Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00053

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/02714 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК-ийн-ийн хариуцагч Л ХХК-ийн олбогдох түрээсийн гэрээний үүрэг зөрчсөний хохиролд 58,692,925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.а. Гэрээний төлбөрт өгсөн 9,800,000 төгрөг,

1.б. Түрээслэх краны суурийн бэлтгэл зардал болон Э ХХК-аас-иас түрээслэсэн өөр краны шинэ суурийн зардал болох 48,892,925 төгрөг, нийт 58,692,925 төгрөгийг гаргуулна.

Талууд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цамхагт кран түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар түрээслүүлэгч түрээсийн тоног төхөөрөмж болох краныг түрээслэгч талын ажлын талбай болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны зүүн талд байрлах Элизабет хотхоны С ХХК-ийн ХХК-ийн 56 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн талбайд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр кран хүлээлцэх актаар хүлээлгэн өгч байршсан байх байтал гэрээнд заасан журам, эрх, үүргийг ноцтой зөрчиж манай байгууллагад хохирол учруулсан.

Гэрээний 3.1, 5.1-т заасныг үндэслэн төлбөр тооцоо болох 9,800,000 төгрөгийг О.Д-ынхаан банкны дансанд төлж барагдуулж, түрээслэх кранд зориулсан суурь бэлдэж түүнд 14,668,925 төгрөгийг төлсөн. Дээрх хугацаанд Л ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа амаар болон и-мэйл хаягаар, албан бичгээр, гэрээний үүрэг хангаж ажиллах тухай, цамхагт краны асуудал шийдвэрлэх тухай, хохирол барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Бид асуудлыг шийдвэрлэх хугацаа тохирч, хүлээцтэй хандсан хэдий ч түрээслүүлэгч харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзээгүй тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Манай салбар улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын талбайд бэлтгэл ажлаа хийж төслийг үргэлжлүүлсэн. Гэрээнд заасан цамхагт кран ажил эхлэхээс өмнө талбайд мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулж ажиллах гэсэн боловч кран байхгүйн улмаас ажиллагсад сул зогсож 4,800,000 төгрөгийн зардал гарсан. Автокраныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 18,000,000 төгрөгөөр түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өмнөх кранд бэлдсэн суурь тохирохгүй байсан учраас дахин өөр краныг 27,074,000 төгрөгөөр түрээсэлсэн. Хариуцагч компанитай цамхагт кран түрээслэх тухай гэрээ байгуулснаас хойш гэрээг цуцлах хүртэл нийт 79,692,925 төгрөгийн зардал гаргасан. Гарсан зардлыг баримт, фото зургаар баталгаажуулж и-мэйл хаягаар албан бичгээр нэг бүрчлэн мэдэгдсэн. Манай байгууллага Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд ажилчдынхаа цалинг олгож байсан. Хариуцагч байгууллага кранаа өөр байгууллагаас авч чадахгүй байна, тэндээс аваад танай хохирлыг барагдуулж гэж төөрөгдүүлж явсаар өдийг хүрсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд манайд хохирол учруулсан бол тэр газраас авсан мөнгөн хөрөнгөөр барагдуулна гэж тусгагдаагүй. О.Д-ынхувийн дансанд мөнгийг шилжүүлсэн тул хариуцагчаар татсан. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөгийн автокраны зардалд болон ажиллагсдын сул зогсолтын мөнгийг тус тус шийдвэрлэж байсан.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талууд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цамхагт кран түрээслэх гэрээг байгуулсан. Краныг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөх гэтэл өмнөх түрээслэгч краныг хүлээлгэн өгөөгүйн улмаас хугацаанд нь краныг хүлээлгэн өгөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч компани 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авч гэрээг цуцалсан. Манай байгууллагаас 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирлын Хаан банкны 5381061166 тоот дансанд шилжүүлж, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгчээс гарсан зардлыг баримтаар тооцвол 9,900,620 төгрөгийн зардал гаргасан байтал хариуцагч нь 11,200,000 төгрөгийг буцаан төлсөн. 1,400,000 төгрөгийг илүү төлсөнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаагүй, гарсан бүх зардлыг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Л ХХК-ийнолбогдох 58,692,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-ийн-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,514,63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн асуудлыг тэс өөрөөр дүгнэсэн. Миний бие ямар нэгэн гэрээнээс татгалзсан талаар тайлбар хийгээгүй байхад шүүгч шийдвэртэй татгалзсан мэтээр тусгасан нь зарчмын хувьд байж болохгүй асуудал бөгөөд хэргийг шүүх шийдвэрлэхдээ буруу дүгнэлтэд үндэслэж шийдвэрлэсэн. Цамхагт кран түрээслэх тухай гэрээ цуцлагдсантай холбогдуулан өөр кран түрээслэх шаардлага үүсэж нэмэгдэл зардал гарсан. Хариуцагч компаниас түрээслэх байсан кранд 25,328,225 төгрөгийн зардал гарсан бөгөөд суурийг бэлдэх ажил, угсарсан суурийг нураах, гарсан хог хаягдлыг зайлуулах, ажилчдад нэмэлт цалин хөлс олгосон. Хариуцагч компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 22,544,400 төгрөгийн авто кран түрээслэн илүү зардал төлж хохирсон. Уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн боловч шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Мөн шаардлага хангасан нотлох баримтыг хүлээж авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөд хүргэсэн. QR код бүхий баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж буцаасан бол уг баримтуудын шаардлагыг хангаж дахин гаргах боломж байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагаас гүтгэлэгийн шинжтэй тайлбар хэлж байсан тул манай байгууллагаас няцаалт хийж хариу тайлбар гаргасан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан эсэх талаар шүүгчийн туслахаас тодруулахад тэмдэглэл бэлэн болоогүй байна гэж хэлсэн. Удаа дараа тодруулж асуухад зарим зүйлд нь буруу бичигдсэн байсан, шүүгч аваад явсан гэж хэлсэн. Дахин тодруулж шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад он, сар, өдөр, гарын үсэггүй тэмдэглэл танилцуулсан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж тэмдэглэлд өөрчлөлт оруулах боломжгүй болгосон. Анхан шатны шүүх нотлох баримтын хувьд хоосон итгэл үнэмшил төрүүлж, хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс баримтаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх боломжоор бүрэн хангаж өгсөн. Тухайн үед баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэхэд ойлгохгүй, мэдэхгүй байсан мэт тайлбар гаргаж байсан. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй атлаа үүний улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргасан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч А ХХК-ийн нь хариуцагч Л ХХК-ийнолбогдуулан

2.а. Түрээсийн төлбөрт 9,800,000 төгрөг,

2.б. Краны суурийн зардалд 14,668,925 төгрөг,

2.в. Сул зогсолтын үеийн олговор 4,800,000 төгрөг,

2.г. Өөр кран түрээсэлсэн түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг,

2.д. Суурийн зардалд 27,074,000 төгрөг, нийт 74,342,925 төгрөгийн хохирол учруулснаас хариуцагчийн төлсөн 21,000,000 төгрөгийг хасч, үлдэх 58,692,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тайлбартаа түрээсийн гэрээ байгуулсан нь үнэн боловч краныг хүлээлгэж өгөөгүйн улмаас гэрээнээс татгалзсан, үүнтэй холбогдон учирсан хохиролд 21,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч нэхэмжлэгчид түрээсийн зүйл болох краныг шилжүүлж өгөөгүйн улмаас гэрээнээс татгалзсан талаар талууд маргаагүй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах үр дагавар үүсчээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн нэг сарын төлбөр 9,800,000 төгрөгийг төлсөн, краны суурь бэлтгэхэд 11,868,925 төгрөгийг, цутгасан краны суурь эвдэж зайлуулахад 2,800,000 төгрөгийг тус тус зарцуулсан нь тогтоогдсон, хариуцагч нь краныг нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлэх үүргээ зөрчсөн тул дээрх мөнгөн дүнгийн хэмжээгээр буюу 24,468,925 төгрөгөөр хохирлын хэмжээг тодорхойлж, үүнээс хариуцагчийн төлсөн 21,000,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сул зогсолтын үеийн олговор 4,800,000 төгрөг, өөр кран түрээсэлсэн түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, тухайн краны суурийн зардал 27,074,000 төгрөг, нийт 49,874,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

4.а. Хариуцагч краныг шилжүүлээгүйн улмаас барилга угсралтын ажил зогсож, улмаар инженер техникийн, арматурын болон мужааны зэрэг нийт 8 ажилтанд 4,800,000 төгрөгийн сул зогсолтын үеийн олговор олгосон гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх ба түүний депозит дансны хуулгаас үзэхэд сул зогсолтын үеийн олговор олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.б. Хариуцагч краныг шилжүүлээгүйгээс нэхэмжлэгч тал Э ХХК-аас-тай цамхагт кран түрээслүүлэх, угсарч монтажлах, буулгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг, тухайн краны суурийн зардалд 27,074,000 төгрөг зарцуулсан гэх үндэслэлээр эдгээр зардлыг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэгчид краныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөр компаниас кран түрээсэлсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамааралгүй байх тул уг мөнгийг мөн хуулийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлгүй байна.

5.а. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22/02/05 дугаартай албан бичиг хэрэгт авагджээ. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байх ба энэ талаар зохигчид маргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гэрээнээс татгалзах талаар ямар нэг тайлбар хийгээгүй байхад шүүгч шийдвэртээ татгалзсан мэтээр тусгаж дүгнэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.б. Нэхэмжлэгч нь шүүхэд түрээсийн гэрээний үүрэг зөрчсөний хохиролд 58,692,925 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн хэлэлцүүлэг энэ хүрээнд явагдаж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зүйл шийдвэрт болон хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй гэх гомдол үндэслэлгүй.

5.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхтэй бөгөөд хэрэв алдаатай бичигдсэн гэж үзвэл шүүх хуралдаан даргалагчид танилцуулж засвар хийхийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч талыг энэ эрхээ хэрэгжүүлэхэд шүүх зориуд саад хийсэн гэж гомдолд дурдсан байх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй..

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах эрхийн урьдчилсан нөхцлийг тусгасан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд гэрээнээс татгалзсан, энэ талаар маргаагүй төдийгүй нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргаагүй, харин гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардсан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардах эрхийг зохицуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан уг заалтыг баримтлах нь оновчтой юм.

7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/02714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК-аас 3,468,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-ийн-д олгож, нэхэмжлэлээс 55,224,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,514 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН