Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2019/00639

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 07 өдөр                Дугаар 184/ШШ2019/00639                                   Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А овогт Г.О /РД:/. Хаяг: Хан-Уул дүүрэг, -р хороо, -р хороолол,-р байр тоот 

Хариуцагч: БХЗХТБА Хаяг: Сүхбаатар дүүрэг, -р хороо, Үндсэн хуулийн гудамж-, ...байр

Гуравдагч этгээд: “ГК” ХХК /РД: /. Хан-Уул дүүрэг, -р хороо,  байр, -р орц,  давхар  тоот /Анирхан цэцэрлэгийн байр/  

            Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Хоршооллын хотхон  гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д хамааралгүй болохыг тогтоолгох, БХЗХТБАА-ны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие “ГК” ХХК-аас Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамжинд байрлах, дугаар байрны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 тоот нийт 236,68 мкв 10 зогсоолыг 90,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж, өмчлөлдөө шилжүүлж авсан. Улмаар зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Тус үл хөдлөх эд хөрөнгийг би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Голомт банк”-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хуваарийн дагуу төлж байна. Гэтэл БХЗХТБА-ны ШГ-ийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №5 “Эд хөрөнгийг хураах тогтоол”-оор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, улмаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дээрх хөрөнгө нь миний хууль ёсны өмч бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй, мөн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй байхад огт хамааралгүй этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаанд миний өмчийг хамруулан хурааж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд халдсанд гомдолтой байна.

Мөн БХЗХТБА-ны ШГ-ийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №5 “Эд хөрөнгийг хураах тогтоол”-д Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамжинд байрлах, дугаар байрны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 тоот нийт 236,68 м.кв зогсоолыг хураах талаар огт дурдаагүй, айлын орон сууцны подваль дахь авто грашууд дурдагдсан. Гэтэл дугаар байр нь айлын орон сууц ба айлын орон сууц бүхий дугаар байр нь тусдаа өрөө орон сууц юм.

Шийдвэр гүйцэтгэгчийн хураах тогтоолд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 27 дугаар шийдвэр, 112 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэж “ГК” ХЗХ-ны хөрөнгийг хураах талаар дурдсан байна. Гэтэл миний өмчлөлийн дээрх грашуудыг миний бие “ГК” ХХК-аас худалдаж авсан байдаг ба “ГХ” ХЗХ, “ГХ” ХХК нь тус тусдаа хуулийн этгээдүүд.

БХЗХТБАА-ны ШГ-ийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №5 “Эд хөрөнгийг хураах тогтоол”-оор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, улмаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар уг хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие ийнхүү түдгэлзүүлснийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авахдаа мэдсэн. Мэдснээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БХЗХТБАА-ны даргад хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3/7321 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга /ерөнхий шийдвэр гүйцэтгэгч /Д.Д-д хандаж 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргахад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 4/1493 тоот албан бичгээр “Битүүмжлэлийг цуцлах боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д хамааралгүй болохыг тогтоолгох, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 4 дүгээр сарын 3-ний өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч иргэн Ж.М-ээс 11.8 тэрбум төгрөгийг, иргэн М.Ц-ээс 97.900.000 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий 1233 хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолд авто зогсоолуудыг хохирол, төлбөрт тооцох талаар дурдаагүй боловч Цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн эд хөрөнгө бөгөөд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас уг авто зогсоолуудыг “ГК” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.М-ын нуугдмал хөрөнгө гэж үзэн хураах ажиллагааг гүйцэтгэсэн.

Төлбөр төлөгч Ж.М нь шийтгэх тогтоолын дагуу 10 жилийн хорих ял эдэлж, хорих ангиас суллагдснаас хойш тус албанд хандаж дээрх эд хөрөнгийг өөрийн хадгалалтанд авах хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн дүгээр хороо, гудамж, Глобын ... дугаар байрны зоорийн давхарын 10 машины авто зогсоолыг хадгалалтын гэрээний дагуу түүнд хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч Ж.М нь өөрийн хадгалалтанд байсан Баянзүрх дүүргийн дүгээр хороо, гудамж, Глобын дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолыг иргэн Г.О-д худалдан борлуулсан байсан.

Иймд тус албанаас төлбөр төлөгч Ж.М-ыг өөрийн хадгалалтад байсан авто зогсоолуудыг “ГК” ХХК-иар дамжуулан бусдад шилжүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэн, түүний хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс төлбөр төлөгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул тус алба дээд шатны прокурорт хуульд заасны дагуу гомдол гаргаснаар Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолыг хүчингүй болгож бүртгэлтийн 180603430 дугаартай хэрэгт ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГК” ХХК нь Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгүүдийг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд Ж.Э-ийн үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийн 3 дугаар хавсралтад заасан болон БХЗХ-ын төлбөр барагдуулах ажлын албаны 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д заасан хураавал зохих үл хөдлөх хөрөнгүүдэд дээр дурдсан эд хөрөнгө огт байдаггүй.

БХЗХТБА-ны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 3/11168  тоот албан бичигт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүргийн  дүгээр хороонд байрлах, дугаар байр, айлын амины орон сууцнуудыг битүүмжилж  хураагаагүй талаар дурдсан.

Мөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр “ГК”ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Э-г өөрчилж  Ж.М-г бүртгэсэн 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ж.Э-г үүсгэн байгуулагчаар, Ж.М-ггүйцэтгэх захирлаар бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад далгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэргийн тухайд Ж.М-тэй холбоотой болохоос “ГК”ХХК-д хамааралгүй асуудал бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч Г.О-г дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон байхад дур мэдэн битүүмжилсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Онь БХЗХТБАА, “ГК”ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №5 “Эд хөрөнгийг хураах тогтоол”-ын миний өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, захиран зарцуулах эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Глоб контсракшн” ХХК-д холбогдох хэсгээс татгалзаж, шаардлагаа БХЗХТБААА-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д хамааралгүй болохыг тогтоолгох БХЗХТБАА-ны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан тоотын хамаарах хэсгийг хүчингүй болгон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр өөрчилсөн.

Нэхэмжлэгч Г.О нь Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах авто зогсоолуудыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “ГК”ХХК-иас 90 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдагч компанийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллага Г.О-ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн                              дугаарт бүртгэж, 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 000646545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 6-10/

Хариуцагч БХЗХТБАА нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлсэн материалуудыг хуулбарлан ирүүлэхийг хүссэний дагуу улсын бүртгэлийн байгууллага тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 15/

БХЗХТБАА-ны 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 дугаартай албан бичгийн агуулгаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор Ж.М, М.Ц нараас 11 827 808 138 төгрөгийг гаргуулж, “ГК” ХЗХ-ний хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллгаагаар хураасан хөрөнгө гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоол, түүний 3 дугаар хавсралт, Нийслэлийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот тогтоол, БХЗХТБАА-ны 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” зэрэг баримтын хүрээнд Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар №1-11 тоотод байрлах авто зогсоолууд нь дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан, битүүмжлэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор заасан ба БХЗХТБАА-аас нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, 36 байр, зоорийн давхар тоотод байрлах авто зогсоолуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан, битүүмжилсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүйгээс гадна, нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ж.М, М.Ц нарт холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасныг болон өмчлөгчийн эрхийг зөрчсөн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5 тоот ”Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-д хамааралгүй болохыг тогтоолгох, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2942 тоот захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн албан бичгийн хамаарах хэсгийг хүчингүй болгож, эрхээ сэргээлгэх гэж тодорхойлсон боловч агуулгын хувьд хууль бус битүүмжлэлээс чөлөөлүүлж, захиран зарцуулах эрхээ сэргээлгэх тухай байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус битүүмжлэлээс чөлөөлж, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан БХЗХТБАА-ны 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2/3397 тоот, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 180603430 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 3187, Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/42 тоот тогтоолоор Ж.Мэндбаярт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулсан тухайд эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байна.

Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хоршооллын хотхон гудамж, байр, зоорийн давхар тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус битүүмжлэлээс чөлөөлж, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын этмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.БАТСҮХ