Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00134

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00134

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03229 дугаар шийдвэртэй,

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 343,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Иргэн Б- нь нийт 18 сарын СӨХ-ны төлбөр болох 343,800 төгрөгийг төлөөгүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна.

СӨХ нь ус, цахилгаан, лифт, хог, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд сард нийт 8,0 сая орчим төгрөг төлдөг. СӨХ-ны төлбөрөө төлөхгүйн улмаас энэ төлбөрүүд нь хуримтлагдаж явдаг. Мөн цахилгаан, багаж төхөөрөмжүүдийн эвдрэл гэмтлийг засуулах, шинээр авахад СӨХ-ны төлбөр зарцуулагддаг. Үүнээс гадна утас, интернэт, ажилчдын цалин хөлс гэх мэт зардал нэмэгдэнэ. Мөн СӨХ хуримтлал үүсгэж чадахгүй, өртэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Иймээс үл маргах зарчмаар төлөгдөх төлбөрийг төлүүлэх шаардлагатай байх тул Б-аас СӨХ-ны төлбөр 343,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. СӨХ-ны ажил хангалтгүй, бохир заваан, орц хонгил байнгын хогтой, шээстэй, амьдрах орчныг цэвэр байлгах үүргээ хангалтгүй биелүүлдэг бөгөөд урьд ажиллаж байсан СӨХ-ны төлбөрийг давхар нэхэмжилсэн.

Харьцаа хандлага болон үйлчилгээ муу тул тал төлбөрөө төлж тооцоогоо дуусгах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шаардлага, хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн оршин суугчидтайгаа гэрээ хийж байгаагүй, удирдлага солигдож байгаа нь тодорхойгүй, 4 сар орчим хогийн сав шиг орчинд амьдарч байсан.

40 тоотод ээжийг маань загнаж тал төлбөрийг бөөнөөр авчаад тооцоогоо дуусгана гэж хуураад үлдэгдэлээ нэхэж дарамталдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар “А” СӨХ-ийн хариуцагч Б-аас СӨХ-343,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Б- нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар СӨХ-ны төлбөр төлөх үүрэгтэйгээс гадна СӨХ үйл ажиллагаа муу, доголдолтой ажилладаг гэж шалтаг тооцох нь түүнийг тус төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.2. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.3. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч “А” СӨХ нь хариуцагч Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 343,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй байна.

 

3.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж тус тус заасан.

 

3.3. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлын хэмжээ хэрхэн тодорхойлогдсон нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болдбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,864 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

                                           

         ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА