Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/03735

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 27 өдөр

             Дугаар 102/ШШ2022/03735                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч Д.Х

           

  Хариуцагч Х.Б-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн биелэлтэд 44.725.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч Х.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц

Гэрч Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Х.Б-д холбогдуулан 44.725.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

         Нэхэмжлэлийн үндсэн шаардлага 44.725.000 төгрөгийг хариуцагч Х.Б-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

         Д.Х хариуцагч Х.Б-тай  2021 оны  05 дугаар сарын  02-ны өдөр 1215 буюу тонн хоёр зуун арван таван килограмм ноолууурыг тухайн үеийн ханшаар нэг килограммыг 115.000 төгрөгөөр тооцож худалдсан.

        Мөн хариуцагч ноолуурыг хүлээлгэн авсны дараа 95.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөр 44.725.000 төгрөгийг өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

        Гэрчийн тайлбарласан 5.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж багасгаад 39.725.000 төгрөгийг нэхэмжилж байна, гэжээ.

  

         3.Хариуцагч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц.А надтай утсаар ярьсан.

        Сүхбаатар аймгийн ноолуур байна сайн ноолуур байгаа манай хуурай дүүгийн дэлгүүртээ авсан хувь хүмүүс, малчины ноолуур гэж хэлсэн.

         Ингээд би та өөрөө сайн харсан уу? Найдвартай биз дээ гэж асуухад найдвартай надад итгэж болно гэж хариулсан.

        Миний бие Ц.А ахыг Сүхбаатар аймагтаа танил тал ихтэй, нөлөөтэй найдвартай хүн гэж итгэсний дагуу ноолуурыг авъя гэж хэлсэн.

        Эхлээд та өөрөө очиж үзээд, хэдэн килограмм болсон талаар надад хэлээрэй гэж хэлэхэд намайг нэг хүн явуулчих гэж Ц.А ах хэлсэн.

        Тухайн үед би өөрөө ажилтай байсан учраас найзыгаа явуулаад очиж үзээд ноолуурыг авсан. Би өөрийн биеэр очиж аваагүй.

        Хэрвээ Д.Х-ын ноолуур гэж мэдсэн бол би авахгүй байсан.

        Тэр үед Сүхбаатар аймаг болон Дорноговь аймгийн ноолуур хоорондоо 10.000 төгрөгийн зөрүүтэй, ноолуурын чанараас шалтгаалан өөр байсан.

        Би Сүхбаатар аймгийн ноолуур гэж итгэсэн учраас авсан.

        Ноолуурыг би Д.Х гэдэг хүнээс аваагүй. Ц.А гэдэг хүнээс очиж авахдаа би өөрөө мөн адил очиж аваагүй.

        Ноолуурыг жинлэж авахад миний найз, миний туслах авсан байдаг.

        Ноолуурын ханшийн зөрүүнээс буюу Дорноговь аймгийн ноолуурыг Сүхбаатар аймгийн ноолуур гэж авснаас болж өөрийнхөө 4.5 тонн ноолууртай хольж цаашаа бэлтгэн нийлүүлэх ажилд өгч, 86.800.000 төгрөгөөр хохирсон.

         Анхнаасаа надаа үнэнээ хэлсэн бол би ийм асуудалд орохгүй мөн тэр ноолуурыг авахгүй байх байсан. Намайг хуурч мэхлэх замаар өгсөн гэж харддаг.

         Би Ц.А руу 100.000.000 төгрөг шилжүүлсэн.

         Үлдэгдэл мөнгийг яах талаар надаас асуухад та намайг хуурсан тул энэ ноолуурыг зарсны дараа үлдэгдэл мөнгөний талаар ярина гэж хэлсэн.

         Нэг килограмм ноолуурын үнийг 115.000 төгрөгөөр бид тохиролцсон.

         Хамгийн муу ноолууртай байдаг Сүхбаатар аймгийн ноолуурыг надад 115.000 төгрөгөөр зарсан. Дорноговь аймгийн ноолуур сайн байхад 104.000-106.000 төгрөгийн ханштай байсан, гэжээ. 

         

         4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:

 

         5.Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.Б-д олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх “Хаан” банкны депозит дансны хуулга, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга

 

         6.Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч ноолуурыг худалдан авч, үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байгаа тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлов.

 

         3.Хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний бие өөрийн биеэр очиж ноолуурыг аваагүй. Хүн явуулж авахуулахад чанарын шаардлага хангаагүй ноолуур өгсөн байсан. Үүнээс болж би хохирсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

         4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

           

         5.Нэхэмжлэгч Д.Х-с, хариуцагч Х.Б 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1215 килограмм ноолуурыг нэг килограмм тутмын үнийг 115.000 төгрөгөөр тооцож нийт 139.725.000 төгрөгийн ноолуурыг худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

         6.Иймээс шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэгч бүтээгдэхүүнийг нийлүүлж, хариуцагч хүлээн авсан талаараа маргаагүй тул мөн хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

        7.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч “Чанарын шаардлага хангаагүй ноолуур өгсөн учраас үлдэгдэл мөнгийг төлөхгүй” гэж нэхэмжлэгчийн нийлүүлсэн ноолуурыг хүлээн авснаа зөвшөөрч, бүтээгдэхүүний доголдлын талаар маргаж байна.

 

        8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр хуульчилжээ.

 

       9.Тодруулбал мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

 

       10.Талуудын тайлбар, нотлох баримтаас харахад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл татгалзлаа өөрөө нотлож, нотлох баримтаа цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хуульд заасан эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй, бүтээгдэхүүнийг доголдолтой байсан эсэхийг баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй болно.

 

       11.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасанчлан нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг бараа бүтээгдэхүүний чанарыг шалган авах эрхээ эдлэхийг хязгаарласан, хориглосон нь баримтаар нотлогдоогүй ба хариуцагч хуульд заасан хугацаанд доголдлын талаар гомдол гаргаагүй гэдгээ тайлбараараа илэрхийлж, ноолуурыг шалгаж авах үүргээ биелүүлээгүй нь баримтаар тогтоогдож байна.

 

      12.Шүүх хуралдаанд гэрч Ц.А “Миний бие Д.Х, Х.Б хоёрын хооронд ноолуур худалдах, худалдан авахад зуучилж, холбож, хэлж өгсөн үнэн. Х.Б-с ноолуурын үнэд над руу 100.000.000 төгрөг шилжүүлснээс Д.Х-д хэлээд 5.000.000 төгрөгийг өөртөө авч үлдээд, 95.000.000 төгрөгийг Д.Хын данс руу “ноолуурын үнэ” гэж шилжүүлсэн. Нэг нь авсан. Нөгөө нь өгсөн. Өөрөө ямар ноолуур байна гэдгийг шалгах ёстой гэж бодож байна. Маргаад байх зүйл байхгүй байхаа” гэх мэдүүлэг, дансны хуулга, зохигчдын тайлбараар ноолуурын үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

        13.Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 44.725.000 төгрөг-5.000.000 төгрөг /Ц.А-д өгсөн мөнгө/ = 39.725.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381.575 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 39.725.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 356.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-с худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 39.725.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381.575 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 356.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА