Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0236

 

“Түшиг мандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Түшиг мандал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан “Түшиг мандал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газраас зарласан ӨМ-НЁ-2016/ОНХС/07 дугаар бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №5/7123 тоот албан бичиг”-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““Түшиг мандал” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар шийдвэрт дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Унниверсаль трактор худалдан авах” ӨМ-НЁ-2016/ОНХС/-07 дугаар тендер шалгаруулалтад оролцсон “Баганат хайрхан” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам/-д гомдол гаргасан байдаг. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Сангийн яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу дээрх тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн холбогдох материал баримт, бичгийг хянан үзэж гомдлыг хянан шийдвэрлэсэн байдаг.

Дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэхэд хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн болохыг тогтоон шалгасан байдаг.

• Ноён сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн а/13 дугаар тушаалаар батлан зохион байгуулсан үнэлгээний хорооны гишүүд нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэж заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулсан байсан. Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

• Үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлд дээрх тендер шалгаруулалтад оролцож байгаа оролцогч болох “Түшиг мандал” ХХК-ийн төлөөлөл үнэлгээний шатанд оролцсон нь хуульд заасан хараат бус байдал алдагдаж, тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөх үйлдэл мөн Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын 5.1 дэх заалтыг зөрчсөн, Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй гэж хянан үзэж хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу дээрх тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэрийг Сангийн яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7123 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Хуулийн 5.1.9-д ““үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг” гэж, 47 дугаар зүйлийн 47.6-д Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэж тус тус заасан хуулийн заалтыг Захиалагч байгууллага зөрчсөн байхад Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиалагч байгууллагын эрх гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй боловч Захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо нь хууль, журамд нийцсэн байх ёстой бөгөөд захиалагч нь хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн ашигласан болохыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байна.

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилтоор Захиалагчийн үйл ажиллагаа, үнэлгээний хороо, тендер шалгаруулалтын зохион байгуулалт хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах хуулийн зохицуулалттай байна.

Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Үнэлгээний зааврын 5.1 дэх заалтыг зөрчсөн, 5.2-т Тендерийн тодруулга болон өөрчлөлт хэсгийн 3 дахь мөрөнд “Тендерийн үнэлгээний явцад хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу гомдол маргаанаас хэлэлцэхээс бусад аль ч шалтгаанаар захиалагч болон тендерт оролцогчийн хооронд уулзалт, ярилцлага явуулж болохгүй” гэж заасан байхад үнэлгээний хороо тендерийн үнэлгээний явцад “Түшиг мандал” ХХК-ийн ажилтантай утсаар ярьсан байдаг нь хууль, журам зөрчиж байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Хуулийн 46.4-т “3ахиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Дээрх Үнэлгээний зааврыг захиалагч болон үнэлгээний хороо тендер шалгаруулалтын явцад дагаж мөрдөхөөр хууль, зүйн зохицуулалттай юм. Дээрх Үнэлгээний зааврын Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримт гаргуулах ажиллагааны дагуу Маягт 6-г шинээр нөхөж бөглөж ирүүлсэн нь хуулийн зорилтыг алдагдуулж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д маргаан бүхий захиргааны актын “Түшиг мандал” ХХК-д холбогдох хэсгийн биш захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн хууль, ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагчаас Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газарт “Универсаль трактор худалдах авах” ӨМ-НЁ-2016 /ОНХС/-07 дугаар тендерийг хүчингүй болгохдоо “Хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн эсэхийг нотлох баримт ирүүлээгүй, үнэлгээний хорооны хуралд “Түшиг мандал” ХХК-ийн төлөөлөл оролцсон, Тендерийн үнэлгээний зааврын Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй” зэрэг үндэслэлийг заасан байна.

1. Захиалагч буюу Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газрын “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх” шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:

Захиалагч Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газраас үнэлгээний хорооны гишүүдийн мэргэшсэн эсэхийг нотлох баримтыг Сангийн яамд хүргүүлээгүй гэх асуудал нь захиалагчийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ нь нэхэмжлэгч “Түшиг мандал” ХХК-ийн тендерт шалгарсан эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэж зааснаар хуульд заасан иргэний төлөөлөл оролцсон гэж үзэж болохоор байна. Мөн түүнчлэн хариуцагчаас тухайн нутаг оронд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн иргэний тоо, нөөц боломж хэр байдгыг судалж энэ асуудлыг шийдвэрлэвэл зохистой байжээ.

Хариуцагчаас “Баганат хайрхан” ХХК-ийн гомдлоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-г зөрчсөн гэдэг үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон нь уялдаагүй байна. Учир нь гомдол гаргагч нь тендерт оролцогчийн хувьд уг тендерт өөрөө шалгарах боломжтой байсан эсэх талаар маргаагүй төдийгүй нэхэмжлэгчийг шалгаруулсан тендерийг хүчингүй болгосноор гомдол гаргагч уг тендерт шалгарах нөхцөл үүсэхгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх “хариуцагчийн албан бичигт дурдсан үндэслэлүүд нь уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох хэмжээний үндэслэлүүд биш” гэсэн зөв дүгнэлт хийжээ.

2. Үнэлгээний хорооны хуралд “Түшиг мандал” ХХК-ийн төлөөлөл оролцсон гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өмнөговь аймгийн Ноён сумын Универсаль трактор худалдах авах тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дөрөвдүгээр хуралдаанд Үнэлгээний хорооны дарга Д.Энх-Амгалан болон гишүүн Ө.Баярмаа, Ш.Болормаа, Ө.Төрмөнх, Б.Батбаатар нар оролцсон байна. Харин “Түшиг мандал” ХХК-ийн төлөөлөл тус хуралд оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул ийм үндэслэл зааж тендерийг хүчингүй болгосон нь буруу байна. Нөгөө талаар тендерийн үнэлгээний хорооноос тендерт оролцогч хуулийн этгээд рүү утсаар ярьсныг нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс тендерийн үнэлгээний хорооны “хараат бус байдлыг алдагдуулж, тендер шалгаруулалтад нөлөөлсөн” үндэслэл гэж дүгнэх боломжгүй байна.

3. Захиалагчаас Тендерийн үнэлгээний зааврын Маягт 6-д заасны дагуу хянан үзэж үнэлгээ хийгээгүй гэх боловч үнэлгээний хороо тендер шалгаруулалтын гол нөхцөл болох хамгийн доод үнэ, мөн ажлын туршлага зэргээр “Түшиг мандал” ХХК-ийг шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл, маягт 6-д заагдсан үнэлгээ өгөх шалгуур, үзүүлэлтүүдээр Универсаль трактор худалдах авах тендерийг шалгах дарааллын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

4. “Баганат хайрхан” ХХК-аас Сангийн яаманд гаргасан гомдолдоо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д зааснаар үнэлгээний хорооны гишүүд мэргэшсэн бус  тул тендер шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Гэтэл Өмнөговь аймгийн Ноён сумын Универсаль трактор худалдах авах тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дөрөвдүгээр хуралдаанаар “туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг мэдээлэл байхгүй” гэх үндэслэлээр “Баганат хайрхан” ХХК-ийн тендерээс татгалзсан байна. Дээрхээс үзэхэд шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн “Баганат хайрхан” ХХК-ийн гомдлоор тендерийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ