Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00823

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Н, Д.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, алдангид нийт 46 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Д.Б, хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Нтэй 2016.03.19-ний өдөр 18 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцох гэрээ байгуулсан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээг 2016.06.19-ний өдрөөс 2016.11.19-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай сунгасан. 2016.11.19-ний өдрөөс 2017.03.19-ний өдөр хүртэл 2 удаа сунгасан. 12 сарын хүү 12 960 000 төгрөг, алданги төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцож 15 480 000 төгрөг, нийт 46 440 000 төгрөгийг Р.Н, Д.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Н нэхэмжлэгч болон түүний хамтрагч н.Дэлгэрнасан нараас 2016 онд 15 000 000 төгрөгийг бэлнээр зээлж мөн ондоо 7 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Үндсэн зээлээс үлдсэн 8 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг нөхөр Д.Бын Хаан банкны данс руу шилжүүлж, н.Дэлгэрнасангийн нөхөрт буцаан бэлнээр өгсөн. Үлдэгдэл 8 000 000 төгрөг хүүгийн хамт 18 000 000 төгрөг байхад 46 440 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2016.03.19-ний өдөр 18 000 000 төгрөгийг иргэн Л.Бгаас хүлээж аваагүй. 2014.01 сард 12 000 000 төгрөгийг н.Дэлгэрнасангаар дамжуулж Л.Бгаас зээлж,2015 оны сүүлээр 9911-тэй дугаараа зарж, талыг төлсөн. Р.Н 9911-тэй дугаараа 8 000 000 төгрөгөөр н.Дэлгэрнасан болон Л.Бд худалдаж, 4 000 000 төгрөг үлдсэн. Л.Б н.Дэлгэрнасан нартай амаар харилцан тохиролцож цаасан дээр баталгаажуулаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний хувьд 2014 онд авсан зээлийг баталгаажуулах зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээнд мөнгө авсан нь гэсэн гарын үсэг Р.Нийх мөн. Сунгалтад гарын үсэг зураагүй юм. 9911-тэй дугаарыг тооцуулж хассан дүн болох үлдэгдэл 4 000 000 төгрөгийн гэрээг бичгээр хийгээгүй ч гэсэн төлнө. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Н надруу залгаж, чамд Хаан банкны данс байвал яаралтай мөнгө хийх хэрэгтэй болсон, Ард кино театрын салбар дээр хүрээд ир гэсэн. Намайг очиход М.Батнасан, н.Дэлгэрнасан, Р.Н охинтойгоо энэ 4 хүн зогсож байсан. Хүний данснаас 18 000 000 төгрөг миний дансаар оруулаад гаргачихъя гэсэн. Би мөнгийг авч өгөөд энэ мөнгийг өөртөө аваагүй эргүүлж өгсөн талаар гарын үсэг зуруулан авч үлдээд, н.Дэлгэрнасан нь охинтойгоо салж явсан. 2 жилийн дараа намайг18 000 000 төгрөг авсан хамтран зээлдэгч гэж шүүхэд өгсөн байсан гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Р.Н, Д.Б нараас 46 440 000 / дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 360 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б, хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь Р.Нийг дарамталж гарын үсэг зуруулсан. Гэрч н.Батнасан, н.Дэлгэрнасан нар Л.Бд мөнгийг буцааж өгсөн гэж мэдүүлсэн байтал шүүх хэргийг бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийн хариуцагч нараас мөнгийг гаргуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Р.Н, Д.Б нарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 18 000 000 төгрөг, хүү 12 960 000 төгрөг, алдангид 15 480 000 төгрөг нийт 46 440 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “зээл 18 000 000 төгрөгийг шилжүүлэн аваагүй” гэж маргажээ. /хх-1, 33, 123-124/

 

Хэргийн 9 дүгээр талд зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Л.Бгаас зээлдэгч Р.Нд 18 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай, сар бүр 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийг эгүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож талууд гэрээнд  гарын үсэг зурсан./хх-9/ Гэрээнд 18 000 000 төгрөгийг “ нөхөр Бын дансаар авсан” гэсэн бичилт хийж, уг бичилтийн дор хариуцагч буюу зээлдэгч Р.Н гарын үсгээ зурсан үйл баримт тогтоогджээ./хх-19, 38/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Нэгэнт зээл 18 000 000 төгрөгийг нөхөр Бын дансаар авснаа буюу зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлбэрийг талууд тохиролцож, хариуцагч гэрээндээ хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан тул хариуцагч Р.Нийг      18 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзнэ.

Талууд Л.Бгаас Д.Бын дансанд 18 000 000 төгрөг  шилжүүлсэн үйл баримтад маргаангүй. /хх-33/

Харин хариуцагч тал “уг 18 000 000 төгрөгийг аваад буцаагаад М.Батнасангаар дамжуулан Л.Бд тоолж өгсөн, н.Дэлгэрнасанд өгсөн” гэсэн байдлаар маргажээ./хх-124/ Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Дэлгэрнасан “18 000 000 төгрөгийг аваагүй, н.Батнасан ч аваагүй” гэж мэдүүлсэн./хх-71-74/ Гэрч М.Батнасан “  Д.Быг өөрийн эхнэрийн үеэл” гэж мэдүүлснээс үзэхэд М.Батнасангийн “ 18 000 000 төгрөгийг Д.Баас аваад Л.Бд тоолж өгсөн” гэх мэдүүлэг эргэлзээтэй, уг мэдүүлгийг н.Дэлгэрнасангийн мэдүүлэг, зээлийн гэрээнд хийгдсэн зээлдэгч Р.Нийн “18 000 000 төгрөгийг нөхөр Д.Бын дансаар авсан” гэсэн бичилт, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй харьцуулан дүгнэхэд үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. /хх-19, 38, 125/

 Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэх  үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-127-128/

Зээлдэгч Р.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл 18 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талууд зээлийн гэрээндээ 18 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай, сар бүр 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон тул дээрх хугацаанд хүү шаардах эрхтэй.

Харин хэрэгт авагдсан зээлийн гэрээний ард 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл “гэрээний үндсэн нөхцөлтэй ижил нөхцөлөөр сунгав” гэсэн урьдчилсан бичвэр хийгдсэн байна. Уг урьдчилсан бичвэрийн дор зээлдэгч Р.Н “ 2016 оны 11 сарын 19 хүртэл гэрээг сар бүр 6 хувийн хүүтэй сунгаж өгнө үү” гэж хүсэл зоригоо илэрхийлжээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийсэнд тооцдог. Хүү, анз тооцох нь гэрээний бичгээр тохиролцвол зохих гол нөхцөл бөгөөд гэрээний хугацааг сунгах гэдэг нь дуусгавар болж байгаа гэрээний зөвхөн нэг л нөхцлийг буюу эгүүлэн төлөх хугацааг л талууд хойшлуулж байгаа явдал юм. Харин ийнхүү эгүүлэн төлөх хугацааг хойшлуулахдаа хүү тооцох эсэх, хүүгийн хэмжээ ямар байх, анз тооцох эсэх зэрэг бусад гол нөхцлүүд ямар байхыг талууд хүсэл зоригоо бичгээр хангалттай, тодорхой, тэгш эрхийн үндсэн дээр харилцан илэрхийлж тохиролцох ёстой.

 

Зээлийн гэрээний ард “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл, 6 хувийн хүүтэй сунгаж өгнө үү. Н” гэсэн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан, 8 сарын хугацаанд 6 хувиар хүү тооцох, эхний 3 сард нь алданги тооцох нөхцөлтэйгээр сунгагдсан гэж үзлээ.

 

Харин гэрээний дараагийн бичилт буюу “2016 оны 11 сарын 19-нөөс 2017 оны                3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэй ижил нөхцлөөр сунгав” гэх урьдчилан тогтоосон бичилтийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд ялангуяа хүү, анзын хэмжээний хувьд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд Р.Нэс зээл 18 000 000 төгрөг, 8 сарын хугацааны хүү буюу 8 640 000 төгрөг           /18 000 000х6:100=1 080 000, 1 080 000х8= 8 640 000 /, алданги эхний 3 сарын хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 10 620 000 төгрөг /18 000х6:100=1 080 000, 1 080 000х3= 3 240 000, 18 000 000+ 3 240 000:2=10 620 000/ нийт 37 260 000 төгрөгийг /18 000 000+ 8 640 000+ 10 620 000= 37 260 000/ гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Д.Б гэрээний тал биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг тус тус шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгчийн “хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелээгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүрэн, хариуцагч Р.Нийн гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Нэс 37 260 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 180 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч Р.Н, Д.Б нараас” гэснийг “хариуцагч Р.Нэс” гэж, “360 150 төгрөг гаргуулж” гэснийг “344 250 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД