Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төв аймгийн Э  сумын Б  хангай нэртэй 86.78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгаж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2022/0016/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн  Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төв аймгийн Э  сумын Б  хангай нэртэй 86.78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгаж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-иас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төв аймгийн Э  сумын Б  хангай нэртэй 86,78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.11, 28 дугаар зүйлийн 28.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг, Төв аймгийн Засаг даргаас тухайн  актыг  эрх хэмжээний хүрээнд хянаад дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаанд түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүх “Э ” ХХК нь Төв аймгийн Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг Төв аймгийн Засаг даргын орлогч 2022 оны 02 дугаар сарын 23 өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэнийг хууль бус болохыг тогтоож өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. “О ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг хүчин төгөлдөр байхад “Э ” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 24 өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах үедээ тухай талбайд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл байгааг мэдэж байсан хэрнээ өргөдөл гаргасан. Хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл дээр давхцуулан өргөдөл гаргасан учраас Төв аймгийн Засаг даргын орлогч татгалзсан хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй гэдгийг мэдсээр байж өргөдөл өгсөн аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээлэл нь нээлттэй байдаг бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын http:/mrpam.gov.mn вэб сайт дээр байршдаг сонирхсон хүн нэвтрэн орж мэдээлтэй танилцах бүрэн боломжтой.

3.2. “Э ” ХХК нь 2021 оны 11 сард “О ” ХХК-ийн мэдээлэлтэй танилцсан талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаг тухай цаг хугацаанд “О ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан учраас өргөдөл гаргасан гэж тайлбарладаг. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын зураг зүйн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Одончимэг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...сунгалтын үед хүчингүй бүртгэл хийдэггүй” гэх агуулгатай мэдүүлгээс үзвэл өргөдөл гаргах цаг хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсны мэдэж байж давхцуулан өргөдөл өгсөн нь тогтоогдож байна. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй хугацаа дуусаагүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах боломжгүй байхад мэдсээр байж өргөдөл өгч засаг даргаас татгалзсан шийдвэрийг шүүх хууль бус гэж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

3.3. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг, Төв аймгийн Засаг даргаас тухайн акт гаргах хүртэл 1 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангах” хуульд нийцээгүй гэж үзэж байна. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/661 нь хуульд нийцсэн захирамж бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хангасан захирамж юм. Манай компанийн хувьд хуульд заасны дагуу 1 сарын өмнө холбогдох материалуудыг хавсарган хуулийн хугацаанд бүрдүүлбэр хангаж сунгах өргөдөл гаргасан бөгөөд Засаг дарга хуульд заасан үүргийнхээ хүрээнд манай өргөдлийг сунгасан нь хуульд нийцсэн шийдвэр юм. Уг сунгасан өргөдөлд хавсаргасан материал болон холбогдох материалууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан байхад дахин акт гаргах хүртэл түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн өргөдлийн заавал авхуулах гэсэн шийдвэр боллоо гэж үзэж байна. “Э ” ХХК хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл дээр санаатай өргөдөл өгч шүүхээр маргаан үүсгэж хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн үйл ажиллагааг шүүхийн маргаантай гэж тайлан төлөвлөгөөг батлуулах боломжийг хааж хайгуулын ажил хийлгэхгүй 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргэж хугацаа дуусгаж өөрсдийн өргөдөлдөө хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар санаархаж байна.

3.4. Иймд манай компанийн гомдлыг хангаж Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа ... Өргөдлөө холбогдох хуулийн дагуу хянуулж, өргөдлийг шийдвэрлүүлэх эрх бүхий этгээдийн хууль ёсны шийдвэрээр шийдвэрлүүлж хариу авах эрхтэй гэж үзэж байна. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл гомдолд дурьдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг гэж заасан. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлдӨргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн эрх бүхий этгээд болох Аймгийн Засаг дарга шийдвэрлэх байсан атал Төв аймгийн Засаг даргын орлогч Б.С хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй хариуг өгсөн. Тэрээр манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсээгүй, харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг ч анхааран үзээгүй.

            4.1. Үүнээс үзэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг Төв аймгаас бүртгэж Ашигт малтмал газрын тосны газрын Зураг зүйн мэдээллийн системд оруулдаг болохыг тогтоосон. Төв аймгийн Засаг дарга 2018 оны А/653 тоот захирамжаараа “О ” ХХК-нд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон атлаа Ашигт малтмал газрын тосны газрын Зураг зүйн системд бүртгэлгүй 2 жил дарагдуулж байгаад, өргөдөл хэлбэрээр бүртгэлд оруулж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Д.О-р нөхөж дүгнэлт гаргуулсны дараа тусгай зөвшөөрлийн бүртгэлийг системд оруулсан ноцтой хууль зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна. Яг үүнтэй адилаар “О ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаа дуусгавар болж сунгасан шийдвэр бүртгэгдээгүй байхад манай компани нь Ашигт малтмал газрын тосны газрын зураг зүйн мэдээллийн системээс танилцаж авсан мэдээллийн дагуу дуусгавар болсон байсан тусгай зөвшөөрлийн талбай дээр 17 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргасан.

            4.2. “Олз        газар” ХХК нь үйлчилгээний хөлс төлсөн баримт байхгүй. өргөдөлд хавсаргасан “сургалтын төлбөр” гэсэн утгатай төлөгдсөн баримт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх үйлчилгээний хураамжийг 1 сая төгрөг байхаар хуульчилсны дагуу гүйлгээний утгыг “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйлчилгээний хөлс” гэсэн банкны гүйлгээний утгатай төлөгдөх ёстой байсан. Эндээс дүгнэхэд “О ” ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлсөн баримтыг хавсаргаагүй байна. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэгээр “О ” ХХК нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, 2019 оны 2 дахь жилийн төлбөрийг төлөөгүй, мөн 2021 оны төлбөр болох 85.000 төгрөг төлөгдсөн баримт байгааг тогтоосон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөхөөр тусгагдсан ба уг хуулийн 35.6.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 200 төгрөг, хоёр дахь жилд 400 төгрөг, гурав дахь жилд 600 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 2000 төгрөг” гэж хуульчилсан байгаа нь “О ” ХХК-ийн 4 дэх жилийн төлбөр нь 173.560 /нэг зуун далан гурван мянга таван зуун жаран/ төгрөг төлөхөөр байсан байна. Дээрх баримтуудаас үзэхэд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”- ийн 16.1 дэх хэсгийн 16.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт” хавсаргах тухай хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авч сунгах шийдвэр гаргасан байна. Зүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн байна.

            4.3.О ” ХХК-ийн тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” өргөдөлд хавсаргагдаагүй байна. Шүүхээс явуулсан үзлэгээр 2021 оны 11 дүгээр сарын 07-нд дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрөлд шинэчлэн батлуулсан биш мөн оны 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргасан байхад хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үзлэгээр ч тус компани нь өнөөг хүртэл “Байгаль орчныг хамгаалах 2022 оны төлөвлөгөө”-г батлуулаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д “хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” хавсаргахыг заасан шаардлагын дагуу тайланг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаагүй.

            4.4. Дээрх бүрдэл дутуу өргөдлийг хүлээн авч Төв аймгийн Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаар захирамж гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд О ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 120 дугаартай гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

2.1. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

2.2. Нэхэмжлэгч “Э ” ХХК-иас “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төв аймгийн Э  сумын “Б  хангай” нэртэй 86.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгах, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.3. Маргаан бүхий Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот албан бичгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт авахаар хүргүүлсэн. Тус газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлжээ. Иймд танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж буцааж шийдвэрлэсэн байна.

2.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компаний гаргасан өргөдөл өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдалд байгаа мэтээр ойлгогдож байгаа бөгөөд Төв аймгийн Засаг дарга нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхгүй өргөдлийг эцэслэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлүүдэд өргөдлийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг хуульчилсан байхад манай компанийн өргөдлийг Төв аймгийн засаг даргын орлогч Г.С хариу өгч, тус мэдэгдэлдээ “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн нь хуульд нийцээгүй. Харин нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “...Төв аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 болон мөн хуулийн 16.2-д заасан заалтуудыг зөрчин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжийг гарган “О ” ХХК-ийн эзэмшилд байсан Төв аймгийн Э  сумын нутагт Б  хангай нэртэй газарт байрлах Х18/003 тоот дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар сунгаж, шийдвэрлэсний улмаас “Э ” ХХК-ийн гаргасан өргөдлөө хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна” гэж тайлбарлажээ.

2.5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу холбогдох материалын хамт Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/692 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Тус газар нь “О ” ХХК-ийн ХҮ-41000115 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан өргөдөл өгсөн учир Засаг даргын орлогч боломжгүй гэх хариу өгсөн. Мөн “О ” ХХК нь эхний жилийн төлбөр болох 8.600 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1001400000 тоот дансанд тушаасан, 2 дахь жилийн төлбөр болох 17.200 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 100140000955 тоот дансанд тушаасан, 2021 он буюу 4 дэх жилийн төлбөр болох 85.000 төгрөгийг 100140000955 тоот дансанд тушаасан 4 дэх жилийн төлбөр болох 1 сая төгрөгийг мөн төлсөн хуульд заасан шаардлага хангасан учраас бид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний А/661 дүгээр захирамжаар гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийг сунгасан” гэж,

2.6. Гуравдагч этгээд “О ” ХХК нь манай компани “Э ” ХХК-ийн өргөдөл өгсөн талбайд 2018 оноос хойш хайгуулын үйл ажиллагааг хууль журамд заасны дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Төв аймгийн Э  сумын нутаг “Б  хангай” нэртэй 86.78 га талбайд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхад тухайн талбай дээр нэмж өргөдөл авч шийдвэрлэх нь хууль зүйн боломжгүй” гэж тус тус маргасан байна.

2.7. Анхан шатны шүүхээс “Засаг дарга нь сонирхогч этгээдээс зохих төрийн үйлчилгээг авахын тулд үйлчилгээний хураамж, улсын тэмдэгтийн хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл авахыг хүсэж, гаргасан өргөдлийг хуульд заасан арга журмын дагуу шалгаад, тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй бол шалтгаан нөхцлийг дурдан шийдвэрлэж, өөрөө хариу өгөх атал хуульд заасан эрх хэмжээгүй этгээдээр дамжуулан “... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариуг хүргүүлсэн нь хариуцагч Засаг даргын зүгээс хүсэлтийг шийдвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төв аймгийн Э  сумын “Б  хангай” нэртэй 86.78 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

2.8. Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай “Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай” захирамжид дүгнэлт хийх боломжгүй байна. Гуравдагч этгээдээс анх  түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлэсэн эсэх, холбогдох лавлагаа баримтуудыг цуглуулсны үндсэн дээр 2018 онд тусгай зөвшөөрөл олгосон эсэх, энэ тусгай зөвшөөрлийг олгох үндэслэл болох лавлагааг нь цаг хугацааны зөрүүтэйгээр 2 жилийн дараа нөхөж авсан баримт, мөн уг тусгай зөвшөөрлийг авахаар гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийг улсын тэмдэгтийн хураамж төлж гаргасан эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөрийг эхний болон ээлжит жилээр нь зөв /хуулийн 23 дугаар зүйлд заасан/ төлсөн эсэх, сунгалтын төлбөр зөв дансанд зөв төлөгдсөн эсэх, түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хайгуулын ажлыг гүйцэтгэсэн тайлан, хүлээлгэн өгсөн баримт, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудыг дахин нэмж авахгүй, зөвхөн байгаа баримтаар нь дүгнэлт гаргах замаар дахин хянаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд байхаас гадна хариуцагч байгууллагаас баримтын бүрдэл гүйцэд гаргаагүй байгаа, төлбөрийн дансны зориулалт, зарцуулалт нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдуулан дүгнэхэд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзээд Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2.9. Учир нь анх “О ” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Засаг даргад ... Манай компани нь Төв аймгийн Э  сумын нутагт барилгын материалын зориулалтаар ашиглах уулын боржин чулуулгыг ашиглах хүсэлтийг Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гаргаж байна гэх хүсэлтийг гаргаж, Төв аймгийн Э  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Санал хүргүүлэх тухайтогтоолоор О ХХК-д 86 га талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газруудад нь уламжлахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

2.10. Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653 дугаартай захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12, 13, 14 дүгээр зүйлд заасныг үндэслэн Э  сумын нутаг Б  хангай хэмээх нэртэй 86 га талбайтай газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл ирүүлсэн О ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ.

2.11. Улмаар О ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Засаг даргад Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамжаар ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан О ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

2.12. Нэхэмжлэгч Э ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Засаг даргад Төв аймгийн Э  сумын Б  хангай нэртэй 86.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг Ашигт малтмал газрын тосны газар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасны дагуу Э ХХК-д ... хайгуулын  тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх дүгнэлтийг, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... Э ХХК нь О ХХК-ийн XV-41000115 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан өргөдөл өгсөн байна гэх хариуг тус тус өгсөн.

2.13. Ийнхүү хариу өгсний дараа Төв аймгийн Засаг даргын орлогч Г.С  2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 дүгээр албан бичгээр ... Танай компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир танай өргөдлийг буцааж байгааг мэдэгдье гэх хариуг өгснийг буруутгах боломжгүй юм.

2.14. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах ..., 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”,  11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь хэсэгт  “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ”, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах” гэж тус тус заасан.

2.15. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сунгах эрхтэй төдийгүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрх зөвхөн тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигчид хадгалагдах тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дугаартай Тусгай зөвшөөрөлд сунгалт хийх тухай захирамжаар О ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгаж, уг талбайд давхцуулж хүсэлт өгсөн Э ХХК-ийн Б  хангай нэртэй  газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцжээ.

Нөгөөтэйгүүр ийнхүү хуульд заасан эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл шаардлагыг хангаж, сунгуулахаар гаргасан О ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Засаг даргын үйл ажиллагаа нэхэмжлэгч Э ХХК-ийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2.16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15 дугаар зүйлийн 15.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Төв аймгийн Э  сумын Б  хангай нэртэй 86.78 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/311 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Засаг даргад даалгуулах, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ