Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03952

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

         Дугаар 102/ШШ2022/03952

Улаанбаатар хот

 

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч  Б.А

           

  Хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд холбогдох

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 13.040.705 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 17.352.970 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

 2.Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 17.352.970 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тул дахин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй бөгөөд цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаартай Тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тогтоосон.

Иймд ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 6 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон.

Уг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байна.

           Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ажилд эгүүлэн томилох талаар дурдаагүй, ажилд орох ямар нэгэн сонирхолгүй байгаа нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

           4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

   

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00000 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00000 дугаартай Тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

6.Хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.У, Ч.Л нарт олгосон “Итгэмжлэл”, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаартай Тогтоол, Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/00 дугаартай Албан бичиг

 

7.Шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-171/00000 дугаартай Албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ГХ2022/00000 дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/00000 дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00000 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00000 дугаартай Тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22250000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/0000 дугаартай Албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-171/00000 дугаартай Албан бичиг,   

             ҮНДЭСЛЭХ нь:

        

         1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

       

         2.Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу намайг томилсон ажилд ажиллуулахгүй, ажилгүй байсан хугацааны цалин өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ”Засгийн газрын тогтоолоор дүүргийн иргэдийн төлөөлөгч нарын ажлын албыг цомхотгож, бид тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.       

 

        4.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй.

 

       5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

         

       6.Нэхэмжлэгч анх 2021 онд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 102/ШШ2021/00000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-г Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны 0 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0000 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00000 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн Хуралдааны тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Г.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэвээр байна.


        7.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зохигчдын тайлбар, бичгийн баримтаас харахад, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч олгохгүй талаар маргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4-171/00000 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэлээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

        8.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч тус шүүхэд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32022/00000 дугаартай Шүүгчийн захирамжаар хангаж мөн өдрийн 102/ГХ2022/00000 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

    

       9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/0000 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигтээ хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн байна.

 

       10.Иймээс шүүхийн хүчин шийдвэрүүдийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй буюу энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        11. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо:

                 

       12.Зохигчдын хэн аль нь шийдвэрт дурдагдсан нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 51.955 төгрөгөөр тооцсонтой маргаагүй учраас 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хуанлийн тоололоор ажлын 103 хоног байна.

 

        -103 /хоног/ х 51.955 төгрөг /нэг өдрийн цалин/ = 5.351.365 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

        13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,     

          116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалин 5.351.365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговороос суутгаж, зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд даалгасугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА