Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/03404

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2022/03404 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******,******* 99-р байрны 18 тоотод оршин суух, Авгачууд ургийн овогт Лувсангийн Отгончимэг  /РД:НХ86031108 / нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *******,******* СӨХ-ны байранд байрлах, Агниста сууц өмчлөгчдийн холбоод холбогдох, 

 

Гэм хорын хохирол 8 915 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус хотхоны 99 байрны 18 тоот байрыг Өгөөмөр бор хужирт ХХК-иас 20/18 тоот гэрээгээр 3, 16 тоот авто машины зогсоолын хамт худалдан авсан бөгөөд 16 тоот авто зогсоол дээрээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Таван богд ХХК-иас 122 500 000 төгрөгөөр худалдаж авсан Тоуоtа RAV4 high загварын******* улсын дугаартай авто машинаа тавьдаг. Гэтэл 2020 оны 6 дугаар сараас эхлэн бороотой өдөр бүр тус 16 тоот авто зогсоолын дээрээс их хэмжээний борооны ус нэвчиж хана, таазны шохой, элдэв шугам хоолойн зэвийг уусган авто машин дээр байнга гоожсоны улмаас машины гадна тал болон цонхны шил, дээд талын нарны лүүк битүү толбо тогтсон. Тус машиныг олон угаалгын газруудад угаалгаж урвалд орж тогтсон толбыг арилгуулах гэж янз бүрийн бодисоор арчиж үрүүлсэн, дриллэн өнгөлгөө хийлгэсэн боловч өнөөдрийг хүртэл тогтсон толбыг арилгаж чадахгүй байна. Сүүлдээ аргаа баран автомашин засварын газарт хандахад машины будаг нь урвалд орсон учраас толбо угаалгаад арилахгүй зөвхөн иж бүрэн будаг, өнгөлгөөнд оруулах шаардлагатай. Харин цонхны шилэн дээр тогтсон толбыг тусгай бодис буюу хүчлээр цэвэрлэх шаардлагатай, дээд талын нарны лүүкний пивер хэсгүүд болон мөнгөлөг хүрээний толбо арилахгүй тул анхных шиг нь болгохын тулд Таван богд ХХК-иас үнийн санал аваад их биеэр нь солиулах хэрэгтэй гэсэн. Иймд миний бие Сангийн яамнаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Итгэлт Эстимэйт ХХК-иар Авто машины хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд машины урд 2 шил, хойд 2 шил, дээд нарны лүүк солих, дээд нарны хойд лүүк панел өнгөлгөө хийх, капут болон толбо тогтсон 4 хаалгыг хэсэгчлэн будаж өнгөлгөө хийх замаар засварлахаас өөр аргагүй гэж үзэж авто машинд учирсан хохирлын нийт хэмжээ 8 565 400 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 350 000 төгрөг, нийт 8 915 400 төгрөг болсныг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би тус СӨХ-өөс нэхэмжилсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулахгүйн дээр авто зогсоолын засварын ажлыг хийхгүй байгаан улмаас машин нэмж бохирдсон хэвээр байна. Тус хотхоны доорх зогсоол дээрээс борооны ус гоождогийг анх мэдсэн даруйдаа миний бие СӨХ-ийн ажилчид, даргад цаг тухай бүрт нь амаар мэдэгдэж засаж өгөх хүсэлтийг тавьж, бохирдсон автомашинаа үзүүлж байсан боловч СӨХ-ийн дарга шаардлага огт хүлээж авдаггүй, тус хотхоныг барьсан Өгөөмөр бор хужирт ХХК-д дамжуулж өгье, бид хариуцахгүй гэдэг хариултыг өгч элдвээр шалтаглаж ирсэн. Гэвч*******ы барилгын гүйцэтгэгч болох Өгөөмөр бор хужирт ХХК нь тус хотхоны 99 дүгээр байрыг 2015 оны 02- дугаар сард, 99А, 99Б байруудыг 2016 оны 07 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байдаг бөгөөд барилга ашиглалтад ороод 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Барилга анх ашиглалтад ороход буюу 2015 онд Үлэмж өрнөх гэх СӨХ ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард******* СӨХ байгуулагдаж улмаар 2017 оны 05 дугаар сард Дашдаваагийн Алимаа нь тус СӨХ-ийн даргын үүрэгт ажлыг өөрийн дүү болох Дашдаваагийн Өлзийцэндээс шилжүүлэн авсан байдаг. Өнөөдөр СӨХ-ийн даргын үүрэгт ажлыг хийж байгаа******* нь оршин суугчдын гомдол хүсэлтийг хүлээж авдаггүй байсны дээр тус СӨХ-ийн дарга болсноос хойшхи хугацаанд нийт оршин суугчдын хурлыг бараг хуралдуулдаггүй, санхүүгийн тайлангаа танилцуулдаггүй, санхүүгийн тайлан шилэн биш гэх мэт олон асуудлаар оршин суугчдын дунд санал гомдол тасрахгүй байхад тэдгээрийг шийдвэрлэхгүй явсаар иржээ. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна ... хэмээн заасан, мөн хуулийн 14.6-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна гэж тус тус заасан байдаг. СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгын үндсэн дээр байгуулагдаж нийт оршин суугчдаас сар бүр СӨХ-д төлдөг төлбөрөөр цалинжиж ажилладаг. Тиймээс ус гоождог зогсоолын засварын ажлыг борооны улирал эхлэхээс өмнө засаж өгөхийг хүсч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр миний бие******* даргад дахин хандаж бичгээр өргөдөл өгч, эд хөрөнгөд учирсан хохирлыг тус СӨХ-өөс нэхэмжлэх үндэслэлтэй хэмээн үзэж 2021 оны 02 дугаар сарын 02-нд бичгээр нэхэмжлэл, хохирлын үнэлгээний хамт хүргүүлсэн боловч шийдэж өгөөгүй. Мөн тус хотхоны доорх авто зогсоол дээрээс ус гоождогийн улмаас надаас гадна хохирсон олон оршин суугчид байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 8 хохирогч хамтран СӨХ-ийн дарга*******д өргөдөл гаргаж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ус алдаж миний эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй, харин хохирлын хэмжээнд маргаж, түүний хүсэлтээр шүүхээс хоёр удаа шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Уг үнэлгээ нь миний анх хийлгүүлсэн үнэлгээнээс өндөр гарсан боловч шүүхэд анх гаргасан 8 915 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн******* нь тус сууц өмчлөгчдийн холбооны харъяа 996 байрны 18 тоотын оршин суугч бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн автзогсоолын дээрээс ус гоожиж машинд нь хохирол учирсан тухай гомдлыг гаргасан. Уг гомдлыг манай сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл хэлэлцээд хариуг албан бичгээр өгсөн. Зөвхөн******* биш сууц өмчлөгчдийн холбооны нийт байрнуудын автозогсоолын дээрээс ус нэвчиж байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нийт оршин суугчдыг төлөөлж гомдол гаргасны дүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-112/1095 тоот дүгнэлт гарсан. Дээрхи дүгнэлтийн дагуу барилгын гүйцэтгэгч Өгөөмөр бор хужирт ХХК-д албан шаардлага хүргүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэлд манай сууц өмчлөгчдийн холбоо гомдолд хариу өгөөгүй, арга хэмжээ огт авч ажиллаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэж бичжээ. Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилгын компанид удаа дараа албан бичиг хүргүүлж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 4.1.6-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, дэвсгэр болон орчны газар гэдэгт орон сууцны дээрхи нийтийн зориулалттай машины зогсоолыг, орчны газарт орон сууцны байшингийн нийт суугч, өмчлөгчид зориулагдсан автомашины зогсоол хамрагдахаар тус тус тодорхой заасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан авто зогсоол нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувь хүний өмч учраас учирсан хохирлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа,******* СӨХ-д 2021.01.28-нд өгсөн өргөдөл, авто машины бохирдсон хэсгийн зураг болон 16 тоот авто зогсоолын ус гоождог хэсгийн зураг, 2021 оны 01 дүгээр сарын 30-нд Итгэлт Эстимэйт ХХК-иар хийлгэсэн авто машин техникийн хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний ажлын хөлс төлсөн талаарх баримт, 2021 оны 02 дугаар сарын 02-нд СӨХ-д өгсөн нэхэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр оршин суугчдын хамт СӨХ-д өгсөн өргөдөл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, авто машин худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Мандал даатгал ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21/1149 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.******* СӨХ-ийн төлбөрийн задаргаа болон оршин суугчдын цахим сүлжээнд харилцсан зурвасуудад үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас Агниста СӨХ-ны 19/04 дугаартай гэрчилгээ,******* СӨХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр Өгөөмөр бор хужирт ХХК-д хаягласан 45/18 дугаартай албан тоот, Өгөөмөр бор хужирт ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр******* СӨХ-нд хүргүүлсэн 21/18 тоот хариу албан бичиг,******* СӨХ-ноос 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Өгөөмөр бор хужирт ХХК-д шаардлага хүргүүлэх тухай 28/20 тоот, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 27/21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-112/1095 тоот дүгнэлт,******* СӨХ-ноос 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дэд бүтцийн хяналтын хэлтэст хүргүүлсэн 28/18 тоот албан бичиг эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс******* УБД улсын дугаартай авто машины өмчлөх эрхийн гэрчилгээ, Итгэлт эстимэйт ХХК-иас үнэлгээний тайлан гаргахад үндэслэсэн баримтыг, Мандал даатгал ХХК-иас нэхэмжлэгч*******ийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийн хамт гарган өгсөн баримтуудыг тус тус бүрдүүлсэн бөгөөд хохирлын үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг, дахин шинжээчээр Мастер үнэлгээ ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2020 оны 6 дугаар сараас эхлэн бороотой өдөр бүр 16 тоот авто зогсоолын дээрээс их хэмжээний борооны ус нэвчиж, хана таазны шохой, элдэв шугам хоолойн зэвийг уусган миний өмчлөлийн******* улсын дугаартай Тоуоtа RAV4 high маркийн авто машинд 8 565 400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 350 000 төгрөг, нийт 8 915 400 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч******* СӨХ нь нэхэмжлэгчийг тус холбооны гишүүн эсэх, нэхэмжлэгчийн эзэмшлийн 16 тоот авто зогсоолын дээрээс борооны ус нэвчин, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар мараагүй боловч нэхэмжлэгчид учирсан хохирлын үнэлгээ болон хохирлыг хариуцвал зохих этгээд биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч******* СӨХ нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 99, А, Б байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулахаар сууц өмчлөгчдийн холбоог бүртгүүлсэн болох нь 19/04 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 99 байр, 18 тоот орон сууц болон 16 тоот зогсоолыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өгөөмөр бор хужирт ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах 99/18 тоот гэрээний дагуу эзэмшдэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар тайлбарлаж байх ба хариуцагч******* СӨХ нь нэхэмжлэгчийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш гэж маргаагүй болно.

 

6. Зохигчдын тайлбар болон Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-112/1095 дугаар дүгнэлтээс үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах*******ы 99, А, Б дугаар байрнууд В1 давхрын ашиглалтын төлөв байдалд хийсэн хяналт шалгалтаар 99 дүгээр байр 2015 онд байнгын ашиглалтад орсон, гражийн пандусны ус цуглуулах суваг, лифтний хонгилын тумбний хэсэг, 99, 99а, 99б дугаар байрнууд болон газар доорх граж хоорондын хэв гажилтын заадсаар хөрсний ус нэвчсэн, зоорийн давхрын хана, тааз норсноос замаск хуурч ховхорсон, цахилгаан самбар болон техникийн өрөөнүүд ус, чийгэнд автсан, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байгаа болох нь тогтоогдож байна.

 

7. Хариуцагч нь тухайн байрыг барьж ашиглалтад оруулсан Өгөөмөр бор хужирт ХХК-д дээрх нөхцөл байдлын талаар удаа дараа, мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

8. Дээрхээс дүгнэхэд 2020 оны 06 сард нэхэмжлэгчийн эзэмшлийн 16 тоот авто зогсоолын дээврээс борооны ус нэвчин, ус алдсанаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудлаар талууд маргахгүй байна гэж дүгнэх үндэслэл тогтоогдов.

 

9. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалалтыг эрхлэн хариуцах чиг үүрэг, зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо байхаар хуульчилсан.

 

Нэгэнт хуульд зааснаар хариуцагч нь тухайн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд бусдад учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-т орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн дагуу арилгана, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.1-т ...дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий Итгэлт Эстимэйт ХХК-иар өөрийн өмчлөлийн 35-55 УБД улсын дугаартай, Тоуоtа RAV4 high маркийн авто машинд учирсан хохирлыг үнэлүүлэн, 8 565 400 төгрөгийн хохирлын үнэлгээг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч уг үнэлгээтэй маргаснаар шүүхээс Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилоход хохирлын үнэлгээг 6 728 700 төгрөг гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг зохигчдын хэн аль нь эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Улмаар зохигчдын хүсэлтээр шүүх Мастер үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 9 166 887 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлээ нотлохоор шүүхэд ирүүлсэн Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76724/ДД№19532074 дугаар үнэлгээний тайлангаар тогтоосон хохирол 8 565 400 төгрөг, хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 350 000 төгрөг, нийт 8 915 400 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуульд зааснаар хариуцагч******* СӨХ-нд хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч******* СӨХ-нөө 8 915 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 596 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч******* СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 157 596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шинжээчийн зардалд нийт 780 000 төгрөгийг хариуцагч******* СӨХ-ноос гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд шинжээчийн зардалд 300 000 төгрөг, Мастер үнэлгээ ХХК-нд шинжээчийн зардалд 480 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Н.ГЭРЭЛТУЯА