Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/03099

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2022/03099 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Баатар овогт Б.Б /0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, М ХХК /00000000000/-д холбогдох

 

Орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б миний бие 2008 онд М ХХК-д ажилд орж, Дотоод хяналт, мэдээлэл, технологийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М ХХК-тай 281-0917 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд тус гэрээгээр хариуцагч нь Улаанбатаар хотоо, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Зайсан ар гудамж, 00 байрны 101,65 метр квадрат талбайтай 3 өрөө бүхий 00 тоот орон сууцыг нэмэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь тус орон сууцны үнийн дүн болох 284 620 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн тус гэрээнд заасны дагуу хариуцагч нь орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчийн цалингаас сар бүр 2 000 000 төгрөгийг тооцож суутгахаар тохиролцож хуваарийн дагуу нийт 88 000 000 төгрөгийн төлбөрийг цалингаас төлж, гэрээний аливаа зөрчил гаргахгүйгээр өнөөдрийг хүрсэн. Орон сууц худалдах, худалданд авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дугаар зүйлд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох талаар зохицуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг миний бие хэдийд ч төлөх эрхтэй бөгөөд ийнхүү төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг олж авах бүрэн эрхтэй байна. Гэрээний тус заалтын дагуу миний бие үлдэгдэл төлбөр 196 620 000 төгрөг, нгйит 284 620 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна. М ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасанчлан орон сууны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргээ биелүүлэх үүрэгтэй боловч өдийг хүртэл шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байна. Тус үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч татгалзсан бөгөөд М ХХК-иас 2022.02.22-ны өдөр гаргасан тооцоо нийлсэн актад дурдсан түрээсийн төлбөр 1 400 000 төгрөгийг төлөхийг шаардсан болно.Энэхүү түрээсийн төлбөрийн үндэслэлээ тус маргаан бүхий орон сууцны 2022.02.05-ны өдрөөс 2022.02.22-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан түрээс гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээс төлөх талаар огт тохиролцоогүй билээ. Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч надад тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх хүсэл зориггүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Хэрэв гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж байгаа, тус гэрээний дагуу орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх байсан бол надаас дээрх байдлаар тухайн орон сууцны түрээсийн төлбөр гэх зүйл шаардахгүй байх байсан билээ. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ үнэнч, шударгаар биелүүлж сар бүр цалингаасаа төлбөрөө төлж байсан, мөн гэрээнд заасны дагуу орон сууцны нийт төлбөрийг төлж барагдуулсан байхад хариуцагч байгууллага нь үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр шаардаж, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч надад шилжүүлэхгүй байна. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар гудамж, 00байр, 20 тоот хаягтай 101,65 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргах өгөхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2022.02.07-ны өдрөөс эхлэн манай компанид ажиллахаа больсон. Тэрээр өөрийн хүсэлтээр 2021.12.10-ны өдрөөс 2022.02.07-ны өдрийг хүртэл чөлөө авсан боловч 2022.02.07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Манай компани Б.Бөд олгосон хувийн зээл, сургалтын зээл, орон сууцны үнэ болон бусад хохирлоо нэхэмжилсэн боловч тэрээр бүрэн төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн зүгээс үлдэгдэл төлбөр тооцооны талаар акт үйлдэж баталгаажуулахаар Б.Бөд хэд хэдэн удаа хандсан боловч тооцоо нийлээгүй. Б.Б нь манай компаниас гаргасан тооцооны актыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг актад дурдсанчлан төлөх хугацаа нь хэтэрсэн хувийн зээлийн гэрээ /25 сая/ болон сургалтын зээлийн гэрээ /17.9 сая/-нүүдийн үүргийг урьдчилан хангуулах, улмаар орон сууцны үнийг нэмж төлүүлэх тухайгаа Б.Бөд мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд болон гэрээнд заасан үүргийн хувьд хувийн зээл болон сургалтын зээл нь орон сууцны төлбөрөөс өмнө төлөгдөхөөр байгаа. Б.Б нь дээрх төлбөрүүдийг гэрээнд заасан болон компаниас шаардсан хугацаанд төлөөгүй тул дээрх гэрээнүүдийг цуцалж байгаа тухайгаа амаар болон 2022.08.08-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш цалингаасаа сар бүр 2 сая төгрөг буюу нийт 88 сая төгрөгийг ажиллах хугацаандаа орон сууцны төлбөрт төлсөн, 2022.03.24-ний өдөр 150 сая төгрөг төлсөн бөгөөд компани нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсаны дараагаар 2022.07.28-ны өдөр 46 620 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг мэдсэн. Ийнхүү нийт төлсөн 284 620 000 төгрөг нь тооцоо нийлэх тухай актад дурдсанчлан орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулаагүй, хувийн зээл, сургалтын зээл болон тэдгээрийн хүү, алданги, орон сууц худалдах, худалсдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэгт суутгагдсан. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн дурдсан үйл баримт үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь сар бүр 2 сая төгрөгийг орон сууцны үнэд төлөх үүргийг хүлээсэн. Б.Б нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн хуваарьт төлбөрөө төлөөгүй нь уг гэрээний 3.1.4-т Худалдан авагчийн тухайн сарын цалин нь хуваарьт заасан хэмжээнд хүрэхгүй тохиолдолд тухайн сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр төлөхийг Худалдагч шаардах эрхтэй 3.2.1-т Худалдан авагч тохирсон хуваарийн дагуу орон сууцны үнийг төлөх үүрэгтэй, 3.2.3- т Энэ гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөх үнийг цалингаас суутгуулах болон бэлэн мөнгөөр төлөх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Б.Бтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууцыг урьдчилан Б.Бөд ашиглуулах, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөний дараагаар өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай. Энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Б.Б нь орон сууцны үнийг хуваарийн дагуу сар бүр 2 сая төгрөг төлөөгүй, мөн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул Иргэний хуулийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2022.08.08-нд мэдэгдсэнчлэн манай компани орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан шаардаж байгаа болно. Манай компани 2022.09.07-ны өдөр орон сууцны үнийн буцаалт болох 133 104 445 төгрөгийг Б.Бөд буцаан шилжүүлсэн болно. Харин Б.Бийн төлсөн төлбөрөөс хувийн зээл, сургалтын зээл болон тэдгээрийн хүү, алданги, орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэг 151 515 555 төгрөгийг суутгаж авсан болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлнйг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2022.03.24-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022.07.28-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, тооцоо нийлсэн акт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.07-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2022.09.16-ны өдрийн банк хоорондын шилжүүлэг, 2022.09.21-ний өдрийн банк хоорондын шилжүүлэг, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-20 ху, 31 ху, 35-36ху/

 

4. Хариуцагчаас: 2022.09.22-ны өдрийн банкны шилжүүлгийн мэдээлэл, 2020.08.13-ны өдрийн ажилтай байгуулах зээлийн гэрээ, 2021.07.07-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 57 ху, 73-77 ху/

 

5. Шүүх, зохигчийн хүсэлтээр 2022.07.28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, тушаал гардуулсан баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, цахим шууданд үзлэг хийсэн. /хх 58-59, 69-72 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б миний бие 2008 онд М ХХК-д Дотоод хяналт, мэдээлэл, технологийн газрын захирлын ажилд орж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М ХХК-тай 281-0917 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 00байрны 20 тоот хаягт байрлах, 101.65 метр квадрат талбай бүхий 3 өрөө бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг орон сууцны төлбөр 284 620 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу цалингаасаа сар бүр 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ажиллаж бйах хугацаандаа 88 000 000 төгрөгийг сар бүрийн цалингаас төлсөн. Уг гэрээнд зааснаар гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох талаар зохицуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг миний бие хэдийд ч төлөх эрхтэй бөгөөд үлдэгдэл төлбөр 196 620 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2021.12.10-ны өдрөөс 2022.02.07-ны өдрийг хүртэл чөлөө авч, 2022.02.07-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй. Б.Б цалингаасаа сар бүр төлж байсан 88 000 000 төгрөг, 2022.03.24-ний өдөр 150 000 000 төгрөг, 2022.07.28-ны өдөр 46 620 000 төгрөгийг тус тус төлсөн байна. /нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсаны дараа/ Талуудын хооронд орон сууц худалдан авах зээлээс гадна үүрэг гүйцэтгэх хугацаа нь хэтэрсэн 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй ажилтанд олгох зээлийн гэрээ, 17 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй сургалтын зээлийн гэрээнүүд байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.Б дээрх гэрээний төлбөрүүдийг гэрээнд заасан болон компаниас шаардсан хугацаанд төлөөгүй тул эдгээр гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд энэ тухай амаар удаа дараа, бичгээр 2022.08.08-ны өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгч ийнхүү нийт 284 620 000 төгрөг төлснөөс тооцоо нийлэх актад дурдсан хувийн зээл, сургалтын зээл, эдгээр зээлийн хүү, алданги, орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэгт 151 515 555 төгрөгийг суутгаж, үлдэх 133 104 445 төгрөгийг 2022.09.07-ны өдөр нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн тул орон сууцны үнийн төлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууцыг урьдчилан Б.Бөд ашиглуулах, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөний дараагаар өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Иймд орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2021.05.28-ны өдөр нэхэмжлэгч Б.Б хариуцагч М ХХК нарын хооронд Б.Бийг Дотоод хяналт, мэдээлэл, технологийн газрын захирлаар ажиллуулахаар тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. /хх 5-9 ху/

 

4.2 М ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар тушаалаар Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр 2022.07.29-ний өдрөөр цуцалж, тушаалын 2 дахь заалтад Б.Бтэй байгуулсан 2021.07.07-ны өдрийн 600-0921 тоот Сургалтын зээлийн гэрээ, 2017.05.17-ны өдрийн 287-0917 тоот Орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2020.08.13-ны өдөр байгуулсан 286-0920 тоот Ажилтантай байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцлахаар дурдсан ба уг тушаалыг 2022.08.08-ны өдөр нэхэмжлэгч Б.Бийн эхнэрт гардуулсан, /хх 57-58 ху/

 

4.3 Зохигч 2017.05.17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 00байрны 20 тоот хаягт байрлалтай, 101.65 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 мкв тутмыг нь 2 800 000 төгрөгөөр тооцож, 284 620 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар, орон сууцны үнийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч 2017.07.01-ний өдрөөс 2029.04.01-ний өдөр хүртэлх хугацааны сар бүрийн цалингаасаа 2 000 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон 281-0917 дугаартай, Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, /хх 10-12 ху/

 

4.4 Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 00байрны 20 тоот хаягт байрлалтай, 101.65 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр М ХХК бүртгэлтэй, /хх 16 ху/

 

4.5 2022.03.24-ний өдөр Б.Б 28110917 гэрээний байрны төлбөр гэх утгатай 150 000 000 төгрөгийг, 2022.07.28-ны өдөр 46 620 000 төгрөгийг 281-0917 тоот гэрээний сүүлийн төлбөр гэх утгатайгаар М ХХК-д шилжүүлсэн, /хх13, 14/

 

4.6 Хариуцагч М ХХК-иас 2022.09.07-ны өдөр нэхэмжлэгч Б.Бөд 133 104 445 төгрөгийг 281-0917 гэрээний буцаалт гэх утгатай шилжүүлсэн, /хх 31 ху/

 

4.7 Нэхэмжлэгч Б.Бөөс хариуцагч М ХХК-д 2022.09.16, 2022.09.21-ний өдрүүдэд 133 104 445 төгрөгийг андуурсан гүйлгээний буцаалт, гүйлгээний буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн, /хх 35, 36 ху/

 

4.8 Хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгч Б.Бөд 2022.09.22-ны өдөр 133 104 445 төгрөгийг МАК ХХК-с гэх утгатай шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 74 ху/

 

5. Талууд, нэхэмжлэгч орон сууцны үнэд ажиллаж байх хугацаандаа сар бүр 2 000 000 төгрөгөөр нийт 88 000 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс 133 104 445 төгрөгийг хариуцагч 2022.09.22-ны өдөр нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, талуудын хооронд маргааны зүйл болох гэрээнээс гадна ажилтанд олгох болон сургалтын зээлийн гэрээнүүд байгуулагдсан талаар маргаангүй, харин гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, орон сууцны үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн эсэх, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй эсэх, ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан бусад зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хариуцагч суутгах эрхтэй эсэх талаар маргаантай.

 

6. Зохигчийн хооронд байгуулагдсан 2017.05.17-ны өдрийн 281-0917 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Тодруулбал,

 

Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний төлбөр төлөх хуваарийг зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, мөн нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул шаардах эрхгүй гэж маргаад түүний татгалзал 2022.02.22-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021.03.14-ний өдрийн Б.Б болон компаний санхүү, бүртгэлийн газрын орлогч захирал А.Б нарын харилцсан цахим шуудангаар нотлогдоно гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн ирүүлсэн тооцоо нийлсэн актад орон сууц худалдан авах төлбөрийн үлдэгдэл 196 620 000 төгрөг, зээлийн гэрээний үлдэгдэл 25 000 000 төгрөг, сургалтын гэрээний үлдэгдэл 17 879 166 төгрөг, хүүгийн тооцоолол 2 309 456 төгрөг, түрээсийн тооцоолол 1 400 000 төгрөг, нийт 243 208 622 төгрөг гэж тэмдэглэсэн, цахим шууданд ...2019 оны төсвийн хэмнэлтээс ....59 400 000 төгрөг ногдох тооцоо гарч байсан...дээрх төлбөрийг байр бусад зардалд оруулан тооцож 150 000 000 төгрөгийг төлж дуусгах саналтай байна...миний саналыг хүлээн авахгүй тохиолдолд төлсөн төлбөр 88 000 000 төгрөгөөс зохих суутгалд суутгуулан үлдэгдэл мөнгөө буцаан авч тооцоог хаахаас өөр зам байхгүй байна гэж дурдсанаас үзэхэд тооцоо нийлсэн актаар төлвөл зохих өр төлбөрийн үлдэгдлийн хэмжээг баталгаажуулсан байх ба мөн цахим шуудангаар илгээсэн захидлаар нэхэмжлэгч төлбөр төлөх хэмжээг багасгах санал гаргасан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан 2017.05.17-ны өдрийн 281-0917 дугаар гэрээний 4.1-д Хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг энэхүү гэрээний 3.1.4-т заасан хугацаанд төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд төлбөр төлөх тодорхой хугацаа өгөх болон төлбөр төлөхийг шаардаж, шаардсан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар алданги тооцож худалдагчид төлнө, 4.2-т Худалдан авагч ажилтан нь компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс сайн дураар татгалзсан, эсвэл ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол төлбөрийн үлдэгдлийг хуанлийн 15 хоногийн дотор 100 хувь үл маргах журмаар төлнө гэж тус тус тохиролцсон байна.

 

Шүүх дээр дурдсан баримтыг, М ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022.07.28-ны өдрийн б/685 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг 2022.03.24-ний өдөр 28110917 гэрээний байрны төлбөр гэх утгатай, 2022.07.28-ны өдөр 46 620 000 төгрөгийг 281-0917 тоот гэрээний сүүлийн төлбөр гэх утгатайгаар тус тус хариуцагчид шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэгтэй нэгтгэн дүгнээд хариуцагчийн, үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тул орон сууц худалдах худалдан авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг хэрхэн хэрэгжүүлсэн, гэрээнд зааснаар гэрээний үүргийн зөрчлийг арилгах тодорхой хугацааг худалдан авагчид олгосон эсэх нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй буюу хариуцагч орон сууц худалдах худалдан авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх татгалзлын тухайд, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нэхэмжлэгч орон сууцны үнэд 2022.03.24-ний өдөр 150 000 000 төгрөг, 2022.07.28-ны өдөр 46 620 000 төгрөг, нийт 196 620 000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч М ХХК нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан бусад зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүү, алдангид 63 51 555 төгрөгийг суутгаж, үлдэх 133 104 445 төгрөгийг талууд 2022.09.07, 2022.09.16, 2022.09.21-ний өдрүүдэд харилцан буцаасан, сүүлийн байдлаар 2022.09.22-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, 223 дугаар зүйлийн 223.1Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд сонгон гүйцэтгэсэн нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг сонгон гүйцэтгэх эрхэд нь хамаарах бөгөөд нөгөө талаас орон сууцны үлдэгдэл төлбөр 133 104 445 төгрөгийг хариуцагч хүлээн аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.Баярбат орон сууцны үлдэгдэл төлбөрт 133 104 445 төгрөгийг төлмөгц хариуцагч М ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045646 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 00байрны 20 тоот хаягт байрлалтай, 101.65 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Баярбатад шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Баатар овогт Б.Баярбат /0000000000/ нь орон сууцны үлдэгдэл төлбөрт 133 104 445 /нэг зуун гучин гурван сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийг хариуцагч М ХХК /2095025/-д төлмөгц эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045646 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 00байрны 20 тоот хаягт байрлалтай, 101.65 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Баярбатад шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч М ХХК /2095025/-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 651 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 651 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ