Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00771

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.ДавааД, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00639 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бнд холбогдох,

Гуравдагч этгээд: “Г” ХХК

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/ Б.Дийн гудамж, 36 байр, зоорийн давхар №1-11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093729 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д хамааралгүй болохыг тогтоолгох, Бны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Г” ХХК-аас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхоны /13360/ Б.Дийн гудамжинд байрлах, 36 дугаар байрны 01-11 тоот нийт 236,68 мкв 10 зогсоолыг 90 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөлдөө шилжүүлж авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийг 2018.4.2-ны өдөр Г ХХК-нд зээлийн барьцаанд барьцаалуулсан. Гэтэл хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн 2018.3.05-ны өдрийн тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.01.11-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Огт хамааралгүй этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаанд нэхэмжлэгчийн өмчийг хамааруулан хурааж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд халдлаа. Мөн хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн 2018.3.05-ны өдрийн №5 “Эд хөрөнгийг хураах тогтоол”-д дээрх зогсоолыг хураах талаар огт дурдаагүй, 32 айлын орон сууцны подваль дахь авто грашууд дурдагдсан. Гэтэл 32 дугаар байр нь тусдаа орон сууц юм. Шийдвэр гүйцэтгэгчийн хураах тогтоолд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 27 дугаар шийдвэр, 112 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэж Глоб кредит ХЗХ-ны хөрөнгийг хураах талаар дурдсан байна. Гэтэл дээрх грашуудыг нэхэмжлэгч “Г” ХХК-аас худалдаж авсан ба “Глоб кредит” ХЗХ, “Г” ХХК нь тус тусдаа хуулийн этгээдүүд. Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчийн 2008.3.05-ны өдрийн №5 тоот эд хөрөнгийг хураах тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, улмаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар уг хөрөнгийн өмчлөгчид огт мэдэгдээгүй бөгөөд түдгэлзүүлснийг 2018.6.22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авахдаа мэдсэн. Мэдсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018.6.29-ний өдөр хариуцагч байгууллагын даргад гомдол гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргад 2018.7.19-нд хандаж шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Нэхэмжлэгчийн өмчлөлийн уг үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.01.11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008.3.05-ны өдрийн 5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолд хамааралгүй болохыг тогтоолгох, Бны 2018.4.3-ний өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.01.11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007.4.11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2007.6.20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч иргэн Ж.Маас 11,8 тэрбум төгрөгийг, иргэн М.Ц-аас 97 900 000 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий 1 233 хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолд авто зогсоолуудыг хохирол, төлбөрт тооцох талаар дурдаагүй боловч Цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн эд хөрөнгө бөгөөд хариуцагч байгууллагаас уг авто зогсоолуудыг “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мын нуугдмал хөрөнгө гэж үзэн хураах ажиллагааг гүйцэтгэсэн.Төлбөр төлөгч Ж.М нь уг авто зогсоолыг иргэн Г.Оад худалдан борлуулсан байсан.

 

Ж.Мын дээрх үйлдэлтэй холбоотой Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Глоб консракшн ХХК-ийг нь Ж.Энхбаяр үүсгэн байгуулсан. Маргаж буй үл хөдлөх хөрөнгүүд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.01.11-ний өдрийн 27 тоот шийдвэрийн 3 дугаар хавсралтад заасан болон хариуцагч байгууллагын  эд хөрөнгө хураах тухай тогтоолд заасан эд хөрөнгөд байдаггүй.Хариуцагч байгууллагын 2017.11.17-ны 3/11168 тоот албан бичигт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.01.11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 32, 36 дугаар байр, 15 айлын амины орон сууцнуудыг битүүмжилж хураагаагүй талаар дурдсан. Мөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.6.26-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Г ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Энхбаярыг өөрчилж Ж.Мыг бүртгэсэн 2006.4.18-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Энхбаярыг үүсгэн байгуулагчаар, Ж.Мыг гүйцэтгэх захирлаар бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.Эрүүгийн хэргийн тухайд Ж.Мт холбоотой болохоос Г ХХК-д хамааралгүй асуудал бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч Г.Оыг дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон байхад дур мэдэн битүүмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон /13360/ Б.Дийн гудамж, 36 байр, зоорийн давхар №1-11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093729 дугаарт бүртгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус битүүмжлэлээс чөлөөлж, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх авто зогсоолуудыг Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч иргэн Ж.Мын нуугдмал хөрөнгө гэж үзэж хураах ажиллагааг гүйцэтгэсэн. Төлбөр төлөгч Ж.М нь авто зогсоолыг Г.Оад худалдан борлуулсан байсан.  Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг даалгасны дагуу Ж.Мт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхоны /13360/ Б.Дийн гудамж, 36 байр, зоорийн давхрын  №1-11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093729 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолд хамааралгүй болохыг тогтоолгох, Бны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ж.М нуун дарагдуулсантай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэж маргасан. /хх-1-3, 52/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2007 оны 27 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Маас 11,8 тэрбум төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор заасан бөгөөд уг шийтгэх тогтоолд 1-11 тоот үл хөдлөх хөрөнгүүд заагдаагүй байхад төлбөр төлөгч биш, хамааралгүй этгээдийн хөрөнгөд хариуцагч байгууллага хууль бусаар халдлаа гэж тодорхойлсон. /хх 52,140-147/

 

Хариуцагч нь дээрх автозогсоолуудыг хураах талаар шүүхийн шийдвэр байхгүй ч төлбөр төлөгч Ж.Мын нуугдмал хөрөнгө гэж үзэж хураасан. Дээрх хөрөнгө Ж.Мын хадгалалтад байсан хөрөнгө бөгөөд тэрээр Г.Оад худалдсан нь эд хөрөнгийг нуун дарагдуулсан шинжтэй үйлдэл болсон бөгөөд уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гомдол гаргасан байгаа гэж татгалзсан. / хх 53-56/

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхоны /13360/ Б.Дийн гудамжны 36-р байрны зоорийн давхрын №1-11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093729 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгч Г.Оын өмч болох нь тогтоогджээ./ хх 1-3, 6, 52/

 

Тус 1-11 тоот зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь Г.О гэх үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүйгээс гадна, гуравдагч этгээд “Г” ХХК түүний төлөөлөгч нь Г.Оын өмчлөлийн хөрөнгүүд хураагдах ёсгүй гэдэгт маргахгүй байна. /хх-1-3, 44, 52/

 

Мөн дээрх 1-11 тоотын үл хөдлөх хөрөнгүүд “Г” ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйл баримт тогтоогджээ. Хариуцагч Бнаас дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хориглосон үйл баримт тогтоогдсон. /хх 5, 7,9-15/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байх юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.О нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй болох нь тогтоогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр заасан ч уг тогтоолын заалт Г.О болон түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй байна. /хх-101-113, 140-147/

 

Дээрх шийтгэх тогтоолд 36-р байрны 1-11 тоот нийт 236,68 м.кв зогсоолыг хураах талаар огт заагаагүй, 32-р байрны орон сууцны подваль дах авто гражууд дурдагдсан, 36, 32 байрууд нь тус тусдаа өөр байрууд болох үйл баримт тогтоогдсон. Шийтгэх тогтоолд Глоб кредит ХЗХ-ны хөрөнгийг хураах талаар дурджээ. Нэхэмжлэгч нь дээрх хөрөнгийг Г ХХК-иас худалдаж авсан. /хх 19-23, 44-45/ Мөн дээрх 1-11 тоот авто зогсоол нь хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журамд зааснаар хүлээн авсан хөрөнгөд хамаарах тухай баримт ч хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоол гаргах хууль зүйн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч тодорхойлох ёстой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх,  төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураахаар заасан байтал төлбөр төлөгч биш тухайн ажиллагаанд хамааралгүй гуравдагч этгээдийн хөрөнгөд хууль бусаар халдаж хууль бус ажиллагаа явуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

 Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлийг хариуцагчийн №5 тоот эд хөрөнгийг хураах тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх, өмчөө захиран зарцуулах эрхээ сэргээлгэх, агуулгын хувьд хууль бус битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гэж анхан шатны шүүхээс зөв тодорхойлж Г.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204093729 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус битүүмжлэлээс чөлөөлж, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь зөв болжээ. /хх-167-172/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор заасан ба Бнаас нэхэмжлэгч Г.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ж.Мт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулсан тухайд эрүүгийн журмаар шалгаж байгаа, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлд энэ тухай заасан ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Г.О хамааралгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-52-56/ Маргааны зүйл нэг боловч тухайн харилцаанд орж буй талууд өөр, эсхүл тухайн харилцаатай холбоотой, түүнээс урган гарсан боловч өөр харилцаанаас үүссэн маргааны талаарх нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох  үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг дурдаагүйг нэмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасан ерөнхий заалтыг баримталсныг, дээрх харилцааг нарийвчлан зохицуулсан мөн зүйлийн 49.4.2 дахь хэсгийг баримталж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг “Улсын тэмдэгтийн тухай” гэж бичсэнийг залруулж, , “этмдэгтийн” гэснийг “тэмдэгтийн” гэж засах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00639 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “49 дүгээр зүйлийн 49.4” гэснийг “49 дүгээр зүйлийн 49.4.2” гэж, “зориулалттай” гэсний араас, “үл хөдлөх” гэсний урд “236.68 мкв” гэж нэмж, 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн тухай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай”, “этмдэгтийн” гэснийг “тэмдэгтийн” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД