Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00135

 

 

 

 

 

2023 01 11 210/МА2023/00135

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03952 дугаар шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, Б.Д.И.Т.Х.А.Анд холбогдох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 17,352,970 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.А- нь Б.Д.И.Т.Х.А.Анд 14 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 17,352,970 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тул дахин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй бөгөөд цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тогтоосон. Иймд Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Уг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ажилд эгүүлэн томилох талаар дурдаагүй, ажилд орох ямар нэгэн сонирхолгүй байгаа нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д.И.Т.Х.А.Анаас 5,351,365 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговроос суутгаж, зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Б.Д.И.Т.Х.А.Анд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 307,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчаас 5,351,365 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,001,605 төгрөгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 17,352,970 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Засгийн газрын 2012 оны 375 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга, хорооны зохион байгуулагчийн ажлыг цомхотгосон. Мөн Б.А- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй нь өөрийн хүсэлтээр ажлаас татгалзсан гэж үзэхээр байна. Иймд ажил олгогчид ажлын байрыг хадгалж, цалин хөлс олгох эрх үүсэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.А-ын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн хугацаа хүртэл хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 375 дугаар тогтоолоор Б.Д.И.Т.Х.А.Аны орон тоог 21 байхаар тогтоосон тул нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас тогтоосон хэм хэмжээний актыг бүх төрийн байгууллага дагаж мөрдөж ажиллах ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Д.И.Т.Х.А.Анаас нэхэмжлэгчид төлбөрийг төлж барагдуулж байна.

6.2. Б.А- нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул өөрийн хүслээр цаашид ажиллахаас татгалзсан гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд шүүх зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбар хэрэглэсэн байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй учир нь ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, харин нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Б.Д.И.Т.Х.А.Анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 17,352,970 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01446 дугаар шийдвэрээр Б.А-ыг Б.Д.И.Т.Х.А.Аны 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,455,338 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрт гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1243 дугаар магадлалаар хангахгүй орхиж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00713 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. (хэргийн 5-14 дэх тал)

 

4.Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/00230 дугаар захирамж, 102/ГХ2022/00023 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэн холбогдох ажиллагааг явуулж байгаа боловч хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилоогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргах хүртэл хугацааны олговрыг нэхэмжлэх эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. (хэргийн 62-77 дахь тал)

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажлын байр цомхотгосон бол зохих шийдвэр гаргаж, үүнтэй холбоотой маргаан үүсвэл тусдаа шийдвэрлэгдэх журамтай. Иймээс нэхэмжлэгчийн ажлын байр цомхотгогдсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээр дурдсан шүүхийн шийдвэр гарсан үеэс буюу 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсоныг анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр ажилгүй байсан бүх хугацааг буруу тооцож алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

7.Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаа нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад шилжсэн байх тул хүчин төгөлдөр мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан зохицуулалтыг тус маргаанд хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажлын 334 өдөрт тооцогдох олговор 17,352,970 (51,955*334) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д.И.Т.Х.А.Анаас 17,352,970 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэгч Б.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг хариуцагч Б.Д.И.Т.Х.А.Анд даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д.И.Т.Х.А.А давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,976 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА