Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/03229

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/03229 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 хороолол, 000 байранд байрлах, А сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Буянт-Ухаа 00 хороолол, 000 байр, 00 тоот хаягт оршин суух, Ц.Г /00000000/-д холбогдох

 

СӨХ-ны төлбөрт 343 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Ц.Г-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 343 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэн Г нь нийт 18 сарын СӨХ-ны төлбөр болох 343 800 төгрөгийг төлөөгүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Г нь төлбөрөө шаардаад ч төлдөггүй хүн юм. СӨХ нь 5 төрлийн төлбөр төлдөг. Үүнд: Ус, цахилгаан, лифт, хог, татвар, Нийгмийн даатгалын гээд нийтдээ сардаа 8 сая төгрөг орчим болдог. СӨХ-ны төлбөрөө төлөхгүйн улмаас энэ төлбөрүүд нь хуримтлагдаж явдаг. Мөн цахилгаан, багаж төхөөрөмжүүдийн эвдрэл гэмтлийг засуулах, шинээр авахад СӨХ-ны төлбөр зарцуулагддаг. Үүнээс гадна утас, интернэт, ажилчдын цалин хөлсний гэх мэт зардал нэмэгдэнэ. Мөн хуримтлал үүсгэж чадахгүй, дөнгөн данган СӨХ тогтон ажиллаж байна. Ингээд бид өртэй явж байан. Иймээс үл маргах зарчмаар төлөгдөх төлбөрийг төлүүлэх шаардлагатай байна. Иймд Гаас СӨХ-ны төлбөр 343 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ-ны ажил хангалтгүй, бохир заваан, орц хонгил байнгын хогтой, шээстэй, амьдрах орчны цэвэр байлгах үүргээ хангалтгүй биелүүлдэг. Урьд ажиллаж байсан СӨХ-ны төлбөрийг давхар нэхэмжилсэн. Харьцаа хандлага муу, үйлчилгээ муу тул тал төлбөрөө төлж тооцоогоо дуусгах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Шаардлага, хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн оршин суугчидтайгаа гэрээ хийж байгаагүй, солигдож байгаа нь тодорхойгүй 4 сар орчим хогийн сав шиг орчинд бид амьдарч байсан. 40 тоотод ээжийг маань загнаж тал төлбөрийг бөөнөөр авчаад тооцоогоо дуусгана гэж хуураад үлдэгдэлээ нэхэж дарамталдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: А СӨХ-ны гэрчилгээ, 2020 оны 12 сараас 2022 оны 9 сар хүртэл хугацааны Төрийн банк ХХК-ний нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх 5, 25ху/

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Ц.Г-д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 343 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Г нь СӨХ-ны төлбөр болон 19 100 төгрөгийг 18 сарын турш төлөөгүй, 343 800 төгрөгийн хуримтлагдсан өр үүсгэсэн. Төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байх тул хариуцагч Ц.Гаас 343 800 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд А СӨХ нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг хангалтгүй хийдэг тул СӨХ-ны төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар А СӨХ нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 1001-1007, 1025-000 дугаар байрыг хариуцсан СӨХ бөгөөд тус холбооны гүйцэтгэх захирлаар М.Ц бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж, 7.2.3-т бүх гишүүдийн хурлаар холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх-ээр, 9 дүгээр зүйлийн 9.5Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж, 16 дугаар зүйлийн 16.5Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Ц.Гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 343 800 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нэг сарын СӨХ-ны зардалдд 19 100 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлах боловч шаардах эрхийн үндэслэл болох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмлөгч нарт хэрхэн хуваарилахаар шийдвэрлэсэн талаарх ямар нэг баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг бүрдүүлэх цуглуулах тухай хүсэлт гаргаагүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйг дурдаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Ц.Г нь А СӨХ дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээг хариуцах ажлаа хангалтгүй хийдэг гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч сууц өмчлөгч энэ үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд оролцохгүй гэсэн тайлбар гаргасан тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн үнийн дүнг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар А СӨХ-ны хариуцагч Ц.Гаас СӨХ-343 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ