Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/00067

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26ы өдрийн 183/ШШ2022/03099 дугаар шийдвэртэй Б.Б-ийн нэхэмжлэлтэй М- ХХК-д холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б миний бие 2008 онд М- ХХК-д ажилд орж дотоод хяналт, мэдээлэл, технологийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр М- ХХК-тай 281-0917 дугаартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь Улаанбатаар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар гудамж, 100/6 дугаар байр, 20 тоотод байрлалтай, 101.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэмэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 284,620,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээнд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн цалингаас сар бүр 2,000,000 төгрөгийг орон сууцны үнэд тооцож суутгахаар тохиролцож, хуваарийн дагуу нийт 88,000,000 төгрөгийг цалингаас төлж гэрээний аливаа зөрчил гаргахгүйгээр өнөөдрийг хүрсэн. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2.5-д гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар зохицуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг олж авах бүрэн эрхтэй байна. Гэрээний энэ заалтын дагуу миний бие үлдэгдэл төлбөр 196,620,000 төгрөг, нийт 284,620,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна. М- ХХК нь гэрээний 1.2-т заасанчлан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй боловч өдийг хүртэл энэ үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар 07-ны өдрөөс эхлэн манай компанид ажиллахаа больсон. Манай компани Б.Бөд олгосон хувийн зээл, сургалтын зээл, орон сууцны үнэ болон бусад хохирлоо нэхэмжилсэн боловч тэрээр бүрэн төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Б.Б нь манай компаниас гаргасан тооцооны актыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг актад дурдсанчлан төлөх хугацаа нь хэтэрсэн хувийн зээлийн гэрээ /25,000,000 төгрөг/ болон сургалтын зээлийн гэрээний /17,900,000 төгрөг/ үүргийг урьдчилан хангуулах, улмаар орон сууцны үнийг нэмж төлүүлэх тухайгаа Б.Бөд мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд болон гэрээнд заасан үүргийн хувьд хувийн зээл болон сургалтын зээл нь орон сууцны төлбөрөөс өмнө төлөгдөхөөр байгаа. Ийнхүү нийт төлсөн 284,620,000 төгрөг нь тооцоо нийлэх актад дурдсан орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулаагүй, хувийн зээл, сургалтын зээл болон тэдгээрийн хүү, алданги, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэгт суутгагдсан. Б.Б нь орон сууцны үнэд хуваарийн дагуу сар бүр 2,000,000 төгрөг төлөөгүй, улмаар орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэнчлэн манай компани орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж орон сууцаа буцаан шаардаж байгаа болно. Манай компани 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны үнийн буцаалт болох 133,104,445 төгрөгийг Б.Бөд буцаан шилжүүлсэн болно. Харин Б.Б-ийн төлсөн төлбөрөөс хувийн зээл, сургалтын зээл болон тэдгээрийн хүү, алданги, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэгт 151,515,555 төгрөгийг суутгаж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ын /ЦБ82051511/ нь орон сууцны үлдэгдэл төлбөрт 133,104,445 төгрөгийг хариуцагч М- ХХК-д төлмөгц эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045646 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 0 байрны 0 тоот хаягт байрлалтай, 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б-д шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч М- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,651,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,651,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг яагаад худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн шалтгаан, үндэслэлээ шийдвэртээ дурдалгүйгээр худалдах-худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 4.1-д заасны дагуу хариуцагч үүргийн зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж хугацаа олгоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Энэхүү 4.1 дэх заалт нь гэрээ цуцлахад хэрэглэгдэхгүй, зөвхөн алдангийг хэрхэн тооцох нөхцлийг тусгасан болохыг шүүх анхаараагүй. Шүүх гэрээнээс татгалзах процессын талаар дүгнэлт хийхдээ дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ юү, эсхүл зээлээр худалдах-худалдан авах гэрээ юү гэдгийг тодорхойлох, ингэснээр Иргэний хуулийн тусгай ангийн зохицуулалт, эсхүл ерөнхий ангийн 225 дугаар зүйл зэрэг гэрээнээс татгалзах хуулийн заалтуудад хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийхээр байсан. Гэвч ийнхүү дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн хамгийн сүүлийн хуудас болон тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг Б-тхэмээн өөрчилж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд шүүх хуулийн холбогдох хэсгийг зөв сонгож хэрэглээгүй гэж дурдсан. Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан. Энэ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш бөгөөд Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх тул талуудын хооронд хүүг тохиролцох бөгөөд тухайн тохиролцоог хийснээр гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Харин талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр хүү тохиролцоогүй, маргаан бүхий орон сууцны үнэ болох 284,620,000 төгрөгийг хэсэгчлэн төлж дуусгахаар хийгдсэн гэрээ юм. Алданги нь үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх зохицуулалттай. Ажлаас чөлөөлсөн тушаалаа нэхэмжлэгчийн эхнэрт өгсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэж бичсэн болохоос биш гэрээнээс татгалзсан мэдэгдэл гэх үг, өгүүлбэр байдаггүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулснаараа гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул 14 хоногийн дотор үлдсэн төлбөрийг төлж барагдуулан өмчлөх эрхээ шилжүүлж авъя, холбогдох баримт бичгийг өгөөч гэхэд өгөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн маргаантай холбоотой сургалтын зээлийн гэрээ болон бусад зээлийн маргаанууд нь тусдаа шийдвэрлэгдэх асуудал тул анхан шатны шүүхэд хянагдаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг үндэслэлтэй тайлбарласан. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг Б.Б-тгэж буруу бичиж техникийн алдаа гаргасан тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц худалдах-худалдан авах гэрээнд зааснаар сар бүр цалингаасаа 2,000,000 төгрөг төлж, нийт 88,000,000 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул үлдэгдэл төлбөр 196,620,000 төгрөгийг төлж, орон сууцны үнэ 284,620,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагч М- ХХК нэхэмжлэгч нь сургалтын зээлийн гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, ажилтантай байгуулах зээлийн гэрээ зэрэг нийт гурван гэрээний үүрэг хүлээсэн. Иймд Б.Б-ийн төлсөн 284,620,000 төгрөгийн төлбөрөөс хувийн зээл, сургалтын зээл болон тэдгээрийн хүү, алданги, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд заасан алданги, компани орон сууцаа түрээслэн олох байсан орлого зэрэгт 151,515,555 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 133,104,445 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Зохигчийн хооронд нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

3. М- ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь улсын бүртгэлийн 0 дугаартай, Хан-Уул дүүргийн 0-р хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 101.65 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгчид 284,620,000 төгрөгөөр худалдах, үнийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нэхэмжлэгчийн цалингаас сар бүр 2,000,000 төгрөгийг тогтмол суутгах, орон сууцыг уг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд сонгон гүйцэтгэх эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болcноос гадна орон сууцны үлдэгдэл төлбөр 133,104,445 төгрөгийг хариуцагч хүлээн аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний 2.4-т зааснаар сар бүрийн цалингаас 2,000,000 төгрөг төлж, нийт 88,000,000 төгрөг төлсөн ба гэрээний 2.5-д зааснаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 150,000,000 төгрөгийг, гэрээний 4.2-т зааснаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 46,620,000 төгрөгийг төлж, орон сууцны үнэ 284,620,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх түүнд шилжинэ.

 

Анхан шатны шүүх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

6. Талууд гэрээний 2.1-д орон сууцны үнэ 284,620,000 төгрөг байхаар, 2.4-т төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцсон байх ба ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр орон сууцны үнэ нэмэгдээгүй байх тул зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан төлбөл зохих хүүгийн хэмжээг гэрээнд тусгаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/03099 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Б-тгэснийг Баярмөнх гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,651,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.БЯМБАСҮРЭН