Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2023/0039

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, нэхэмлэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан Г.Г-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х байгууллагын дарга У.Өт холбогдох Төв аймгийн Х байгууллагын даргын 2021 оны 12 24-ний өдрийн Б/45 дугаартай Г.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Төв аймгийн Х байгууллагын даргын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/06 дугаар Г.Г-ыг төрийн албанаас халах тухай тушаалы хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Х байгууллагын Х  албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговорт 12.014.735 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эвлэрч, ажилгүй байсан хугацааны цалин 12.014.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас 2021 оны 12 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаал, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/06-ны дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Х байгууллагын Х  албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны хугацааны байгууллагаас болон ажилтнаас төлөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө Нийгмийн даатгалд төлөхөөр эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай газрын даргатай ярилцаад 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 12.014.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагчаас 2021 оны 12 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай тушаал, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/06-ны дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Х байгууллагын Х  албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон. Байгууллагад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч мөнгөгүй байгаа учраас нийгмийн даатгалд байгууллагаас болон нэхэмжлэгчээс төлөх бүх шимтгэлийг нэхэмжлэгч Г.Г- төлөхөөр тохиролцсон. Бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х байгууллагын дарга У.Өт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч 2022 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд

1.Нэхэмжлэгч нь 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 12.014.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

2.Хариуцагчаас 2021 оны 12 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Г.Г-ыг төрийн албанаас халах тухай Б/06-ны дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Х байгууллагын Х  албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөв.

3.2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч өөрөө хариуцан төлөхөөр харилцан тохиролцов гэж бичээд нэхэмжлэгч Г.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дах хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг гэрээг хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй, бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Х байгууллагын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Г.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х нарын Нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 12.014.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч 2021 оны 12 сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн Б/06-ны дугаартай Г.Г-ыг төрийн албанаас халах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төв аймгийн Х байгууллагын Х  албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нийт шимтгэлийг хариуцан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, Г.Г-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН