Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2022/00970

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2022/00970

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 26 дугаар байрны 23 тоотод түр оршин суух, Эрхий мэргэн Гын У,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод оршин суух, Өвөр тогоруутан Хын С,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг Х.Сэс албадан чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, түрээсэнд төлсөн 10,200,000 төгрөг, байр худалдан авах төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, байранд авсан эд материалын үнэ 7,534,400 төгрөг, байранд засвар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, бүгд 51,200,000 (тавин нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2022/00781/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.У, түүний өмгөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.У нь Х.Сд холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод байрлах хоёр өрөө орон сууцыг Х.Сэс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд. Миний хувьд Х.С эгчийг багаасаа таньдаг байсан ч гэсэн 2018 оноос холбогдож байраа хөлслөх аман гэрээгээ 3 жил гаруй явж байна. Миний байрыг худалдах худалдан авах гэрээ надтай байгуулсан боловч одоо болтол мөнгөө өгөөгүй. Би 2022 онд энд шилжиж ирээд байраа авъя, та одоо гарчих гэсэн чинь би засвар хийсэн, гарах боломжгүй эсвэл засварынхаа мөнгийг авъя гээд бид хоёрын дунд маргаан үүссэн учраас шүүхэд хандаж байгаа.

Би 2018 онд 55,000,000 төгрөгөөр Х.С эгчид худалдахаар тохирсон. Байрны мөнгийг бүтэн өгөөгүй. 6,000,000 төгрөгийг л өгсөн учраас би одоо байрандаа орно.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод байрлах 30,6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг Х.Сэс албадан чөлөөлж өгнө үү. ...Гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан ч гэсэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Тухайн байр маань миний өмчлөлд байгаа.

Х.С эгч бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байраа худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Тэгэхэд 5 дугаар сар гэхэд буюу зээл гаргаад өгчихнө гэж хэлсэн.

Одоо санаж байхад улсын баяраас өмнө ярилцаж байсан. Тэгэхээр 2018 оны 7 дугаар сарын үед байраа худалдахаар ярьж тохирсон. Зээлээр гээд 55,000,000 төгрөгөнд худалдахаар тохирсон. Х.С эгч манай байранд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр орж 2018 оны 9 дүгээр сараас түрээсээ төлж эхэлсэн....гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.С зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр нэхэмжлэгч Г.У нь тус байрыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдсан байдаг. Худалдан авах гэрээ хийгдсэний дараа төлбөрөө төлж чадахгүй удаасан нь үнэн гэж Х.С хэлдэг. Түүний дараа би 55,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд байрны үнэ нэмэгдэж 75,000,000 төгрөг болсон. Засвар хийсэн учраас би байрныхаа үнийг 70,000,000 төгрөг болгож байна гэж Г.У хэлсэн учраас мөнгө төлөх боломжгүй өнөөдрийг хүрсэн.

Ийм учраас би одоо байрыг чөлөөлж өгч чадахгүй. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэж хэлсэн. Мөн тэр байраа эзэмшиж ашиглаж би засвар хийсэн учраас чөлөөлж өгч чадахгүй гэж маргаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа....гэв.

3.Хариуцагч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нараас нэхэмжлэгчид холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, түрээсэнд төлсөн 10,200,000 төгрөг, байр худалдан авах төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, байранд авсан эд материалын үнэ 7,534,400 төгрөг, байранд засвар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, бүгд 51,200,000 (тавин нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Байрны урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан буюу уг өдрөө Х.Сэс Г.Угийн дансанд шилжүүлсэн байдаг. Тийм учраас байрны урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгийг гаргуулна.

Түрээсийн төлбөр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгийг төлсөн байгаа. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 350,000 төгрөгийн түрээстэй байж байгаад гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс сарын 400,000 төгрөгийн түрээстэй болж 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлсөн. Тиймээс түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгийг гаргуулна.

Байрны урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ХААН банкны 5890875357 тоот Г.Угийн дансанд, мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тухайн дансанд 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг төлсөн. Гэхдээ энэ бол байрны урьдчилгаа биш байрны үнэнд төлсөн төлбөр юм. Энэ мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Тухайн байранд засвар хийхэд зориулж авсан бараа материалын тухайд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр будаг 198,000 төгрөг, шалны будаг 67,500 төгрөг, шалны хүрээ мод 1,5 метр урттай 30,000 төгрөг, чигжээс мод 5.000 төгрөг, цавуу 63,000 төгрөг. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр паркет 1,500,000 төгрөг, гарнез 100,000 төгрөг, ротор 5,000 төгрөг, эрэг 1,500 төгрөг, залгаас 5,000 төгрөг, зонуз 90,000 төгрөг, энэ өдөр нийт 1,701,500 төгрөгийн материал авсан. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хаалга доторлосон 140,000 төгрөг, хаалга гадарласан 250,000 төгрөг, хаалганы тавцан 70,000 төгрөг, нийт 600,000 төгрөг. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр суултуур комоороо 180,000 төгрөг, алчуур хатаагч 55,000 төгрөг, нойлын бойлуур 210,000 төгрөг, трап 10,000 төгрөг. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр обой 175,500 төгрөг, цавуу 18,000 төгрөг. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гипс 8,800 төгрөг, ногоон гипс 14,500 төгрөг, эмүльс 85,000 төгрөг, S төмөр 35,000 төгрөг, S төмөр 300,000 төгрөг, шилбэ 30,000 төгрөг, хавчаар 30,000 төгрөг, дүп 30,000 төгрөг, замаск 5,000 төгрөг, залгаа 10,500 төгрөг, удирдлагатай хошуу 1,500 төгрөг, шрүп 10,000 төгрөг, кноп 7,500 төгрөг, шрүп тэлэгч 16,000 төгрөг, банан тор 10,000 төгрөг, торны наалт 17,500 төгрөг, вакум цонх, хаалганы үнэ 2,100,000 төгрөг, бүгд 6,465,600 төгрөгийн материалыг байр засварлахад худалдаж авсан. Энэ мөнгийг гаргуулна.

Засвар хийсэн байранд авсан эд зүйлсийн үнэ 7,534,400 төгрөг болсон. Үүнд банн 250,000 төгрөг, угаалтуур 250,000 төгрөг, шүршүүр 190,000 төгрөг, шалаанк 20,000 төгрөг, шалавч 20,000 төгрөг, гал тогооны тос 250,000 төгрөг, холигч крант 90,000 төгрөг, ванны толь 120,000 төгрөг, нойлын өрөөний плита 1,020,000 төгрөг, плитаны цавуу 150,000 төгрөг, цемент 360,000 төгрөг, цахилгааны утас 200,000 төгрөг, унтраалга 25,000 төгрөг, нойлын гэрэл 225,000 төгрөг, жижиг өрөөний обжур 260,000 төгрөг, нойлын өрөөний обжур 250,000 төгрөг, хавтан 440,000 төгрөг, булан төмөр 300,000 төгрөг, чийг тусгаарлагч 320,000 төгрөг, замаск 10 ширхэг 850,000 төгрөг, эмүльс 190,000 төгрөг, будаг 180,000 төгрөг, плита 884,000 төгрөг зэргийг 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр авсан байна. Энэ нь нийт 7,534,400 төгрөг болсон.

Засвар хийсэн ажлын хөлсний тухайд засвар хийсэн н.Төмөр-Очир гэдэг хүн регистрийн дугаар, утасны дугаараа бичиж 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 15-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг авсан байдаг. Байрны засвар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд нийт 51,800,000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байгаа.

...Сая нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сараас тооцоход 10,200,000 төгрөг болж байна гэж байгаа учраас тэрнээс өмнөх хугацааг хасаж нэхэмжлэгчийн хэлснээр буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 10,200,000 төгрөгийг гаргуулъя. Нэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж 51,200,000 төгрөгийг гаргуулахаар байна.

Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Г.У би байраа авъя гэхэд хариуцагч Х.С би авснаараа авна гээд өгөөгүй юм байна лээ. Тэгтэл нэхэмжлэгч тэгвэл би өөр байр түрээсэлж байгаа учраас миний байрыг та түрээслэх хэлбэрээр над руу мөнгө шилжүүл гэсэн аман хэлцэл хийгдээд сард 400,000 төгрөг төлсөөр ирсэн. Түрээс хэлбэрээр төлж байсан бол түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээд хүчин төгөлдөр болгох ёстой байсан. Ингэж бүртгүүлээгүй учраас үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр гэж 10,200,000 төгрөгийг авсан гэж үзэж байгаа... гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгч Г.У хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд ...Байрны урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж байна. Энэ мөнгөний хувьд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Х.С эгч над руу залгаад би чиний данс руу 15,000,000 төгрөг хийчихье. Голомт банкнаас зээл гаргахын тулд урьдчилгаа төлсөн юм шиг харагдуулах хэрэгтэй байна. Чи өөрийнхөө данс руу 15,000,000 төгрөгийг хийлгээд буцаагаад энэ хүний данс руу хийчих гээд Д.Ж гэдэг хүний данс руу хийлгэсэн. Би 15,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу хийлгээд тэр дороо буцаагаад Д.Ж гэдэг хүний данс руу хийсэн. Тийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг би бодитоор аваагүй.

Байрны үнэнд төлсөн 6,000,000 төгрөгийн тухайд бид хоёр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийгээд нийт 6,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ дээр маргахгүй.

Байрны засвар хийхэд зориулж авсан бараа материалын үнэ 6,465,600 төгрөгийг би төлөхгүй. Нэгдүгээрт би Х.Сд байраа хөлслүүлж байгаа. Хоёрдугаарт би миний байранд засвар хийгээд сайхан амьдар гэж хэлээгүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Байранд авсан эд зүйлсийн үнэ 7,534,400 төгрөгийн тухайд ч гэсэн би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би засвар хий гэж хэлээгүй, ийм зүйл авсан байгааг нь ч би хараагүй. Хариуцагч надад байрныхаа мөнгөний 50, 70 хувийг нь ч өгөөгүй байж яагаад эд зүйл авсан юм бэ, яагаад эд зүйл авахынхаа оронд надад байрныхаа төлбөрийг төлж болоогүй юм бэ. Яагаад өөрийнх нь өмчлөлд очоогүй байхад миний зөвшөөрөлгүй эд зүйл авч тавиад байгаа юм бэ. Тийм учраас би зөвшөөрөхгүй байна.

Засвар хийлгэсэн ажлын хөлс 6,000,000 төгрөгийн тухайд Х.С эгч надад хэлэхдээ мессежээр ч гэсэн хэлэхдээ 4,000,000 төгрөгийн засварын хөлс өгсөн гэж байсан. Би тэрийг баримтаар нотолж чадахгүй. Ямар ч байсан засварын хөлс 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь би засвар хийгээд амьдар гэж хэлээгүй байхад өөрөө дур мэдэн миний байранд засвар хийсэн. Ийм учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Надад байрны мөнгөө Х.С эгч 3 сарын дотор гаргаж өгнө гэж хэлчихээд өгөөгүй. Тэгэхлээр нь би түүнээс хойш би өмнө нь байраа хөлслүүлж байсан. Та хөлсөлчих юм уу, би 250,000 төгрөгөөр хөлсөлдөг байсан гэхэд зөвшөөрч эхлээд сарын 250,000 төгрөгөөр хөлсөлсөн. Харин хэдэн онд 300,000 төгрөг болсныг санахгүй байна.

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10,200,000 төгрөг авсан. Үүнээс хойш мөнгө аваагүй.

Би Х.С эгчтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Урьдчилгаа байдлаар 6,000,000 төгрөг орж ирсэн. Тэрнээс өөр мөнгө орж ирээгүй. Түрээсийн төлбөр 10,200,000 төгрөгийн хувьд би сар бүр мөнгө авч байсан нь үнэн. Би 10,200,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ түрээсийн төлбөр биш байр ашигласны хөлс гэж авч байсан.

Энэ бол байр ашигласны төлбөр. Яагаад гэвэл хариуцагч надтай 2018 онд аман гэрээ хийхдээ эгч нь 3 сарын дотор байр худалдаж авах мөнгөө гаргаж өгнө гэж хэлээд өгөөгүй 3 жил гаруй болсон учраас би шүүхэд хандсан.... гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч Г.Угаас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №0445 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №000522781 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дугаартай зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн хилийн хориг тавиулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, Гын Угийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Угийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрид эрх, үүүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гэх бичвэртэй баримтын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрид эрх, үүүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа гэх бичвэртэй баримтын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн саналын хуулбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газар прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 403 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, цахим зурваснуудын хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №0596 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэл, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №517 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №000522781 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын эх хувь, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын эх хувь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цын сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №0596 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Амо БМД-ийн зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Big-7 гэх нэртэй зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Биг-25 гэх нэртэй зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Цайз зах гэх нэртэй зарлагын баримтын эх хувь, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Хаан цонх констракшин ХХК гэх нэртэй зарлагын баримтын эх хувь, 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Хөвсгөл Баянцагаан ХХК-ийн зарлагын баримтуудын эх хувиуд, засвар хийсэн гэх Ж.Төмөр-Очирын тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, он, сар, өдөр, дансны дугаар, мөнгөн дүн бичигдсэн баримтын хуулбар, 2018 оны Жамсранжавын Дамдинпүрэв, Хын С нарын ХААН банкны депозит дансны хуулгууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Г.Угийн хүсэлтээр гэрч Д.Жгийн мэдүүлгийг (хх-ийн 137-139 дүгээр тал) шүүх бүрдүүлсэн байна.

  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 45,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Сд өөрийн өмчлөлийн байраа 55,000,000 төгрөгөөр худалдахаар 2018 оны 7 дугаар сард амаар тохиролцсон. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Байрны мөнгийг бүтэн өгөөгүй, 6,000,000 төгрөгийг өгсөн. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод байрлах 30,6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг Х.Сэс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Х.С нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Г.Утай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа, мөн тухайн байранд засвар хийсэн тул байрыг чөлөөлж өгөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723000541 дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Г.Угийн өмчлөлийн орон сууц болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, 000522781 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. (хх-ийн 42 дугаар тал)

Нэхэмжлэгч Г.У нь өөрийн орон сууцыг хариуцагч Х.Сд 2018 оны 7 дугаар сард 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Х.С нь тухайн орон сууцанд 2018 оны 8 дугаар сарын сүүлчээс хойш амьдарч байгаа, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч байрны үнэнд 6,000,000 төгрөг төлсөн, төлбөрийг бүрэн төлөхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлөхгүй байгаа гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь тухайн орон сууцыг хариуцагч Х.С нь худалдаж авахаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа, тухайн байранд засвар хийсэн тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус маргав.

Зохигч 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1723000541 дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр, банкны зээлээр худалдан авч байгаа нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 517 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 40-42 дугаар тал). Энэ талаар талууд маргаагүй.

Уг гэрээ нь хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигч нь 2018 оны 7 дугаар сард орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч Х.С нь тухайн байранд 2018 оны 8 дугаар сарын сүүлчээс эхлэн амьдарч эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргахгүй гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 7 дугаар сард 55,000,000 төгрөгөөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат бүхий 2 өрөө орон сууцыг банкнаас зээл авч төлөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авахаар аман хэлцлээр тохиролцож, 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр хариуцагч нь орон сууцанд амьдарч эхлэн, улмаар аман хэлцлээ 1 жил 8 сарын дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бичгийн хэлбэрт шилжүүлэн баталгаажуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой буюу хариуцагч нь орон сууцанд амьдарч эхэлсэн үе болох 2018 оны 8 дугаар сараас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сар хүртэл 4 жил, гэрээг бичгээр байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сар хүртэл тооцож үзвэл 2 жил 4 сарын хугацаанд гэрээний 3.2.-т заасны дагуу банкны зээлээр байрыг худалдан авахтай холбоотойгоор дээрх хугацааг нэмэлт байдлаар тогтоож өгсөн байхад гэрээний үнийг бүрэн төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад шүүхэд орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд Х.Сэс эрхийн улсын бүртгэлийн Ү-1723000541 дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар нь Г.Уд холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, түрээсэнд төлсөн 10,800,000 төгрөг, байр худалдан авах төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, байранд авсан эд материалын үнэ 7,534,400 төгрөг, байранд засвар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, бүгд 51,800,000 (тавин нэгэн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь түрээсэнд төлсөн 10,800,000 төгрөгийг 10,200,000 төгрөг болгож, сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлагыг 51,200,000 (тавин нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг болгон багасгасан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Г.Угийн ХААН банк дахь 5890875357 тоот дансанд Х.Сэс байрны урьдчилгаа гэх утгаар 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг, орон сууцыг түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 10,200,000 төгрөгийг, байрны үнэнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт байрны үнэнд төлсөн 6,000,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сард байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, засвар хийсэн байранд авсан эд материал үнэ 7,534,400 төгрөг, завсар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, бүгд 51,200,000 (тавин нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулахаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг ...Байр ашигласны хөлс гэж 10,200,000 төгрөг, байрны үнэнд 6,000,000 төгрөгийг тус тус авсан. Харин байрны урьдчилгаанд 15,000,000 төгрөгийг бодитоор аваагүй. Байранд засвар хий гэж хэлээгүй. Байр өөрийнх нь өмчлөлд шилжээгүй байхад миний зөвшөөрөлгүй эд зүйл авсан. Иймээс байрын урьдчилгаанд өгсөн гэх 15,000,000 төгрөг, байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, засвар хийсэн байранд авсан эд материал үнэ 7,534,400 төгрөг, завсар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг зэргийг төлөхийг зөвшөөрөхгүй.... гэх үндэслэлээр няцаасан.

Г.У нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг байрны үнэнд авсан талаар маргаагүй бөгөөд гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул байрны үнэнд авсан 6,000,000 төгрөгийг Х.Сд буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 517 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин Х.С нь 2018 оны 8 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх 4 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцанд амьдарч байх бөгөөд тэрээр энэ хугацаанд тухайн орон сууцны ашиглалтын хэвийн нөхцлийг дордуулахгүйгээр арчилж хамгаалах үүрэгтэй.

Мөн маргаан бүхий орон сууцанд засвар хийх, орон сууцанд эд зүйл худалдан авах талаар өмчлөгчийн буюу Г.Угийн зөвшөөрлийг аваагүй, 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 517 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-нд заасан үнийг бүрэн төлөөгүй, орон сууцны өмчлөх эрх Х.Сд шилжээгүй байхад орон сууцанд 2020 оны 7 дугаар сард засвар хийж, 2022 оны 7 дугаар сард эд зүйл авсан үйлдэлдээ хариуцагч өөрөө буруутай, уг эрсдэл буюу хохирлоо өөрөө хариуцана.

Иймээс Г.Угаас 2020 оны 7 дугаар сард байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, засвар хийсэн байранд авсан эд материал үнэ 7,534,400 төгрөг, завсар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Г.Угийн ХААН банк дахь 5890875357 тоот дансанд байрны урьдчилгаа гэх утгаар 15,000,000 төгрөг орж 1 минутын хугацаанд ХААН банк дахь 5912126715 тоот данс руу У-с гэх утгаар шилжүүлж, уг мөнгийг Г.У нь бодитоор байрны урьчилгаанд аваагүй болох нь Г.Угийн ХААН банк дахь 5890875357 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Жгийн ...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Х.С над руу утсаар ярьж Эгч нь байр авах гэж байна. Голомт банкиас ипотекийн зээл хөөцөлдөх гээд урьдчилгаа 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг энэ сууж байгаа Г.Угийн данс руу оруулах хэрэгтэй байна. Оруулаад буцаагаад 1 минутын дотор чиний данс руу хийнэ. Надад хамгийн гол нь гүйлгээний баримт хэрэгтэй байгаа юм. Урьдчилгаа өгсөн юм шиг Голомт банкинд харагдах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би Х.Сд хандаж бид хоёр утсаар яриад байгаа юм ш дээ Надад бол 15,000,000 /арван таван сая/ төгрөг чинь байна. Би Г.Уг танихгүй. Тийм учраас 3-улаа цуг банк ороод яг хажууд сууж байгаад хийгээд буцаагаад миний данс руу хий гэж хэлсэн. Тэгээд Х.С, энэ Г.У бид гурав төв ХААН банк ороод би эхлээд Х.Сд 15,000,000 /арван таван сая/ төгрөгөө өгөөд тэгээд би хүлээлгын зааланд нь сууж байсан юм. ...Би өөрийн интернет банкиар ХААН банкны 5913126715 данснаас Х.С ХААН банкны данс руу 15,000,000 /арван таван сая/ төгрөг хийгээд өөрийнхөө дансыг цаасан дээр бичиж өгсөн. Тэгээд 2, 3 минутын дотор миний 5913126715 дугаарын данс руу Г.Угаас гээд 15,000,000 /арван таван сая/ төгрөг ороод ирсэн.... гэх мэдүүлэг (хх-ийн 61, 137-139 дүгээр тал) зэргээр тогтоогдож байна.

Г.У нь уг мөнгийг бодитоор аваагүй байх тул байрны урьдчилгаанд төлсөн гэх 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэхүү гэрээний гол шинж нь гэрээгээр шилжүүлсэн тодорхой хөрөнгийг түрээслэгч ашиглахаас гадна уг хөрөнгөөс үр шимийг хүртэж ашиг орлого олох явдал байна.

Маргаан бүхий орон сууцыг зориулалтын дагуу буюу орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа гэх тайлбараар тогтоогдов.

Үүнээс үзэхэд орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж байх ба хариуцагч тухайн орон сууцанд амьдарч байгаа нь уг орон сууцыг ашиглан ашиг олох боломжгүй тул түрээсийн харилцаа гэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байр ашигласны төлбөр гэж 10,200,000 төгрөг авсан гэж тайлбарласан.

Талууд уг мөнгөн дүн, хугацааны талаар маргаагүй.

Х.С нь 2018 оны 8 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд маргаан бүхий орон сууцанд амьдарч, өөрийн эзэмшил, ашиглалтдаа байлгасан байна.

Иймээс орон сууцыг эзэмшиж, ашигласны хөлсөнд төлсөн төлбөрийг нэхэмжлэгч Г.Угаас буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн 10,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Угаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Х.Сэс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.Угаас байрны үнэнд төлсөн 6,000,000 (зургаан сая) төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,200,000 (дөчин таван сая хоёр зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сэс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож, хариуцагч Х.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 574,900 /232,950 төгрөг + 341,950 төгрөг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Угаас 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Сд олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 62-69 баримтууд нь Хөвсгөл аймгийн Прокурорын газар нь өөрийн байгууллагаас гаргасан бичмэл баримтад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулах байтал өөр байгууллагын гаргасан бичмэл баримтад Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн, хавтаст хэргийн 76-85, 93, 141-146 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Х.Сэс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцны 23 тоотод байрлах 30.6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.Угаас байрны үнэнд төлсөн 6,000,000 (зургаан сая) төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,200,000 (дөчин таван сая хоёр зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сэс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Уд олгож, хариуцагч Х.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 574,900 (таван зуун далан дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамж 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ