Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00236

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00236

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/03404 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

Гэм хорын хохирол 8,915,400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус хотхоны 99 байрны ** тоот орон сууцыг 3, ** тоот авто машины зогсоолын хамт Өгөөмөр бор хужирт ХХК-аас худалдан авсан бөгөөд ** тоот авто зогсоол дээрээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Таван богд ХХК-аас 122,500,000 төгрөгөөр худалдаж авсан Тоёото рав 4 /Тоуоtа RAV4/ маркийн ** ** УБД улсын дугаартай авто машинаа байрлуулдаг. Гэтэл 2020 оны 06 дугаар сараас эхлэн бороотой өдөр бүр тус ** тоот авто зогсоолын дээрээс их хэмжээний борооны ус нэвчиж хана, таазны шохой, элдэв шугам хоолойн зэвийг уусган авто машин дээр байнга гоожсоны улмаас машины гадна тал болон цонхны шил, дээд талын нарны лүүк зэрэг эд ангид толбо тогтсон. Тус машиныг олон угаалгын газруудад угаалгаж урвалд орж тогтсон толбыг арилгуулахаар янз бүрээр оролдсон боловч арилгаж чадахгүй байна.

Иймд автомашинд учирсан хохирол 8,565,400 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 350,000 төгрөг, нийт 8,915,400 төгрөгийг хариуцагч Б СӨХ-оос гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн автозогсоолын дээрээс ус гоожиж машинд нь хохирол учирсан тухай гомдлыг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан авто зогсоол нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувь хүний өмч учраас учирсан хохирлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр хариуцах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б СӨХ-оос 8,915,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,596 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 157 596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шинжээчийн зардалд нийт 780,000 төгрөгийг хариуцагч Б СӨХ-оос гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д шинжээчийн зардалд 300,000 төгрөг, Мастер үнэлгээ ХХК-д шинжээчийн зардалд 480,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан автомашины дээрээс ус нэвчиж хохирол учирсан гэх явдал нь сууц өмчлөгчдийн холбооны санаатай болон болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй. Б СӨХ нь дундын өмчлөлийн биш дангаар өмчлөх эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцахгүй, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахгүй.

4.2 Анхан шатны шүүх Хөрөнгө үнэлгээний төв ХХК, Мастер үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, хэргийн бусад баримтуудтай харьцуулж үзээгүй.

4.3 Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр Мандал даатгал ХХК-тай нэг жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулсан байх бөгөөд даатгалын тохиолдол болж даатгагчаас 2021 оны 03 дугаар дугаар 17-ны өдөр даатгалын нөхөн төлбөр хүссэн байна. Даатгагч компани даатгалын нөхөн төлбөрийг ослын шалтгааныг тогтоох боломжгүй, дуудлага өгөөгүй, ослын газраас хөдөлсөн гэсэн үндэслэлээр олгохоос татгалзсан байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн автомашинд үүссэн толбо нь Б СӨХ-ны ямар үйл ажиллагаанаас шалтгаалсан буруутай болох нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал автомашинаа олон сар гараашнаас хөдөлгөөгүй нь уг гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж хариуцагч тал үзэж байна.

4.4 А- нь тус сууц өмчлөгчдийн холбооны харъяа Б хотхоны 996 байрны ** тоот орон сууцны өмчлөгч биш, автозогсоолын өмчлөгч биш тул Иргэний хуулийн 148, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Автозогсоолыг өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул шүүхэд шаардлага гаргах эрхгүй юм.

4.5. Сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн нэгдэл бөгөөд тусгайлан эзэмшсэн эд хөрөнгөгүй тул сууц өмчлөгчдийг төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хөрөнгөөр үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг хариуцдаггүй. Иймд сууц өмчлөгчдийн холбоо дангаараа эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй бөгөөд холбоонд өөрийн хөрөнгө гэж байхгүй тул сууц өмчлөгч нарын хуримтлуулсан дундын эд хөрөнгөөр холбоо хариуцлага хүлээх боломжгүй.

4.6 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ барилгын захиалагч Өгөөмөр бор хужирт ХХК-д хамааралтай Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хуулийн хугацаанд гаргаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч Өгөөмөр бор хужирт ХХК-д хүргүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гэм хорын хохиролд 8,915,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулахаар зохицуулсан.

 

3.1 Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар дэд жагсаалт батлах тухай тушаалаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийг хавсралтаар баталж, уг хавсралтад дурдснаар Б.Ариунаа шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон байна /хх 93-96/.

 

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны оролцогчид хамаарах ба хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах эрхийг эдлэнэ.

 

4. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна /хх 203, 206-207/.

Харин хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Б.Ариунаад хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцээгүй /хх 208, 211/.

 

4.1 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн гэж шүүх хуралдаан даргалагаас тайлбарласан байх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, тухайн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад зөвхөн нэхэмжлэгч А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нар гарын үсэг зуржээ /хх208/.

 

4.2 Уг зөрчлөөс үүдэн шүүх хуралдааны оролцогч болох иргэдийн төлөөлөгч Б.Ариунаагийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх бололцоог шүүх олгоогүй, түүнчлэн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, түүний үндэслэлийн талаар шийдвэртээ тусгах зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

 

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/03404 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ