Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02697

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/02697 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, зайсан 000 байр, 00 тоот хаягт оршин суух Д.А /000000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж 000 байр, 00 тоот хаягт оршин суух  Б.Т /000000000/-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Тд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг шаардаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Д.А миний бие Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00 байр, 00 тоот байрыг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн 000000000 дугаарт үл хөдлөхийн гэрчилгээ гарган авсан хууль ёсны өмчлөгч бөгөөд миний байранд Б.Т гэгч этгээд 4 сарын хугацаанд амьдарч байгаа бөгөөд удаа дараа байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөхгүй би өөр хүнээс худалдан авсан гэж худлаа хэлж миний байрыг эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00 байр,00 тоот орон сууцыг Б.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Т татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие 2022 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамжид байрлах Peace village хотхоны 00 байрны 00 тоотыг банкнаас зээл авч байрны 30 хувийг нь төлж үлдэх төлбөрийг хувь лизингээр төлөхөөр тохиролцсон. Гэтэл Д.А гэж хүн мийни байрыг авах гээд байгааг гайхаж байна. Уг байрыг хууль бусаар авсан зйүл байгүй мөнгөө төлж гэрээ байгуулан авсан юм. Гэтэл авсан цагаас хойш Д.А гэж хүн байнга утсаар ярьж дарамталж байгаа. Энэ талаар байр худалдан авсан компаниас асуухад манай байр гэж газар болнг байрны гэрчилгээг үзүүлж байсан. Д.Аыг уг асуудлаа тэр компанитай очиж яриа би мөнгөө төлөөдү энд амьдарч байна гэхэд надаас салахгүй байгаа. Хэрэв асуудал байсан бол тухайн компанитай ярьж болох байхад надаас л асуугаад намайг байр чөлөөлж өг гээд байгаад мөн хүний эзэмших эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, арилжааны гэрээ зэрэг баримтыг гаргасан. /1 хх 3-4 ху, 2 хх 30-31 ху/

 

4. Хариуцагчаас, газар ашиглах гэрчилгээ, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, хамтран ажиллах гэрээ, арилжааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/10406 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасан. /1 хх 58-73 ху/

 

5. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн хувийн хэрэг, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас О.Огийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргээс хариуцагчийн хариу тайлбар болон хариу тайлбарт хавсарган өгсөн нотлох баримт, Хан-Уул дүүргийн тамгын газраас О.Огийн нэхэмжлэлтэй ВХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргээс нэхэмжлэл, талуудаас ирүүлсэн гэрээнүүдийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /1 хх 91-250 ху, 2 хх 1-26 ху /

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.А Г.Тэмүүлэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Д.А миний бие байрыг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн 000000000дугаарт бүртгүүлэн өмчлөгч болсон. Миний орон сууцанд Б.Т 4 сарын хугацаанд амьдарч байгаа бөгөөд удаа дараа байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөхгүй, би өөр хүнээс худалдан авсан гэж эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн 000000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот орон сууцыг Б.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Г.Тэмүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Б ХХК-тай 2022 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Peace village хотхоны 00байрны 00 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 30 хувийг нь банкнаас зээл авч төлөөд, үлдэх төлбөрийг компанитай лизингээр журмаар тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Эрхийн улсын бүртгэлийн 000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.А бүртгэлтэй, /1 хх-4,18 ху, /

 

4.2 Нэхэмжлэгч Д.А 2018.04.07-ны өдөр Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Peace village хотхоны 00байрны 00 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг В ХХК-иас 90 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон 18/20 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, /1хх 38-39 ху/

 

4.3 2018.03.22-ны өдөр О.О, В ХХК, С ХХК нарын хооронд 01 дугаартай арилжааны гэрээ, 2018.05.28-ны өдөр 02 дугаартай арилжааны гэрээ байгуулагдсан, /1 хх 68-69, 2 хх 30-31 ху/

 

4.4 Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд О.Огийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа, . /1 хх 91-250 ху, 2 хх 1-26 ху /

 

4.5 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Огийн нэхэмжлэлтэй, В ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Peace village хотхоны 00байрны 92 тоот, 93 тоот, 104 тоот, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө хууль ёсны эзэмшил мөн эсэх талаар маргаантай.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, Б ХХК-иас орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр зохих төлбөрийг төлж худалдан авсан тул хууль ёсны эзэмшигч гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүргэлийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн 000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.А мөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Г.Тэмүүлэн маргаан бүхий орон сууцыг Б ХХК-иас худалдан авсан гэж тайлбарлах боловч түүний тайлбар бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байна.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Огийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Огийн нэхэмжлэлтэй, В ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Peace village хотхоны 00байрны 92 тоот, 93 тоот, 104 тоот, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь зохигчийн маргаж буй Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцтай хамааралтай гэж үзэхээргүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх, улсын бүртгэлийн талаар маргаантай гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэйг дурдаад, хариуцагч улсын бүртгэлийн 000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 00байр, 00 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн 000000000дугаартай, Хан-Уул дүүргийн 00дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Пийс виллаж /peace village/ хотхоны 00байрны 00 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Хатиган овогт Б.Т /00000000/-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Аы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тэмүүлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ