Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Т аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “О г” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: "Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Т аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” нэртэй 86,78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Т аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгах,

Т аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон 16.2-т заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамжийг гарган “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутагт Буурал хангай нэртэй газарт байрлах А18/003 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базардорж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх, Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Т аймгийн Засаг даргад холбогдуулан Т аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон 16.2-т заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжийг гарган “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутагт “Буурал хангай” нэртэй газарт байрлах А18/003 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох,

Т аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, “Э” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, харин Т аймгийн Засаг даргын орлогч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж ирүүлсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Т аймгийн Засаг даргын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж зохих шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, манай компаниас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоотоор гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот албан бичгээр Т аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Буурал хангай” нэртэй 86,78 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэн өргөдөл гаргасан.

Т аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот албан бичгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлсэн. Тус газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлжээ. Иймд танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир өргөдлийг буцааж байгааг мэдэгдье” гэсэн хариу өгчээ.

“Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэг. Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаар захирамж хууль бус тухайд:

Манай компанийн өргөдөлд дурдагдсан талбайтай давхацсан солбицлын цэгүүдтэй урьд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “О г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг сунгасан тухай Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамж гарсан талаар Т аймгийн Засаг даргын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан материал, нотлох баримт болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар танилцлаа. Манай компани нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын иргэдэд үйлчлэх “Нэг цэг”-ийн үйлчилгээний хэсгээс мэдээлэл авч өргөдөл гаргах боломжтой болохыг мэдэн өргөдлийн бүрдүүлбэрийг ханган, үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлж, Т аймгийн Засаг даргад гаргасан. Гэтэл Т аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/661 дугаартай захирамж гарган “О г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэсэн гэж байгааг хянуулахаар хүсэлт гаргасны үндсэн дээр дараах хууль зөрчсөн нөхцөл байдлуудыг тогтоолоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана: 16.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт”, 16.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 16.1.4-д “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар хуульчилсан байна. Гэтэл дараах зөрчлүүдийг гарган хууль зөрчиж “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгасан байна. Үүнд:

            1. “О г” ХХК нь үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй, өргөдөлд хавсаргасан “сургалтын төлбөр” гэсэн утгатай төлөгдсөн баримт нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх “үйлчилгээний хураамж”-ийг 1 сая төгрөг байхаар хуульчилсны дагуу гүйлгээний утгыг “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйлчилгээний хөлс” гэсэн банкны гүйлгээний утгатай төлөгдөх ёстой байсан. Эндээс дүгнэхэд “О г” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлсөн баримтыг хавсаргаагүй байна.

            2. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон Т аймгийн Засаг даргын Тамгын газарт шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэгээр “О г” ХХК нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, 2019 оны 2 дахь жилийн төлбөрийг төлөөгүй, мөн 2021 оны 4 дэх жилийн төлбөр болох 85,000 төгрөг төлөгдсөн баримт байгааг тогтоосон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөхөөр тусгагдсан ба уг хуулийн 35.6.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 200 төгрөг, хоёр дахь жилд 400 төгрөг, гурав дахь жилд 600 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 2000 төгрөг” гэж хуульчилсан байгаа нь “О г” ХХК-ийн 4 дэх жилийн төлбөр нь 173,560 төгрөг төлөхөөр байсан байна. Дээрх баримтуудаас үзэхэд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн 16.1 дэх хэсгийн 16.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт” хавсаргах тухай хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авч сунгах шийдвэр гаргасан байна. Зүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн байна.

3. ”О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” өргөдөлд хавсаргагдаагүй байна. Шүүхээс явуулсан үзлэгээр 2021 оны 11 дүгээр сарын 07-нд дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрөлд шинэчлэн батлуулсан биш 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргасан байхад хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үзлэгээр ч тус компани нь өнөөг хүртэл Байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлуулаагүй байна. Мөн “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлийн 11 дүгээр дугаарлалтад: 2019, 2020, 2022 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, 2018, 2019, 2020, 2021 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн тайлан хянуулж батлуулаагүй болохыг тус тус тогтоосон байна.

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” хавсаргахыг заасан шаардлагын дагуу тайланг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаагүй байна. Дээрх бүрдэл дутуу өргөдлийг хүлээн авч Т аймгийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаар захирамж гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана гэж заасан байх бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “О г” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит эхний болон 2019 оны 2 дахь жилийн төлбөрийг төлөөгүй, 4 дэх жилийн төлбөрийг хуулийн хугацаанд дутуу төлсөн зөрчил гаргасан байхад тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авалгүй харин сунгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Т аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна” гэж заасан хяналтын дагалдах хуудас байхгүй, тус захиргааны актын дугаарлалтын талаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.4-т “хөтлөх хэргийн дотор баримт бичгийг он, сар, өдөр, дугаар, ач холбогдол, агуулга, сэдэв, уялдаа холбоог нь харгалзан дараалж бүртгэх”, 45.1.5- тнэг асуудал, сэдэвт холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэсэн дарааллын дагуу төрөлжүүлэх зарчмыг баримтлах” гэж тус тус заасан шаардлага Т аймгийн Засаг даргын Тамгын газарт бүрэн утгаараа хэрэгждэггүй байна. Шүүхээс Т аймгийн 3асаг даргын дээрх захирамжийн дугаар олголтын дэвтэрт тулгалт хийн үзлэг хийж, тухайн өдөр гаргасан эсэхийг, нөхөн хийсэн байж болох талаар тогтоох үүднээс үзлэг хийхэд хавтаст хэргийн 113 дугаар хуудас дахь Т аймгийн Засаг даргын 2021 оны А/661 дугаар захирамжийг гаргахтай холбоотой хөтлөгдсөн хяналтын дагалдах хуудасгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хувийн хэрэг болон бусад бичиг баримт нь хуулийн шаардлага хангаагүй тоо бүртгэл, дэс дугаарлалтгүй, хавтаслагдаж үдээгүй эмх замбараагүй байсан нь ч асуудлыг будилаантуулах боломж нөхцлийг бүрдүүлдэг байж болохоор байна. Мөн шүүхийн үзлэгийн үед Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хариуцсан нэгж болох Т аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн холбогдох ажилтны “О г” ХХК-ийн замбараагүй материал дотроос “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтын эх хувь (үнэт цаасанд хэвлэгдсэн) байсан нь тэмдэглэлийн 5 дугаар дугаарлалтад тэмдэглэгдэж, гэрэл зургийг авч баталгаажуулсан. Тусгай зөвшөөрөл нь хавсралтын хамт хүчинтэй байдаг бөгөөд уг хавсралтад сунгалт хийгддэг бөгөөд гарын үсэг зурагдаагүй мөн эх хувиар гэх зэрэг нь тусгай зөвшөөрлийг нөхөн хийгдсэн байж болзошгүйг мөн баталж байна. Шүүхийн үзлэгийн үеэр “О г“ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Сургалтын төлбөр” гэх гүйлгээний утгатай 2 баримт ирүүлсэн байх бөгөөд он, сар, цаг, минут, хоорондоо зөрүүтэй байсныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэн, гэрэл зургийг хавсарган баталгаажуулсан. Үүнээс гадна, түгээмэл тархацтай ашигт малтмалын сунгалтын өргөдлийг хүлээн авсан мэргэжилтний хуулийн шаардлага бүрийн бүрдлийг шалгаж хүлээн авсан тухай тэмдэглэл байхгүй хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “...тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1- д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ", мөн зүйлийн 14.7-т “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно” гэж тус тус заасны дагуу Т аймгийн Засаг дарга “эхний жилийн” мэдэгдэл хүргүүлсэн эсэх, мөн “О г” ХХК нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан талаар шүүхийн үзлэгийн үеэр танилцахад “О г” ХХК-ийн хувийн хэрэгт ямар ч мэдэгдэл, нотлох баримт байхгүй болохыг тогтоосон төдийгүй эхний жилийн төлбөрийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д заасан ажлын 10 хоногийн хугацаанд төлүүлээгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон байна.

Хоёр. “Э” ХХК нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тухайд:

Манай компани нь Т аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Буурал хангай нэртэй 86,78 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6, 12, 13 дугаар зүйлд тус тус заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу холбогдох бичиг баримт, материалыг бүрэн бүрдүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоотоор Т аймгийн Засаг даргад хандсан. Дээрх өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22-т зааснаар “Сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх”, 57 дугаар зүйлийн 57.1-т "Сонирхсон этгээд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний хэсгээс Т аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Буурал хангай” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах боломжтой талаар танилцсан. Энэ дагуу гаргасан өргөдлийг хянаад Т аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн дагуу Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлсэн. Тус газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлжээ. Иймд танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир танай өргөдлийг буцааж байгааг мэдэгдье” гэсэн хариуг авсан. Уг шийдвэрт дурдсанаар манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагын гаргасан дүгнэлтэд ямар шалтгаантай өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шалгаагүй. Энэ үүднээс “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хуульд заасан үндэслэлгүй шийдвэрийг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйлчилгээний хөлс төлөн хянуулж байгаа өргөдлийг шийдвэрлэхдээ Т аймгийн Засаг дарга манай компанид ямар хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болохыг бидэнд мэдэгдээгүй, дутуу ажиллагаа хийсэн бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлүүдэд өргөдлийг шийдвэрлэх асуудлыг хариуцахаар хуульчилсан байхад манай компанийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Т аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа шийдвэрлэн хариу өгч байгаа нь хуульд нийцээгүй, эрх бүхий этгээд биш байсан. Хавтаст хэрэгт Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/102 дугаартай Засаг даргын орлогчийг томилсон тушаалд төсөв санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар эрхлэн гүйцэтгэхээр заасан хэдий ч манай компанийн хууль ёсны, эрх ашиг сонирхлыг зөрчсөн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 мэдэгдэл гарсан тэр өдөр нь Т аймгийн Засаг дарга Н.Мөнхбаатар нь ажиллаж байсан бөгөөд албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулан албан үүргээ гүйцэтгэж байсныг шүүхийн үзлэгээр тогтоож тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тэрээр өөрийн хуулиар олгосон чиг үүргийг орлогч даргадаа шилжүүлэн эрх олгосон ямар нэгэн захиргааны акт гаргаагүй болохыг Т аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн үзлэгийн үеэр тогтоогдож үзлэгийн тэмдэглэлийн 6 дугаар зүйлд тусгагдан, гэрэл зургаар баталгаажин хавтаст хэрэгт авагдсан болно... гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон 16.2-т заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамжийг гарган “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутагт Буурал хангай нэртэй газарт байрлах А18/003 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгох, мөн Т аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, “Э” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, харин Т аймгийн Засаг даргын орлогч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлээр Түгээмэл Тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж ирүүлсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Т аймгийн Засаг даргын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж зохих шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, мэдэгдлийг хүчингүй болгож, манай компаниас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоотоор гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл болон бусад хууль журмын дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүхий л бичиг баримтуудаа бүрдүүлэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоотоор Т аймгийн Засаг даргад хандсан мөн үйлчилгээний хөлсөө төлсөн. Үйлчилгээний хөлсөө төлөөд Засаг даргын зүгээс манай өргөдлийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзээд хүлээн авсан. Гэтэл Засаг даргын орлогч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу 3 сарын дараа 01/311 дугаартай албан бичгээр манай компанийн зүгээс ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу ирүүлсэнийг эрх бүхий этгээд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн тусгай зөвшөөрлийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгөх боломжгүй байсан болохоор манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Манай компани 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргахад “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр хүчин төгөлдөр болох хугацаа дуусгавар болсон байсан. Манайхаас ашигт малтмалын нэг цэгийн үйлчилгээний газраас хандсаны дагуу өргөдлөө гаргасан. Гэтэл аймгийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай захирамж гарган “О г” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэсэн байгааг хянуулахаар хүсэлт гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана, 16.1.2-т үйлчилгээний хөлс төлсөн байхыг шаардана. Олз газрын хувьд үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлсөн баримт нь хуульд нийцэхгүй, сургалтын төлбөр гэж хийгдсэн байгаа, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт байхыг шаардана. “О г” ХХК нь тусгай зөвшөөрлийг эхний жилийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй. ...Мөн хуулийн 16.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт байх ёстой. Шинэчлэн баталсан баримт өнөөг хүртэл буюу Байгаль орчны хамгаалах 2022 оны төлөвлөгөө байхгүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн хуулийн 16.1.4-т хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт байх ёстой. Үүнийг хэрэгт цугларсан нотлох баримт болон үзлэгээр “О г” ХХК нь өнөөдрийг хүртэл ямарваа нэгэн өрөмдлөгөө хайгуулын ажил хийгээгүй байна. Мөн гаргасан нотлох баримт нь зөвхөн нүүр хэсэг нь байдаг доторх агуулга байхгүй, одоог хүртэл хийсэн хайгуулын ажил байхгүй. ...“О г” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулахдаа хуульд заасан баримтуудыг дутуу хүлээлгэж өгсөн. ...Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас “О г” ХХК-ийн 2019 оны 2 дахь төлбөр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлөгдсөн байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гэж байгаа. 37.1.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж зааснаар “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байсан. “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгасан нь буруу байна. Нөхөн хийгдсэн гэж үзэж байна. ...Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлсэн. Тус газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлжээ. Иймд танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир танай өргөдлийг буцааж байгааг мэдэгдье гэсэн хариу авсан. Уг шийдвэрт тусгагдсанаар манай компанийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагын гаргасан дүгнэлтэд ямар шалтгаантай өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шалгаагүй. Энэ үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хуульд заасан үндэслэлгүй шийдвэрийг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйлчилгээний хөлс төлөн хянуулж байгаа өргөдлийг шийдвэрлэхдээ Т аймгийн Засаг дарга манай компанид ямар хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон болохыг бидэнд мэдэгдээгүй дутуу ажиллагаа хийсэн бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлүүдэд өргөдлийг шийдвэрлэх асуудлыг хариуцахаар хуульчилсан байхад манай компанийн гаргасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Т аймгийн Засаг даргын орлогч Сурмаа шийдвэрлэн хариу өгч байгаа нь хуульд нийцээгүй, эрх бүхий этгээд биш байна. Хавтаст хэрэгт Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаартай Засаг даргын орлогчийг томилсон тушаалд төсөв санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, байгаль орчны салбарын эрхлэн гүйцэтгэхээр заасан хэдий ч манай компанийн хууль ёсны, эрх ашиг сонирхлыг зөрчсөн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 мэдэгдэл гарсан тэр өдөр Т аймгийн Засаг дарга Мөнхбаатар нь ажиллаж байсан бөгөөд албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулан албан үүргээ гүйцэтгэж байсныг шүүхийн үзлэгээр тогтоож тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тэрээр өөрийн хуулиар олгосон чиг үүргийг орлогч даргадаа шилжүүлэн эрх олгосон ямар нэгэн захиргааны акт гаргаагүй болохыг Т аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн үзлэгийн үеэр тогтоогдож үзлэгийг тэмдэглэлийн 6 дугаар зүйлд тусгагдан, гэрэл зургаар баталгаажин хавтаст хэрэгт авагдсан болно. ...Нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Монгол улсын Үндсэн хуульд заасан Төрийн захиргааны байгууллага Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөнө гэсэн заалтыг зөрчиж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар аймагт ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах хуулийн зохицуулалт байгаа. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, энэ үүргээ өөр хүнээр гүйцэтгүүлснээр “О г” ХХК-ийн болон манай нэхэмжлэл гаргасан компанийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үйлчилгээний хураамж төлөх, үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төлөх асуудал дээр хайхрамжгүй ханддаг. 2019 оны 2 дахь жилийн төлбөрийг төлөөгүй, төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй. ...Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хавсаргаж өгөх ёстой байтал үүнийг хийгээгүй. Байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөөг батлаагүй байгаа ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан. Иймээс сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Шүүхээс захирамжийн дугаар олголтод үзлэг хийлгэсэн, боловч тухайн өдөр нөхөн гүйцэтгэсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Үзлэг хийхэд хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай захирамжийг гаргахтай холбогдуулсан дагалдах хуудас байхгүй, өргөдлийн хувийн хэрэг байхгүй, хуулийн шаардлага хангаагүй тоо бүртгэл, дэс дугаарлалтгүй хавтаслагдсан, эмх замбараагүй будилаантай байсан. Энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа сунгасан захирамж гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үзлэгийн үед тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралт эх хувиараа байсан. Тусгай зөвшөөрөл хавсралттайгаа хамт хүчин төгөлдөр байдаг. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сургалтын төлбөр гэсэн гүйлгээний утга бүхий 2 бичгийг ирүүлсэн. Он, сар, цаг минут нь хоорондоо зөрүүтэй байсан. Өргөдлийн хүлээн авсан мэргэжилтэн нь хуулийн бүрдэл хангасан эсэхээ шалгаж тэмдэглэл үйлдээгүй. “О г” ХХК-ийн хувийн хэрэгт ямар ч мэдэгдэл нотлох баримт байгаагүй. Анх удаа тусгай зөвшөөрлөө авахад нь тэмдэгтийн хураамж төлөхийг тусгай зөвшөөрөл олгосон газраас мэдэгдэж ажлын 10 хоногт төлүүлэхээр заасан хуулийн хугацаа өнгөрсөн. Ийм зөрчил гаргана гэдэг нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Засаг дарга захирамж гаргахдаа хуулийн дагуу гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна. ...Тэгэхээр хууль бусаар хугацаа сунгах шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. “Э” ХХК нь Монгол улсын хуулийн этгээд бөгөөд аливаа түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай мэдээллийг цуглуулж, түүнийгээ боловсруулж тэр хүрээндээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т аймгийн Засаг даргын нэр дээр хууль тогтоомжид заасны дагуу өргөдөл хавсралтын хамт өгсөн. Хуулийн дагуу Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд хүлээж аваад тэр даруй шүүлт хийж, албан ёсоор бичиг баримт авсан тухай хариу өгсөн. Үүнээс хойш бидэнд хариуг нь өгөөгүй. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч хариу өгсөн байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн хариу өгөөгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргын бүрэн эрхэд энэ асуудал харьяалагддаг. Өөр хүн өмнөөс нь хариу өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Бидний гаргасан өргөдлийг 2 сарын дараа хариу өгсөн нь эрх ашиг сонирхлыг зөрчсөн. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нээлттэй эх сурвалжаас үзэхэд эрх нь байсан боловч хугацаандаа сунгасан эсэх талаар аймгийн Засаг даргаас албан ёсны мэдээлэл байгаагүй. “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгасан мэдээлэл нь сунгалтын төлбөрийг хугацаа алдаж хийсэн байсан. Ингэж сунгасан асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15, 16 дахь заалтуудыг зөрчиж сунгасан. Нэхэмжлэл гаргах явцад хууль бусаар хугацаа сунгасан асуудал “О г” ХХК-д гарсан. Хууль бус шийдвэр гаргах гэсэн үүднээс “Э” ХХК-ийн Аймгийн Засаг даргад хууль тогтоомжийн дагуу гаргасан өргөдлийг 2 сар дарсан. Энэ жишгээр “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгасан байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаарх нотлох баримтыг судалсан. Тэгж үзэх шалтгаант холбоотой. Учир нь бүтэн 2 сар дарж байгаад хууль зөрчсөн хариу өгсөн. “Э” ХХК-ийн ашиг сонирхолд халдаад “О г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгасан байх магадлалтай. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Т аймгийн Эрдэнэ сумын "Буурал хангай" нэртэй 86,78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу холбогдох материалын хамт Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/692 тоот албан бичгээр түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Тус газар нь "О г" ХХК-ийн ХV-41000115 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан өргөдөл өгсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20-д заасны дагуу Г.Сурмааг Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар Төсөв санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хариуцсан орлогчоор томилсон нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хариуцсан асуудлын хүрээнд хариу өгөх эрх бүхий этгээд мөн юм. Иймд "Э" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Нэхэмжлэгч “Э" ХХК-иас "О г" ХХК нь үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй, өргөдөлд хавсаргасан "сургалтын төлбөр” гэсэн утгатай төлөгдсөн баримтын харилцагчийн тэмдэглэл хэсэгт 1,000,000 100140000941 "О г" ХХК 5947464 Х18/003 сунгалт гэж бичсэн байгаа нь үйлчилгээний хөлсийг төлсөн болохыг харуулж байна. "О г" ХХК-ны эхний жилийн төлбөр буюу 8,600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 100140000955 тоот дансанд тушаасан, 2 дахь жилийн төлбөр болох 17,200 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100140000955 тоот дансанд тушаасан, 2021 он буюу 4 дэх жилийн төлбөр болох 85,000 төгрөгийг 100140000955 тоот дансанд тушаасан байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6.1 дэх хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төлбөр нэмэгдсэн тухай мэдээгүй тул дутуу төлөгдөх шалтгаан болсон байж болохоор байна. 4 дэх жилийн төлбөр болох 1 сая төгрөгийн баримтын он сар зөрсөн тохиолдол үндсэн баримтаа хуулбарлаж авсан баримтын он сар дээр нь тэмдэглэгдсэн байна. Аймгийн Засаг даргын 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/661 дүгээр захирамж нь тухайн он сар өдөртөө гарсан болох нь шүүхийн үзлэгийн үеэр захирамжийн бүртгэлийн дэвтэр хөтөлсөн байдлаар нотлогдсон тул нөхөн гаргасан гэх асуудал байхгүй болно. Эрдэнэт шиг ХХК-ний өргөдөлд Засаг даргын орлогч Сурмаа хариу өгсөн нь хавтаст хэрэгт Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/102 дугаартай Засаг Даргын орлогчийг томилсон шийдвэр нь төсөв санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар эрхлэн гүйцэтгэхээр заасан тул хууль журмын дагуу хариу өгөх эрхтэй албан тушаалтан мөн юм. Иймд "Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

7. Гуравдагч этгээд “О г” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани “Э” ХХК-ийн өргөдөл өгсөн талбайд 2018 оноос хойш хайгуулын үйл ажиллагааг хууль журамд заасны дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Т аймгийн “Эрдэнэ” сумын нутаг “Буурал хангай” нэртэй 86,78 га бүхий талбайд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхад тухайн талбай дээр нэмж өргөдөл авч шийдвэрлэх нь хууль зүйн боломжгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан тухайд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.” Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно хэмээн тус тус хуульчилсан. Мөн мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.12-т “цахим хуудас” гэж нийтэд нээлттэй байдлаар интернэт сүлжээнд байрлуулсан цахим баримт бичиг мэдээллийг тодорхойлсон байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмал газрын тосны газрын mrpam.gov.mn вэб сайтад өргөдөл өгсөн цагаасаа байршдаг бөгөөд нийтэд ил байдаг мэдээллүүд юм. Өөрөөр хэлбэл манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон цагаасаа уг сайтад байршсан байдаг. Ийм учраас хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан өргөдөл өгч шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах нь боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Нэгэнт хүчин төгөлдөр хайгуулын талбайд өргөдөл өгсөн учраас Т аймгийн Засаг дарга хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн хуульд нийцэж байна. Т аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжийг гарган “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай нэртэй газарт байрлах Х18/003 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлагыг мөн эс зөвшөөрч байна. Учир нь “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутагт Буурал хангай нэртэй газарт байрлах Х18/003 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйл Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх мөн зүйлийн 15.1.3. энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах гэсэн хуулийн заалтаар хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах нь “О г” ХХК-ийн эрх байхад эзэмшиж байгаад дууссан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн “О г” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан холбогдох бичиг баримтыг бүгдийг нь бүрдүүлэн хуулийн хугацаанд өргөдөл гаргасан учраас Т аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сунгасан нь хуульд нийцсэн. Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мөнхбаатар Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өгсөн хариу тайлбартаа давхцалтай байсан гэдгийг хэлсэн. Түүнийг сунгасан гэж ойлгосон гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө тайлбартаа хэлж байна. Тэгэхээр сунгалт хийсэн гэдгийг мэдсэн мөртлөө 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр санаатайгаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдоод байна. Манай тэр хавиар бүгд лицензтэй байгаа. Бүхэл бүтэн хүчин төгөлдөр лицензтэй үйл ажиллагаа явуулаад байж байхад өргөдөл өгчихөөд манайх авна гэдэг байдлаар дайраад байгааг гайхаж байна. Яах вэ олборлолт хийгээд явж байсан бол хамаа алга. Үндсэндээ хайгуулын шугам дээрээ явж байгаа. Бид нар ажлаа хийгээд нөөцөө тодорхойлоод хийсэн ажлыг тайлагнана. 5 жилийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан байвал танай компани үйл ажиллагаа явуулах нь хамаагүй. Хугацаа дуусаагүй байхад дундуур дайрч орж ирээд манайх авах ёстой гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Хэрүүл маргаан хийгээд өөрт болон манайд ч ашиггүй. Манай уул уурхайн салбар, геологийн салбарт нэгнийхээ юмыг дээрэмдсэн түүх байхгүй. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн араас маргаан нь тасралтгүй явах юм байна. Манай талбайг булаацалддаг. Тэр хүний хайгуулын талбай манай газрын хажууд байдаг. Манай хажууд танай компанийн 3-4 лиценз байгаа. Харин бид нарын эрх зөрчигдөж байна... гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхний нэхэмжлэл буюу Засаг даргын хариу өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгоё гэж байна. Засаг даргын орлогч Г.Сурмаагийн хариу өгсөн мэдэгдэлд Засаг дарга нь өөрөө цохолт хийсэн байсан. Засаг даргын орлогч Сурмаа нь үүнийг шийдвэрлэх эрхтэй байсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа гэж харахгүй байна. Үүнийг шийдвэрлэхдээ хуульд заасан бүхий л ажиллагааг хийгээд хариу өгсөн байсан. Засаг дарга Г.Сурмааг Байгаль орчин хариуцсан орлогчоор томилсон байгаа. Сурмаагийн хийх ажлын хуваарь дээр бүр хариуцах ажлыг заачихсан байгаа. Ингээд заачихсан эрхийн акттай байж байхад заавал тусдаа эрхийн акт гаргах ёсгүй. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Сунгалт хийсэн асуудал дээр “О г” ХХК-ийн хувьд эрхийн дагуу сунгалт хийлгэх асуудлыг бүх баримтыг бүрдүүлээд өгчихсөн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу бүх нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Ганцхан маргаантай асуудал юу вэ гэхээр Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг эргэлзээг гэрч асуугаад бүх зүйлийг шалгаад улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Сургалтын төлбөр гэснийг сунгалтын төлбөр гээд бичсэнийг зөвтгөөд тогтоосон байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар шийдвэрлэсэн тул уг актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуульд хууль бус гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Захирамжид маргаангүй, хүчингүй болгох үндэслэл байхгүй. ...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн асуудал нь шийдэх үндэслэл байхгүй, хүлээн авахаас татгалзах ёстой байсан. ...А/661 дугаартай захирамжийг хуулийн шаардлага хангаагүй гэж хэлээд байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Сунгах ажиллагаа нь “О г” ХХК-ийн хувьд хуучин эзэмшиж байсан талбай дээрээ хугацаандаа өргөдлөө гаргаад шийдвэрлүүлсэн. Ийм учраас үүнийг хууль бус гэж үзэх боломжгүй. ...Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх ёстой 3 жилийн хугацаатай олгогдсон гэдэг байдлаар маргаж байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах эрх байгаа. 3 жилийн хугацаанд төр газар ашиглах эрх олгож байгаа. 3 жилийн хугацаатай хайгуулынхаа ажлыг хийгээд төлбөр мөнгөө төлөөд материалаа өгөөд авсных нь дараа тусгай зөвшөөрлийг сунгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Засаг дарга сунгасан гэж ойлгож байна.  Нэхэмжлэгч талаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37-д заасныг баримтлаад тайлбарлаад байна. 37 дугаар зүйлд цуцлах асуудал яригдана. Энэ нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Зөвхөн хууль бусаар олгосон гэдэг нэхэмжлэлийн шаардлага байгаа. Хавтаст хэрэгт сүүлд ашигт малтмалын ахлах мэргэжилтэн Одончимэг гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлгээр ашигт малтмалын сайт дээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод бүртгэсэн бүртгэл байгаагүй гэдэг зүйлээр мэдүүлэг өгсөн. Энэ юуг хараад хэлээд байна вэ гэхээр сунгалтын процесс болон тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа гээд явж байсан. Нэгэнт тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаатай олгосон, материалаа бүрдүүлээд өгсөн, үйл ажиллагаа нь явж байсан. Тэгтэл хөндлөнгөөс шууд нэг компаниа би авах эрхтэй гээд материал өгсөн. Бусад компаниуд ном журмынхаа дагуу нэгэнт тусгай зөвшөөрлөөр өргөдөл гомдол өгөхгүй гээд ухамсрын асуудлаар ханддаг. Гэтэл дундуур нь ороод ирчихсэн. Дээрээс нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хишигдулам нь “Зөв газар элемент”, “Монгол ойл шейл” ХХК-ийг төлөөлөөд явж байсан. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр тэр хавийн ойр орчмын компаниуд Сайнбаяр гэх хүний хамаарал бүхий компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байна гэсэн үг. Сайнбаяр гэж хэнийг хэлээд байна вэ гэхээр хавтаст хэрэгт байгаа “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Сайнбаярын аав Болд нь “Э” ХХК-ний шууд удирдлага гэж ойлгож байна. Эдгээр хүмүүсийн уг компанийн тусгай зөвшөөрөл сунгагдаж байгаа гэдгийг мэдэж байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад мэдлээ, хоосон талбай байсан, хоосон талбай дээр шууд өргөдөл өгсөн юм, яагаад ингээд сунгагдсан гэдэг байдлаар хэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Сурмаа даргын энэ шийдвэрийг хүчингүй болгочихъё, араас нь эс үйлдэхүйг тогтоосны дараа энэ асуудлыг шийдвэрлүүлье, тусгай зөвшөөрлийг авъя гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд холбогдох материалууд бүрдлээрээ хавтаст хэрэгт бүгд байгаа. Дээрээс нь тэмдэгтийн хураамж төлсөн, төлөөгүй гэдэг зүйлийг Төрийн банкнаас тодруулсан байгаа. Хэнийх нь буруу юм бэ, “О г” ХХК-ийн буруу юм уу, эсвэл теллерийнх нь буруу юм уу гэдэг асуудлыг шийдсэн. Бүрдүүлсэн материал дээрээ сунгалтын төлбөр гээд биччихсэн байна, манай ажилтан сургалтын төлбөр гээд бичсэн нь алдаа гэсэн байдлаар залруулга хийсэн байгаа. Тэгэхээр сунгалын төлбөрийг төлчихсөн байгаа. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон асуудал байгаа. Уг нь хариуцагч байвал үүнийг тайлбарлаад хэлээд явах ёстой байсан. Хариуцагч байхгүй болохоор би өмнөөс нь тайлбарлаад байна.  Сунгалтын өргөдлийг би өөрөө “О г” ХХК-ийн төлөөлөгчтэй хамт явж аваачиж өгсөн. Материалыг нь харж байгаад та нар үүнийг шалгаарай, дараа нь алдаа дутагдал гарах вий гээд бүгдийг нь шалгуулж байгаад Норовсамбуу бид хоёр явж байгаад материалыг өгсөн. Үүнд Т аймгийн Мэргэжлийн хяналтын газар баталж өгөхгүй гэж байсан. Яагаад баталж өгөхгүй вэ гэхээр “Их булаг” Төрийн бус байгууллага үүнийг сунгуулахгүй, хууль бусаар олгосон гээд маргаад явж байсан. Үүнтэй холбоотой маш их шалгалтууд явсан. Үүнд Байгаль орчны яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага бүгд шалгасан. Зөрчилгүй гэдэг асуудал нь яригдсан. Захиргааны байгууллагаас гаргасан акт нь танай байгууллагын эрх ашгийг зөрчөөгүй. Танайх зүгээр л өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь эрх ашгийг зөрчсөн гэж яриад байна. Танай өргөдлийг уг нь Засаг дарга шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл өмнөөс нь Сурмаа гэх орлогч шийдчихсэн гээд байгаа. Яагаад Сурмаа энэ асуудлыг шийдвэрлэснийг ярих ёстой байх. Өнөөдөр миний танилцсан нотлох баримтад танай өргөдлийг авангуутаа шууд Сурмаа цохсон юм байна лээ. Мэдээж хэрэг Засаг даргаас өгсөн үүргийг тэр хүн биелүүлэх үүрэгтэй байх. Тэрнийхээ хүрээнд тайлбараа өгсөн байхаа. Нэгэнт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл дээр араас нь орж ирсэн танай өргөдлийг аваад шийдвэрлэх боломж байхгүй. Сунгалын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрлэгдсэн байгаа. Тэгтэл 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан байдаг. Нэгэнт хүчин төгөлдөр болчихсон, нэгэнт сунгасан талбайд дээр танай өргөдлийг аваад “О г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломж байхгүй. Угаасаа шийдвэрлэх боломжгүй өргөдөл байсан. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа талбай дээр өргөдлийг аваад шийдэх боломж байхгүй. Засаг даргад ч гэсэн тийм боломж байхгүй. 2 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э” ХХК-ийн гаргасан өргөдөл нь хууль зөрчигдсөн байж болох юм. Сурмаа дарга өөрийнхөө бүрэн хэмжээг хэтрүүлээд шийдвэр гаргасан байж болох юм. Үүнийг зөвтгөлөө гээд танайх үндсэн зорилгодоо хүрэхгүй. Тусгай зөвшөөрөл авахгүй. Тийм боломж байхгүй. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэж байна. Энэ 2 хурлыг давж байгаагүй байхад манай үүнийг шууд авна гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Процессыг зөвтгөлөө гээд танай эрх ашиг сэргэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг нь хариуцагч энэ асуудлыг Засаг даргаараа шийдвэрлүүлье гэж аваад шийдэх боломжгүй гээд хариуг өгчих ёстой л үйл баримт байгаа. “О г” ХХК-ийн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, зөрчсөнтэй холбоотой Байгаль орчны газраас, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт дутуу гэсэн дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй. 3 дугаар хавтаст хэрэгт Т аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай нэртэй Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн менежментийн төлөвлөгөө, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, байгаль орчны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулснаар хүргүүлэв гэж байгаа. Дээрээс нь 85000 төгрөг төлсөн. Өөр баримт байхгүй гэж байна. 143.000 төгрөг, 145.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт байгаа. Хавтаст хэргийг шинжлэн судлахдаа хэлээд явчихъя. Өөр хэлэх тайлбар байхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд:

2.1. "Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Т аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” нэртэй 86,78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Т аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус болохыг тогтоож, дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Т аймгийн Засаг даргад даалгах,

2.2. Т аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон 16.2-т заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамжийг гарган “О г” ХХК-ийн эзэмшилд байсан Т аймгийн Эрдэнэ сумын нутагт Буурал хангай нэртэй газарт байрлах А18/003 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлж маргажээ.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтныг гуравдагч этгээд болох “О г” ХХК-д давуу байдал бий болгож, тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан журмыг зөрчин олгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байхад цуцлаагүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шалгаж аваагүй, улмаар хууль бусаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг нөхөж гаргасан гэж маргаж байна.

2.3. Хариуцагч талаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

-“Э” ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар холбогдох материалын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүслний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/692 тоот албан бичгээр түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Тус газар нь “О г” ХХК-ийн ХV-41000115 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан өргөдөл өгсөн байна.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20-д заасны дагуу Г.Сурмааг Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар Төсөв санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хариуцсан орлогчоор томилсон нь холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хариуцсан асуудлын хүрээнд хариу өгөх эрх бүхий этгээд мөн.

-Нэхэмжлэгч “Э" ХХК-иас "О г" ХХК нь үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй, өргөдөлд хавсаргасан "сургалтын төлбөр” гэсэн утгатай төлөгдсөн баримтын харилцагчийн тэмдэглэл хэсэгт 1,000,000 төгрөг 100140000941 "О г" ХХК 5947464 Х18/003 сунгалт гэж бичсэн байгаа нь үйлчилгээний хөлсийг төлсөн болохыг харуулж байна. "О г" ХХК-ны эхний жилийн төлбөр буюу 8,600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 100140000955 тоот дансанд тушаасан, 2 дахь жилийн төлбөр болох 17,200 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100140000955 тоот дансанд тушаасан, 2021 он буюу 4 дэх жилийн төлбөр болох 85,000 төгрөгийг 100140000955 тоот дансанд тушаасан байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6.1 дэх хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төлбөр нэмэгдсэн тухай мэдээгүй тул дутуу төлөгдөх шалтгаан болсон байж болохоор байна. 4 дэх жилийн төлбөр болох 1 сая төгрөгийн баримтын он сар зөрсөн тохиолдол үндсэн баримтаа хуулбарлаж авсан баримтын он сар дээр нь тэмдэглэгдсэн байна.

-Аймгийн Засаг даргын 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/661 дүгээр захирамж нь тухайн он, сар, өдөртөө гарсан болох нь шүүхийн үзлэгийн үеэр захирамжийн бүртгэлийн дэвтэр хөтөлсөн байдлаар нотлогдсон тул нөхөн гаргасан гэх асуудал байхгүй болно” гэж,

2.4. Гуравдагч этгээд болох “О г” ХХК-иас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

-Нэхэмжлэгч “Э” ХХК нь аймгийн Засаг даргын орлогчийн гаргасан актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа дээд шатны албан тушаалтанд буюу аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж, урьдчилан хянан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй гэж,

-Бусдын тусгай зөвшөөрлийн талбайд өргөдөл гаргаад, давхцалтай болохыг мэдэгдсэн актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авах эрх сэргэхгүй гэж,

-Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан захирамжид маргах эрхгүй,

-Нэхэмжлэгч нь маргаж байгаа засаг даргын захирамжийг мэдсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус маргажээ.

 

Гурав. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Т аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлсэн. Тус газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлжээ. Иймд танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир өргөдлийг буцааж байгааг мэдэгдье” гэх албан бичиг[1],

-Т аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаартай Г.Сурмааг аймгийн Засаг даргын орлогчоор томилох тухай захирамж[2],

-Т аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/113 дугаартай “О г” ХХК-ийн XV-41000115 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан өргөдөл өгсөн байна” гэх албан бичиг[3],

-Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/692 дугаартай “Э” ХХК-ийн Буурал хангай” нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XA-41000281 бүртгэлийг дугаартай 86.78 гектар тайлбай”-д үгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэх албан бичиг[4],

-“О г” ХХК-ийн 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, 2018 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан[5],

-“О г” ХХК-ийн 2019 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан[6],

-“О г” ХХК-ийн 2021 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө[7],

-“О г” ХХК-д Х18/003 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021.11.07-ны өдрийг дуустал олгосон тусгай зөвшөөрөл, түүний хавсралт[8],

-“О г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвөөрөл хүссэн өргөдөл[9],

-Т аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653 дугаартай “О г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж[10],

-Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамж[11],

-“О г” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х18/003 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл[12],

-“Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн Т аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл,

-Ашигт малтмал газрын тосны газрын Зураг зүйн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Одончимэгийн гэрчээр өгсөн “...Түгээмлийн бүртгэлийг аймгаас хийж байгаа. Тусгай зөвшөөрлийгн хугацаа сунгаж байх хугацаанд хүчингүй болгож бүртгэдэггүй. Т аймгийн Засаг даргад өргөдөл гаргаад систем дээр бүртгээд ороод ирэхээр нь хяналтын хуудас нээж дүгнэлт гаргадаг. Аймаг дээр тусгай зөвшөөрөл хүсээд өргөдөл өгөхөөр тэр өргөдлийг аймаг өөрөө бүртгэдэг. Дүгнэлт гаргах тал дээр манайх оролцож байгаа. Цаашлаад тусгай зөвшөөрөл олгох эсэх нь аймгийн асуудал...” гэсэн мэдүүлэг,

-Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/2223 дугаартай “...Эрдэнэ сумын нутаг “О г” ХХК-ийн Буурал хангай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000115 бүртгэлийн дугаартай 89.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэсэн албан тоот,

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/4473 дугаартай “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд аймаг, Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагц анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр илгээдэг..” гэх албан тоот[13],

-“О г” ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан[14],

-“О г” ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан[15],

-“О г” ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан[16],

-“О г” ХХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан[17],

-Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг[18] зэрэг баримтуудад үндэслэн дараахь байдлаар дүгнэн шийдвэрлэлээ.

 

Дөрөв. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

4.1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “...Т аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгах” гэсэн шаардлагын тухайд:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд уг зүйлийн 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, мөн хуулийн 14 дүгээр зүйлд Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойлсноор, энэ зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”,  14.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж тус тус заасан байна.

Энд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тухайн газар нь бусдын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалтай байвал хуульд хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулснаар ажиллагаа хийхдээ  хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 24 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлж, улмаар Аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот албан бичгээр “...танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир өргөдлийг буцааж байгааг мэдэгдье” гэсэн агуулга хэлбэр бүхий мэдэгдлийг өгсөн нь хуульд тодорхойлон заасан этгээд буюу хариуцагч Засаг даргаас дээрх хуульд заасны дагуу асуудлыг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл хариуцагч Засаг дарга нь сонирхогч этгээдээс хууль журмын дагуу, зохих төрийн үйлчилгээг авахын тулд үйлчилгээний хураамж, улсын тэмдэгтийн хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл авахыг хүсэж гаргасан өргөдлийг хуульд заасан арга журмын дагуу шалгаад, тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бол шалтгаан нөхцөлийг дурдан шийдвэрлэж, өөрөө хариу өгөх атал хуульд заасан эрх хэмжээгүй этгээдээр дамжуулан “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлсэн нь хариуцагч Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагчид хүсэлтийг хуульд заасан арга журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хариуцагч Засаг даргын орлогчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот албан бичгээр гаргасан мэдэгдлийг хариуцагч талаас “...асуудлыг шийдвэрлэсэн акт мөн” гэж, нэхэмжлэгч талаас “...асуудлыг шийдвэрлээгүй, зөвхөн мэдэгдэл гаргасан акт” гэж маргаж байх бөгөөд, тус мэдэгдлийн агуулга болон маргааны үйл баримтад холбогдуулан үзэж, “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, өргөдлийг буцааж байгааг мэдэгдье” гэж бичсэн байгаа агуулгаар нь дүгнэж, эрх бүхий этгээдээс гараагүй илт хууль бус акт гэдгээр нь бус мэдэгдэл нь өргөдлийг шийдвэрлэхгүй гэсэн буюу “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж буцаасан мэдэгдэл байх учир дээрх хариуцагчийн эс үйлдэхүйн маргаанд холбогдуулан шийдвэрлэх нь зүйтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан арга журмын дагуу, эрхийн хүрээнд шийдвэрлэхийг хариуцагчид шүүхээс даалган шийдвэрлэж байгаа энэ нөхцөлд Засаг даргын орлогчийн гаргасан “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх мэдэгдлийн акт хүчин төгөлдөр байж, нэг асуудлаар захиргааны байгууллагаас 2 акт гарч, хүсэлтийг шийдвэрлэсэн, шийдвэрлэхгүй гэсэн эрх зүйн зөрчилтэй актууд гарсан болох учир, тийм үр дагавар бий болгохгүйн тулд  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн  37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно” гэж тодорхойлон зааснаар энэхүү мэдэгдлийн актыг хууль бус болохыг тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.2. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс хариуцагч Засаг даргыг “О г” ХХК-д давуу байдал бий болгосон, тусгай зөвшөөрөл олгохдоо хууль бусаар олгосон, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн байхад цуцлаагүй, хууль бусаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийн нөхөж гаргасан гэж,

-Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/661 дүгээр захирамж нь тухайн он сар өдөртөө гарсан, хууль зөрчсөн үйлдэл байхгүй тул нөхөн гаргасан гэх асуудал байхгүй болно” гэж,

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийг “тусгай зөвшөөрөлийн хугацаа сунгасан захирамжид маргах эрхгүй,

-Нэхэмжлэгч нь маргаж байгаа Засаг даргын захирамжийг мэдсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн,

-Хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааны доголдлоос болж тусгай зөвшөөрөл эзэмшигч хохирох ёсгүй” гэх зэргээр үндэслэл гарган тус тус маргаж байна.

Эндээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд холбогдуулан гаргасан талуудын тайлбарын үндэслэлд холбогдуулан үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ...хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь гуравдагч этгээдийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газарт мөн тусгай зөвшөөрөл эзэмших ашиг сонирхолтой болохоо илэрхийлж, хүсэлтээ гаргасан байгаагаар уг тусгай зөвшөөрлийн талбайг хэн аль нь хууль журмын дагуу зохих ёсоор тусгай зөвшөөрлийн эрхийг олж авах гэсэн ашиг сонирхол нь байгаа тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байхаас гадна мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “...түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж хуулийн этгээдийг төлөөлөх харилцааг, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна” гэж төлөөлөгчийн эрхийг заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч нь өмнө нь “Өгөөж их орд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөр захиргааны хэргийн шүүхэд, өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа, хэргийн материалтай танилцсан баримтад нь маргаан бүхий акт байсан гэдгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг маргаан бүхий актыг мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь энэ захиргааны хэргийн нэхэмжлэгч нь бие даасан хуулийн этгээд бөгөөд өөр хуулийн этгээдийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа төлөөлөгчийнх нь мэдсэн мэдээллийг төлөөлүүлэгч хуулийн этгээдэд хамааруулах үндэслэлгүй байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг ...хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасанд холбогдуулан үзвэл дээрх хуулийн зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд маргаан бүхий актыг хуульд заасны дагуу мэдэгдсэнээс хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал гарахаас бус түүний төлөөлөгч нь мэдсэн гэдгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч захиргааны байгууллагыг хуульд зааснаар үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэн, доголдол гарган ажилладаг үйл ажиллагааны улмаас хохирох ёсгүй гэж маргаж байна. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардсан нотлох баримтууд нь нэг мөр гарч ирдэггүй, тус тусдаа салангид, түүнчлэн зөвхөн хавтасны зураг, нүүр хуудас байдлаар гарч ирж байгаа бөгөөд шүүхээс эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх харилцаанд холбогдох асуудлыг нэг бүрчлэн хянаж, маргааны үр дагаврыг шийдвэрлэхийн тулд, гуравдагч этгээдээс анх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ хууль заасан хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлэсэн эсэх, холбогдох лавлагаа баримтуудын үндсэн дээр 2018 онд тусгай зөвшөөрөл олгосон эсэх, энэ тусгай зөвшөөрлийг олгох үндэслэл болох лавлагааг нь цаг хугацааны зөрүүтэйгээр 2 жилийн дараа нөхөж авсан баримт, мөн уг тусгай зөвшөөрлийг авахаар гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийг улсын тэмдэгтийн хураамж төлж гаргасан эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөрийг эхний болон ээлжит жилээр нь зөв /хуулийн 23 дугаар зүйд заасан/ төлсөн эсэх, сунгалтын төлбөр нь зөв дансанд зөв төлөгдсөн эсэх, түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хайгуулын ажлыг гүйцэтгэсэн тайлан, хүлээлгэн өгсөн баримт, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудыг дахин нэмж авахгүй, зөвхөн өгөгдсөн байгаа баримтаар нь дүгнэлт гаргах замаар дахин  хянаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулж, шийдвэрлэх боломж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд байхаас гадна хариуцагч байгууллагаас баримтын бүрдэл гүйцэд гараагүй байгаа, төлбөрийн дансны зориулалт, зарцуулалт нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдуулан дүгнэхэд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Төрийн захиргааны байгууллагын хариуцлагагүй үйлдэл, үйл ажиллагааны улмаас хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байх тул хариуцагч Засаг дарга эрх хэмжээний хүрээнд дахин хянаж, дахин шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж...” гэж шийдвэрлэх хугацааг тодорхойлж өгсөнд үндэслэн тус зүйл заалтаар шийдвэрлэх акт болох Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг захирамжийг хүчингүйд тооцохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт ”Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн "Э” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Т аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” нэртэй 86,78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Т аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Т аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.11, 28 дугаар зүйлийн 28.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2  дэх хэсэгт заасныг баримтлан  Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг, Т аймгийн Засаг даргаас тухайн актыг эрх хэмжээний хүрээнд  хянаад дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд буюу энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Т аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] 1хх-ийн 9 дүгээр тал

[2] 1хх-ийн 21 дүгээр тал

[3] 1хх-ийн 22 дугаар тал

[4] 1хх-ийн 23 дугаар тал

[5] 1хх-ийн 30-31 дүгээр тал

[6] 1хх-ийн 32-65 дугаар тал

[7] 1хх-ийн 66-91 дүгээр тал

[8] 3хх-ийн 81-84 дүгээр тал

[9] 3хх-ийн 85 дугаар тал

[10] 3хх-ийн 100 дугаар тал

[11] 3хх-ийн 101 дүгээр тал

[12] 3хх-ийн 102 дугаар тал

[13] 2хх-ийн 98-99 дүгээр тал

[14] 1хх-ийн 213-233 дугаар тал

[15] 1хх-ийн 234-254 дүгээр тал

[16] 2хх-ийн 1-21 дүгээр тал

[17] 2хх-ийн 22-43 дугаар тал

[18] 1хх-ийн 168-179 дүгээр тал