Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/02365

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 10 20 181/ШШ2022/02365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 12 дугаар байр, 42 тоотод оршин суух, **************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-39, Жи центр, 4 давхарт оршин байрлах, *******,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Худалдааны гудамж, Бага тойруу-12-т оршин байрлах, *******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оюунтуяа, хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, П.Нямзаяа, хариуцагч Миг даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь хариуцагч Миг даатгал ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК нарт холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч Миг даатгал ХХК-иас амь насны даатгалын нөхөн олговор 26,988,281 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Х.Оюунтуяа би талийгаач нөхөр Ж.Соронзонболдын хамтаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 12 дугаар байрны 42 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан орон сууцны зээл авсан. Миг даатгал ХХК болон Зуучлагчаар Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны 4А55К 20210307538, Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны 4А55К 20210307539 тоот гэрээг байгуулсан. Гэтэл үндсэн зээлдэгч миний нөхөр талийгаач Ж.Соронзонболд нь өвчний учир 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Ингээд даатгалын гэрээний дагуу Миг даатгал ХХК-иас амь насны даатгал 26,988,281,41 төгрөгийн нөхөн олговор олгохыг хүсэж хүсэлт гаргахад тус компани нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/12/798 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

Миг даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээний 1.5-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын хэлтэст хандахад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/3935 тоот албан бичгээр хариуг өгсөн. Уг албан бичигт: Миг даатгал ХХК-ийн зүгээс Даатгуулагчийн нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзэн гэрээний 8.1.6-д "Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгчийн улмаас нас барах", " Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэсгүй гэж үзсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ын 5.4.2-т заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор тус хороонд болон иргэн надад эргэж дариу мэдэгдэхийг үүрэг болгосон байтал өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй гэрээгээ зөрчсөөр байгаад гомдолтой байна.

Миг даатгал ХХК нь гэрээний 3 дүгаар зүйлийн 3.1-д "Даатгагчийн даатгалын зүйл дараахь тохиолдолд бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно гэж заасан гэрээгээ зөрчиж байна. Даатгалын тохиолдол эрсдэл нь Амь насны даатгал гэж ойлгож байгаа. Мөн талийгаач нас барснаар эрсдэл үүссэн. Мөн гэрээний 3.1.1, 3.1.1.1, 3.1.1.2-т заасан заалтуудыг зөрчиж иргэн намайг өдий хүртэл хохироож байгаа тул Миг даатгал ХХК-иас нөхөн олговор 26,998,261,41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа:

Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь тус банктай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/ВСС160628045-1 тоот Орон сууцны зээлийн гэрээг байгуулсан ба банк 67,300,000 (Жаран долоон сая гурван зуу) төгрөгийг жилийн 5 хувийн хүү, 180 сарын хугацаатайгаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г санхүүжүүлэх зориулалтаар зээлдэгч болох Х.Оюунтуяа, Ж.Соронзонболд нарт олгосон. Тус банк нь Монголбанкны 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446-Н тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тус тус заасны дагуу зээлдэгч нарыг амь нас болон барьцаа хөрөнгийн даатгалд хамруулсан байдаг. Ингэхдээ банк нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Миг даатгал ХХК-тай байгуулсан Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүсэх ипотекийн даатгалын харилцаанд даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Улмаар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, Х.Оюунтуяатай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4ASSR2021030739 тоот Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааг байгуулсан байх ба зээлдэгч буюу даатгуулагч Х.Оюунтуяа нь тус баталгааг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Дээрхээс үзэхэд тус банк Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тус тус заасны дагуу даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Иймд энэ хэргийн хариуцагч биш байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Миг даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа:

Манай компанид холбогдуулан гаргасан Х.Оюунтуяагийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Худалдаан хөгжлийн банкны Дархан салбараас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр "...зээлдэгч Ж,Соронзонболд нь нас барж даатгалын тохиолдол гарсан, Ж.Соронзонболд нь зээлийн төлбөрийн 50 хувийг хариуцан төлж байсан, иймд зээлийн үлдэгдэл болох 53,976,562.81 төгрөгийн 50 хувь 26,988,281.41 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож өгнө үү гэсэн хүсэлт болон холбогдох баримтуудыг хянан үзээд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нөхөн төлбөр хүссэн албан бичигт хавсаргасан баримтуудад:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0398750 тоот шийдвэрээр Ж.Соронзонболдыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл булчирхайн хавдар оноштойгоор хөдөлмөрийн чадварыг 80 хувиар алдсан гэж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Хишигжаргалын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/482 тоот албан бичигт Ж.Соронзонболдын оношийг Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн, 2021 оны 03 сард ходоодны шархнаас авсан биопсид Ходжкины бус Т эсийн лимфом оношлогдсон, 1 курс хими эмчилгээ схемээр хийлгэсэн, хавсарсан өвчний улмаас биеийн байдал хүнд, тус эмнэлэгт 4 дүгээр сарын 21-нд шилжин ирж эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн болно гэжээ. Харин даатгуулагчийн нас барсны гэрчилгээн дээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсан гэж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон байдаг.

Дээрх тохиолдол нь даатгуулагчидтай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын 4А88К20210307539 тоот баталгааны 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж, мөн даатгалын гэрээний 10.19-д гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон бөгөөд даатгуулагчид учирсан хохирол нь даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч Ж.Соронзонболд нь өвчний улмаас нас барсан нь баримтуудаар тогтоогдсон. Иймд даатгалын гэрээний 8.1.6-д Гэрээнд заасан бусад өвчин эмгэгийн улмаас нас барах, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн тус нөхөн төлбөрийн маргааны талаар Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/3935 тоот албан бичигт ...мэдүүлгийн маягтыг бөглүүлж, баталгаажуулсан хуулбарыг ирүүлээгүй байгаа нь уг журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэхээр байна. Иймд ...журмын 5.4.2-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох... гэж шийдвэрлэсэн. Манай компани 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01/12-1321 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаар даатгалын гэрээний мэдүүлгийн маягтыг бөглүүлсэн талаарх баримтыг хүргүүлсэн бөгөөд даатгуулагч нь мэдүүлгийн маягтын 3 дугаар зүйл Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал хэсгийн Үндсэн эрсдэл гэсний А Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг сонгосон байдаг. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэг нотлох баримтаар: нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 292,891 төгрөг төлсөн, Х.Оюунтуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021.05.14-ний өдрийн 2\482 тоот тодорхойлолт, Ж.Соронзонболдын нас барсны гэрчилгээний хуулбар, Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны 4АSSR2021307538 дугаар гэрээ, мөн Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны 4ASSR20210307539 дугаар гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.11.12-ны өдрийн 9\3935 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай Миг даатгал ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ\ВСС160628045-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ\ВСС160628045-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ (5 болон 8 хувь), БГ\ВСС160628045-1 тоот Баталгааны гэрээ, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0398570 дугаартай акт, Миг даатгал ХХК-иас Худалдаа хөлжлийн банкгы Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралтад хүргүүлсэн 2021.07.06-ны өдрийн 03\12-798 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, Ж.Соронзонболд, Х.Оюунтуяа нарын ПА 386 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас нотлох баримтаар 2021.02.08-ны өдрийн 3\930 тоот албан бичгээр олгосон итгэмжлэл, тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг өгсөн.

Хариуцагч Миг даатгал ХХК-иас нотлох баримтаар 2022.06.27-ны өдрийн 01\13-694 тоот албан албан бичгээр олгосон итгэмжлэл, Миг даатгал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар Худалдаа хөгжлийн банк ХХК-иас зээлдэгч Ж.Соронзонболд, Х.Оюунтуяа нарын Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудас 2018.12.25-ны огноотойгоор тус тус хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 26,988,281 төгрөгийг хариуцагч Миг даатгал ХХК-иас гаргуулах хэсгийг хангаж, хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь хариуцагч Миг даатгал ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөгийг хариуцагч Миг даатгал ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь ...Ж.Соронзонболд нь өвчний учир нас барсан, Иргэний хуулийн 431.1-т заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээний 3.1-т Даатгагчийн даатгалын зүйл дараахь тохиолдолд бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно гэж заасанг зөрчсөн ба даатгалын тохиолдол эрсдэл нь Амь насны даатгал гэж ойлгож байгаа, мөн талийгаач нас барснаар эрсдэл үүссэн байхад уг гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг... зээлдэгчийн төлбөр хариуцах хувиар олгоно гэж заасныг үндэслэн маргаж, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний дагуу 26,998,261.41 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч Миг даатгал ХХК нь даатгалын тохиолдол бий болоогүй, гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь манайх Миг даатгал ХХК-тай байгуулсан Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүсэх ипотекийн даатгалын харилцаанд даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тул даатгалын нөхөн олговорыг хариуцах учиргүй гэсэн тайлбар гаргасан.

Даатгуулагч Ж.Соронзонболд нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэхэд талууд маргасан.

 

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.Соронзонболд, хариуцагч Миг даатгал ХХК нарын хооронд 4ASSR20210307538 дугаартай Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон 4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулагдсан, даатгалын хамгаалалтад даатгуулагч амь насаа алдах эрсдэлийг тохирсон, гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн 50 хувийг Ж.Соронзонболд, 50 хувийг Х.Оюунтуяа тус тус тооцон хариуцахаар харилцан тохиролцсон байна.

 

Даатгалын гэрээ байгуулсны дараа даатгуулагч Ж.Соронзонболд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусийн хатгалгаа, ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IRI 4 \эрсдэл өндөр\ өвчнөөр нас барсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

 

4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ-г 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай, даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэлийг сонгон, зээлийн үлдэгдэл 53,976,562.9 төгрөг, зээлдэгчийн амь насны даатгалын үнэлгээг 53,976,562.9 төгрөгөөр тохирч үнэлэн даатгуулсан, даатгуулагчийн амь насны даатгалын хураамжид даатгуулагч нар 53,976.6 төгрөг төлж гэрээг бичгээр үйлдсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан сайн дурын даатгалын гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байна.

Мөн хуулийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна. гэж зааснаар зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байна.

 

Даатгуулагч Ж.Соронзонболд, Х.Оюунтуяа нар гэр бүл, түүний эхнэрийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эсэх дээр хариуцагч маргаагүй бөгөөд мөн байх тул нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч Миг даатгал ХХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч даатгалын гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу даатгагчид хугацаанд нь бүрэн мэдээлэл баримтаа өгсөн, энэ талаар талууд маргаагүй.

 

Миг даатгал ХХК нь Х.Оюунтуяагийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөлд, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 03/12-798 дугаар албан бичгээр, ...зээлийн үндсэн зээлдэгч Ж.Соронзонболд нь нас барж даатгалын тохиолдол гарсан, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсны улмаас нөхөн төлбөр гаргуулах талаар материалыг судлаад, Даатгуулагчтай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч Ж.Соронзонболд нь өвчний улмаас нас барсан байна. Иймд даатгалын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах гэж, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэжээ.

 

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/3935 тоот албан бичгээр Миг даатгал ХХК-д, иргэн Х.Оюунтуяагаас ирүүлсэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдлын дагуу танай 2021 оны 01/12-1239 тоот албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа.

Иргэн Х.Оюунтуяа нь нөхөр Ж.Соронзонболдын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг 4-р хороолол 12 дугаар байрны 42 тоот хаягт байрлах орон сууцыг 2016 онд Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас зээлээр худалдан авах үедээ танай компанийн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалд даатгуулсан байх бөгөөд даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээлдэгч Ж.Соронзонболд нь өвчний улмаас нас барснаар даатгалын тохиолдол бий болжээ. Дээрх тохиолдолд танай компанийн зүгээс даатгуулагчийн нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзэн гэрээний 8.1.6-д гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь талуудын ирүүлсэн баримтыг хянахад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2\482 дугаартай тодорхойлолтод иргэн Ж.Соронзонболдын оношийг Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, Вирусийн хатгалгаа, Ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IRI 4 \эрсдэл өндөр\, өвчтөнд 2021 оны 03 сард ходоодны шархнаас авсан биопсид Ходжкины бус Т эсийн лимфом оношлогдсон. 1 курс хими эмчилгээ СНОР схемээр хийлгэн, биеийн байдал сайжран гарсан боловч 2021 оны 04 дүгээр сарын 13-нд Ковид-19 вирусийн халдвар аван 04 сарын 14-нд Яармагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хавсарсан өвчний улмаас биеийн байдал сайжрахгүй байсан тул 04 сарын 21-нд тус эмнэлэгт шилжин ирж, биеийн байдал хүнд Ковид-19 вирусийн халдварын эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн болно гэж дурдсанаас үзэхэд даатгуулагчийн нас баралтын шалтгаан нь коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй байх буюу уг халдвар нь бусад өвчинд нөлөөлснөөр давхар эрсдэлийг бий болгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Мөн Хорооны зүгээс 2021 оны 9\3670 тоот албан бичгээр даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулахад Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугара тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамын 3 дугаар хавсралтын дагуу Мэдүүлгийн маягтыг бөглүүлж, баталгаажуулсан хуулбарыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариу албан бичгээр уг маягтыг тус Хороонд ирүүлээгүй бөгөөд энэ талаар аливаа шалтгаан, тайлбарыг дурдаагүй байгаа нь уг журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д Даатгагч, ...нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэхээр байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамын 5.4.2-т заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор тус Хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэнэ үү гэжээ.

 

Энэ нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад Миг даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн, улмаар ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг даатгагч зөрчсөн үндэслэлээр нөхөн төлбөрийг олгох талаар дурдаж хариуцагч компанид мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын

1.1-т Энэ журмын зорилт нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцанд даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий Ипотекийн даатгал-ын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.1 -т Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана.

2 дугаар зүйлийн 2.1.1-д ...ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт,

4.1-т Даатгагч нь даатгуулагчтай байгуулах ипотекийн даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, даатгалын хураамжийн хувь, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх нөхцөл, даатгалын нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл, даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тодорхойлсон даатгалын хугацаа, түүнийг сунгах нөхцөл, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, гэрээг дүгнэх, цуцлах нөхцөл, хуульд заасан бусад зүйлсийг заавал тусгана гэжээ.

4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно.,

4.4.1-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох,

4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна.,

5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус зохицуулсан байна.

 

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтад, 3.Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал.

Үндсэн эрсдэл сонгох;

А. Гэнэтийн ослын улмаас нас барах,эрсдэл.

Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, эрсдэл гэж заажээ.

 

Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан 4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээний Ерөнхий нөхцөл хэсгийн 1.3-т Энэхүү гэрээгээр нэг талаас Даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулж даатгалын хураамж төлөх, нөгөө талаас Даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна, Даатгалын зүйл 2.1-д Даатгалын зүйл нь дараахь төрөлтэй байна. Үүнд: 2.1.1-т Даатгуулагчийн амь нас (зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах), мөн гэрээний 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно, Нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл-д 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах..., 10.6-д даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцон байгуулсан гэрээг гэж тус тус зааж тохиролцжээ.

Гэрээнд даатгалын эрсдэлийн төрөл, хураамж хэсгийн 3.1.1-т Даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэл, 3.1.2-т Даатгуулагч нэмэлт хураамж төлөн хамрагдах нэмэлт эрсдэл гэж даатгалын эрсдэл хэсэгт дурдсан байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохыг заасан.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т зааснаар, даатгалын гэрээнд тусгах нөхцлийг 431.4.1-т даатгалын зүйл, 431.4.2-т даатгалын эрсдэлийн төрөл, 431.4.3-т даатгалын үнэлгээний хэмжээ, 431.4.4-т даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, 431.4.5-д даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, 431.4.6-д даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, 431.4.7-д гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл. гэж нарийвчлан заасан ба талуудын хооронд байгуулсан 4ASSR20210307539 дугаартай гэрээнд даатгалын зүйлийг даатгуулагчийн амь нас гэж тодорхойлон, харин даатгалын эрсдлийн төрлийг гэрээний 3.1.1-д даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэл. Үүнд: 3.1.1.1-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж тохиролцсоны дагуу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3-р хавсралтад заасан, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэл болох А.Гэнэтийн ослын улмаас нас барах,...эрсдэл, Б.Аливаа шалтгааны улмаас нас барах, ...эрсдэл-үүдээс даатгуулагч өөрөө сонголт хийж баталгаажуулсан мэдүүлгийн маягт гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулагдсан, талууд ч гэрээнд энэ талаар нарийвчлан зааж тохиролцсон байна.

 

Хариуцагч Миг даатгал ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкнаас хэрэгт энэхүү мэдүүлгийн маягтыг шүүхийн журмаар гаргуулсан боловч уг маягтанд зурагдсан гэх Х.Оюунтуяагийн гарын үсгийг нэхэмжлэгч минийх биш гэж маргасан ба Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг нь дэмжсэн, мөн тус мэдүүлгийн маягтыг хариуцагч Миг даатгал ХХК-ийн ажилтан Х.Оюунтуяад тухайн үед танилцуулж, өөрөөр нь эрсдэлийн сонголтыг хийлгээгүй, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2021.11.12-ны өдрийн 9\3935 тоот албан бичигт ...дурдсанаар Мэдүүлгийн маягтыг тухайн үед үйлдэгдсэн, Х.Оюунтуяагаар гарын үсэг зуруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй., Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагчид танилцуулах гэж даатгагчид үүрэг болгон тус тус тогтоосон, мэдүүлгийн маягтыг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус зааснаар даатгагч Миг даатгал ХХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, зөрчсөн болох нь шүүх хуралдаанд талуудын тайлбарласан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн эдийн засагч маргааны зүйл болсон ...амь насны даатгалын баталгааны гэрээний бэлэн загварт Х.Оюунтуяагаар гарын үсэг зуруулсан... гэснээр нотлогдсон болно.

 

Энэ нь, зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт агуулгыг нэг бүрчлэн тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй нь даатгуулагчийг буруутгах үндэслэл болохгүй, харин даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай байх тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдэлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй, даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлэ

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсгийн А-д тус тус заасны дагуу даатгагч Миг даатгал ХХК нь зээлдэгчийн амь насаа алдах эрсдэлийн даатгалын үнэлгээг 53,976,562.9 төгрөгөөр тохиролцсон дүнд багтаан, даатгуулагч Ж.Соронзонболдын нас барах үеийн зээлийн үлдэгдэл 53,976,562.9 төгрөгийн даатгуулагч Ж.Соронзонболдод ногдох 29,988,281 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хууль ёсны өвлөгч болох даатгуулагч Х.Оюунтуяад хариуцан төлөх үндэслэл тогтоогдож байна.

Иймд гэрээний үндсэн үүрэгт шаардсан 26,988,281 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь Зуучлагчаар Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар оролцож Миг даатгал ХХК-тай ...амь насны даатгалын гэрээг хийлгэсэн атлаа даатгалын гэрээний эрсдэл үүссэн байхад зуучлагчийн үүргээ биелүүлээгүйгээс хамтран хариуцагчаар татсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч гэх Худалдаа хөгжлийн банк ХХК нь банк Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тус тус заасны дагуу даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш гэсэн тайлбарыг тус тус гаргасан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасантай нийцнэ.

Иймээс нэхэмжлэгч Х.Оюунтуяагийн хариуцагч Худалдаа хөгжлийн банкны ХХК-д холбогдуулан гаргасан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч Миг даатгал ХХК-иас 26,988,281 /хорин зургаан сая есөн зуун наян найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,891 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Миг даатгал ХХК-иас 292,891 төгрөг гаргуулж Х.Оюунтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ