Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2022/0040

 

 

 

 2022        12             20                                            123/ШШ2023/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК, /РД:........./

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А, /РД:ОТ91011106/

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч талын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Буян-Орших, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга Л.Амгаланбаяр (цахимаар), хариуцагчийн өмгөөлөгч Э.М (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан ““Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.  

 

  1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Төв аймгийн Х сумын Засаг даргад XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 17/15 дугаар албан бичгээр, 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр, 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 04/02 дугаар албан бичгээр, 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 20/03 дугаар албан бичгээр тус тус хандаж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсний дараа 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 01/38 дугаар албан бичгээр тус тус хандсан байна.  
  2. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 1/264 дугаар албан бичгээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах нь хуульд нийцэхгүй гэх хариуг өгснөөс хойш дахин хариу өгөөгүй байна.  
  3. Нэхэмжлэгч нь хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын татгалзсан хариутай холбогдуулан тухайн албан тушаалтны дээд шатны Засаг дарга болох Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасныг 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 01/1109 дугаар албан бичгээр “аймгаас шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгчээ.
  4. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2020 оны 07 сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн эзэмшиж буй 020880 хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах тухай 2020 оны төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах хүсэлтэй байгаа. “Э” ХХК нь Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу үүсгэн байгуулагдсан. Сонгон шалгаруулалтад оролцож Төв аймгийн Х сумын Төмстэй багийн “Өвөр найманы ам” гэх газарт 020880 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.  Тусгай зөвшөөрөл эзэмших эрх авсныхаа дараа ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1 буюу “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; мөн хуулийн 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасны дагуу 2017 оны байгаль орчин хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулаад, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч, Х сумын Засаг дарга дээрх төлөвлөгөөг баталж өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан. Гэтэл Засаг дарга энэ үүргээ хэрэгжүүлэлгүй тул манай байгууллага цаашдаа ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж, тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш буюу 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа эрхлэх ажил маань эхний шатандаа гацаад байна. Компанийн хувьд Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулах гэж 2017-2020 онд удаа дараа хүсэлтийг жил бүр явуулж байсан. 2020 оны төлөвлөгөө батлуулах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр явуулж, мөн сарын 23-ны өдөр Засаг даргаас төлөвлөгөөг батлахгүй гэсэн хариу албан бичиг авч байлаа. Өмнө бидэнд хариу албан бичиг өгдөггүй байж байгаад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр л хариу албан бичиг өгсөн, тийм учраас асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах болсон. Жил жилийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйгээ тайлбарлахдаа “...иргэд энэ асуудлаар шүүх дээр маргаантай байгаа, иргэд эсэргүүцэж байна...” гэж тайлбарладаг. Мөн шүүхэд өгсөн хариу тайлбар дээрээ шүүхийн маргаан дууссан тохиолдолд баталж өгөхөд татгалзахгүй гэсэн байдаг. Мөн Төв аймгийн Х сумын иргэдээс 2018 оноос эхлэн манай компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр явсан. Эдгээр нь дандаа хэрэгсэхгүй болж байсан. 2020 онд шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-ийг хуулийн дагуу байгуулагдсан, мөн сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу болсон гэдгийг тогтоож өгсөн. Гэтэл “Э” ХХК-ийн газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай газартай давхцалтай байгаа үндэслэлээр 2021 онд дахин шүүхэд хандсан байдаг. 2021 онд үүсэн хэрэг маань 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэхдээ 0.5 га газар нь н.Уламбаяр гэх иргэний газартай давхцалтай байна гэж тогтоосон. Гэхдээ иргэний газартай давхцалтай байгаа нь тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн үндэслэл биш байна, мөн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нь мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн үндэслэл биш байна гэж дүгнээд, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Манай компани анх тусгай зөвшөөрлөөр 15.000 га-аар газар эзэмшиж байсан бол иргэдийн болон орон нутгийн хүсэлтээр буцааж өгөөд, одоогоор 3900 гаран га газар эзэмшиж байна. “Э” ХХК-ыг яагаад үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл олгосон юм бэ? гэхээр Төв аймгийн Х сумын нутагт хууль бусаар алт олборлолтыг зогсоох, орон нутгийн өмчит компаниар хийлгэе, хариуцлагатай байя, нөхөн сэргээлт хийе, мөн орон нутагт ажлын байр бий болгоё гэдэг үүднээс хууль бус талбайгаас олгохоор шийдээд, одоо манай байгууллагын эзэмшиж байгаа 3900 га газар бол хууль бус олборлолтод өртсөн газар байгаа юм. Ингээд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан энэ компани сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болж 2017 оноос хойш ямар үйл ажиллагаа эрхлээгүй. Тэгэхээр сумын Засаг даргын хувьд манай компанид өөрийн эс үйлдэхүйн талаар ямар нэгэн хуулийн үндэслэл бүхий хариу өгдөггүй. Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2-т заасан “нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах үүрэгтэй, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын талбайн хилийн дотроо энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх эрхтэй” гэж заасны тус тус зөрчөөд байна. Мөн манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. Жил болгон үйл ажиллагаа эрхлэхгүй байх тул хайгуулын зардлын доод хэмжээ гарахгүй. Хайгуулын зардлын доод хэмжээ гарахгүй байна гэдэг нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл үндэслэл болоод байна. Засаг даргын энэ эс үйлдэхүйгээс болж манай компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ 2020 оны төлөвлөгөөг батлуулж, нөхцөл байдлыг тогтоолгохгүй бол манайд 3 жилийн хугацаагаар олгогдсон тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэл үр дагавар гарч байгаа учир өнгөрсөн ч гэсэн хариуцагчийн эс үйлдэхүйг тогтоолгож, хайгуулын ажлын нэг хэсэг болсон төлөвлөгөөг батлуулж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлагатай байгаа. Тэгэхээр Засаг дарга маань 2021 оны төлөвлөгөөг мөн батлахгүй, 2022 оны төлөвлөгөөг энэ оны эцсээр баталж байгаа нь санаатайгаар эс үйлдэхүй үйлдээд байна гэж харж байна. Иймээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т зааснаар Төв аймгийн Х сумын эс үйлдэхгүйг хууль бусд тооцож, 2020 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгаж өгөхийг хүсэж байна гэв.
  6. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө өмгөөлөгч тодорхой ярьчихлаа. Миний хувьд хувийн шалтгаанаар төлөвлөгөөг батлахгүй, байгууллагын үйл ажиллагаанд санаатай саад учруулаад байгаа зүйлгүй. Манай сум нийт 4 багтай, нэг баг нь Засгийн газрын тогтоолоор тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг болчихсон, 3,4 дүгээр баг нь төв суурьшлын бүс, ганцхан Төмстэй баг нь мал аж ахуй эрхлэх боломжтой, ийм л онцлогтой сум байгаа юм. Ард иргэдийн олон жил амьдарчихсан, онгон тайван байсан газарт нутагт орон нутгийн оролцоотой гэх нэрээр “Э” ХХК-ийг байгуулчихсан, Монгол улсын Засгийн газар нь тусгай хэрэгцээнд авчихсан. Ингээд л орон нутгаа хамгаалах, нөхөн сэргээх гээд багагүй цаг хугацаа шаардлагатай байгаа ба одоо энэ талаар шүүхэд хандаад явж байна. Орон нутгийн оролцоотой гэдгээрээ давуу байдал үүсгээд, яг газар дээр очихоор үнэхээр сайхан газар байгаад байдаг, малын бэлчээр, тухайн бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийн ахуй амьдрал нөлөөлөхөөр нөхцөл байдал үүсэхээр байгаа. Дээрх компани нь анх байгуулагдахдаа уул уурхайн олборлолтод өрсөн газар дээр үйл ажиллагаа эрхэлнэ гэж үүсгэн байгуулагдсан ч бодит байдал дээр өөрөөр хандаад байгаа юм. Энэ бүхнийг би нийтийн эрх ашгийн төлөөл явж, ажиллаж байгаа хүн, өөр бусдаар албан тушаалаа урвуулан ашиглаж зүйл байхгүй. Мөн Үндсэн хуульд ард иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг хэр нь тэр хууль нь хэрэгжихгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

  1. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэд хэдэн үндэслэлээр татгалзаж байна. Нэгдүгээрт Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Төв аймгийн Х сумын нутаг дэвсгэрийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авсан байгаа. Энэ тогтоол нь 15 жилийн хугацаатай, хүчин төгөлдөр явж байгаа. Мөн Төв аймгийн Х сумын иргэдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах” тухай тогтоол бий. Дээрх тогтоолоор өмнө компанид олгосон лицензийг болъё, үүнээс цааш дахин компанид газар олгохгүй, ингээд 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Энэ тогтоолын үндэслэл бол сум орон нутгийн газар, уул, ус ширгэх, ан амьтан хорогдож устах, малчид бэлчээрийн газаргүй болох зэрэг байдлыг харгалзан үлдсэн газар нутгаа хэдэн малчдадаа үлдээхийг зорьсон юм. Гэтэл энийг нь ашигт малтмалын газраас зөрчөөд л шууд тусгай зөвшөөрөл олгочхож байгаа юм. Энэ дээр нь Засаг дарга нэг үндэслэлээр татгалзаж байгаа. Яагаад гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.3 ашигт малтмалын тухай хуулийн 12.4-т тус тус зааснаар сумын иргэдийн хурал нь сум орон нутгийн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрхтэй байгаа. Харин ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13-т орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газаас ашигт малтмалын тусгай эрх олгохгүй байхаар заасан байдаг. Гэтэл “Э” гэдэг компани энэ илэрхий заалтыг зөрчөөд нутгийн захиргааны эрхэд халдаад, хууль бус зөвшөөрөл олгосон. Энэ шалтгаанаар Засаг даргын зүгээс нэг үндэслэлээр татгалзаж байгаа. Хоёрдугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэсэн заалт байна. Энэ дээр ямар ажиллагаа хийх вэ? гэдэг нь дээр хуулийн 38.1.2, 38.1.3-т заагаад өгсөн байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулаад шууд л Засаг даргад гарын үсэг зуруулахаар тулгадаг, ийм л нэхэмжлэл явж байгаа. Хуульд юу гэж байна вэ? гэхээр Ашигт малтмалын  тухай хуулийн З8 дугаар зүйлийн 38.1.1-т Засаг даргатай зөвчилцөнө гэж байгаа шүү дээ. Зөвшилцөнө гэхийг юу гэж ойлгож байна вэ? гэхээр өөрөө төслөө явуулаад, хугацаа олгоод, Засаг даргын саналыг аваад, Засаг дарга нь бас холбогдох албан тушаалтнуудаасаа саналыг нь аваад, тэрийг нь төлөвлөгөөндөө тусгаад, юун дээр анхаарах вэ гэдгийг нь зөвлөөд, ингэж байж төлөвлөгөөг батална. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй. Өөрсдөө бэлэн загвар авчраад л, баталж өг гээд, үгүй гэхээр шүүхэд хандаад л явчих юм. Мөн нутгийн ард иргэд малаа бэлчээрлүүлэх ялангуяа “Өвөр найманы ам” гэх газрыг тусгай зөвшөөрөл олгосон явдалд ард иргэд маш их дургүйцдэг, нэг бол малаа нядлаад хот хүрээ явах,нэг бол өөр аймагт шилжих саналтай байгаа, энэ ч утгаараа Засаг дарга бол ард иргэдээс сонгогдсон, тэдний төлөөлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг шалтгаан бол энэ юм. Тэгэхээр сумын иргэдийн хурлаас зөвхөн уул уурхайн олборлолтод өртсөн газрыг олгоё гэсэн шийдвэр байдаг. Эрүүл тэгш газар олгохгүй. Ийм зорилготой л энэ компанийг байгуулсан. Гэсэн ч бодит хэрэгтээ эрүүл тэгш газрыг олгосон байдаг. Яг л малчин иргэд малаа бэлчээх ийм л газар байдаг. Энэ дээр нь Засаг шүүхээр маргаан үүсгээд л яваад байна. Гэхдээ маргаан нь дуусаад Э компанийн талд шийдсэн. Гэвч Засаг дарга бол татгалзах эрх нь байгаа. Засаг даргын татгалзлын шалтгааны үндэслэлүүдийг энэ компани албан ёсоор аваад, түүнийг нь биелүүлээд асуудлаа яриад, зөвшилцөөгүй, өөрсдөө 100 хувь төслөө бэлдэж ирээд, гарын үсэг тусгасан шаардлага яваад байгаа юм. Энийг нь бид үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Нэмээд хэлэхэд “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал дээр Төв аймгийн Х сумын иргэдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг. Тийм учраас ийм олон олон шалтгаан байдаг учраас одоог хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсаар ирсэн. Компанийг хохироосон гэж яриад байна. Хэрэв компани хохирсон бол энэ талаар шүүхэд маргаад явах бүрэн боломжтой. Дараагийн үндэслэл Уул уурхайн сайдын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/133 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичиг байдаг. Энэ албан бичигт сонгон шалгаруулах журмыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулан дараах аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгосон гэдэг дээр “Э” ХХК-ийн “Өвөр найманы ам” гэх газар нэг дээр нь явж байгаа. Дээрх газарт тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулахдаа Захиргааны ерөнхий хууль, Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журмын тухай хууль, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна гэсэн чиглэлийг хүртэл өгсөн байдаг. Одоо Засаг даргаас энэ лиценз дээр хүртэл маргах гэж байгаа. Нэхэмжлэлийн төсөл бичигдээд явж байгаа. Лиценз өөрөө асуудалгүй, хуулийн дагуу байвал Засаг дарга төлөвлөгөөг батлахаас биш, энэ бол Төв аймгийн иргэд, Төв аймгийн иргэдийн хурал, Х сумын иргэдийн хурал аль аль нь маргаж байгаа хууль бус лиценз байгаа тул Засаг дарга төлөвлөгөөг батлахгүй байгаа юм гэв.
  2. Иргэдийн төлөөлөгч Б.Буян-Орших дүгнэлтдээ: “Малчдын малын бэлчээрийг хөндмөөргүй байна. “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн ““Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэрээр Төв аймгийн Х сум, Өвөр наймганы ам гэх газарт 15541.08 гектар талбайг хамарсан газарт XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, одоогоор тус компани нь 2018 оны 03 сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх шийдвэрийн дагуу 11594.16 га газрыг,  2018 оны 03 сарын 20-ны өдрийн тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх шийдвэрийн дагуу 25.63 га газрыг тус тус хэсэгчлэн буцаан өгч 3921.28 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
  3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэл гаргах үед Ч.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн улмаас шүүгчийн захирамжаар актын биелэлт түдгэлзсэн байсан ба ... 2020 оны 08 сарын 24-ний өдөр Ч.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдэгдэж, XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн  биелэлт сэргэсэн учир нэхэмжлэгч талаас энэ хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд буюу 2020 оны 11 сарын 10-ны өдөр хариуцагчид дахиж хүсэлт гаргаж, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч хариуцагч нь эс үйлдэхүй гаргасаар байна. Манай компани 2017 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай эзэмшсэн. Үүнээс хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаас баталж өгөхгүй, шүүхийн олон маргаантай байсаар ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаагаар олгогдсон бөгөөд 2017 оноос хойш хариуцагчийн эс үйлдэхүй буюу орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж үйл ажиллагаа явуулаагүй болохыг тогтоолгох хүсэлтэй байна” гэж,
  4. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ: “1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-..... тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. ... Энэхүү маргааныг шийдвэрлэсний дараагаар байгаль орчны төлөвлөгөөг батлах нь зүйтэй. 2. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нэгэнт орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан ... “Э” ХХК-д XV-..... хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус шийдвэр байсан. Тухайн үед ... Төв аймгийн Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг хүргүүлсэн боловч саналыг үл харгалзан лиценз олгосон байна. ... аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2 дах хэсэгт заасныг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна. ... тус компанид олгосон тусгай зөвшөөрөл нь маргаантай байх тул Сумын Засаг даргаас байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй болно” гэж тус тус тайлбарлан маргажээ.
  5. “Э” ХХК-д олгосон XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахтай холбоотой дараах маргаануудыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
  • Ч.Б, Ц.Х, Г.Э нарын “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь малын бэлчээрийн талбайтай давхцалтай байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-..... тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0520 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч иргэн Ч.Б нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[1] шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.   
  • Ж.А, Б.Ц нарын “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь өвөлжөө, хаваржааны газар болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай  давхцалтай байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-..... тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0115 дугаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож[2] шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 321 дугаар магадлалаар хэвээр үлдээж[3], Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 295 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж[4] хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, дээрх маргаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-..... тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэр, 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүд нь хууль зөрчөөгүй гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн байх ба “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон сонгон шалгаруулалт болон дээрх маргаан бүхий захиргааны актууд нь хууль зөрчиж олгогдсон эсэх талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.      

  1. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болгон тайлбарлаж буй “Э” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргаан хянан хэлэлцэгдэж байгаа гэх шалтгаан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0115 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 321 дугаар магадлалаар хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-..... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь иргэдийн өвөлжөө, хаваржааны болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, малчдын малын бэлчээрийн талбайг улам бүр хомсдуулж байна гэх шалтгааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”  эдгээр шалтгаан нөхцөлийг энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дахин дүгнэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.“тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3.“энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заажээ.

 

  1. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.“Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5.“ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянах”, 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх ба хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга нь хуульд  заасан үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

 

  1. Мөн хариуцагч Засаг даргын зүгээс шүүх хуралдаанд “нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар манай зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа”, “... нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө бидэнтэй зөвшилцөхгүйгээр өөрсдөө хийж ирээд батлахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбаруудыг гаргаж байх боловч энэ нь хариуцагчаас нэхэмжлэл гаргаагүй байгаа буюу шүүхэд маргаангүй байгаа асуудлаар урьдчилан дүгнэлт хийж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байх шалтгаан үндэслэл болохгүй, мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг өөртэй нь зөвшилцөөгүй гэсэн шалтгаан нь урьдчилсан дүгнэлт байж болохгүй буюу нэхэмжлэгчээс тус төлөвлөгөөг авч хянаж үзсэний үндсэн дээр зөвшилцөн залруулах, асуудал гарсан тохиолдолд гарах шалтгаан байх тул хариуцагчийн эдгээр тайлбар үндэслэлгүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Засаг даргын зүгээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн энэхүү тусгай зөвшөөрлийн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан байх ба хариуцагчаас шүүх хуралдаанд “... намайг ээлжийн амралттай байх хугацаанд Засаг даргын орлогч 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан байсан ...” гэж тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа харилцан адилгүй, ялгамжтай явж байгааг илтгэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нэг асуудалд ялгамжтай үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ““Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа буюу нэхэмжлэгчээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд хянаж батлахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч талын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн эзэмшиж буй XV-..... хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч талын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, 6141536 регистрийн дугаартай “Э” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.ЗОРИГТБААТАР

                                                             ШҮҮГЧ                           Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                             ШҮҮГЧ                           Г.УРАНГУА

 

 

 


 

 

[1] 1-р хавтаст хэргийн 143-152 дах тал  

[2] 2-р хавтаст хэргийн 174-181 дэх тал

[3] 2-р хавтаст хэргийн 182-185 дах тал

[4] 2-р хавтаст хэргийн 198-199 дэх тал