Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02090

 

 

 

Д.А-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02697 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ы хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 209/1 байр, - байрыг 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Тус орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд миний өмчлөлийн орон сууцанд хариуцагч Б.Т- 4 сарын хугацаанд хууль бусаар оршин сууж байна. Орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дээрх - орон сууцыг Б.Т-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2022 онд Б- ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 209/1 байрны - орон сууцыг банкнаас зээл авч, төлбөрийн 30 хувийг нь төлж үлдэх төлбөрийг хувь лизингээр төлөхөөр тохиролцсон. Тус орон сууцыг хууль бусаар авсан зүйл байхгүй, мөнгөө төлж гэрээ байгуулан авсан. Гэтэл авсан цагаас хойш Д.А- байнга утсаар ярьж, дарамталж байгаа. Энэ талаар орон сууц худалдан авсан компаниас асуухад манай орон сууц гээд гэрчилгээг үзүүлж байсан. Миний эзэмших эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн Ү-2206082848 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, Пийс виллаж /peace village/ хотхоны 209/1 байрны - хаягт байрлах, 140 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Хатиган овогт Баттөрийн Тэмүүлэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дах заалтыг зөрчиж, хариуцагч талын шүүн таслах ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх боломжоор хангуулах, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн болно. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч - бид О- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б- ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог бөгөөд уг иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутад товлогдсон, харин Д.А-ы нэхэмжлэлтэй, Б.Т-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон юм. Улмаар бид цаг хугацааны хувьд эхэлж товлогдсон шүүх хуралдаан болох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор тус шүүх дээр очсон бөгөөд өмнөх цагуудад зарлагдсан шүүх хуралдаанууд удааширсантай холбоотойгоор товлосон цагтаа шүүх хуралдаан эхлээгүй, 17 цаг 00 минутад шүүх хуралдаан эхэлсэн болно. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд очих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон түүнийг нотлосон баримтыг хавсарган шүүхийн мэйлээр хүргүүлж, шүүгчийн туслахад утсаар давхар мэдэгдсэн болно. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа болон шүүх хуралдаан давхацсан талаар баримтыг хүргүүлсээр байтал уг хүсэлтийг үл тоож, хэргийг хариуцагчийн эзгүйд шийдсэн, энэ талаар шүүх шийдвэртээ дүгнэлт өгч тусгаагүй байна.

4.б.Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Т- маргаан бүхий орон сууцыг Б- ХХК-аас худалдан авсан гэж тайлбарлах боловч түүний тайлбар бичгийн баримтаар нотлогдохгүй байна гэжээ. Гэтэл хариуцагч нүүдэл суудал хийсэнтэй холбоотойгоор гэрээгээ олохгүй байсан тул орон сууц худалдан авсан компаниасаа гэрээг хуулбарлан авахаар хүсэлтээ гаргасан байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцон мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчсөнөөс хариуцагчид хариу тайлбарын үндэслэлээ гаргаж өгөх боломжийг хаасан. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөнөөс гадна хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Т-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, дүнжингарав гудамж 209/1 байр, - хаягт байршилтай, 140 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ... 2022 онд Б- ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус орон сууцыг худалдан авсан, орон сууцыг эзэмшиж буй эзэмшил нь хууль ёсных гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч Д.А- нь Визард констракшн ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Визард констракшн ХХК нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, 209/1 байр, - хаягт байршилтай, 140 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч Д.А- нь төлбөрт 90,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авахаар тус тус тохиролцжээ. /хх-ийн 38-39-р тал/.

4.а.Гүйцэтгэгч Визард констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичигтээ Иргэн Д.А- нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингаравын гудамж, Пийс виллаж хотхон, 209/1-р байр, - хаягт байршилтай, 140 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлж дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.А-ы нэр дээр гаргаж өгнө үү гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.А- нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 4, 37-р тал/

4.б.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Д.А- нь хууль зөрчин дээрх орон сууцны өмчлөгч болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч Д.А- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.в.Хариуцагч Б.Т- нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд хариуцагч Б.Т- нь уг орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

4.г.Татгалзлаа нотлохоор хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд болох газар ашиглах гэрчилгээ болон гэрээ, хамтран ажиллах гэрээ, арилжааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.Т- нь хэлцлийн үндсэн дээр бусдаас худалдан авсан гэдгийг эргэлзээгүй нотолсон баримтууд биш буюу эдгээр нь газар болон барилгын хөрөнгө оруулагч нарын хоорондын тохиролцоотой холбоотой баримтууд байна. /хх-ийн 58-70-р тал/

4.д.Иймд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, дүнжингарав гудамж 209/1 байр, - хаягт байршилтай, 140 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.Т-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5.Нэхэмжлэгч Д.А- нь анхан шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 607,950 төгрөг төлсөн байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтад 70,200 төгрөг төлсөн мэтээр бичиж, илүү төлсөн төлбөрийг буцаан олгоогүй байгааг залруулан өөрчлөв. /хх-ийн 3-р тал/

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг эдлүүлээгүй, татгалзлаа нотлох боломжийг олгоогүй гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байх бөгөөд зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

6.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 4 сар гаруй хугацаанд хариуцагч талаас өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг үндэслэлээр нийт 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, үүнээс үзвэл шүүх зохигч талуудад шаардлага, татгалзлаа нотлох боломжийг ижил тэнцүү олгосон гэж үзэхээр байна. Иймд талуудын бичгээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. /хх-ийн 21, 27-29, 55, 77-78, 86-87, 2хх-ийн 30, 36-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 537,750 төгрөгийг улсын төсвийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Б.Т-гээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ