лендмарк ХХК-ийн 56 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн талбайд 2021 оны 11 дүгээр сарын 26-нд Кран хүлээлцэх Актаар хүлээлгэн өгч байршсан байх байтал гэрээнд заасан журам, эрх, үүргийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл манай байгууллагад хохирол учруулж байна. Бид гэрээнд заасанчлан 3.1 ,5.1 дэх заалтыг үндэслэн төлбөр тооцоо болох 9,800,000 төгрөг О.Д-ын Хаан банкны гэрээнд заасан дансанд төлж барагдуулж, тухайн түрээслэх кранд зориулсан суурь бэлдэж түүнд 14,668,925 төгрөгийн зардал гаргасан болно.Энэ хугацаанд бид Л ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа амаар болон албан имэйл хаягаар, албан бичгээр, гэрээний үүрэг хангаж ажиллах тухай, цамхагт краны асуудал шийдвэрлэх тухай, хохирол барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлж байсан. Бид асуудлыг нааштай шийдвэрлэх хугацаа тохирч, хүлээцтэй хандсан хэдий ч түрээслүүлэгч тал харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэхгүй шийдвэрлэж чадаагүй тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа болно. Манай салбар улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бид 2022 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын талбай дээр бэлтгэл ажлаа хийж төсөл үргэлжлүүлсэн. Гэрээнд заасан Цамхагт кран ажил эхлэхээс өмнө талбай дээр МХГ-аар дүгнэлт гаргуулж ажиллахад бэлэн болсон байх байтал Кран байхгүйн улмаас ажиллагсад сул зогсож 4,800,000 төгрөгийн зардал гаргасан. Автокран 2-р сарын 23-аас 3-р сарын 14-ны өдрийг хүртэл 18,000,000 сая төгрөгөөр түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Автокран ажиллах боломжгүй тул бид Зах зээлээс өөр Цамхагт кран түрээсэлж ажлаа үргэлжлүүлэн явуулахын тулд өмнөх кранд бэлдсэн суурь тохирохгүй тул дараагийн түрээслэх Цамхагт кранд зориулж дахин 27,074,000 төгрөгийн зардал гаргасан. Манай байгууллага Лидэр буянт холдинг ХХК тай Цамхагт кран түрээслэх тухай гэрээ байгуулж баталгаажуулснаас хойш цуцлах хүртлээ нийт 79,692,925 төгрөгийн зардал гаргаж, гаргасан зардал бүрээ анхан шатны баримт, фото зургаар баталгаажуулж имэйл хаягаар албан бичгээр нэг бүрчлэн мэдэгдэж байсан болно. Манай байгууллага Ковид хэмээх цар тахлын үед ч үндсэн хэдэн ажиллагсдаа ажилтай орлоготой нуруун дээрээ авч явсан жижигхэн байгууллага, том групп холдинг компани гэхээрээ биднийг үл тоож албан бичигт маань хариу явуулахгүй, имэйлд хариу өгөхгүй байгууллагын соёлыг умартаж үл тоосон хандлага гаргаж байсанд гомдолтой байдаг. Ярьдаг нэг зарчим нь тухайн түрээслэх кранаа өөр байгууллагаас авч чадахгүй байгаа тэндээс танай хохирлыг барагдуулж өгнө гэж тайлбар өгч төөрөгдүүлж явсаар өдий хүрсэн . Бидний хооронд байгуулсан гэрээн дээр манайд хохирол учруулсан бол тэр газраас авсан мөнгөн хөрөнгөөр барагдуулна гэсэн үг өгүүлбэр тусаагүй болно. Бид шилжүүлсэн мөнгөө О.Д-ын хувийн данс руу шилжүүлсэн тул хариуцагчаар татаж байгаа болно , мөн тухайн түрээслэх байсан краныг битүүмжилж өгөхийг хүсэж байна. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 -р сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөгийг Автокраны зардалд болон ажиллагсдын сул зогсолтын мөнгийг тус тус шийдвэрлэж өгсөн. Эцсийн байдлаар /Гэрээний төлбөрт өгсөн 9,800,000 төгрөг , түрээслэх краны суурийн бэлтгэл зардал болон Эвэр туурай ХХК -иас түрээслэсэн өөр краны шинэ суурийн зардал болох 48,892,925 төгрөг/ 58,692,925 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж өгөхийг нэхэмжлэн хүсэж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК нь А ХХК-тай Цамхагт кран түрээслэх тухай гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Гэтэл краныг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгөх гэтэл өмнөх түрээслэгч манай краныг хүлээлгэн өгөөгүй шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаандаа краныг хүлээлгэн өгөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн болно. Дээр нөхцөл байдлын улмаас А ХХК 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч гэрээг цуцалсан. Ингээд манай байгууллагаас 21.000.000 төгрөгийг А ХХК-ийн захирлын Хаан банк 5381061166 тоот данс руу шилжүүлж, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгч байгуулагын зардлыг баримтаар тооцвол 9.900.620 төгрөгийн зардал гаргасан байдаг гэтэл бид 11.200.000 төгрөг төлсөн. 1.400.000 төгрөгийг илүү төлсөнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаагүй гарсан бүх зардлыг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, цамхагт кран түрээслэх гэрээ, хавсралт, 02/03, 02/05 албан тоот, 2022.02.16-ны өдрийн кран түрээслэх гэрээ, фото зураг нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн 20-55 фото зураг, банкны шилжүүлэгийн мэдээлэл, нэхэмжлэх зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, мэдэгдэл, монгол шуудан ХК баримт, мэдэгдэл, 61-75 дугаар тал емайл хаягаар харилцаж байсан гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, 89-115 дугаар хуудсанд авагдсан банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, 116-118 талд авагдсан фото зураг, нэхэмжлэх, зарлагын баримт, падаан, краны паспорт,хавсралтууд зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр шүүхэд өгсөн байна.

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

А ХХК нь Л ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсны хохирол 58.692.925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь А ХХК-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт 9.800.000 төгрөг, краны суух барих буулгахтай холбогдон гарсан зардал 6.200.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөгийг А ХХК-ийн захирлын Хаан банк 5381061166 тоот данс руу шилжүүлж, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд цамхагт кран түрээслэх 000000 тоот гэрээ байгуулагдаж, нэг сарын төлбөр 9.800.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд түрээсийн гэрээ байгуулсан боловч хариуцагч Л ХХК түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч А ХХК-нд хүлээлгэж өгөөгүй, энэ талаар маргаагүй.

 

Түрээсийн гэрээний зүйл болох краныг хүлээлгэж өгөөгүйн улмаас А ХХК-нд 58.692.925 төгрөгийн хохирол учирсан гэх боловч нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан баримтын шаардлага хангаагүй, энэ баримтаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан бөгөөд хариуцагч Л ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 21.000.000 төгрөгийг А ХХК-нд шилжүүлжээ.

 

А ХХК-ийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсны улмаас 58.692.925 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Эдгээр үндэслэлээр Л ХХК-д холбогдох 58.692.925 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураажид төлсөн 451.514,63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 318 дугаар зүйлийн 318.1-д хэсэгт заасныг баримтлан Л ХХК-д холбогдох 58.692.925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451.514,63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО