Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00243

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 823 дугаар магадлалтай,

Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Р.Н, Д.Б нарт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүү 12 960 000 төгрөг, алданги 15 480 000 төгрөг, нийт 46 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн  нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Нэд 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан. Р.Нэ Д.Б нар энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, удаа дараа залгаж хэлж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Гэрээг 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай сунгасан. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 удаа сунгасан. 12 сарын хүү 12 960 000 төгрөг, алдангийг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцож 15 480 000 төгрөг, нийт 46 440 000 төгрөгийг Р.Нэ, Д.Б нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Р.Нэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.Нэ Л.Б болон түүний хамтрагч О.Дэлгэрнасан нараас 2016 онд 15 000 000 төгрөгийг бэлнээр зээлж, энэ ондоо 7 000 000 төгрөгийг эргүүлэн хүүгийн хамт төлсөн билээ. Үндсэн зээлээс үлдсэн 8 000 000 төгрөг, түүний хүү болох 10 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гэнэт өглөө залгаж Хаан банкны данс явуулаадах би авах ёстой мөнгөө дансаар чам руу хийгээд өгсөн гэдгээ баталгаажуулах хэрэгтэй байнаа гээд ярьсан. Би хэдэн төгрөг над руу хийх гэж байгааг мэдээгүй үлдэгдэл 8 000 000 төгрөг хүүтэй нь дансаар оруулж гаргах гэж байна гэж ойлгосон. Надад Хаан банкны данс байхгүй учир нөхөр Бадрахаас дансруугаа мөнгө хийгээд гаргаад өгөөч гэж хүссэн. Ингээд Л.Б хамтрагч О.Дэлгэрнасан болон түүний нөхөр н.Батбаяр нар Хаан банкнаас миний нөхөр болох Д.Бын Хаан банкны данс руу үлдэгдэл 8 000 000 төгрөгийг, зээлийн хүү болох 10 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг шилжүүлж Хаан банк дотроо О.Дэлгэрнасангийн нөхөр н.Батбаярт буцаан бэлнээр өгсөн билээ.

Үлдэгдэл 8 000 000 төгрөг, хүүгийн хамт 18 000 000 төгрөг байхад 46 440 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ бол огт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд миний бие үндсэн зээл болох 8 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөгийг хугацаа тохиролцож төлөх болно гэжээ.

Хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18 000 000 төгрөгийг иргэн Л.Бгаас хүлээж аваагүй. 2014 оны 01 дүгээр сард эхлээд 5 000 000 төгрөг, 7 хоногийн дараа 7 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг О.Дэлгэрнасангаар дамжуулж Л.Бгаас зээлсэн. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Л.Бгаас 18 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээж аваагүй.

2015 оны сүүлээр 9911-тэй дугаараа зарж, зээлсэн мөнгөний талыг төлсөн. Р.Нэ 9911-тэй дугаараа 8 000 000 төгрөгөөр О.Дэлгэрнасан болон Л.Бд худалдаж, 4 000 000 төгрөг үлдсэн. Л.Б, О.Дэлгэрнасан нартай амаар харилцан тохиролцож цаасан дээр баталгаажуулаагүй. 2016 оны 03 дугаар сард О.Дэлгэрнасан мөнгөө нэхэж, Р.Нэ рүү Хаан банкны данс байна уу гэхэд Р.Нэ нь надад данс байхгүй гээд Д.Бад О.Дэлгэрнасангийн 18 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар оруулаад гаргаж өгөөч гэж хэлсэн. О.Дэлгэрнасан, Д.Б, М.Батнасан, н.Батбаяр нар нь Хаан банк дээр уулзсан байсан. Тэдгээр нь мөнгөө өгөлцөж, авалцаж дууссаны дараа Р.Нэ Хаан банкны үүдэнд тааралдаж уулзахад 18 000 000 төгрөгийг нь өгсөн гэж Д.Б хэлснээр цааш явсан.

Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний хувьд 2014 онд авсан зээлийг баталгаажуулъя гэж хэлэн удаа дараа дарамтлахад нь аргагүйн эрхэнд зээлийн гэрээ хийсэн. Гэхдээ зээлийн гэрээнд мөнгө авсан Р.Нэ гэж зурсан нь миний гарын үсэг мөн. Сунгалтаар хийсэн гарын үсгийг би зураагүй юм. 9911-тэй дугаарыг тооцуулж хассан дүн болох үлдэгдэл 4 000 000 төгрөгийн гэрээг бичгээр хийгээгүй ч гэсэн түүнийг төлнө. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Р.Нээс салсан байсан. 2016 онд хагас сайн өдөр байсан байх. Р.Нэ надруу залгаж, чамд Хаан банкны данс байвал яаралтай мөнгө хийх хэрэгтэй болсон, Ард кино театрын салбар дээр хүрээд ир гэсэн. Намайг очиход М.Батнасан, О.Дэлгэрнасан, Р.Нэ охинтойгоо энэ 4 хүн зогсож байсан. Хүний данснаас 18 000 000 төгрөг миний дансаар оруулаад гаргачихъя гэсэн. Би мөнгийг авч өгөөд энэ мөнгийг өөртөө аваагүй эргүүлж өгсөн талаар гарын үсэг зуруулан авч үлдээд, О.Дэлгэрнасан нь охинтойгоо салж явсан. 2 жилийн дараа надад 18 000 000 төгрөг авсан хамтран зээлдэгч гэж шүүхэд өгсөн байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Р.Нэ, Д.Б нараас 46 440 000 /дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Нэ, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 360 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 823 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Нээс 37 260 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 180 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагч Р.Нэ, Д.Б нараас” гэснийг “хариуцагч Р.Нээс” гэж, “360 150 төгрөг гаргуулж” гэснийг “344 250 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 823 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Л.Б би хариуцагч Р.Нэ, Д.Б нарт 2016 оны 03 сарын 19-ний өдөр 18 000 000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг Р.Нэтэй байгуулж, 18 000 000 төгрөгийг түүний нөхөр болох Д.Бын Хаан банкны дансаар хийсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 д үгээр зүйлийн 281.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэсэн хэрнээ хэрэгт авагдсан зээлийн гэрээний ард 2016 оны 09 сарын 11-ний өдрөөс мөн оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл “гэрээний үндсэн нөхцөлтэй ижил нөхцөлтэйгөөр сунгая” гэсэн урьдчилсан бичвэр хийгдсэн байна. Мөн 6 хувийн хүүтэй сунгаж өгнө үү гэсэн хүсэл зоригоо бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан 8 сарын хугацаанд 6 хувийн хүү тооцох эхний 3 сард алданги тооцох нөхцөлтэйгөөр сунгагдсан гэж үзлээ гэж дүгнэсэн.

Харин гэрээний дараагийн бичилт буюу 2016 оны 11 сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэй ижил нөхцөлөөр сунгая гэх урьдчилан тогтоосон бичилтийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд ялангуяа хүү, анзын хэмжээний хувьд хүсэл зоригоо хангалттай илэрхийлж гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Д.Б гэрээний тал биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг тус тус шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй давж заалдах шатны бүрэлдэхүүн үзсэн.

Эдгээр 3 үндэслэл, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хариуцагч Р.Нэ, Д.Б нь эхнэр нөхрийн хувьд мөнгө хэрэгтэй байна гэж гэрээ байгуулсан, нэг нь гарын үсэг зурж, нөгөө нь өөрийн дансанд хүлээж авснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлж, зээлийн гэрээний харилцаа үүсч, гэрээ хийгдсэн гэж зөв дүгнэлт хийсэн хэрнээ уг мөнгийг хариуцагч нар юунд хэрэглэх нь өөрсдийнх нь асуудал байхад давж заалдах шатны шүүх Д.Быг гэрээний тал биш гэж үзэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Мөн Р.Нэ 2016 оны 03 сарын 19-ний өдрөөс 2016 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл 2 удаа зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэй ижил нөхцөлтэйгөөр сунгав гэж хүлээн зөвшөөрч бичсээр байтал давж заалдах шүүх талууд гэрээний гол нөхцөлийн талаар хангалттай хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй дүгнэлт болно.

2016 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний гол нөхцөл нь 18 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөл байтал хариуцагч энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацааг сунгасан байтал давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 823 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Р.Нэ нь 2014 оны 01-р сард Д.Жаргал, О.Дэлгэрнасангаар дамжуулан Л.Бгаас 12 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж аваад, хүүгээ төлж байгаад үндсэн мөнгийг 9911-тэй дугаараа зарж 8 сая төгрөг өгсөн.

Үлдэгдэл 4 сая төгрөгийг дараа төлөхөө хэлсэн болно. Гэтэл О.Дэлгэрнасан нь Л.Бгаас авсан өөрийн 4 сая төгрөгөө оруулж, нийт 8 сая төгрөг, хүү 10 сая төгрөгийн хамт Л.Бгаас авч байгаа дүр эсгэн түүний данснаас 18 сая төгрөгийг Д.Бын Хаан банкны данс руу 2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хийж, буцаан Л.Бд гаргаж өгсөн.

Энэхүү 18 сая төгрөгийг Д.Б нь Батнасан, түүний эхнэр О.Дэлгэрнасан нарт Ард кино театрын дэргэд байрлах Хаан банкны үүдэн дээр эргүүлэн өгөөд “буцааж авсан бичиг хийлгүүлж” авсан байдаг ба Батнасан нь нэхэмжлэгч Л.Бд банкны үүдэнд машиндаа байхад нь эргүүлэн өгчээ.

Р.Нэ нь энэхүү үйл явдлыг болтол Л.Бг нэг ч удаа хараагүй ба утсаар ч ярьж байгаагүй болно. О.Дэлгэрнасан, Л.Бг таньдаг учир бүх үйл ажиллагааг зохицуулж байсан ба сүүлд маргаан үүсэх үед биечлэн уулзсан юм.

Харин 2014 оны зээлсэн 12 сая төгрөг дээр бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй тул Л.Б, О.Дэлгэрнасан нар нь 8 сая үндсэн мөнгө, хүү 10 сая гээд нийт 18 сая төгрөгийг нийлүүлж байгаад 2016.03.19-нд авсан гэж нөхөж зээлийн гэрээ хийсэн. Энэхүү гэрээг тухайн өдөр хийгээгүй ба дараа нь ажил дээр ирж ажлын хүмүүсийн дунд чанга ярьж, дарамталж байгаад хийсэн болно.

Түүнээс Р.Нэ нь 2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Л.Бгаас 18 сая төгрөгийг аваагүй байж зурахгүй гэтэл дарамталж байгаад эхний хуудсанд гарын үсэг зуруулсан.

Р.Нэ, Д.Б нар 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Л.Бгаас 18 сая төгрөгийг зээлж аваагүй болно.

Хариуцагч Р.Нэ шүүхэд гарсан тайлбартаа 2016 он гэж андуурч бичсэн байсан ба 3 жилийн өмнөх үйл явдал тул Д.Жаргал, О.Дэлгэрнасангаас дахин тодруулж асуусны үндсэн дээр нэмэлт тайлбар өгсөн болно.

Давж заалдах шүүхийн магадлал нь болсон үйл явдалд буруу дүгнэлт хийлээ гэж гомдол гаргаж, дахин хуулийн дагуу хянах нь үндэслэлтэй.

2016 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Л.Бгаас Р.Нэ нь бодитоор мөнгийг аваагүй байхад шүүх “...гэрээндээ хүлээн авснаа зөвшөөрч гарын үсэг зурсан” гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэдэг.

Нэхэмжлэгч Л.Бгаас шилжиж ирсэн 18 сая төгрөг нь 2016.03.19-ний өдөр Д.Бын дансаар ороод, Д.Б бэлнээр банкнаас авч Батнасанд өгөөд, О.Дэлгэрнасан, Батнасан, нар нь Хаан банкны үүдэнд өөрийн цагаан өнгийн машиндаа сууж байсан нэхэмжлэгч Л.Бд эргүүлэн өгсөн байдаг.

Р.Ний хувьд энэхүү 18 сая төгрөгийг аваагүй болох нь нотлогдсон юм. Үүнийг анхан шатны шүүх хурал дээр гэрч Батнасан мэдүүлсэн ба гэрч Д.Жаргалтай Д.Б хамт амьдарч байсан тул энэхүү үйл явдал болсон гэдгийг мөн л гэрчлүүлсэн. Шүүхүүд дээрх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч нар Хаан банкны бичлэгээр ч нотлохыг оролдсон боловч чадаагүй билээ.

Шүүх Батнасангийн мэдүүлгийг эргэлзээтэй гээд О.Дэлгэрнасангийн мэдүүлгийг нэмэлт тайлбар авалгүй үнэлсэнд нь гомдолтой. Анх Р.Нэ нь О.Дэлгэрнасангаар дамжуулан Л.Бгаас мөнгө зээлсэн ба О.Дэлгэрнасан нь мөнгө нэмж авдаг байсныг маргаан үүссэн үеэс мэдсэн.

Тухайлбал, анхан шатны шүүх хурлаас хойш Р.Нэ нь Л.Бд өгөх 4 сая төгрөгөө өгье гэхэд О.Дэлгэрнасан миний 4 сая төгрөгийг нэмээд хоёулаа 8 сая төгрөг өгье гэж утсаар ярьж, уулзсан болно. О.Дэлгэрнасангийн мэдүүлэгт “Л.Бгаас мөнгө зээлдэг, хүүхэд Америкт сурдаг, ...Зээлийн гэрээг хийхэд Л.Б бид 3 байсан. Д.Бын дансаар мөнгө оруулах хүсэлтийг тавьсан, Хаан банкинд Д.Б, Батнасан нар орсон, би 4 сая төгрөгийг авахын тулд уулзуулсан” гэх болсон үйл явдлыг илт тодорхой бус ярьсан хүний мэдүүлгийг үнэлсэнд гомдолтой байна. О.Дэлгэрнасангийн мэдүүлэг нь харин ч эргэлзээтэй бодит байдлыг нуусан байдаг.

Р.Нэ нь телевизийн хөтлөгч, жүжигчин бөгөөд охины хамт амьдардаг ганц бие, өрх толгойлсон эх юм. Л.Бд өөрийн учир байдлыг хэлж эвлэрэх санал тавьсаар ирсэн. Р.Нэ нь 2014 онд авсан зээлээ амаар харилцан тохиролцсон байсан ба 4 сая төгрөгийг өгөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно.

О.Дэлгэрнасан, Л.Б нь Р.Нийн ажил дээр байнга ирж, хамт олны дунд дарамталж буюу хүмүүст тараана гэж хууль бус мөнгө хүүлээд байгаагаа нууж, ажилгүй болгох гээд байсан тул аргагүй эрхэнд 2014 оны 01-р сард зээлүүлсэн мөнгөө 2016 онд нөхөн зээлийн гэрээ хийсэн.

Р.Нэ намайг ганцаараа хамгаалах хүнгүй гэдгийг мэддэг ба нэхэмжлэгч Л.Б нь ийм байдлаар нийт 23 хүнийг хохироож, орон сууц, эд зүйлийг нь авч хохироосон байдаг.

Р.Нэ нь нотариат ч ороогүй, сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй ба дарамталж байгаад хийсэн. Үүнийг удаа дараа хэлэхэд шүүх 2016.03.19-нд болсон гэж дүгнэсэн нь бодит байдлаас өөр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүх хэргийг бодит байдлаас өөр дүгнэлт хийн, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхсэн мөнгийг гаргасан тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 823 дугаартай магадлалтай хэргийг дахин хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Б нь Р.Нэ, Д.Б нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүү 12 960 000 төгрөг, алданги 15 480 000 төгрөг, нийт 46 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Р.Нэ тухайн зээлийг аваагүй гэж, хариуцагч Д.Б 18 000 000 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар гаргаж, М.Батнасанд өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас 46 440 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Р.Нээс 37 260 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Д.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Б “...хариуцагч Д.Бад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, гэрээний хугацааг буруу тооцож шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэж,

Хариуцагч Р.Нэ: “... шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй, үйл явдалд буруу дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус хяналтын журмаар гомдол гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Л.Б нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Р.Нэд 18 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлийг хугацаанд нь эргүүлж төлөхгүй хугацаа хэтэрвэл алданги тооцохоор “Зээлийн гэрээ” байгуулж, мөнгийг зээлдэгч Р.Нийн нөхөр Д.Бын Хаан банкны дансаар шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1.-д зохицуулжээ.

Зээлдүүлэгч Л.Б гэрээгээр тохирсон 18 000 000 төгрөгийг зээлдэгч Р.Нэд шилжүүлснээр түүнд гэрээний үүргийг шаардах эрх үүсэх боловч тухайн мөнгийг зээлдэгч шилжүүлэн авснаар буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Л.Бгийн Хаан банкны 5037329640 данснаас зээлдэгч Р.Нийн нөхөр Д.Бын Хаан банкны 5003594006 данс руу 18 000 000 төгрөгийг шилжсэнийг Д.Б хүлээн авч М.Батнасанд бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ талаар баримт үйлдсэн байна.

Дээрх мөнгийг Л.Бд хүлээлгэн өгсөн талаар М.Батнасан шүүх хуралдаанд мэдүүлсэн байтал шүүх гэрчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдоогүй, М.Батнасангийн Д.Баас мөнгө авсан гэх бичвэрийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Р.Нийн: “...зээлийн мөнгийг хүлээж аваагүй, 18 000 000 төгрөгийг Д.Бын дансаар шилжүүлснийг Д.Б О.Дэлгэрнасангийн нөхөр М.Батнасанд хүлээлгэж өгсөн. 2014 онд О.Дэлгэрнасангаар дамжуулан Л.Бгаас авсан 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 8 000 000 төгрөг байсан, үүний хүү гэж 10 000 000 төгрөгийг нэмж 18 000 000 төгрөгийг төлөхөө баталгаажуулах хэрэгтэй гэхээр нь гэрээнд гарын үсэг зурж, тухайн мөнгийг өөрт Хаан банкны данс байхгүй тул нөхөр Д.Бын данс руу шилжүүлээд буцаагаад өгсөн, гэтэл надаас ийм их мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар, хариуцагч Д.Бын мөнгийг данснаасаа авч М.Батнасанд өгсөн гэх тайлбар, мөнгийг М.Батнасан хүлээн авсан тухай баримт зэргийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байхад шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

Зохигч “Зээлийн гэрээ” байгуулсан боловч хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтаар  зээлдүүлэгч зээлийн мөнгө  болох 18 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй тул гэрээ хэрэгжээгүй, иймд гэрээний үүргийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй, харин нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагч Р.Нэ нэхэмжлэгч Л.Бгаас 2014 онд авсан зээлийн үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч Р.Нийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Бад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгт Д.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул алдааг засах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 823 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00586 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Р.Нээс 10 000 000 төгрөгийг гаргуулан Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 440 000 төгрөгийг, хариуцагч Д.Бад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч Р.Нэ, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 360 150 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Р.Нээс 174 950 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Бгийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Р.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэнгийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Бгаас төлсөн 360 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Нээс төлсөн 344 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД