Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00005

 

 

 

 

 

 

 

 

2022 12 21 210/МА2023/00005

 

 

 

 

Д.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03735 дугаар шийдвэртэй, Д.Хын нэхэмжлэлтэй, Х.Бд холбогдох, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 39,725,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Д.Х нь Х.Бд 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1215 кг ноолуурыг тухайн үеийн ханшаар нэг кгыг 115,000 төгрөгөөр тооцож худалдсан. Мөн хариуцагч ноолуурыг хүлээлгэн авсны дараа 95,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 44,725,000 төгрөгийг өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гэрчийн тайлбарласан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж багасгаад 39,725,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц.А нь Сүхбаатар аймгийн сайн ноолуур байгаа, манай хуурай дүүгийн дэлгүүртээ авсан хувь хүмүүс, малчны ноолуур гэж хэлсэн. Ингээд би та өөрөө сайн харсан уу, найдвартай биз дээ гэж асуухад найдвартай надад итгэж болно гэсэн. Миний бие Ц.А ахыг Сүхбаатар аймагтаа танил тал ихтэй, нөлөөтэй найдвартай хүн гэж итгэсний дагуу ноолуурыг авъя гэж хэлсэн. Эхлээд та өөрөө очиж үзээд, хэдэн кг болсон талаар надад хэлээрэй гэхэд намайг нэг хүн явуулчих гэсэн. Тухайн үед би өөрөө ажилтай байсан учраас найзыгаа явуулаад очиж үзээд ноолуурыг авсан, би өөрийн биеэр очиж аваагүй. Хэрвээ Д.Хын ноолуур гэж мэдсэн бол би авахгүй байсан. Тэр үед Сүхбаатар аймаг болон Дорноговь аймгийн ноолуур чанараас шалтгаалан хоорондоо 10,000 төгрөгийн зөрүүтэй байсан. Би Сүхбаатар аймгийн ноолуур гэж итгэсэн учраас авсан. Ноолуурыг би Д.Х гэдэг хүнээс аваагүй. Ноолуурын ханшийн зөрүү буюу Дорноговь аймгийн ноолуурыг Сүхбаатар аймгийн ноолуур гэж авснаас болж өөрийнхөө 4.5 тонн ноолууртай хольж цаашаа бэлтгэн нийлүүлэх ажилд өгч, 86,800,000 төгрөгөөр хохирсон. Анхнаасаа надаа үнэнээ хэлсэн бол би ийм асуудалд орохгүй, мөн тэр ноолуурыг авахгүй байх байсан. Намайг хуурч мэхлэх замаар өгсөн гэж харддаг. Би Ц.А руу 100,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг яах талаар надаас асуухад та намайг хуурсан тул энэ ноолуурыг зарсны дараа үлдэгдэл мөнгөний талаар ярина гэж хэлсэн. Нэг кг ноолуурын үнийг 115,000 төгрөгөөр бид тохиролцсон. Хамгийн муу ноолууртай байдаг Сүхбаатар аймгийн ноолуурыг надад 115,000 төгрөгөөр зарсан. Дорноговь аймгийн ноолуур 104,000-106,000 төгрөгийн ханштай байсан гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Бас 39,725,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,575 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 356,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Ц.А нь Дорноговь аймгийн ноолуурыг Сүхбаатар аймгийн ноолуур гэж хуурч Х.Бд зарсан. Х.Б, Ц.А нарын хооронд чанаргүй ноолуур зарсантай холбоотой төлбөрийн маргаан үүссэн. Гэрч Д.Ууганбаяр, Ц.А нарын мэдүүлгүүдийн аль алийг нь үнэлж, нотлох баримтаар тооцох боломжгүй. Учир нь тэдний мэдүүлэг хоорондоо зөрж байгаа тул хэн алины мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй. Мөн дээрх гэрч нар шүүх хуралдаанд "... хариуцагч талаас холбогдоод хурал дээр ирээд Х.Б ирж ноолуур авсан гээд хэлээд өгөөч гэж утсаар ярьсан гэж ярьдаг бөгөөд нэхэмжлэгч талаас гэрчид нөлөөлж, үг зааж өгсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

4.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Хаас хариуцагч Х.Б 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1215 кг ноолуурыг нэг кг тутмын үнийг 115,000 төгрөгөөр тооцож нийт 139,725,000 төгрөгийн ноолуурыг худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн "Хаан" банкны дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөвөөр дүгнэж чадаагүй.

4.в. Хариуцагч Д.Хаас ноолуур огт аваагүй, очиж аваагүй, уулзаагүй, авах талаар утсаар яриагүй талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлж, маргасан байхад шүүх шууд хариуцагч хүлээн авсан талаараа маргаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

4.г. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч чанарын шаардлага хангаагүй ноолуур өгсөн учраас үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж нэхэмжлэгчийн нийлүүлсэн ноолуурыг хүлээн авснаа зөвшөөрч, бүтээгдэхүүний доголдлын талаар маргаж байна гэж дүгнэсэн, Х.Б нь Ц.Ат холбогдуулан тайлбар хэлсэн болохоос биш Д.Хаас ноолуур авсан, тэр нь чанарын шаардлага хангаагүй, ийм учраас үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж огт хэлээгүй.

4.д. Хариуцагчийн зүгээс Д.Хаас ноолуур аваагүй талаар маргасан бөгөөд огт аваагүй ноолуурын талаар нотлох баримт цуглуулах ямар ч боломжгүй. Д.Хтай уулзаагүй, ноолуур аваагүй, утсаар яриагүй, төлбөр мөнгө шилжүүлээгүй, өгөөгүй учраас энэ талаар ямар ч нотлох баримт байх боломжгүй байхад шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл, татгалзлаа баримтаар нотлоогүй, хуульд заасан эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй, бүтээгдэхүүнийг доголдолтой байсан эсэхийг баримтаар няцааж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ тайлбарлаж хариу тайлбар шүүхэд гаргаагүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй. Хэргийн материалаас харахад 2 гэрч нь нэг утга агуулга бүхий тайлбарыг гэрчилж хэлсэн. Мөн хариуцагч нь тухайн ноолуурыг авсан гэж өөрөө хэлж, гэрчүүд нотолсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг кг ноолуур хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан гэх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Х.Бд 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1215 кг ноолуурыг нэг кг-ыг 115,000 төгрөгөөр тооцож худалдсанаас 100,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 39,725,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр 39,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ноолуурын хэмжээ болон үнийн дүнгийн хувьд маргаагүй боловч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, Ц.Атай тохиролцож худалдан авсан, чанарын шаардлага хангаагүй ноолуур байсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хаан банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5935301238 тоот дансны хуулга, гэрч Ц.Аын мэдүүлэг, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн дансанд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5103030704 тоот данснаас 95,000,000 төгрөгийг Анхбаяр ноолуурын үнэ гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, мөн гэрч Ц.Аын ... Д.Х, Х.Б нарыг холбож өгсөн хүн би ... Ноолуурыг үнэ тохирч, чанар болсон бол авч байгаа гэж ойлгож байгаа ... Х.Б руу утасдаж мөнгийг хэзээ өгөх талаар асуусан. Нэлээн шахсаны дараа 100,000,000 төгрөг над руу шилжүүлснээс 95,000,000 төгрөгийг Д.Хын данс руу шилжүүлсэн. Зуучилж өгсөн мөнгөө авлаа шүү ... үлдэгдэл тэдэн төгрөг үлдсэн шүү гэж хэлсэн ... Тэрнээс хойш энэ хоёр хүн над руу нэг ч удаа яриагүй гэх мэдүүлэг, хариуцагчийн ... Ц.А нь Сүхбаатар аймгийн сайн ноолуур байгаа, манай хуурай дүүгийн дэлгүүртээ авсан хувь хүмүүс, малчны ноолуур гэж хэлсэн ... Ц.А ахыг Сүхбаатар аймагтаа танил тал ихтэй, нөлөөтэй найдвартай хүн гэж итгэсний дагуу ноолуурыг авъя гэж хэлсэн ... Тухайн үед би өөрөө ажилтай байсан учраас найзыгаа явуулаад очиж үзээд ноолуурыг авсан гэх тайлбар зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл тусгагдсан, хуульд заасан арга хэрэгслээр авагдсан нотлох баримтыг шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар ноолуурыг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч нэхэмжлэгчид ийнхүү мэдэгдэж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн ноолуур гэсэн боловч Дорноговь аймгийн ноолуур байсан, чанарын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үлдэх үүрэг болох 39,725,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,575 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА