Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн ХҮ-020830 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Заамар сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийг гаргах үед Ч.Б нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан. Нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийн биелэлт дээрх хэргийг эцэслэн шийдэгдтэл түдгэлзсэн байсныг Ашигт малтмал, газрын тосны газар болон “Э” ХХК аль аль нь мэдэлгүй Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулж өгөхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацааг сунгахгүй байх тухай албан бичиг ирснээр “Э” ХХК нь Заамар сумын Засаг даргад төлөвлөгөө батлуулах тухай албан хүсэлтээ явуулж, улмаар шүүхэд хандсан байдаг.

Ингээд Заамар сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсэн хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Ч.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эцэслэн шийдэгдэж, “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тусгай зөвшөөрлийн биелэлт сэргэсэн.

Заамар сумын Засаг дарга нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/336 дугаар албан бичгээр хариу тайлбар гаргахдаа “...Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа, тусгай зөвшөөрлийн биелэлт түдгэлзсэн байгаа... Харин шүүх иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж, компани хуульд заасны дагуу хүсэлтээ өгсөн тохиолдолд Засаг даргаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахад саадгүй билээ...” гэж шүүхэд тайлбараа өгсөн байдаг.

Үүний дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид дахин хүсэлт гаргаж “шүүхэд хэлэлцэгдэж байсан хэрэг эцэслэн шийдэгдэж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг шүүхийн маргаан байхгүй, тусгай зөвшөөрлийн биелэлт сэргэсэн тул 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталж өгнө үү” хэмээн хүсэж, төлөвлөгөөг хавсаргаж хүргүүлсэн. Энэ үед хариуцагч мөн л эс үйлдэхүй гаргасан бөгөөд 2020 оны төлөвлөгөөг баталж өгөөгүй, ямар нэг хариу өгөөгүй болно.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ч, шүүх хуралдаанд тайлбарлахдаа ч “нэхэмжлэл гаргах үед буюу 2020 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрлийн биелэлт түдгэлзээтэй байжээ, тиймээс төлөвлөгөөг батлахгүй гэжээ. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийн биелэлт сэргэж, хэрэг эцэслэн шийдэгдсэн, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг хэрэг маргаан байхгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа тоологдоод үйлчлэл нь сэргээд явж байгаа үед яг ямар хуулийн, аль заалтыг үндэслэн 2020 оны төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл батлахгүй байгаа вэ? Нэхэмжлэл гаргах үед батлаагүй ч хэрэг хэлэлцэгдэж байх хугацаанд баталж болно шүү дээ. Хариу тайлбартаа дурдсанчлан хэрэг маргаан дууссан, тусгай зөвшөөрлийн сэргэсэн, нэхэмжлэгч дахин хүсэлтээ явуулсан байхад төлөвлөгөөг батлахад одоо юу саад болж байна вэ? Төлөвлөгөөг ядаж харсан уу? Төлөвлөгөө чинь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байна, тиймээс би батлахгүй гэж хариу өгсөн үү?, Одоо гаргаж байгаа эс үйлдэхүй тань хуульд нийцсэн гэж үзэж байгаа бол тайлбарлаж өгнө үү гэдэг шаардлагыг тавьсаар байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүх хурал дээр тавьж байгаа шаардлага нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл яагаад, ямар хуульд үндэслэн эс үйлдэхүй гаргасаар байгаа юм бэ гэдэг л шаардлага тавьж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.

Хариуцагчийн хувьд “Засаг дарга бол иргэдийн эрх ашгийг төлөөлж ажилладаг. Ч.Б нарын нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдэгдсэн ч иргэд эсэргүүцсээр байна, одоо дахиад өөр иргэд хэрэг үүсгэж байгаа, ийм байхад би баталж өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөөр байсан.

Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар бодит байдлыг дүгнэж, хэрэг хэлэлцэгдэж байх үеийн нөхцөл байдалд болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгч байсан тусгай зөвшөөрлийн биелэлт сэргэвэл төлөвлөгөөг баталж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэг маргааны бодит байдалд үндэслэж талуудын эрх сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянаагүй, хэрэг шийдвэрлэх үеийн нөхцөл байдлыг үнэлээгүй, хэтэрхий модон, амьд биш шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч нь 2017 онд сонгон шалгаруулалтад оролцон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч  үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч нүх ухаагүй байна. Иргэд нэг нэгээрээ удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, эсвэл сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргаж, компанийг үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл олгохгүй байхад төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, цуцлах талаар шаардаж, компани асар их зардал хохирол амсаж байгаа. 2020 оны 08 дугаар сараас тусгай зөвшөөрлийн хугацаа хэвийн үргэлжилж байхад Засаг дарга нь үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргаснаас болж 2020 оны төлөвлөгөөгөө батлуулж чадахгүйд хүрч, ингэснээр дараа дараагийн төлөвлөгөө тайлан гарах боломжгүй, үйл ажиллагаа эхлүүлэх, жил бүрийн зардлын доод хэмжээнд хүрэхгүй байх, улмаар 2020 онд тусгай зөвшөөрөл хэвийн байхад үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд шүүхээс бодит байдлыг огт үнэлж дүгнээгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүх нь шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилгыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

Хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасаар байгааг нэхэмжлэгч тал нотолсоор байхад, шүүх хуралдааны турш нэхэмжлэлийн шаардлагаа дахин дахин тодорхойлсоор байхад шүүх нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар хэргийг дүгнэсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа огноо дурдаагүй, зөвхөн хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцоод өгөөч, одоо гаргаж байгаа хууль бус эс үйлдэхүйгээс болж компанийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж өгөөч, шударга ёсыг тогтоож өгөөч гэж хүссэн. Гэтэл шүүх хэтэрхий нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хэрэг маргааны бодит нөхцөл байдлыг тогтоож, бүх талаас нь бүрэн дүүрэн хянаж, хариуцагчийн шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжтой тухай тайлбарыг хэргийн бодит байдалтай уялдуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр хэлж байснаар тогтоож чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөлгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад хамааралтай, шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компанийн хувьд тус сумын Засаг даргаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2017, 2018, 2019, 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлж, хүсэлтээ удаа дараа тавьж байсан боловч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах эрх бүхий субъект буюу сумын Засаг дарга өнөөдрийг хүртэл баталж өгөхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг зөрчиж байна ... тус сумын иргэдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 520 дугаар шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч компаниас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах хүсэлтээ өгөхөд батлахаас дахин татгалзаж байгаа нь хууль бус” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хариуцагч сумын Засаг дарга ямар үндэслэлээр нэхэмжлэгч компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан болохыг тогтооход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлж, энэ талаар нотлох баримт цуглуулсан төдийгүй хариуцагч сумын Засаг даргаас “нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 441, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Ч.Б нарын нэр бүхий иргэд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Иймд “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлсэн үед тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй ... харин шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох буюу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд “Э” ХХК-аас дахин хүсэлт ирүүлбэл миний зүгээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахад саадгүй” гэсэн агуулга бүхий хариу тайлбар ирүүлсэн байхад хариуцагчийн хариу тайлбар болон түүнд холбогдох нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “XV-020880 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан Заамар сумын Засаг даргаар батлуулахаар 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүй, 2017, 2018, 2019, 2020 онуудад жил бүр албан бичгүүд хүргүүлж, хүсэлтээ удаа дараа тавьж байсан боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй, бид хайгуулын ажлаа эхлүүлж чадаагүй байна...” гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан “...2017, 2018, 2019 онуудад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн шүүгчийн захирамжаар тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, хариуцагч сумын Засаг дарга шүүхэд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн зөрүүтэй тайлбар гаргасаар байхад анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд хариу өгөөгүй, хүсэлтэд хавсаргаж хүргүүлсэн ХV-020880 дугаартай талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй... гэсэн тайлбартай холбогдуулан хариуцагчийн эс үйлдэхүйд дүгнэлт өгөх, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул хариуцагчийн дээрх зөрүүтэй тайлбарыг тодруулж, энэ талаарх баримтуудыг цуглуулж дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ